Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/260

 

 

 

 

 

   2023         03         14                                             2023/ШЦТ/260

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Э.Билгүүн;

 

Шүүгдэгч: С.Б (өөрийгөө өмгөөлөв);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар:  ..................;

           

Шүүгдэгч С.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Агапе” Христийн сүмийн эмнэлэгт аж ахуйн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай.

 

С.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““““ зочид буудлын 11 дүгээр давхарт согтуурсан үедээ иргэн Б.С-ыг “чи пизда минь хараал хэлэх болоогүй шүү” гэх хэрүүл маргаан үүсгэн муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хоёр хацар, цээжинд зулгаралт, амны завжинд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, зүүн мөр, даланд цус хуралт бүхий хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн Прокуророос С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С /хх-ийн 8-9/, гэрч И.Б /хх-ийн 11-12/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/, С.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, С.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-33/, хохирогч Б.Сын хүсэлт /хх-ийн 37/ зэрэг  болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 3 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “““ зочид буудлын 11 давхрын хүлээн авалтын танхимд шүүгдэгч С.Б нь  хэт согтсоны улмаас “И.Бг харааж зүхэж байна” гэж ойлгон Б.Стай маргалдаж тэмцэлдэх үедээ  түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

            хохирогч Б.Сын /хх-ийн 8-9/: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “““ зочид буудлын 11 давхарт хамт ажилладаг хүмүүстэйгээ шинэ жил тэмдэглэсэн. 03 цагийн үед бид нар тарах дөхсөн байхад менежер Б-тай юм ярьж байгаад маазарч хараал хэлэх үед хамгаалалтын газрын ажилтан Б гэх хүн над руу ирээд “чи пизда минь хараал хэлэх болоогүй шүү” гэж хэлээд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь холдуулах үед миний зүүн завьж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед захирлын жолооч Т  гэх хүн намайг татаж аваад холдуулж, тайвшруулж байхад Батбаатар нь буцаж ирээд миний нүдийг ухах гэж дайрч нүүр маажсан...” гэх мэдүүлгээр,

              

               гэрч И.Бгийн /хх-ийн 11-12/: “...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах манай “““ зочид буудалд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сүүлийн хүлээн авалтын үйл ажиллагаа дууссан юм. Ажлаа амжилттай дуусгасан хамт олноороо буудлын 11 давхрын хүлээн авалтын танхимд жижигхэн үйл ажиллагаа зохион байгуулж бид нар хоол унд идээд, бага хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үйл ажиллагааны үед би С-тай юм яриад байж байхад (С  ер нь хээгүй ярьдаг) Батбаатар хажуугаас орж ирээд С-ад хандаж “чи пизда гэж хэлдэг хэн бэ?” гэж хэлээд С-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Уг нь С намайг пизда гэж хэлээгүй юм, тэрийг нь Б намайг харааж байна гэж ойлгоод, уурлаад үл ойлголцол болсон юм...С-ыг зодооны дараа харахад нүүр ам нь улайж хавдаад, нуруу, цээж хэсэг нь мөн зулгарч улайсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Сын биед “хоёр хацар, цээжинд зулгаралт, амны завжинд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, зүүн мөр, даланд цус хуралт” бүxий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 872 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17-18/,

 

С.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/: “...Би Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “““ зочид буудалд ажилладаг байсан ба 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай ажлын газрынхан шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж буудлын 11 давхрын хүлээн авалтын танхимд шинэ жил тэмдэглэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байгаа юм. Би согтуудаа хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

С.Бт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь маргааныг эхэлж хохирогчийг түрүүлж цохиж зодсон болохыг хохирогч, гэрч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Б нь Б.С-ыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар хөдөлбөргүй, бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан С.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Бын Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар тогтоогдсон тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хэрэг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Сын хохирол төлбөрт 150.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Сын “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ