Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00040

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэртэй, 

 “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, К банкны Баян-Өлгий салбар, К банк ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн дулаан, Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлд:  “Манай компани нь дулааны Э хүч үйлдвэрлэн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2014, 2015, 2016, 2017 онуудад манай компаниас дулааны Э хүч авч ашигласан.Тус салбар нь хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөрийг цаг хугацаанд төлөхгүй явж ирсэн. 2014 онд зөвхөн 1 дүгээр сард 456.456 төгрөг, 5 дугаар сард 152152 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2015 онд 10 дугаар сард 456456 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 912912 төгрөг төлж 2662660 төгрөг төлөөгүй. 2016 онд 3 дугаар сард 456456 төгрөг, 5 дугаар сард 1521252 төгрөг, 10 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2017 оны эхний хагас жилд 2, 3, 4 дүгээр саруудад тус бүр 456456 төгрөг, бүгд 1369368 төгрөг төлж 1 дүгээр сарын төлбөр болох 456456 төгрөг төлөөгүй. Одоогийн байдлаар нийтдээ 7.683.676 төгрөгийн өр төлбөртэй байна. Салбар, компани хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсгийн 2-т "Төлөх үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутамд 0,5 хувь хүртэл алданги хүлээнэ" гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтын дагуу алданги тооцвол 2014 оны төлбөрийн үлдэгдэл 2282280 төгрөгт алданги гэхэд /2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 981 хоног/ 11194583.4 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан тул үндсэн төлбөр болох 7.683.676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийн төлбөрийн 50 хувиар тооцож 3841838/ гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөгийн алданги нэхэмжлэх хууль зүйн үндэстэй юм. Иймд К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөг, алданги 3841838 /гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг/ , бүгд 11525514 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

                Хариуцагчийн тайлбарын агуулга: “Манай байгууллага Баян-Өлгий аймагт 2005 онд анхлан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тодорхой урт хугацаанд "Э" ХК-тай халаалт дулаанаар хангах тухай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэрээний нийлүүлэгч тал буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж бид зохих ёсоор дулаанаар хангагдаж байсан үед ашигласан дулааны төлбөрийг 10 жилийн туршид тогтмол төлж байсан ба саатуулж байсан тохиолдол байгаагүй. Харин нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллага болох манай байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, дулаанаар хангах цорын ганц монополь байгууллага болох "Э" ХК учир өөр эх үүсвэрээс дулаан халаалт авч чадахгүй бидний эрх зөрчигдөж ирсэн. Манай байгууллага нь нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага учир харилцагч үйлчлүүлэгчид маань хэвийн орчинд үйлчилгээ авч чадахгүй, ажилтнууд маань хүйтэн орчинд ажиллахад хүрч зарим нь эрүүл мэндээр хохирч байсан тул бид дулаан нийлүүлэгч монополь байгууллагад гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэж ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн төлөөллүүд удаа дараа манай байгууллагад ирж нөхцөл байдалтай танилцаж халаалт ирэхгүй байгаа шалтгааныг тогтоож халаалтыг хэвийн болгох амлалт авч байсны зэрэгцээ тухай бүр шаардахад шалтгааныг тодруулж байна гэдэг боловч тодорхой үр дүн гаргаагүй. Бид халаалт нийлүүлж буй "Э" ХК-ийн төлөөлөл болон удирдлагуудад, тэд халаалтыг хэвийн нийлүүлсэн сард өмнө тооцож байсан тарифын дагуу төлбөр төлөх ба халаалт аваагүй нөхцөлд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж, сүүлийн жилүүдэд дулаан нийлүүлэгч "Э" ХК-тай тэднийг гэрээний үүргээ биелүүлэх эсэхэд эргэлзэж дулаанаар хангуулах тухай гэрээ байгуулахаас татгалзсан ба хэдий тийм боловч зарим нэгэн хэвийн халаалттай байсан саруудад хүнлэг шударга зарчмыг дээдлэн өмнөх тарифаар халаалтын төлбөр төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгож, хамтран хариуцагч К банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, нэг талыг баримталсан, хариуцагчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан зэрэг доорх үндэслэлээр хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 

Шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 1-т “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж гэрээний үүрэг гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсон заалтыг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг талууд гэрээ байгуулаагүй, төгс үйлчилгээ аваагүй байхад буруу тайлбарлан хэрэглэсэн. К банкны Баян-Өлгий салбарт оногдуулж, К банкийг төлбөрөөс чөлөөлж хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан байна. Энэ нь нэг нь нөгөөг үгүйсгэсэн шийдвэр болсон. Учир нь салбар төлбөр хариуцвал К банк төлбөр хариуцах ба К банк төлбөр хариуцвал салбарын зардлыг хариуцан төлөх асуудал юм.  Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29 дүгээр зүйлийн 29.6-д заасанчлан хуулийн этгээдийн эрхгүй, иргэний эрх зүйн чадваргүй этгээд болох Баян-Өлгий салбарыг хариуцагчаар тодорхойлж улмаар төлбөр оногдуулж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

1. Шүүгч зөвхөн 2015 онд нэг жилийн хугацаатай байгуулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2014 оноос 2017 оны хооронд дулааны Э хүчээр хангахад үүссэн гэх нийт өр төлбөрийг дүгнэж, тухайн 43 дугаартай гэрээний 1.1 дүгээр заалтад гэрээний хүчинтэй хугацаа, 1.2 дугаар заалтад гэрээг жил бүр шинэчлэн байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулах тухай заалт байсаар байтал гэрээ байгуулагдаагүй үед төлбөр оногдуулахын зэрэгцээ алданги тооцон нэхэмжилснийг хангаж үндэслэлгүй шийдвэрлэсэн.

2. Шүүгч “ ... хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн К банктай “Э” ХК-ийн тооцоо нийлсэн 2014, 2015, 2016, 2017 оны актуудын эхний болон эцсийн үлдэгдлийн тооцоог нийлж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна” хэмээн нотлох баримтыг илт буруу дүгнэсэн бөгөөд К банктай тооцоо нийлж байгаагүй ба нэхэмжлэгчийн үйлдэж шүүхэд хүргүүлэн, нотлох баримтаар хавсаргасан тухайн актууд нь нотлох баримт байж чадахгүй учир нь К банкны төлөөллийн гарын үсэг зурах хэсэг нь хоосон байгааг шүүгч гарын үсэг зурж тохирсон мэтээр гуйвуулж тайлбарлан үндэслэл болгосон.

-Манай банк 2015 оноос хойш ““Э” ХК-тай гэрээ байгуулж, төлбөрийн хэмжээний талаар тохиролцож гэрээ байгуулж байгаагүй, улмаар дулааны Э хүчээр хангах, худалдах, худалдан авах нэгжийн үнэ, нийт төлбөрийн хэмжээ гэрээгээр харилцан тохиролцсон мөнгөн дүн байх ёстой талаар шүүх хуралд мэдэгдсэн ч шүүгч “ ... үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй, ... үлдэгдэл төлбөрийн талаар маргаангүй үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ” гэж дүгнэлт хийж, талууд харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч нарын хүслээр хуулийн үндэслэлгүй тогтоосон.

3. Хариуцагч ... М.Е нь “ ... гэрээ байгуулахаас татгалзаж, хүргүүлсэн гэрээг буцааж байсан гэх боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах эрхтэй боловч энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир “Э” ХК болон К банкны Баян-Өлгий салбарын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна гэж үзлээ” хэмээн тогтоосон шүүгчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

-Хамгийн сүүлд 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэл хүчинтэй байхаар /гэрээний 1.1-т заасан/ гэрээ байгуулж, хугацаа дууссаны дараа гэрээ шинээр байгуулах тухай 1.2-т заасан гэрээг хүчинтэй хэвээр мэтээр тогтоосныг зөвшөөрөхгүй байна.

-Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан байгаа ба энэ нь заавал бичгээр мэдэгдэхийг үүрэг болгоогүй заалт юм. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон “Э” ХК-ны ажилтан М.Ер “ ... би К банканд гэрээг хүргэж очсон ... салбарын захирал М.Е, гэрээ байгуулахгүй, танайх халаалт дулааныг хэвийн өгсөн үед гэрээ байгуулна гэж хэлж гэрээг буцааж байсан.” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн, /шүүх хурлын бичлэгээр нотлогдоно/ энэ нь гэрээ байгуулахаас татгалзаж байгааг мэдэгдсэн байгааг шүүгч гуйвуулж дүгнэлт хийж байна.

-шүүгч “ .. гэрээг буцааж хүргүүлж байсан гэх боловч энэ үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэж байна, тэгвэл тэр гэрээнүүд нэхэмжлэгчид буцаагдаад нэхэмжлэгч түүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байхад яаж тийм дүгнэлт хийж байгааг ойлгохгүй юм. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгч байна шүү дээ, энэ нь К банк гэрээ байгуулахаас татгалзаж байсныг тогтоож байгаа нотлох баримтууд болохоос нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрээг буцаагаагүй 2015 оны гэрээ хэвээр үргэлжилж байна гэж илт гуйвуулж дүгнэлт хийх нотлох баримт биш юм. Бидний зүгээс гэрээ байгуулаагүйн зэрэгцээ гэрээ байгуулахаас татгалзаж буцааж байсан.

Жил бүр дулааны Эрчим хүчээр хангах гэрээг төлбөрийн хэмжээ, алданги тооцох эсэх гэх мэт бусад асуудлаар тохиролцож байгуулдаг байхад шүүгч гэрээ байгуулаагүй хугацаанд хоног тутамд 0,5%-ийн алданги тооцохоор тохирсон мэтээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэгэнт дуусгавар болсон гэрээг үндэслэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүгч “Хариуцагч ... М.Е ... гэрээ байгуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь бүр хачирхалтай байна. 

“ Хариуцагч ... халаалт авч чадаагүй ... СТП-гийн жижүүр, ажилтнуудад утасдаж хэлж байсан, халаалтын байцаагчид хэлсэн ... гэдэг нь нотлогдохгүй байна” гэж дүгнэлт гаргасныг мөн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид халаалтын гэрээний тухай, халаалтын хангалтгүй байгаа талаар, халаалт авч чадахгүй байгаа талаар төлбөрийн асуудлаар сүүлийн 4 жил асуудал үүсгэж “Э” ХК-ийн ажилтан жижүүр биш ерөнхий инженер, гүйцэтгэх захирлын түвшинд яригдаж ирсэн, энэ талаар нэхэмжлэгч шүүхэд өгсөн мэдүүлэгт нотолж байна. А.Б шүүх хурал дээр асуултанд хариулахдаа “ ... халаалт ирэхгүй байсан үнэн ... би очиж үзлэг хийж байсан ... хөрш айл шахуургын насос тавьсан байсан зөрчлийг арилгаж байсан ... халаалт ирэхгүй байгаа шалтгаан нь их хуучны барилга учир барилгын нийт сантехникийн сүлжээ трубанууд бөглөрсөн байгаа нь тодорхой юм ...” гэж мэдүүлэг өгч байна /шүүх хурлын бичлэгт байгаа/ энэ нь нэхэмжлэгч халаалт хангалттай авч чадахгүй олон удаа үзлэг хийж байсныг нэхэмжлэгч нотолж байна.

Мөн шүүгч “ хариуцагч ... М.Е нь ... 43 дугаартай 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх гэрээний 5 дугаар заалтад “Дулаан хангагч байгууллага зохих ёсоор халаалт өгөөгүй эсвэл зохих хэмжээнд халаалт авч чадаагүй нөхцөлд түүний шалтгаанаас үл харгалзан нэгэнт аваагүй дулааны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй ба төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй гэсэн заалтыг оруулахыг хүсэж гэрээнд гараар бичиж байсан гэх боловч гэрээнд энэ заалт орсон эсэх, ямар нэгэн үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байна гэж үнэлсэн байгаад гайхаж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болох тухайн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар нь шүүгчид буюу хавтаст хэрэгт байна. Тэрхүү гэрээнд гараар бичсэн байдалтай нэмэлт өөрчлөлт туссанаар бичигдсэн байтал шүүгч дараах байдалтай үнэлгээ хийж байгаад гайхаж байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д зааснаар бидний “Э” ХК-иас хүлээж авсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгч тал татгалзсан хариу ирүүлээгүй учир нэмэлт өөрчлөлттэй гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Харин нэхэмжлэгч тухайн гэрээнд бидний тусгасан нэмэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ хийгдээгүй гэж үзэж байгаа бол тухайн гэрээний хүрээнд хийгдсэн шүүгчийн дүгнэлт бүхэлдээ үгүйсгэгдэх ёстой ба мөн бид тэдний хүргүүлсэн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүсэл зоригийг илтгэж байна. Харин шүүгч хэрэглэгчийн эрх ашгийг доордуулсан дүгнэлт хийж байна.

Манай байгууллагын ажилтнуудын 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрчлэх тухай” бичгээр гаргасан гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хуулийн шаардлага хангахгүй, ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн байх ба манай байгууллагын ажилтнуудын гаргасан гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан ямар журмыг зөрчсөн нь тодорхойгүй бөгөөд хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Ер нь шүүгч нэхэмжлэгч талын гаргасан бүх нотлох баримтыг тэдэнд ашигтайгаар үнэлж, хариуцагчийн нотлох баримтыг, тэдний эрх ашгийг дордуулан, үгүйсгэх хандлагатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн бид халаалтын талаарх дүгнэлтийг гаргуулж байх шаардлага байхгүй бөгөөд бид “Э” ХК-тай халаалт авах тухай гэрээ байгуулж ажиллаагүй учир гэрээний биелэлтийг үнэлэх зорилго тавих шаардлага байгаагүй.

“Э” ХК түүний удирдлагууд манай байгууллагад халаалт ирэхгүй байгаа шалтгааныг судалж инженер техникийн ажилтнуудаа дайчилж ажилласан ба үүний үр дүнд зарим зөрчлийг илрүүлж, манай хөрш хэрэглэгчийг зөвшөөрөлгүй шахуурга тавьж орчны хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байсныг таслан зогсоосон, энэ тухай манай байгууллагад үзлэг хийж байсан халаалт хангалтгүй байсан тухай мэдэгдсэн гэрч Х.Ер-ны болон нэхэмжлэгч А.Б-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Бид халаалт нийлүүлэгчтэй үл ойлголцсон байдалтай бус халаалт ирэхгүй байгааг харилцан зөвшөөрч 3-4 жил явж ирсэн тул мэргэжлийн байгууллагын дүгнэлт хийлгэж нотолгоо цуглуулах шаардлага байхгүй.

Хэрэв нэхэмжлэгч халаалт өгч байсан хэмээн маргаж байгаа бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг нэхэмжлэгч гаргуулж халаалт өгч байснаа нотлох нь тэдний ашиг сонирхлын асуудал юм. Тийм учир шүүгчийн аль нэг талыг баримталж илт гуйвуулж дүгнээд байгаад гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

“Э” ХК нь К банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан хэрэглэсэн дулааны Э хүчний төлбөр 7683676 төгрөг, алданги 3841838 төгрөг, нийт 11525514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, К банкны Баян-Өлгий салбараас 11525514 төгрөгийг гаргуулан “Э” ХК-д олгож, хамтран хариуцагч К банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

Хэрэгт хариуцагч талаас халаалт муу тул цахилгаан халаагуур залгасны улмаас тогны төлбөр их төлдөг байсан гэдгийг нотлохоор гаргаж өгсөн К банкны цахилгааны төлбөр төлж байсан дотоодын дансны хуулга /хэргийн 96-100 тал/, 2011 оноос 2018 он хүртэл халаалт өгч байсан саруудад халаалтын төлбөр тушааж байсныг нотлохоор гаргаж өгсөн К банкны халаалтын төлбөр төлж байсан дотоодын дансны хуулга /хэргийн 101-102 тал/ баримтуудад хариуцагч К банкны ахлах ажилтны тэмдэг дарж гарын үсэг зурсан нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан журам зөрчигдсөн байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамааралгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлэх” зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Түүнчлэн анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Э хүчний тухай хуулийн холбогдох шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг хэрэглээгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлын үндэслэл нь хуульд нийцсэн учраас давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199359 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199359.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                 

Д.КӨБЕШ