Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Иргэдийн төлөөлөгч Б.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Шинжээч С.Шүрцэцэг, М.Золжаргал,   

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, М.Г,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Л-ын Б-д холбогдох 2228000000131  тоот эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:            

......

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын ... тоотод орших Т.И-ын гэрт түүний толгой хэсэгт төмөр саваар цохиж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Оюутолгой” ХХК-иас өглөөний 09 цагт ирэхэд И, Мө нар намайг тосож авч гэрт хүргэж өгсөн. Баруунсайханы 07-15 тоотод буугаад гэртээ байж байхад удалгүй 5 минутын дараа И залгаад Ө-ы хүүхдийн хувцас авах хэрэгтэй байна, чи миний эхнэр байсан юм чинь миний эхнэр болж яваад тэр хүнтэй очиж уулзаад хувцсыг нь аваад өг гэж хэлсэн. Би явахгүй, дөнгөж гэртээ ирсэн, гэртээ хоол унд идэж амармаар байна гэхэд одоо очлоо гээд гэрт ирсэн. Орж ирээд хурдан хувцсаа өмс гэж хэлсэн. Би гэртээ хоол ундаа хийж идмээр байна гэхэд манайд очоод идчих, манай ахынд хоол унд байгаа, очоод идчих гэж хэлсэн. Хувцсаа өмсөөд гарсан. Машинд суухад Мө, Ө, хүүхэдтэйгээ сууж байсан. Одоо хаачих гэж байгаа юм гэхэд Ө-ы хадмынд нь очиж хүүхдийн хувцас авна гээд явсан. Тухайн үед И, Мө нар согтуу байсан. Согтуу байгаа юм уу гэхэд өглөө шараа тайлаад С-ынд очиж архи уучхаад ирсэн гэж хэлсэн. Сэврэй суманд зодуулчхаад ирсэн. Толгой, тархи өвдөөд архи, тамхиар л өвчнөө намдааж байна гэж хэлсэн. Би яасан юм бэ гэхэд тэрийг дараа яръя гээд Буддоржийнд очсон. Хувцсыг нь асуухад би мэдэхгүй гээд талийгаач тэр хүнтэй маргалдсан. Би боль настай хүнтэй маргалдаад боль гээд явсан. Өөр хүн рүү утасдаад Гурвансайхан руу явж хувцас авахаар болоод явсан. Хүүхдийн хувцас авч гараад манай ахынд очоод хоол унд идэж уу гээд С-ынд очсон. Очиход М Ө-ы хүүхдийг хараад байж байсан. Хоол байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг нь аваад бөөндөө И-ынд очсон. Очоод хоол хийгээд байж байхад тэд нар архи уусан. Замдаа Мийг архи ав гээд архи авахуулсан. Би уухгүй, хоол унд идээгүй байна гэхэд намайг ажил төрөлд орсон юм чинь уучих гээд уусан. Тэгээд Өы хүүхэд нь маргааш хичээлтэй байсан болохоор хүүхдийг аваад С-ынх руу явсан. Явах замдаа М бас нэг шил архи авсан. Бид нар С-ынд очиход согтуу нэг залуутай хаанаас ч юм нэг дугуй аваад хашаа руу гаа орж байсан. Би согтуу айлд орохгүй гэхэд талийгаач манайд очъё гэж хэлсэн. Ө-ыг 2 хүүхэдтэй нь буулгачхаад буцаад И-ынд ирсэн. Ирээд авсан архийг нь уугаад орой болсон. Тэгээд би гэртээ харьсан. Намайг хүргэж өгсөн. 19-ний өглөө утасдаад дотор муу байна, урьд шөнө бараг явчих шахлаа, толгой өвдөөд хэцүү байна, архины мөнгө өгчих гэж хэлсэн. Би надад архины мөнгө байхгүй гэхэд чамд байгаа, надад зээлчих гээд гуйгаад байсан. Тухайн 19-ний өдөр тэд нар манайд ирсэн. Ирээд намайг авч яваад гэртээ очоод архины мөнгө зээлчих гэж хэлсэн. Надад архины мөнгө байхгүй, цалин буугаагүй, 20-нд бууна гэж хэлсэн. М би 20-нд өгнө гэхээр нь 20.000 төгрөг өгөөд архи авч уусан. Миний толгой өвдөж байна гэж хэлэхээр нь Мийг гарахаар нь И-аас яагаад өвдөөд байгаа юм гэхэд би Сэврэй сум руу яваад хадамлах гээд Мийнд очиход хүргэн нь хөдөө зодсон гэж хэлсэн. М-ийг ороод ирэхээр нь чи хаана байсан юм гэхэд би байгаагүй, мал хариулахаар явсан байсан, тэр хооронд манай хүргэнтэй зодолдоод манай хүргэн толгой тархи руу нь өшиглөөд зодсон байсан, тэгээд ингээд өвдөөд байгаа юм, өвчин намдаагчаар л байгаа гэж хэлсэн. Надад өвчин намдаагч гээд ягаан эм харуулж байсан. Би 10.500 төгрөгийн хүчтэй эм байгаа тэрийг уу гэхэд мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад архи дууссан. Намайг дахиад мөнгө зээлчих гэж хэлсэн. Тухайн өдөр 60.000 төгрөг зээлсэн. Архи уугаад байж байхад гаднаас 16 цагийн үед Ө-ы эгч, Хулан өөр нэг залуутай орж ирж архи уусан. Архи дуусахад М тухайн үед хүн рүү утасдаж мөнгө хэрэгтэй байна, гялс шилжүүлчих гэж хэлсэн. Мөнгө ороод ирлээ гэж гараад 1 шил архи бариад ороод ирсэн. Түүнээс М бас уусан. Уугаад нэлээн халсан байсан. Архи дуусахад одоо яах вэ? гэхэд яасан ч яадаг юм гээд ахиад 1 шил архи авсан. Архи дундаа ороход Ө-ы эгч, Хулан тэр залуутай явсан. Үлдсэн архиа бид хэд ууж дуусчхаад би таксигаар хүргүүлсэн. Учир нь М архи уусан байсан болохоор архи уусан хүнээр хүргүүлэхгүй гээд явсан. Тэгээд 20-ны өдрийн өглөө И чи надад мөнгө өгнө гэсэн яасан бэ? 20.000 төгрөг зээлнэ гээд байсан өгөөгүй байна гэж хэлсэн. Намайг гэртээ очсоны дараа залгаад архины мөнгө зээлчих гэхээр нь за за гээд хэлсэн. Дэлгүүрийн гадаа чамайг хүлээж хэчнээн удав. Шөнө 3 цагт толгой тархи өвдөөд үхэх гэж байна тийм ээ Т гэхэд тийм ээ яг болохоо болих гэж байсан, харин ч гайгүй боллоо гэж хэлж байсан. Тэгээд дахиж залгаад хаана байгаа юм бэ гэхэд Өлзийт дэлгүүр дээр байна. Ариунболд өөр нэг найз минь надад архи авч өгөх гэж байна. Өлзийтийн хойно очиж ууна гэж хэлж байсан. Би тэгж байгаад ярина биз гээд утсаа салгасан. 12 цагийн үед гэртээ хоол хийгээд сууж байхад хүн ирсэн. Харсан чинь И орж ирсэн. Яаж яваа юм гэхэд би 1 шил архи уучхаад ирлээ. Чи надад архи, тамхи авч өг гэж хэлсэн. Манайх руу явъя гэхээр нь би хоол хийж байна идчихээд яв гэхэд гадаа машинд М, Мө 2 байгаа, оруулаад ир гэхээр нь дуудаж оруулаад хоол цай өгөөд ярьж сууж байгаад 14 цагийн үед байх намайг явъя хувцсаа өмс, надад архи авч өгөөд манайд очно гэж хэлсэн. Миний утас сонин болоод айлд үлдээсэн байсан болохоор замаараа айлд орж утсаа аваад явах гэтэл Б рүү орж надад архи авч өг гэж хэлсэн. Б рүү явахад М, талийгаач 2 маргалдсан. Мө бид 2 ард нь сууж байхад Мө энэ 2 ингээд хэрэлдээд байгаа гэж хэлэхээр нь юундаа маргалдаад байгаа юм гээд Б рүү ор гэж хэлсэн. Би орох гэж байхад талийгаач М 2 хэрэлдээд л байж байсан. Би ороод 0.5 граммын архи авахад чамайг 0.75 граммын архи, нэг тамхитай ав гэж хэлж байна, надад бас нэг тамхи аваад өгчих гээд Мө хэлсэн, би 2 тамхи, 1 архи авсан. Гараад ирэхэд тэр 2 маргалдаж байсан. Би битгий маргалдаад бай, юунаас болж маргалдаад байгаа юм гэхэд энэ намайг Сэврэй сум руу дагуулж яваад зодуулчхаад ирсэн, тэгээд миний тархи толгой өвдөөд би архичин болсон. Энэ намайг аваачиж зодуулсан гэж хэлсэн. Би та хоёрын асуудал надад хамаагүй гээд гэрийнх нь гадаа ирээд Т бид 2 гэрт нь ороод сууж байгаад нөгөө 2 чинь яав гээд гарахад өмнөөс нь талийгаач орж ирээд цаадах чинь араас юм аваад ороод ирэх байх гэж хэлсэн. Араас нь М орж ирсэн. Орж ирээд цай унд уугаад сууж байгаад олон юм гаргаад яах юм бэ далд хийчих гээд далд хийлгэсэн. 1 шил архи хувааж уухад М гадаа машинаа цэвэрлэсэн. М-ийг гараад явсны дараа Т, талийгаач бид 3 байхад талийгаач би Сэврэй суманд очиж зодуулаад тархи толгой өвдөөд, цээж хөндүүрлээд гэж хэлсэн. Тэгээд хавирганых нь хажууд хөхөрсөн байсан. Бас нүүр нь хавдартай байсан. Би хацар чинь хавдартай байна гэхэд харин тийм ээ би яваад зодуулчхаад ирсэн тиймээ Т гэхэд тэгсэн, одоо харин хүн болчхоод байна, хавдар нь буугаад гайгүй болчхоод байна, одоо цээж нь хөндүүртэй, тархи толгой нь өвчтэй эвгүй болсон гэж хэлсэн. Тэгвэл чи толгойгоо бариулаад эмчилгээ хийлгэчих би цалин буухаар дагуулаад явъя гэхэд дуртай байсан. Тэгээд архиа ууж байхад талийгаач өвдөөд бие сонин болоод байна гэж хэлсэн. Надад одоо архи авах мөнгө үнэхээр байхгүй, би цалин буувал чамд өвчин намдаах эм авч өгье гэж хэлээд байж байхад гаднаас 2 эмэгтэй орж ирсэн. Талийгаачид махны мөнгө өгөх ёстой гээд мөнгө өгсөн. М мөнгөтэй болчихлоо гэхэд талийгаач чи яваад архи аваад ир гэж хэлсэн. Яваад архи авч ирсэн, ууж байгаад талийгаач би яг үхэх нь гээд гэрийнхээ зүүн талд гудас дэвсээд хэвтэж байсан. Намайг цээж бариад өгөөч гэхээр нь би чамд маргаашнаас эмчилгээ хийлгүүлээд чамайг үзүүлнэ гэж хэлсэн. Талийгаач миний дотор давчдаад нэг л биш боллоо гэж хэлж байсан. Би талийгаачийг жоохон гүрийчих, хэдэн цаг болоод миний цалин ороод ирнэ гэж хэлсэн. Удалгүй 15-16 цагийн үед миний цалин ороод ирсэн. Би чамд эм авч ирж өгнө гээд М-тэй хамт Хайрханы эмийн санд орж тамхи, өвчин намдаах эм, шархны лент авч өгсөн. Талийгаачийг явъя гэхэд би босож чадахгүй, толгой эргээд сонин болчихлоо гээд аваачиж өгсөн. Үлдсэн архи уух гэхэд уух хүн олдохгүй байсан. Хэдүүлээ амаръя гэхээр нь тэгье амаръя гээд унтсан. Гаднаас машин ороод ирсэн. Г нөхөртэйгөө хүүхэдтэйгээ орж ирсэн. Би босоод суусан, Г орж ирээд намайг элдвээр хэлж хараасан. Чи энд байх эрхгүй, яв гэж хэлсэн. Би архидуулаагүй, танай ах 3 сараас хойш байнгын ууж байгаа, би мөнгө өгсөн. Би ажилдаа явж байгаад ирсэн амарч байна гэхэд чи манай ахыг архидуулсан гээд чирч зодсон. Тэгээд байж байхад нөхөр Х нь цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн, цагдаа ирээд та яв гэхэд нь за би явлаа гэж хэлсэн. Цагдаа би таныг хүргээд өгье гээд гарсан. Намайг хаашаа явах юм  гэхэд нь би гэр рүүгээ явна гээд хүргүүлсэн. Тухайн үед зодоон болсон зүйл байгаагүй. Гэр цэвэрхэн байсан. Цагдаа мөн тэр байдлыг харсан. Тэгээд цагдаад би эрүүлжүүлэх явах юм уу гэхэд тэгэх шаардлага алга гэж хэлсэн. 20 цагийн үед намайг цагдаа гэрт хүргэж өгсөн. Тэгээд намайг манай бэрд хүргэж өглөө шүү гээд хэлсэн. Гэр рүүгээ ороод 21 цаг өнгөрөөгөөд унтсан. Өглөө 5 цагийн үед утсаа үзэхэд С залгасан байсан. ... Тэгээд өглөө 7 цаг өнгөрөөгөөд босох гээд байж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд өчигдрийн хүүхэн гомдол мэдүүлээд байна, таныг аваад ир гэж хэлсэн гэхээр нь би араас нь хүрээд очъё гэхэд одоо авч явна гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд цагдаа дээр очсон. Би юу болсон юм бол гээд залгахад талийгаачийн эгч Ц утсыг нь аваад ийм асуудал болсон байна гэж хэлсэн. Тийм үү яана аа гэхэд чи манай дүүг төмөр саваар цохиж алсан байна гэж хэлсэн. Би хүлээгээд сууж байхад Ба байцаагч дуудсан. Ороод очиход намайг хэл амаар доромжилж юу болсон талаар хэлэлгүй чи яахаараа хүн алдаг юм гэж хэлсэн. Би яахаараа хүн алдаг юм гэхэд чи хүн цохиж алж мэдэх хүн, чиний цохисон төмөр тэр байна гээд цагаан торонд цагаан сав, бор алчуур байсан. Би хүн алаагүй, би шалгуулна, хэрвээ би цохисон бол миний гарын хээ гарч ирнэ, би шалгуулахад бэлэн байна гарч байя гэж хэлээд би гадаа суусан. Сармандах намайг сууж бай гэхээр нь би нимгэн хувцастай ирсэн. Гэр рүүгээ яваад дулаан хувцас өмсөөд ирье гээд явсан. Буцаад 11 цагийн үед ирэхэд таныг гэрчээр асуух боллоо, та яах гэж ийм балай юманд орооцолдсон юм бэ гэж асуусан. Би юунд орооцолдсон юм гэхэд надад гэрчийн эрх үүрэг тайлбарлахгүй, хууль сануулаагүй мэдүүлэг авсан. Тэгээд дахиж таныг асуухгүй, болчихлоо, энэ хүмүүсээс хол яв гэж хэлсэн. Би яахаараа хол явдаг юм бэ гэхэд та явж болно дуудсан цагт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад орой 20 цагийн үед Сармандах дуудсан. Яасан гэхэд лавлах юм байна та гялс хүрээд ир гэж хэлсэн. Би ахыгаа гуйгаад цагдаа дээр очиход энд сууж бай гээл Сармандахын өрөөнд суулгасан. Би их хүлээсэн. Баярбатын өрөөнд хүүхэн орилоод байсан. Харахад Т-г аваад явсан, 23 цаг болсон. Би бие засах гэхэд засуулахгүй байсан. Та хаашаа ч явахгүй наанаа сууж бай гэж хэлсэн. 23 цаг өнгөрөөгөөд намайг сэжигтнээр тооцоод таныг хорих боллоо гэж хэлсэн. Би хоригдох гэж байгаа бол дүү рүүгээ залгаад дулаан хувцас авахуулъя гэхэд хэн рүү хэлдэг юм гэж хэлсэн. Би хүүхэд рүүгээ хэлэхгүй, дүү рүүгээ хэлсэн. 24 цаг өнгөрөөгөөд ирсэн. 01 цаг өнгөрөөгөөд баривчилсан. Ийм л асуудал болсон гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэрэг болох үед би хажууд нь байгаагүй. Шөнө 04 цагийн үед дуудагдаж очсон. Хэрэг гарахад юу болсон талаар сүүлд нь Мө, М нараас сонссон. Намайг очиход манай дүү амьсгал хураасан байсан. Мөн түргэн очоод үзээд сууж байсан. Би очингуутаа гүрээний судас дээр нь дарж, хөлийг нь барьж үзсэн. Тэгэхэд энэ хүн чинь өнгөрсөн байна юуг нь үзээд байгаа юм бэ гэхэд чагнахад амьсгаагүй байна гэж хэлсэн. Хэдэн цагт өнгөрсөн гэж бодож байна гэхэд намайг ирэхэд хөл нь хөрсөн байсан гэж хэлсэн. Гэрт М, Мө, Г очсон байсан. Юу болсон талаар асуухад Б зуухны өмнө байсан цагаан төмрөөр цохисон гэж хэлсэн. Яг үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлсэн. Мө-оос чи харсан юм уу?, ухаантай байсан юм уу?, цохиход нь яг харсан уу? гэж асуухад харсан гэж хэлсэн. Хуулийн өмнө үнэн зөвөөр нь хэлээрэй гэж хэлсэн. Бид нар тухайн үйл явдал болоход байгаагүй. Хажууд байсан амьд гэрч нар байхад бидний зүгээс хэлэх зүйл байхгүй. Та нар гэрчлэх ёстой шүү гэж хэлсэн. Бусдаар гэрчүүдэд тэгж хэл гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Дүүгээ алдсан болохоор хэцүү байна. Одоо ч хүртэл хэцүү байна, тэгэхэд худлаа яриад байх юм. Үнэнээ хэлээд шалгуулж болно. Хэрэг шийдэгдэхгүй бидний сэтгэлийг эмзэглүүлж удаан хугацаа өнгөрч байна. Гарын 10 хуруу шиг байж байгаад нэгнийгээ алдсан байхад цуг байсан хүн нь алаагүй гэж хэлээд зогсож байна. Үнэхээр гомдолтой хэцүү байна. 2 хүүхдэд  нь хүртэл хэцүү байгаа. Би Б-г яг алсан гэж хэлэхгүй байгаа. Харсан хүмүүсийн гэрчээр хэлснээр л явж байгаа болохоос Б-г арай алчихна гэж бодохгүй байгаа. Гэхдээ санамсаргүй янз бүрийн зүйл болсон л байлгүй. Гэхдээ Б Нисэх буудал дээр дуудаад байна гээд С-ынхаар орж Мийг буулгачхаад очсон гэж хэлсэн. Тэгээд Б-г аваад гэрт нь хүргэж өгөөд тэр өдрөөс хойш цуг архи уусан. Би мөнгөтэй байна гээд архинд явуулаад байсан гэж М хэлсэн. М архи уух ч битгий хэл пиво ч амсдаггүй. Эд нарыг архи ууж байхад чи хаана байсан юм гэхэд би гадаа машин угааж байсан. Б намайг боож унагаагаад хувцас хунарыг урсан гэж хэлсэн. Тэгээд чи яах гэж гэрээ цэвэрлэсэн юм тэр чигээр нь байлгаж байхгүй яасан юм гэхэд тавагтай идээ цацсан, энүүгээр бутраад байхаар нь цэвэрлэсэн, яанаа би мэдээгүй гэж хэлсэн. Та хоёроос өөр хүн байсан юм уу?, Б өөрөө ямар байсан юм гэхэд согтуу байсан гэж хэлсэн. М манай талийгаачийг чи муу энэ шар гичийгээ өмөөрч байна уу гээд дайраад байсан. Тэгэхэд би юуг нь өмөөрөх вэ, адилхан 2 эмэгтэй хүн гэж хэлж байсан гэж М хэлсэн. Би энэ талаар өнөөдрийг хүртэл тэгж ярьсан хэлсэн зүйлийг хэлэхгүй явж байна. Бид нар өөрсдөө хараагүй болохоор хэцүү байгаа. Хажууд нь харж байсан 2 хүн байгаа болохоор хэлсэн мэдүүлэгт нь итгээд өдийг хүртэл явж байна. Гэрчүүдэд  хуулийн өмнө яг үнэн зөвөөр нь хэлээрэй. Бид нар хараагүй шүү гэж хэлсэн. Тухайн үедээ хэлж байснаараа мэдүүлгээ өгсөн байгаа. Тиймээс би энэ хэргийг үнэн зөвөөр нь хурдан түргэн шийдээд өгөөсэй гэж хүсэж байна. С дүүгээ алдсан хүн уур бухимдалтай л байгаа байх. Бусдаар Мө-ийг тэгж хэл, ална гэсэн зүйл байхгүй. Мө буух айл байхгүй гээд манай дүүгийнхээр байсан. Өдөр болгон би эргэж тойроод явж л байсан. Та нар ууж идэж байна уу?, ийшээ тийшээ битгий тэнээд явчхаарай, цагдаагаас дуудвал мэдэх юм байвал үнэн зөвөөр нь очоод хэлээрэй гэж хэлдэг байсан.  Харсан үзсэнээрээ хэлээрэй. Би та нарт л найдаж байгаа гэж хэлсэн. Бид нар хажууд нь байсан бол хэлэх зүйлтэй байх байсан. Байгаагүй учраас та нарт итгэж байгаа шүү гэж хэлж байсан. Мө-ийг тэгж хэл гэж дарамталсан зүйлгүй. Мө-оос мэдүүлэг авсны дараа гэнэт алга болсон. Яасан нь мэдэгдэхгүй байсан. Ах дүү нар нь хүртэл бид нараас асуусан. Б байцаагч Мө-ийг мэдүүлэг өгөх гээд ирсэн байна, би аймагт таних хүн байхгүй, газар мэдэхгүй гэж байна. Байгаа газраас нь олоод мэдүүлэг өгөхөд нь аваад ирээч гэж С руу ярьсан гэж хэлсэн. С Мөнхжаргалыг очдог айлаар нь очиж олоод Б-д аваачиж өгсөн. Мэдүүлэг авна гээд аваад үлдсэн. С өөрөө уушгины сүрьеэтэй. Тэгээд ядраад би явсан гэж хэлсэн. Бусдаар үүдэнд нь манаад суугаад байсан зүйл байхгүй гэж хэлсэн. Би энэ талаар асуусан. Мэдүүлэг өгөхөөс өмнө юм уу дараа нь Б өмгөөлөгч Мө-ийг Б-гийн өрөө рүү дагуулаад орж байхыг манай дүү харсан байсан. Тэгж явж болдог юм уу?, бидний зүгээс хуулийн дагуу шийдээд өгөх байх гээд өдийг хүртэл явж байна. Сүүлд нь А, Б гэх хүмүүс очоод зодоон болоогүй л гэж хэлсэн. Х талийгаачийг Б төмрөөр цохисон гэхийг сонсоод Мө-ийг юу хийж, юу харж байсан юм, хамгаалахгүй яасан юм гэж 1 цохиж авсан гэж хэлж байсан. Бусдаар А, Б нар гэрт нь ороогүй хашааны гадаа зогсож байгаад явсан байсан. А, Б гэх хүмүүс дүүгийнх нь хамаатан гэж би сонссон. Тэдний гэрээр ороод та нар гэрчилнэ шүү гэж байсан гэж А хэлсэн. Мөнхдэлгэр бол манай хамаатан. Гэхдээ бид нарын талд ийм тийм гэж ороогүй.  Нөхөртэйгөө хоёулаа мэдүүлэг өгсөн гэж хэлсэн. Ааас та нар хэзээ очиж мэдүүлэг өгсөн юм гэхэд бид нар очиж өгөөгүй, нэг танихгүй хүн ирж мэдүүлэг авчхаад явсан гэж хэлсэн. Түүнд бид нар юм хэлээгүй. С дүүгээ алдсан хүн архи уугаад бухимдлаа гаргасан байх. Өөрөө бие муутай, өнөө маргаашгүй болсон байгаа. Би дүүгээ хүний гарт алдсан юм чинь би одоо үхсэн ч яах вэ, үхсэний ардаас жаргадаггүй юм гэж хэлж байсан. Бусдаар хүн алаад байх хүн биш гэв.

Шинжээч С.Шүрцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, духны арьс зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалганд жижиг зулгаралт, чээжинд жижиг толбо бүхий гэмтлүүдтэй байсан. Химийн шинжилгээгээр 2.7 спиртийн агууламж тогтоогдсон. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь эдгээр гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Хүн нас барахад гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Тус гэмтлийнхээ улмаас нас барсан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүнд гэмтэлд хамаардаг. Хүнд гэмтэл гэдэг нь амь насанд аюултай шалгуур үзүүлэлттэй. Амь насанд аюултай гэдэг нь үхэлд хүргэх аюултай гэсэн үг. Тодорхой цаг хугацаа байхгүй. Тухайн цусан хураа, цус харвалт үүсэж байна гэдэг нь судасны бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж үүсэж байгаа. Энэ нь тархи дутагдалд орж зүрх, амьсгалын чухал эрхтнүүдийг  дутагдалд оруулж байна гэсэн үг. Тархи дарагдсаны улмаас нас барсан гэж дүгнэлтэд гарсан. Тархи дарагдахын хажуугаар тархи дутагдалд орж амьсгалын төв дарагдаж байгаа гэсэн үг. Энэ гэмтэл нь тэдэн цагийн дараа үхнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний гэмтсэн судасны хэмжээнээс хамаарч том судас хагарсан бол хурдан хугацаанд, жижиг судас хагарсан бол арай удаан хугацаанд тархи дутагдалд орно гэсэн үг. Энэ гэмтлийг аваад яг тэдэн цагийн дараа нас барна гэсэн зүйл байхгүй. Үзлэг шинжилгээнд ороод шинжилгээний явцад ийм гэмтэл гарсан байна гэж хариулж болно. Заавал дүгнэлт гарсны дараа мэдүүлэг өгнө гэсэн журам байхгүй. Дүгнэлт гараагүй үед мэдүүлэг өгсөн нь буруу бол хариуцлагаа хүлээж болно. Надад өөр санаа байхгүй. Мөрдөгчийн асуусан асуултад нь хариулсан. 09 дүгээр сарын 23-нд асуусан бол дүгнэлттэй холбоотойгоор асуугаагүй гэж бодож байна. Хүнээ хорих гэж байгаа. Таны дүгнэлт 2 хоногт гарахгүй учраас талийгаачид гэмтэл тогтоогдсон байж хорих ёстой. Тиймээс ямар гэмтэл учирсан талаар мэдүүлэг өг гэхэд нь өгсөн байгаа. Мөрдөгч өөрөө ирээд мэдүүлэг авахдаа ямар гэмтэл учирсан талаар урьдчилсан байдлаар мэдүүлэг авч байж хүнээ хорих эсэх асуудал шийдэгдэх учраас шинжилгээгээр илэрсэн гэмтлийн талаар мэдүүлэг өг гээд мэдүүлэг  авсан. Харвалт, цусан хураа зэрэг нь хаана ямар эрхтэн дээр үүссэн бэ гэдгээс хамаарч нэршил нь ийм байгаа. Жишээлбэл аалзан бүрхүүл доорх цусан хураа, харвалт гэж нэрлэдэг. Хатуу бүрхүүлийн дээд, доод байрлаж байвал цусан хураа гэж нэрлэдэг. Нэршил нь ийм байгаа. Аалзан бүрхүүл доорх цус харвалт нь өвчний гаралтай байж болдог. Харин хатуу бүрхүүлийн дээрх болон доорх цусан хураа нь өвчний гаралтай байхгүй. Энэ гэмтэл нь хүнд гэмтэл. Хүний амь насанд аюултай. Тархин дахь цусыг нь соруулаад эрт эмнэлгийн тусламж үзүүлбэл аврагдах боломж байгаа. Гэмтлээс улбаалж үхэлд хүргэж байгаа хүндрэл гэсэн үг. Тухайн хүндрэлээр нас барсан гэсэн үг. Дух, духны ойролцоо байгаа гэмтлүүд нь тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалттай нэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад жижиг гэмтлүүд нь тус тусдаа үүсгэгдэх боломжтой. Гэмтлээсээ улбаалагдаад эцсийн бүлэгт тархи дарагдаад гэж хэлсэн. Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт бүхий гэмтлээс болж нас барсан гэсэн үг. Тархины хаван гаргадлаар нас барсан гэж дүгнэхээр хуулийн байгууллагын албан тушаалтнууд энэ хүн гэмтлээр нас бараагүй байна, хаван гаргадлаар нас барсан гэж байна гэдэг учраас гэмтлийг нь зааж өгөөд дүгнэлтдээ дурддаг. Эмнэлэгт үхэл гэсэн ойлголт байдаг. Үхэл гэдэг ойлголтод аливаа гэмтлийн хүндрэлүүд хамаардаг. Хүндрэл гэхээр ойлгодоггүй. Тухайн хүн үндсэн гэмтлийнхээ хүндрэлээр нас бардаг. Дүгнэлтдээ шууд хүндрэлийг нь тавиад өгчихөөр ойлгодоггүй. Тийм учраас гэмтлийг нь тавьдаг. Хүн нас барсан байхад гэмтлийн зэрэг тогтоох ямар ч ач холбогдолгүй. Амь насанд аюултай гэдэг нь үхэлд хүргэдэг гэсэн үг. Амьд хүн дээр үхэлд хүргэх боломжтой гэдгээр нь зүйлчлэх байх. Гэтэл энэ хэрэгт хүн нас барчихсан байгаа учраас шаардлагагүй. Хүн нас барсан байхад гэмтлийн зэрэг тогтоох ямар ч ач холбогдолгүй. Шинэ гэмтэл байгаа учраас дүгнэлтэд дурдсан. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд байсан. Духны ойролцоох гэмтэл нь тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт бүхий гэмтэлтэйгээ нэг хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцыг бүхэлд нь оношинд дурдвал дахин онош гэж тусдаа байх шаардлагагүй. Та задлан шинжилгээний явц гэдгийг дотор эрхтний шинжилгээ гэдэг зүйлийг уншаагүй. Түүнд 150 миллилитр бүхий шингэн цус байсан гэж байгаа. Үүнийг дүгнэлт дээрээ дахин дахин дурдаад байдаг бол онош, дүгнэлт гэж тавих шаардлагагүй. Товч тодорхой ойлгомжтой зүйлүүд л онош дээр байгаа. Тийм учраас хийгдэж байгаа бүх зүйлийг хянаад дахиад бүгдийг нь бичээд байх боломжгүй. Шаардлагатай зүйл нь онош, дүгнэлт дээрээ байж байгаа гэв.

Шинжээч М.Золжаргал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай дүгнэлт гаргахад шинжилгээ хийх объект хангалттай байсан. Хэргийн материалд Туяа, Эрхэмбаяр, Золжаргал гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Эд эсийн материалыг шинжилж дүгнэлтээ гаргасан байна. Урьд гаргасан шинжилгээний дүгнэлт, гэрэл зураг, эд эсийн шинжилгээг харж дүгнэлтийг үндэслээд санал нэгтэйгээр уг дүгнэлтийг  гаргасан. Арга, аргачлал нь урьд гаргасан дүгнэлтүүд болон эд эсийн шинжилгээг үндэслэж гаргасан. Цогцост хийсэн дүгнэлтийг харна. Гадна үзлэг, дотор эрхтний шинжилгээг үндэслээд гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цогцост гадна үзлэг Шүрцэцэг эмч хийсэн байна. Тухайн үед духанд баруун хөмсөгний дотор, төгсгөлийн харалдаа хэсэг овгор хавантай, баруун хацар, зүүн бугалганы гадна хэсэг хонхор шалбархайтай, зүүн хөхний дотор хэсэгт 2 сантиметрийн хавирганы түвшинд цус хуралттай гэх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Духанд овойж хавдсан хэсэг нь шинэ гэмтэл, баруун хацар, зүүн бугалганы шалбархай нь шинэ гэмтлүүдийн онцлог шинжүүдийг дурдсан учраас шинэ гэмтэл байна гэж үзсэн. Эдгээр гэмтлүүдээс харахад хуучин гэмтлүүд тогтоогдоогүй байна. Толгой хуйхыг нээхэд цус хуралттай байсан. Цус хуралт бүхий гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Цогцсын гадна болон дотор эрхтний шинжилгээгээр хуучин гэмтэл тогтоогдоогүй байна. Гэмтэл тус бүр дээр өөрийн гэсэн онцлогтой. Зөөлөн эдийн няцрал, овойж хавдсан байдал нь 1-3 хоногт үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун хацар, зүүн бугалганд үүссэн гэмтэл нь 1-3 хоногт үүссэн байх боломжтой. Цус хуралт нь биеийн аль хэсэгт учирснаас хамаарч хүрэн ягаан юм уу хөхөлбөр ягаан өнгөтэй байдаг. Хөхөлбөр өнгөтэй байгаа учраас шинэ гэмтэл байх боломжтой. Өөрсдийнх нь онцлог байгаа учраас цогцсын гадна үүссэн гэмтлүүд нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө учирсан байх боломжтой. Хөмсөгний харалдаа духны хэсэгт гэсэн үг. Хөмсөг нь духны доод хэсэгт байрлаж байгаа. Тиймээс нэг ойлголт. Духны хэсгийн хуйхыг нээхэд хуйх няцралтай байна гэдэг нь гадна талаасаа зөөлөн эдийн няцрал, дотор талаасаа духанд цус хуралт байна гэдгийг зааж өгч байгаа байршлыг хэлж байгаа юм. Духны зөөлөн эдийн гэмтэл нь тархины гэмтэлтэй нэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэж байгаа учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч ойлгож болно. Цээжинд учирсан цус хуралт бүхий гэмтлээс тархинд цусан хураа үүсэх боломжгүй. Өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт, физиологийн шинжилгээний архивласан материал зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой. Баруун талт бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цусан хураа гэмтлүүд нь духны зөөлөн эдийн няцрал, хуйхны цус хуралтын улмаас тархины битүү гэмтэл үүсэж түүний улмаас нас барсан тохиолдол байна. Эдгээр гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой. Цогцсын гадна үзлэг хийхэд журамд заасны дагуу хийдэг. Хэрвээ нэр хаяггүй, нас нь тодорхой бус байвал шинжээч эмчид 5-10 насны интервалаар тэдээс тэдэн насны хүний цогцос байна гэж бичигддэг. Харин нэр, нас, хүйс тодорхой байвал цагдаагийн байгууллага тодруулсан байдаг учраас түүний насыг нь тусгаж бичүүлдэг гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би Б гэх хүнийг гэм буруугүй гэж үзэж байна гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач нь 1977 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Бага насаа Номгон суманд аав, ээжийн гар дээр өнгөрөөсөн. 1985-1993 онуудад Номгон сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1996-1997 онд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Ц.Аюуш гэдэг бүсгүйтэй гэр бүл болж 2 хүүхдийн эцэг болж Номгон сумын 1 дүгээр багт малчин байж байгаад 2015 онд аймгийн төвд шилжиж ирсэн. Ц.Аюушаас манай дүү 2018 онд салж тусдаа амьдрах болсон. 2019 оны сүүлээр Б гэх хүнтэй хамтран амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сарын эхээр салсан бөгөөд 2022 оны 06 дугаар сараас эхлэн Ц.М гэдэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Талийгаачийн том хүү нь Улаанбаатар хотод амьдардаг. Бага охин нь ээжийн хамтаар Баянхонгор аймагт амьдардаг. Миний хувьд хэргийн талаар мэдэж байгаа зүйл байхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 04 цаг өнгөрч байхад манай дүү Г залгаад намайг дуудаад Иыг нас барсан байна гэж хэлсний дагуу гэрт нь очиход манай дүү гэртээ нас барсан байдалтай байсан. Тухайн үед эмч ирчихсэн байсан бөгөөд эмчээс асуухад зүрх нь зогссон байна гэж хэлсэн... Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна... Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. Үүнд оршуулгын үед гарсан 15,300,534 төгрөгийг нэхэмжилнэ, үүний баримтуудыг би гаргаж өгсөн байгаа. Би төрсөн дүүгээ бусдын гарт алдсан учраас маш гомдолтой байна. Мөн энэ оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 35-37, 40 дэх тал/    

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад талийгаач И-ын хамтран амьдрагч М нь над руу залгаад Б өдөр манай гэрт ирээд архи уугаад И-ын толгой руу зуухны аманд тавьдаг төмрөөр цохисон гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан чинь авч явсангүй Б явахгүй байгаад байна, унтаж байгаа дүр исгээд хэвтэж байна, И толгой өвдөөд байна гэж байгаад унтаад өглөө гэж хэлсэн. Тэгээд би хүрээд очсон чинь талийгаач гэрийн зүүн хойд талд түрүүлгээ харчихсан унтаж байсан. Би Бг бос яв гэр орондоо оч яах гэж ирээд хэл ам хийгээд байгаа юм гэхэд Б би огт зодоогүй гэж хэлсэн, би зодсон гэж огт асуугаагүй байхад тэгж хэлсэн. Тэгэхээр нь би сая та чинь төмрөөр И ахын толгой хэсэгт цохисон гээ биз дээ гэхэд энэ муу гичий худлаа ярьж байгаа юм гээд бэлэн гаргаж босож ирээд над руу бас бэлэн гаргаад май чи муу юу юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн чинь Б худлаа унтсан дүр исгээд байсан. Тэгээд би худлаа унтаж байгаа юм гэхэд цагдаа нар Б-г дуудаад аваад яваад өгсөн. Би жоохон байж байгаад гэртээ харих гээд яваад өгсөн. Шөнө 03 цаг 16 минутад М над руу залгаад Идэрээ сонин болоод таталт өгчихлөө би түргэн дуудчихлаа хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би 30 орчим минутын дараа талийгаачийн гэрт очиход талийгаач орой намайг гэрээс нь гарахад байсан байрандаа дээшээ харчихсан байдалтай байж байсан. Тэгээд араас эмнэлгийн хүмүүс ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би цагдаа дуудаад ар гэрийнхээ хүмүүсийг дуудсан... Талийгаач доошоо харчихсан унтаж байгаа юм шиг байсан. Би гэрт очоод Б хашхичаад чанга чанга дуугараад байхад огт сэрэхгүй огт хөдөлгөөн хийгээгүй бид хэд унтаж байна гэж бодсон, сэрээхээр үргэлжлүүлээд уучих байх гэж бодоод бид хэд огт сэрээх оролдлого хийгээгүй. Шөнө таталт өгөхөөр нь М эгч дээш нь харуулсан гэж байсан тэрнээс өөр байдлаар ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй байсан... М-ээс асуухад Б зуухны урд тавьдаг цагаан өнгийн төмөр саваар толгойн дух хэсэгт нь цохисон гэж хэлж байсан. Би хэдэн удаа юунаас болж яагаад цохисон талаар огт мэдээгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/  

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “Б манай талийгаач ах И-тай хамтран амьдарч байсан. Түүнээс хойш л таньдаг болсон ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мө бас манай ахтай хамт яваад байдаг юм бас сайн танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мийг бас манай талийгаач ах И-тай хамтран амьдраад манайхаар ирсэн. Түүнээс хойш л таньдаг болсон бусдаар ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Талийгаач ах 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө манайд Мө, М нарын хамтаар ирсэн. Тэр гурвыг ирэхээр нь ахаас танайхаар сонин сайхан юу байна гэсэн чинь онц сонин зүйлгүй байна өчигдөр Б ирээд агсам тавиад гэхээр нь би яах гэж тэр Б-г гэртээ оруулж байдаг юм бэ гэсэн чинь за за гэж хэлээд ахдаа 20.000 төгрөг өгчих гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь шар гэрэл асчихсан бензин хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугарахгүй байсан чинь ах надаас дансаар уу, бэлнээр үү гэхээр нь би бэлнээр гэж хэлчихээд өндийгөөд мөнгө аваад өгсөн чинь тэр гурав гараад яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой би гэртээ байж байхад талийгаач ахын сүүлд суусан эхнэр М эгч залгаад Б манайд ирж архи уугаад И-ын толгой руу төмрөөр цохичихсон чинь И толгой өвдөөд гэж байгаад унтаад өгсөн, Б худлаа унтаад явахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад Б-гаа цагдаад дуудлага өгөөд явуулаач гэсэн чинь цагдаад дуудлага өгсөн чинь Б худлаа унтаад байсан. Тэгсэн чинь цагдаа орхиод явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь за би хүрээд очъё гэж хэлээд утсаа тасалсан. Би нөхөр Х-ын хамтаар талийгаач ахын гэрт яваад очиход ахын гэрт Мө, М, Б, талийгаач ах нар байсан бөгөөд талийгаач ах гэрийнхээ хоймор хэсэгт хажуу тийшээ хараад хэвтэж байсан Б гэрийн баруун хойно түрүүлээ хараад хэвтэж байсан. Мө гэрийн баруун орон дээр сууж байсан. М гэрийн зүүн талд сандал дээр сууж байсан би гэрт орж очоод Болороо та босооч гэсэн чинь босохгүй байхаар нь хөөе Болороо босооч гэсэн чинь босож ирээд гэрийн баруун орон дээр суухаар нь та чинь яах гэж энүүгээр ирээд архи уугаад байдаг юм бэ салсан бол салсан юм шиг бай битгий энүүгээр ирж архи уугаад бай гэж хэлсэн чинь танай ах чинь салахгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь манай ах салахгүй байгаа юм бол танайд очиж архи ууна биз дээ гэж хэлсэн чинь чамд хамаагүй гичий минь гээд над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаагаас сая наад хаяг дээр чинь дуудлагаар очоод ирсэн ямар нэгэн зүйл болоогүй хүмүүс унтаж байсан гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед Б босож ирээд миний хүзүүний хоёр талаас базаад татсан. Тэгэхэд дундуур Мө орж салгасан. Б намайг муу удамтай гэх мэтээр хараагаад, доромжлоод чи намайг чаддаг юм бол зодоорой би цагдаагийн байгууллагад 14 жил ажилласан намайг барахгүй шүү гээд байсан. Бид хоёрыг хэрэлдэж байхад манай нөхөр Х цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрыг хэрэлдээд байж байхад цагдаа хүрээд ирсэн. Гадаа цагдаа ирснийг Б мэдчихээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад газар буугаад доошоо хараад хэвтсэн. Тэр үед гаднаас 2 цагдаа орж ирсэн. Тэр хоёр цагдаа орж ирээд ямар асуудал болсон юм бэ гэхээр нь энэ хэд энэ айлд ирж хэд хоног архидаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр цагдаа, энэ хүн чинь түрүүн л ингээд унтаж байсан шүү дээ гэж хэлэхээр нь энэ хүн чинь худлаа дөнгөж сая хэрүүл хийж байгаад та хоёрыг ирэхийг мэдээд сая доошоо хараад хэвтсэн гэж хэлсэн чинь нэг цагдаа нь Б дээр очоод дуудсан чинь Б худлаа нойрмоглож босож ирээд уйлаад талийгаачийн нэрийг дуудаад мөлхөж талийгаач дээр очоод гараас нь татаад би яагаач үгүй шүү дээ гээд байсан. Тэгсэн чинь цагдаа та босоод ир танаас юм асууж тодруулъя гэсэн чинь Б босоод ирсэн. Тэгээд гэрийн баруун орон дээр суулгаад цагдаа надаас энэ хүний гэр орон нь хаана байдаг юм бэ, хаана хүргэж өгөх үү гэж асуухаар нь би гэр орныг нь мэдэхгүй наадах чинь өөрөө гэр орноо мэдэх байлгүй дээ мэдэхгүй байвал эрүүлжүүлэхэд хонуулахгүй юу гэж хэлсэн чинь ирсэн хоёр цагдаа Бг гаргаад машиндаа суулгаад аваад явсан. Би нөхрийн хамтаар тэнд жаахан байж байгаад тэндээс гэр рүүгээ явсан замаараа нөхрөө айлд буулгаж өгөөд гэртээ очсон. Шөнө 02 цаг өнгөрч байхад М эгч над руу залгаад И сонин дуу гаргаад таталт өгчихлөө би эмнэлэг дуудчихаад байж байна хүрээд ирэх үү гэж хэлхээр нь би нөхрийн хамтаар яваад очиход талийгаачийн гэрт М, Мө нар байсан. Талийгаач ах гэрийн зүүн хойд талд орондоо дээшээ хараад хэвтэж байсан. Намайг ахын гэрт очиход ахын царай хөхөрсөн байхаар нь эмнэлэг ирсэн юм уу гэсэн чинь ирээгүй байна гэхээр нь би эмнэлэг рүү залгасан чинь явчихсан байгаа гэж хэлсэн. Тэр үед М эгчийн утас дугарсан чинь эмнэлэг байна танай хаягийг чинь олохгүй байна гэж хэлхээр нь би гарч эмнэлгийг тосож аваад эмчийг гэрт оруулж ирсэн эмч ахыг үзэж байх үед манай том ах С ах бас ирсэн. Тэгээд эмч С ахыг дагуулаад гарсан. С ах гаднаас орж ирээд эгч нартаа хэл ах нь өнгөрсөн байна гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд ах, дүү нартаа хэл хүргэсэн ийм л зүйл болсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр, нөхрийн найз Мө бид гурав босчихоод байж байхад Б нь манай нөхөр рүү залгаад Оюу толгойгоос таавчиг, утасны цэнэглэгч, гар нүүрийн алчуур зэргийг чинь аваад ирсэн гэрээс ирж ав гэж хэлсэн. Тэгээд Мө, нөхөр бид гурав яваад очиход Б гэртээ ганцаараа байж байсан. Бид гурав гэрт нь сууж байгаад гарах гэсэн чинь Б манай нөхөрт хандаад би чамд аавынхаа аягыг өгнө гээд нэг бор аяга гаргаж ирээд манай нөхөрт өгсөн. Тэгээд 0.5 граммын архины үлдэгдэл гаргаж ирээд манай нөхөр болон нөхрийн найз Мө нарт хийж өгсөн. Түүнийг нь уучихаад явах гэсэн чинь Б хамт яваад замд чинь буугаад хүнээс гар утас авна гэж хэлсэн. Тэгээд нэг хаяг хэлээд нөгөө газар нь очсон чинь хүнээс утас авсан. Тэрийгээ авчихаад ерөөсөө танай гэрт очоод ганц юм уучихъя гэж хэлээд нөгөө хоёрыг уух уу уух уу гээд байсан нөгөө хоёр нь уухгүй гэсэн чинь уучих л даа гээд байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа зогсоод Б ганцаараа дэлгүүр ороод 2 ширхэг 0.75 граммын Хараа архи аваад мөн 2 ширхэг тамхи авсан байсан, тэгээд манай гэрт очсон. Манай гэрт ирэхэд 12 цаг болж байсан. Б, Мө, манай нөхөр гурав нөгөө авч ирсэн 2 шил 0.75 граммын Хараа архиа ямар нэгэн хэрүүл маргаангүй юм яриад ууж дуусгасан. Тэр хоёр архиа ууж дуусгаад Б мөнгө гаргаж өгөөд Мө-ийг 1 шил 0.75 граммын Хараа архи аваад ир гэж явуулсан. Мө удаагүй 1 шил 0.75 граммын Хараа архи аваад ирэхээр нь би зөрж гараад машинд ороод машины хог цэвэрлэж байгаад эргээд гэрт ороод ирсэн чинь аяга хагалчихсан байхаар нь яагаад энэ аяга хагарсан юм бэ гэсэн чинь Б агсам тавиад байна гэж манай нөхөр хэлсэн. Тэгсэн чинь Б над руу хараад сэгсийсэн муу я..., г... чинь юу хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай нөхөр хажуугаас Б-д хандаад чи адилхан эмэгтэй хүн байж яах гэж нэгнийгээ я..., г... дуудаж байдаг юм бэ наад муухай үгээ хэлхээ болиорой гэсэн чинь Б манай нөхөрт хандаад чи муу энэ я... өмөөрлөө гэж хэлээд гэрийн баруун талд сууж байгаад босоод урагшаа хандсан. Тэгээд зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог эрүүг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мөийн өвдөг дээр очоод тогтсон. Манай нөхөр төмрөөр цохиулаад хажуу тийшээ унангаа алдаад босож ирээд чи миний тархийг хөдөлгөчихлөө шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлээд чи нөгөө талаас нь цохиод тэгшлээдэх гэж хэлсэн чинь Б муу хүн үхдэггүй юм чи хэзээ ч үхэхгүй гэж хэлсэн. Тэр үед би нөхрөө харсан чинь төмрөөр цохиулсан тал нь цонхийсон цагаан болсон байсан. Энэ үед манай нөхөр надад хандаад миний хань ханийнхаа толгойг жаал бариад өг гэхээр нь би очиж толгойг нь жаал илсэн тэгсэн чинь өвдөөд нэмэргүй юм байна жаахан хэвтээдэхье гэж хэлсэн. Тэгээд дэр дэрлээд хэвтсэн. Тэр үед Б манай нөхөрт архи ууж байсан хундаганд архи хийж өгөөд муу хүн үхдэггүй юм аа гээд өгсөн чинь манай нөхөр уухгүй гэсэн чинь муу хүн үхдэггүй юм чи уучих гэсээр байгаад 3 удаа уулгасан. Тэр архийг уучихаад манай нөхөр эргээд хэвтээд өгсөн. Тэгсэн Б намайг барьж аваад үсдэж дараад шал мөргүүлэх гээд дайраад байхаар нь би өмнөөс нь баахан ноцолдсон. Ноцолдож байхад Б миний дээгүүрх бүх хувцсыг тайлсан. Тэгчихээд чи муу я... г... ичээч гээд байхаар нь би өөр цамц өмссөн чинь дахиад тайлах гээд ноцолдоод байсан. Тэгээд би арай гэж Б-гийн гараас мултраад цагдаад дуудлага өгсөн. Энэ үед цаг 19 цаг болж байсан юм удахгүй хоёр цагдаа ирэхэд Б унтаж байгаа хүн болоод хэвтээд өгсөн ирсэн хоёр цагдаа энэ хүн чинь унтаж байгаа юм байна шүү дээ гэж хэлээд дахин асуудал гарвал хэлээрэй гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би нөхрийн дүү Г, Х нарыг дуудсан. Г, Х нар ирэхэд Б нөгөө хоёрыг хэл амаар доромжлоод байсан чинь тэр хоёр цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхэд Б мөн унтаж байгаа хүн болсон. Тэгэхээр нь би энэ хүн унтаагүй ингээд жүжиглээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа нар Б-г босгож аваад явсан. Б-г явсан дараагаар манай нөхөр унтаж байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь ороод унтсан. Тэгээд унтаж байхад гэнэт сонин дуу амьсгаа авсан. Тэгэхээр нь босоод яасан бэ ханиа гэсэн чинь юу ч дугарахгүй байсан тэгж байгаад цээж нь хэржигнээд байсан. Тэгээд жаахан байж байгаад хамраас нь цус гарсан. Тэгээд цусыг нь арчаад байж байхад дахиж сонин амьсгаа авахаар нь түргэн дуудсан, мөн дүү Гг нь дуудсан. Удалгүй Г хүрээд ирсэн араас нь түргэн ирсэн. Түргэн ирж үзээд нас барсан байна цагдаад дуудлага өг гэж хэлсний дагуу цагдаад дуудлага өгсөн... Талийгаач гэрийн хойморт баруун тийшээ хараад сууж байсан би гэрийн зүүнд талд зуухны үүд хэсэгт гаднаас орж ирээд сууж байсан Б талийгаачийн өмнөөс хараад гэрийн баруун талд сууж байсан. Мө, Б-гийн доод талд гэрийн баруун талд сууж байсан. Тэр үед Б намайг энэ муу шар, г... чинь аяга хагалсан энэ тэр гээд юу гээд байгаа юм гэсэн чинь манай нөхөр Б-д хандаад адилхан эмэгтэй хүн байж яахаараа нэгнийгээ г... гэдэг юм бэ муухай байдаг юм шүү дээ гэсэн чинь Б сууж байсан байрнаасаа босоод зуухны ард байсан цагаан өнгийн үнсний тосгуур төмрийг аваад нөхрийн толгой хэсэгт савчихсан. Тэр төмөр нь чигээрээ яваад Мө-ийн өвдөг хэсэгт очсон... Толгойндоо цохиулаад толгойн зүүн тал нь их цонхийсон цагаан болсон бусдаар ил харагдах гэмтэл байгаагүй. Шөнө талийгаачийн духны баруун хөмсөг хэсэгт бага зэрэг товойж хавдсан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө Б гэх манай нөхрийн өмнөх эхнэр нь манай нөхөр рүү залгаад Оюутолгойгоос ирчихлээ Нисэх буудал дээр байна ирээд гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тухайн үед талийгаач бид хоёртой хамт найз Т буюу Мө байсан. Бид гурав талийгаачийн машинаар гэрээс гарч яваад намайг Нисэхийн 10-5 тоотод байх төрсөн ах С-ынхаа гэрт байж бай гэж хэлээд Мө талийгаач хоёр явсан. Би С-ын гэрт байж байхад 12 цаг өнгөрч байхад талийгаач болон Мө нар хүрээд ирсэн. Бид гурав яваад гэртээ очсон. Бид гурав гэрт очоод цай хоол хийгээд байж байхад 13 цагийн үед Б 0.75 граммын хараа архи авчихсан таксигаар хүргүүлээд ирсэн. Б манайд ирээд өнөөдөр хэдүүлээ нэг юм уугаад жаал шуугьж сууя гэж хэлсэн. Тэгээд Б-гийн авч ирсэн архийг Мө, Б, талийгаач гурав хувааж уусан. Тэр архи дуусахад Б дахин архи авч ууна гээд гэрээс гараад ганцаараа явсан. Удаагүй 0.75 граммын Хараа архи бариад ороод ирсэн. Тэр архийг Мө, Б, талийгаач гурав хувааж ууж байхад Б манай нөхрийг өдөөд байсан. Түүнээс болоод Б талийгаач нар хоорондоо муудалцсан. Б талийгаачийг нэг удаа алгадаж авсан. Тэгээд ууж байсан архины шилээр цохих гэж байхад нь Мө архийг нь булааж авсан. Ингэж тэр хоёр муудалцаж тэр архиа ууж дуусгаад Б дахиад архи ууна гэж хэлсэн. Б талийгаач хоёр архи авна гээд алхаад явсан удаагүй 0.75 граммын хараа архи бариад ирсэн. Тэр архийг мөн Б, Мө, талийгаач гурав хувааж уусан. Тэр архиа ууж дуусгаад Б би согтоод байна гэртээ харимаар байна гээд байхаар нь би такси дуудаад Бг таксинд суулгаад мөнгийг нь төлөөд явуулсан. Эхний өдөр ийм зүйл болсон юм. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө талийгаач болон Мө бид гурав босчихоод байж байхад 10 цагийн үед Б 0.75 граммын Хараа архи, 0.5 граммын хараа архи нийт 2 шил архитай ирсэн. Тэр гурав Б-гийн авч ирсэн архийг хувааж ууцгаагаад 12 цаг өнгөрч байхад архи нь дууссан чинь Б, Мө-ид виза картаа өгөөд дэлгүүр ороод 1 шил архи аваад ир гэж хэлсэн. Мө гарч яваад 0.75 граммын Хараа архи нэгийг аваад ирсэн. Тэр архийг ууж дуусаж байх үед Мө согтоод унтаад өгсөн. Тэр үед оройны 19 цаг болж байсан байх Б манай нөхөр хоёр үг зөрж байгаад муудалцсан. Б манай нөхрийг ширээний булан руу түлхэж унагаасан дараагаар нь намайг барьж аваад үсдэж дараад энэ муу шар г... дандаа өмөөрч байдаг гээд ор мөргүүлэх гээд байсан би ноцолдож байж гарнаас нь мултарсан. Түүний дараагаар Б чаддаг юм бол та хоёр намайг хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би машин бариад Б нөхөр хоёрыг суулгаад явж байхад Б Баруунсайханы Өлзийт дэлгүүрийн хажууд явж байхад зогс гэхээр нь зогссон чинь Б дэлгүүрт ороод хэсэг удаж байгаад 0.5 граммын хараа архи, хар эссэ тамхи, гоё тараг зэргийг авч гарч ирээд машинд суухаар нь гэрийн гадаа нь хүргэж өгсөн чинь таргаа надад өгөөд эссэ тамхиа нөхөрт өгсөн. Тэгээд энэ архийг уучихаад явчих гээд манай нөхрөөс гуйгаад байсан. Тэгсэн манай нөхөр уухгүй чи буу гээд хөөгөөд буулгасан. Нөхөр бид хоёр гэртээ очоод амарсан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө Мө, талийгаач бид гурав 08 цаг өнгөрч байхад босчихоод байж байхад Б нь манай нөхөр рүү залгаад Оюу толгойгоос таавчиг, утасны цэнэглэгч, гар нүүрийн алчуур зэргийг чинь аваад ирсэн гэрээс ирж ав гэж хэлсэн. Мө, нөхөр бид гурав яваад очиход Б гэртээ ганцаараа байж байсан. Бид гурав гэрт нь сууж байгаад гарах гэсэн чинь Б манай нөхөрт хандаад би чамд аавынхаа аягыг өгнө гээд нэг бор аяга гаргаж ирээд манай нөхөрт өгсөн. Тэгээд 0.5 граммын архины үлдэгдэл гаргаж ирээд манай нөхөр болон Мө нарт хийж өгсөн түүнийг нь уучихаад явах гэсэн чинь Б хамт яваад замд чинь буугаад хүнээс гар утас авна гэж хэлсэн. Тэгээд нэг хаяг хэлээд нөгөө газар нь очсон чинь хүнээс утас авсан. Тэрийгээ авчихаад ерөөсөө танай гэрт очоод ганц юм уучихъя гэж хэлээд нөгөө хоёрыг уух уу уух уу гээд байсан нөгөө хоёр нь уухгүй гэсэн чинь уучих л даа гээд байсан. Тэгээд Жаал-Уулд байх Баянцагаан дэлгүүрийн гадаа зогсоод Б ганцаараа дэлгүүр ороод 2 ширхэг 0.75 граммын хараа архи аваад мөн 2 ширхэг тамхи авсан байсан тэгээд манай гэрт очсон. Манай гэрт ирэхэд 12 цаг болж байсан. Б, Мө, манай нөхөр гурав нөгөө авч ирсэн 2 шил 0.75 граммын хараа архиа ямар нэгэн хэрүүл маргаангүй юм яриад ууж дуусгасан. Тэр хоёр архиа ууж дуусгаад Б мөнгө гаргаж өгөөд Мө-ийг 1 шил 0.75 граммын хараа архи аваад ир гэж явуулсан. Мө удаагүй 1 шил 0.75 граммын хараа архи аваад ирэхээр нь би зөрж гараад машинд ороод машины хог цэвэрлэж байгаад эргээд гэрт ороод ирсэн чинь аяга хагалчихсан байхаар нь яагаад энэ аяга хагарсан юм бэ гэсэн чинь Б агсам тавиад байна гэж манай нөхөр хэлсэн. Тэгсэн чинь Б над руу хараад сэгсийсэн муу я..., г... чинь юу хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай нөхөр хажуунаас Б-д хандаад чи адилхан эмэгтэй хүн байж яах гэж нэгнийгээ я..., г... дуудаж байдаг юм бэ наад муухай үгээ хэлхээ болиорой гэсэн чинь Б манай нөхөрт хандаад чи муу энэ я... өмөөрлөө гэж хэлээд гэрийн баруун талд сууж байгаад босоод урагшаа хандсан. Тэгээд зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог цагаан өнгийн төмөр түмпэнг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мө-ийн өвдөг дээр очоод тогтсон. Манай нөхөр төмрөөр цохиулаад хажуу тийшээ унангаа алдаад босож ирээд чи миний тархийг хөдөлгөчихлөө шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлээд чи нөгөө талаас нь цохиод тэгшлээдэх гэж хэлсэн чинь Б муу хүн үхдэггүй юм чи хэзээ ч үхэхгүй гэж хэлсэн. Тэр үед би нөхрөө харсан чинь төмрөөр цохиулсан тал нь цонхийсон цагаан болсон байсан. Энэ үед манай нөхөр надад хандаад миний хань ханийнхаа толгойг жаал бариад өг гэхээр нь би очиж толгойг нь жаал илсэн. Тэгсэн чинь өвдөөд нэмэргүй юм байна жаахан хэвтээдэхье гэж хэлсэн. Тэгээд дэр дэрлээд хэвтсэн тэр үед Б манай нөхөрт архи ууж байсан хундаганд архи хийж өгөөд муу хүн үхдэггүй юм уу гээд өгсөн чинь манай нөхөр уухгүй гэсэн чинь муу хүн үхдэггүй юм чи уучих гэсээр байгаад 3 удаа уулгасан. Тэр архийг уучихаад манай нөхөр эргээд хэвтээд өгсөн. Тэгсэн Б намайг барьж аваад үсдэж дараад шал мөргүүлэх гээд дайраад байхаар нь би өмнөөс нь баахан ноцолдсон, ноцолдож байхад Б миний дээгүүрх бүх хувцсыг тайлсан тэгчихээд чи муу я..., г... ичээч гээд байхаар нь би өөр цамц өмссөн чинь дахиад тайлах гээд ноцолдоод байсан. Тэгээд би арай гэж Б-гийн гараас мултраад цагдаад дуудлага өгсөн. Энэ үед цаг 19 цаг болж байсан. Талийгаач гэрийн хойморт баруун тийшээ хараад сууж байсан би гэрийн зүүн талд зуухны үүд хэсэгт гаднаас орж ирж суугаад аяга хагарсан байгааг хараад энэ юун аяга хагарсан юм бэ гэсэн чинь Б л агсам тавиад хагалсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Б чи муу сэгсийсэн шар я... яахаараа өмөөрч байдаг юм бэ гэж хэлээд зуухны ард байсан төмөр түмпэнг аваад талийгаачийн толгой руу савсан. Савсан төмөр нь Мө-ийн өвдөг дээр очсон. Тэгсэн чинь талийгаач газар унаад эргэж суугаад чи миний тархийг хөдөлгөчихлөө шүү дээ нөгөө талаас нь цохиод тэгшлээд өг гэж хэлээд байсан... Би талийгаачийг нас барахаас нь 21 хоногийн өмнө ажлаасаа ирсэн. Тэр цагаас хойш бид хоёр салж тусдаа байгаагүй байнга хамт байсан. Талийгаач хэн нэгэнд зодуулаагүй. Сэврэй суманд бид хоёр хамт мал тууж явж байхад талийгаач сум руу бензин авах гээд явсан. Тэгээд ирэхдээ колонкын хүнтэй жаахан маргалдчихлаа л гэж хэлж байсан бусдаар хүнтэй муудалцаж маргалдаагүй. ... Б түмпэнгээр талийгаачийг цохиж авсны дараагаар дахиад цохиод авчих байх гэж бодоод түмпэнг Мө-ийн тэндээс аваад зуухны өмнө талд аваачиж тавьсан юм.” 1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Б, Г хоёр хоорондоо зодолдоогүй зүгээр хэрэлдээд байсан. Б нэг удаа Г-ын багалзуурыг шахсан. Б намайг сэгсгэр шар г... ална гээд дайраад байхаар нь би өөрийнхөө амийг хамгаалж ноцолдсон бусдаар бол би Бг цохиж авсан зүйл байхгүй. Б намайг ална гээд над руу дайраад намайг барьж аваад газар дараад байсан. Тэр үед нь би амиа хамгаалах гээд зөрж ноцолдоод боссон. Тэр үед Б миний хувцаснаас зуурч байгаад шалан дээр унаад шалан дээр өнхрөөд байсан. Ингэж байхдаа гэмтэл авсан байх гэж бодож байна бусдаар бол Б-д гар хүрч зодсон хүн байхгүй. Намайг хувцаснаас зуураад бас үсдэж дараад газар дараад байсан. Би эргээд босох үед Б газар унасан яг аль хэсгээрээ унасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан газар унаад байсан тэгж байхдаа биедээ гэмтэл авсан байх.” /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/

Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Өчигдөр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач И, түүний эхнэр М бид 3 Баруунсайханд байх Б гэх эмэгтэйгийн гэр рүү очиж талийгаач И-ын гэрт таавчиг, алчууруудаа авахаар очсон. Очоод Б-гийн гэрт цай унд уучихаад тал 0.5 литрийн Хараа архи байхаар нь Б, талийгаач бид 3 хувааж уусан. Тэгээд Б, М, талийгаач бид 4 талийгаачийн гэрт Жаал-Уулын ... тоотод очоод Б талийгаач бид 3 хоёр шил 0.75 граммын Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи ууж байгаад Б талийгаач И-ыг хараагаад хэл амаар доромжлоод байсан. Талийгаач нэлээн тэвчээд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй сууж байхад Б талийгаач руу тавагтай чихэр авч шидсэн. Уг тавагтай чихэр талийгаачийг оноогүй дотор нь байсан чихэр нь бутраад таваг нь гэрийн хойно газарт унасан. Энэ үед Б гэрийн баруун хойноос босож очоод талийгаач И-ыг сууж байхад нь түлхэхэд талийгаач хойшоо газарт хэвтээд өгсөн. Тэгээд Б талийгаачийн дээр гарч суугаад хоёр гурван удаа нуруу мөр хэсэгт нь алгадсан. Тэгчихээд босоод гэрийн баруун талд очоод суухад гаднаас талийгаачийн эхнэр гэрт орж ирсэн. Гэрийн зүүн талд сууж байхад Б гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон. Яг цохих үед нь талийгаач хэвтэж байсан газраасаа өндийгөөд босож байсан. Тэгээд Б талийгаач И-ыг цохих үед И хойшоо буюу эргээд газарт ойчсон. Талийгаач ойчоод ёо ёо тархи хөдөлчихлөө гээд орилоод байсан. Б-г татаж талийгаачийн хэвтэж байсан газраас нь холдуулсан. Талийгаачийн эхнэр рүү Б уурлаад эхнэртэй нь муудалцаад эхнэрийг нь үсдээд байсан. Тэр 2 удалгүй салаад М талийгаач И-ын хэвтэж байгаа газарт нь очоод толгойг нь барьж өгсөн. И тархи хөдөлчихлөө толгой өвдөөд байна гээд байсан. Б тэр хоёрыг ална гэж орилоод байсан. Би гэрийн баруун талд сууж байсан. М цагдаа дуудсан. Талийгаачийн толгойг М хэсэг жоохон илж байх үед нь талийгаач хурхираад унтаад өгсөн. Талийгаачийн хурхирч унтсан газарт нь хөнжил нөмрүүлээд чигээр нь унтуулсан. Бид нар хурхираад унтаад байхаар нь унтаж байна гэж бодсон. Тэгээд И-ын дүү Г гаднаас ирэхэд талийгаач хурхираад унтаж байсан. Г, Б нар хоорондоо маргалдаад хэрэлдэж байтал цагдаа нар ирээд Б-г авч явсан. Тэр үед талийгаач И унтаж байсан, Г яваад өгсөн. Тэгээд хэрүүл маргаангүй болоод би талийгаачийн гэрт унтаад өгсөн. Унтаж байтал М намайг дуудаад И-ын хамраас цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд би сэрхэд талийгаач И амьсгалж байгаад гэнэт амьсгалахаа болиод байсан. Тухайн үед М түргэн дуудсан байсан. Тэгээд нэг амьсгалахаа болиод нас барсан. Нас барсны дараа нь цагдаа нар ирэхэд талийгаач И гэрийн зүүн хойд талаар хэвтэж байсан... Б талийгаачийн баруун шанаа дух орчимд төмөр саваар нэг удаа цохисон. Цохих үедээ хүчтэй цохисон түс гээд дуугарсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 69-72 дахь тал/

Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Номгон сумаас аймагт ирсэн. Аймагт ирээд найз И-ын гэрт буусан. Тэр цагаас хойш нас барах хүртэл нь хамт байсан энэ хугацаанд талийгаачийн эхнэр М бас салаагүй хамт байсан. Би Д гэх хүн танихгүй. Талийгаач Д гэх хүнтэй муудалцаж, зодолдсон асуудал байхгүй. Талийгаачийн гэрт талийгаач болон М бид гурав байж байхад Б нь талийгаач руу залгаад Оюу толгойгоос ирсэн Нисэх онгоцны буудал дээр байна ирээд аваадах гэж хэлсэн. Түүний дагуу талийгаач болон М бид гурав талийгаачийн машинаар гэрээс гараад Мийг талийгаач нь өөрийн ах С-ын гэрт буулгаад бид хоёр Нисэх онгоцны буудал орж Б-г аваад Баруун сайханд байх гэрт нь буулгаж өгөөд буцаж яваад С-ын гэрт очиж С болон талийгаач бид гурав 1 шил 0.5 граммын архи хувааж уучихаад Мийг аваад гэрт харьсан. Гэрт байж байхад 13-14 цагийн үед Б таксигаар талийгаачийн гэрт хүрээд ирсэн, ирэхдээ нэг шил Хараа архитай ирсэн. Тэр архийг Б, талийгаач бид гурав хувааж уусан. Тэгчихээд Б дахин архи авч ууна гээд гэрээс гараад ганцаараа явсан удаагүй 0.75 граммын хараа архи бариад ороод ирсэн. Тэр архийг бид гурав хувааж ууж байхад Б талийгаач нар хоорондоо муудалцаад байсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө босчихоод би дэлгүүр яваад Хараа нэртэй 0.5 граммын архи авч ирээд талийгаач бид хоёр хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө босчихоод талийгаач болон М бид гурав Б-гийн гэрээс талийгаачийн таавчиг, утас цэнэглэгч, гар нүүрийн алчуур зэргийг авах гээд явсан. Бид гурав Б-гийн гэрт яваад очиход Б цай хийж өгсөн. Түүний дараагаар Б 1 шил 0.5 граммын дундуур хараа архи гаргаж ирээд талийгаач бид хоёрт нэг нэг хийж өгсөн. Тэр архийг уучихаад явах гэхэд Б хамт яваад айлаас утас аваадахъя гэж хэлсэн. Бид нар хамт Б-гийн гэрээс гараад Б-гийн зааж өгсөн айлд очиж гар утас авсан. Тэгчихээд явж байхад Б талийгаачид хандаад танай гэрт очъё гэж хэлсэн. Бид нар талийгаачийн гэр рүү хамт явцгаасан. Бид нар явж байх замдаа Дэлгүүр орж Б 1 шил 0.75 граммын хараа архи авсан тэр архийг талийгаачийн гэрт очоод Б болон талийгаач бид гурав хувааж уусан. Тэр архийг ууж Дуусгаад байж байхад Б намайг архинд яваад ир гэж хэлсэн. Би гэрийн баруун талд байх Баянцагаан дэлгүүр орж 0.75 граммын Хараа архи авсан. Эргэж ирээд нөгөө архиа мөн бид гурав хувааж уусан. Тэр үед Б, талийгаач хоёр маргалдаад Б талийгаачийг 2 удаа алгадаж авсан. Тэр үед талийгаач би чамд гар хүрэхгүй гэж хэлээд суугаад байсан. Тэгж байхдаа хажууд байсан аягийг аваад дэвсгэр дээр цохиод хагалсан. Б, талийгаач хоёр хэрэлдээд, муудалцаад байсан. Тэгж байгаад зуухны ард тавиатай байсан үнс тосдог цагаан өнгийн дөрвөлжин төмрийг Б аваад талийгаачийн толгойны баруун хэсэгт нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн талийгаач хажуу тийшээ унаж босож ирээд ёолоод миний тархи хөдөлчихлөө нөгөө талаас нь цохиод тэгшлээд өгөөч гэж хэлсэн. Тэр үед М талийгаач дээр очоод толгойг нь илж өгсөн чинь Б чи муу я..., г... юугаараа барьж чаддаг юм бэ гээд Б уурлаад М рүү дайраад үснээс нь зулгаасан. Тэгээд М, Б хоёр ноцолдоод эхэлсэн. Тэгж байгаад салсан тэр үед талийгаач гэрийн зүүн хойд талаар хэвтээд унтаад өгсөн. М цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд Б унтаж байгаа дүр эсгээд унтаад өгсөн. Тэгсэн ирсэн цагдаа нь унтаж байгаа хүмүүс авч явахгүй гээд яваад өгсөн. Цагдаа явсны дараагаар Б босож ирээд Мийг хэл амаар доромжлоод я..., г... дуудаад байсан. Тэгсэн чинь М талийгаачийн дүү Г гэдэг эмэгтэйг дуудсан. Г удаагүй ирсэн чинь Б бас Г-д агсам тавиад байсан.  Г бас цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд Б-г аваад явсан. Тэр үед талийгаач гэрийн зүүн хойд талаар унтаж байсан би гэрийн баруун талын орон дээр унтсан М талийгаачийн хажуугаар унтсан. Унтаж байхад М намайг дуудаж сэрээгээд талийгаач болохоо байлаа гэж хэлсэн. Би босоод ирэхэд талийгаачийн хамраас цус гарчихсан байсан. Мөнцэцэг түргэн дуудчихсан байсан. Би босоод талийгаачийн төрсөн ах С-ыг дуудсан. Тэгээд түргэн ирсэн түргэн ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэсэн ийм зүйл болсон... Тухайн төмөр талийгаачийн толгойг оноод миний хөлний хажууд ирсэн чинь М босож ирээд уг төмрийн авсан. Тэгэхэд Б нөгөө төмрийг авах гээд  араас зууралдсан... Тэр талаар мэдэхгүй. М бид гурав Сэврэй сум руу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны орчимд явж Мийн охины гэрийг барьчихаад ирсэн. Тэр үед бол талийгаач бусадтай зодолдсон зүйл болоогүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/

Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачийг нас барахаас өмнө 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаачийн гэрт нь Б, талийгаач И бид гурав нийт хоёр шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгэхэд архины ганц нэг яриа ярьж байсан. Одоо чухам юу гэж ярьж байсныг мэдэхгүй гэж хэлээд хуруу гараа оролдоод тогтворгүй суув. Талийгаач хурхираад унтаад байсан, түргэний эмч ирж үзээд нас барсан талаар хэлсэн. Тухайн үед бол талийгаачийн гэрт би байсан Болор байж байгаад шөнө явчихсан. Тэгээд бас шинэ авгай нь байсан өөр хүн байгаагүй. Би Энхбаатар гэж айлд туслах малчнаар 2022 оны 12 сард анх очсон тэрнээс хойш Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт мал маллаж байгаад саяхан ирсэн. Ирээд хоёр билүү гурав хонож байна. Ирсэн өдрөө Зүүнсайханд байдаг найз Жаргалсайханы гэрт хоёр хоносон. Тэрний дараа нь С-ын гэрт нэг хоносон. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нь нэг дэх өдөр байсан. Тэр үед талийгаач И нь Б-тай хэрэлдээд л байсан. Би өглөө босоод Хараа нэртэй 0.75 литрийн хоёр шил архи гурвуул уучихсан байсан. Талийгаач И, Б тэр хоёр миний санаж байгаагаар талийгаачийн гэрт гэр бүлийнхээ талаар яриад хэрэлдээд байсан. Тэгж байхад талийгаач И-ын шинэ эхнэр гаднаас автомашин угааж цэвэрлэж байгаад орж ирсэн. Орж ирээд байж байхад нь цагаан өнгийн төмрийг Болор авч талийгаачийн толгой хэсэг рүү цохисон. Тэрний дараа М, Болор хоёр хэрэлдэж зодолдож байгаа юм уу яаж байгаа юм бэ нэг юм болоод байсан би хэсэг согтчихсон ухаан санаа орж гараад байсан. Тухайн үед бол талийгаачийн гэрт талийгаачийн хуучин эхнэр Б, шинэ эхнэр М бид дөрөв байсан гаднаас өөр хүн байгаагүй. ...

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: Тухайн 2022.09.20-ны өдөр Б нь талийгаач И-ын биед нь төмрөөр цохисноос өөрөөр цохих зодох үйлдэл хийсэн үү?

Гэрчийн хариулт: Б, И хоёр хэрэлдэж маргалдсан нэг удаа Б талийгаачийг төмрөөр цохисон. Тэрнээс өөрөөр цохиж зодсон асуудал огт болоогүй тэр хоёр тэгж зодолдоод байдаггүй ээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: Б-г цагаан өнгийн төмрөөр цохисон гэж яриад байна. Тэгэхэд хэн хэн хаана, ямар байрлалтай байсан болон талийгаач хаана ямар байрлалтай байсан, мөн Б яаж ямар байрлалд байхдаа талийгаачийг төмрөөр цохисон талаар дэлгэрэнгүй тодруулж ярина уу?

Гэрчийн хариулт: Би тухайн үед талийгаач И-ын гэр дотор, гэрийн баруун талд байрлуулсан байсан модон орны урд хэсэгт сууж байсан юм. М болохоор гэрийн зүүн талд зуухны хажууд байсан харин талийгаач гэрийн зүүн хойд хэсэгт газар дэвсгэр дээр завилсан байдалтай сууж байсан. Тэр цаг хугацаанд Б миний зүүн гар талд сууж байснаа гэнэт босож зуухны хойд хэсэгт байсан цагаан өнгийн төмрийг авсан. Ямар ч байсан цохисон их л ойрхон байсан. Талийгаачийн толгой нь хавдчихсан байсан. Би яг цохиж байсныг нь хараагүй, гэхдээ нөгөө төмөр зуухны хойд хэсэгт унаж байхыг нь харсан..

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: Болсон зүйлийн талаар тодорхой ярина уу? Хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг өгсөн байна. Тухайн мэдүүлэгт болсон зүйлийн талаар ярьсан байдаг. Тухайн болсон зүйлийн талаар ярихыг хэн танд зааварчилж зөвлөж зааж өгч яриулсан юм бэ? Энэ талаар ярина уу?

Гэрчийн хариулт: Намайг мэдүүлэг өгөхөөр Цагдаагийн байгууллага руу ороход С тэр төмрөөр Б талийгаачийг цохисон гэж хэлээрэй гэдгийг хэлсэн. Мөн С архи уучихсан үедээ намайг чи манай дүүг алсан гэж яриад байдаг юм. Үнэндээ бол Б төмрөөр талийгаачийг цохисон талаар би хараагүй. Зуухны хойно хэсэгт байсан төмөр бол хөдөлсөн. Төмөр хөдлөхөөс өмнө бол Б, талийгаач И хоёр хэрэлдсэн. Түүнийг санаж байна. ...

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт:  Таны мэдүүлэгт ...талийгаачийг Б хэд хэдэн удаа цохиж авсан... гэх мэдүүлэг байдаг. Сая таниас өмгөөлөгч миний бие асуултаар талийгаачийн эрх чөлөөнд Б халдсан эсэх талаар тодруулан асуухад огт тийм зүйл болоогүй гэж яриад байна. Ямар учраас ингэж мэдүүлгүүд зөрөөд байна вэ? Хэн нэгэн хүн үг зааж өгсөн бол тэрийг үнэн зөвөөр нь ярина уу?

Гэрчийн хариулт: С Бг төмрөөр цохисон асуудлыг харсан гэж хэлээрэй. Тэр хүн л тэгж хэл гэдгийг хэлсэн. Тэр хүн гэдэг нь С буюу С байгаа юм. С л цохиж зодсон гэж хэлээрэй гэж надад хэлээд л тэгж хэлсэн. Одоо С энэ асуудлыг мэдээд надад уурлаж намайг алах байх аа. Миний ярьсан зүйлийг мэдэхгүй байж болох уу?

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан гэрчийн мэдүүлэгт өгөгдсөн таны мэдүүлгүүд С-ын дарамт шахалтан дор болоогүй зүйлсийг болсон мэтээр, хараагүй зүйлийг харсан мэтээр өгсөн гэж ойлгож болох уу?

Гэрчийн хариулт: Зөв зөв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач толгой өвдөөд байна, байж сууж чадахгүй нь гээд Б-гаар өвчин намдаах эм авахуулсан байдаг. Энэ үйл явдлыг санаж байна уу?

Гэрчийн хариулт: Энэ үйл явдлыг санаж байна. Ямар ч байсан Б эм болон наалт авчирсан талийгаач эм уусан. Мийн ах юм уу, хүргэн нь талийгаачтай зодолдсон гэж байсан хэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Уг үйл явдал хөдөө мал тууж явахад болсон гэж байсан тэр айл Гурвантэс сумаас наашаа Баяндалай чиглэлд нүүдэл хийгээд малыг нь туугаад явж байхад зодуулсан гэж байсан. Тухайн үед би бол байгаагүй. Тэрнээс хойш талийгаачийн зүүн хацар хавдчихсан байсан мөн цээж толгой өвдөж байсан гэж хэлээд өвчин намдаах эм ууж байсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: Танд мэдүүлэг өгөхөд талийгаачийн эхнэр М, хамаатан болох Х, Г нар нь хэлж зааж өгсөн зүйл байна уу?

Гэрчийн хариулт: Г, Х, М нарын хувьд үг зааж өгсөн зүйл байхгүй. Харин С болохоор Бг цохисон гэж хэлээрэй гэдгийг бол хэлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуулт: ...С ямар нэгэн үг яриа зааж хэлсэн эсэх талаар ярина уу

Гэрчийн хариулт:  Өмнө өгсөн мэдүүлгээрээ тэрүүгээрээ чигээрээ яваарай гэсэн өөр зүйл бол хэлж яриагүй. Талийгаач цээжээр өвдөж байна гэж хэлээд эм уудаг байсан, яг ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг хэлж мэдэхгүй байна.” /2 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө би гэртээ ганцаараа байж байхад талийгаач И, эхнэр М, найз Т буюу Мө нар манайд орж ирсэн. Тэгээд яаж яваа юм гэсэн чинь Б Оюу толгойгоос ирсэн ирээд аваадах гэж байна очиж гэрт нь хүргэж өгөөд ирье М танайд байж байг гэж хэлсэн. Тэгээд талийгаач, Т нар гараад явсан нэг их удаагүй Т, талийгаач хоёр Б-г гэрт нь хүргээд өгчихлөө гээд хүрээд ирсэн. Тэр хоёр ирэхдээ 1 шил 0.5 граммын Хараа архитай ирсэн. Тэгээд Т, талийгаач нартай нийлж нөгөө архийг нь хувааж уусан. Тэр гурав гэртээ харилаа гээд яваад өгсөн түүнээс хойш уулзаагүй байж байгаад нас барсан дараа нь буюу түргэн ирээд үзэж байхад очсон, ... Намайг гарч байхад манай хүргэн Х босож очоод Тг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь цохиж байгаа бололтой харагдсан тэр үед би гэрээс гарсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач ах 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Мө, М нарын хамтаар манайд ирж мэнд мэдчихээд манай эхнэрээс 20.000 төгрөг бензин хийнэ гээд аваад явсан. Түүнээс хойш уулзаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой би гэртээ байж байхад талийгаач ахын эхнэр М эгч манай эхнэр рүү залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хамт яваад очиход Мө, М, Б, талийгаач ах нар байсан бөгөөд талийгаач ах гэрийнхээ хоймор хэсэгт хажуу тийшээ хараад унтаж байсан. Б гэрийн баруун хойно түрүүлгээ хараад хэвтэж байсан. Мө гэрийн баруун орон дээр сууж байсан. М гэрийн зүүн талд сандал дээр сууж байсан. Эхнэр орж очоод Б-д юу хэлсэн мэдэхгүй тэр хоёр маргалдаад, хэрэлдээд байсан тэгсэн эхнэр цагдаа дуудахаар залгасан чинь Б манай эхнэрт хандаад чи муу нөхрөө барьж өгч чадахгүй байж намайг яахаараа барьж өгдөг юм бэ гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би гэрээс гараад хашааны үүдэнд сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар ирээд Б-г аваад явсан, эхнэр бид гурав явсан. Гэртээ очоод ойр зуур юм хийж байгаад унтах гэж байсан чинь М эгч залгаад байна, ах сонин болоод байна гэж эхнэр хэлээд явъя гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр талийгаач ахын гэрт очиход М эгч түргэн дуудсан ирээгүй байна гэхээр нь эхнэр бид хоёр дахиад түргэн дуудаад байж байхад түргэнээс залгаад танайхыг олохгүй байна гэхээр нь гарч гэрийг нь зааж өгсөн. Тэгээд эмч орж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн ийм зүйл болсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байхад л талийгаач И-ын гэрт эхнэр Г болон хоёр настай хүүгийн хамт гурвуулаа очсон. Очиход талийгаач гэрийн зүүн хэсэгт газраар хувцастайгаа унтаж байсан. Дүрслэн хэлэхэд гэрийн зүүн хойд талаар хөндлөн гэрийн хоёр багана хэсгийн хойд талаар байрлалтай хөл нь хагас нугарсан, толгой нь баруун хойш чиглэлтэй хөл нь болохоор гэрийн зүүн баганын хойд хэсгээр нүүр харагдах байдал нь гэрийн хаалга хэсэг рүү харсан байрлалтай хэвтэж байсан. Талийгаачийн гэрт болохоор түүний эхнэр М, миний танихгүй нэг залуу, талийгаачийн найз Т, мөн Б нар байсан өөр хүн байгаагүй. Гаднаас гэрт ороход дотор гэрийн баруун хэсэгт байрлуулсан орны доод хэсэгт нөгөө танихгүй сахалтай нэг залуу сууж байсан. Харин орон дээр Т хэвтэж байсан. Гэрийн баруун хойд талаар газар Б эгч хэвтэж байсан харин талийгаач болохоор өмнө хэлснээр гэрийн хойд хэсгээр унтаж байсан. Талийгаачийн эхнэр М нь зуухны өмнө хэсэгт зогсож байсан одоо санаж байгаагаар гэр дотор гэрийн хойд хэсгээр боорцог тарчихсан байсан шиг санаж байна. Тэрнээс аяга энэ тэр хагарсан зүйл байгаагүй тэр мэрийг анзаарч хараагүй гэрээс Цагдаагийн байгууллага руу дуудлага дуудахаар гарсан. Ороход Болороо эгч босож ирээд манай эхнэртэй хэрэлдсэн... Учир зүггүй загнаад байхаар нь.... би дургүй хүрээд гэрээс гарсан. Хашааны хаалганы тэнд байж байгаад Цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Тэнд байж байгаад Цагдаагийн алба хаагч нарын хамт гэрт орсон. Эхнэр хүү бид гурвыг ирэхээс өмнө М эгч Цагдаагийн байгууллага руу дуудлага мэдээлэл өгсөн гэдгийг хэлж байсан. Тэгэхэд Б худал унтчихсан дүр эсгэж байсан талаар мөн хэлсэн... Би Т гэх залууг сайн танина. Бараг л 2000 оноос эхлэн таньж мэднэ миний найзуудын найз нь байгаа юм. Би талийгаачийн гэрт очихоос өмнө нь гэртээ байхдаа архи уучихсан байсан тэрнээс талийгаач гэрт очсон цаг хугацааны дараа тэнд байсан хүмүүстэй цуг бол архи ууж хэрэглээгүй. Б-г Цагдаагийн алба хаагч аваад явсан тэрний дараа талийгаачийн төрсөн ах С гаднаас орж ирээд би утас аваад явчихлаа гээд нөгөө миний танихгүй залуугийн гар утсаа авч байсан. Тэр залуу С ахыг гэрт орж ирэхэд гэрээс гарсан ардаас нь С ах гарах гэтэл Т цуг гарна гэж хэлээд байхаар нь би Т-г хоёр удаа цохисон. Хацар хэсэг рүү алгадсан шиг санаж байна. С ахыг явсны дараа би эхнэр хүүхдийн хамт талийгаачийн гэрээс гарч эхнэр автомашинаа унаж жолоодож гэрт харьсан. Гэрт харихад цаг хэд болж байсныг бас санахгүй байна. Эхнэр, хүү бид гурвыг талийгаачийн гэрээс явахад Т талийгаачийн эхнэр М талийгаач тэр гурав үлдсэн. Талийгаачийн гэрт намайг байх хугацаанд талийгаач сэрээгүй би тэр үедээ талийгаачийг тасраад унтчихсан юм байна гэж бодсон... Өмнө мэдүүлэг өгөхөд надаас энэ талаар асууж тодруулаагүй бөгөөд С ахыг утсаа авах гэтэл Т хүний хэрэгт ороод орон дээр хэвтэж байхдаа надаас татаж орноос өндийсөн юм. Тэгэхээр нь би цаашаа цаашаа гэж хэлээд зүүн гарын ар хэсгээр алгадсан гэж хэлээд гараараа дүрслэн харуулав. Т бол орноос боссон зүйл байхгүй. Талийгаачийн гэрийн хаалгаар хүн орж гараад байсан миний бодлоор хаалга нь хаалттай байсан... Би болсон үйл явдлыг бүрэн бодитой санаж байна. Намайг байхад талийгаач огт босож ирээгүй, хэн нэгэнтэй юм яриагүй нэмж архи уугаагүй. Би талийгаачийн гэрт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр архи уусан зүйл байхгүй. Харин намайг очиход талийгаачийн гэрт байсан Т, Б, миний танихгүй нэг сахалтай тэр хэд бол архи уучихсан харин М эгч бол эрүүл байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал/

Гэрч Э.Ху мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны 09 цагаас 21-ний өдрийн 09 цаг хүртэл тус цагдаагийн газрын Ерөнхий жижүүрээр 24 цагаар мэдээлэл хүлээн авагчаар дэд ахлагч Н.М жолоочоор дэд ахлагч А.Ү нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Намайг жижүүрт үүрэг гүйцэтгэж байх үед тухайн хаяг дээр 3 удаа дуудлага ирсэн эхний дуудлага нь 19 цаг 20 минутад иргэн М гэдэг хүнээс Жаал-Уулын ... тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу би жолооч Үнэнхүүгийн хамтаар уг дуудлага дээр очиход гэрт 1 эрэгтэй хүн гэрийн хойд талаар унтаж байсан, мөн нэг эмэгтэй гэрийн баруун хойд талаар унтаж байсан. Тэгсэн дуудлага өгсөн гээд нэг эгч гэрийн баруун хойд талаар унтаж байсан эмэгтэйг агсам тавьсан энэ хүнийг аваад яв гэж хэлсэн тул нөгөө хүнийг авч явах гэхэд нөгөө хүн сэрэхгүй унтаад байсан, тэгээд ч агсам тавьсан гэхээр зүйл гэрт ажиглагдахгүй байсан учраас орхиод явсан. Тэр айлаас гараад дараагийн дуудлагад явж байхад нөгөө айлаас дахиад дуудлага ирлээ гэж жижүүрээс надад мэдэгдсэн. Тэгээд буцаад нөгөө хаяг дээр очиход нөгөө хүн унтаж байсан байран дээрээ унтаж байсан. Тэгсэн наад хүн чинь худлаа унтаж байгаа юм гэж хэлээд байхаар нь хүчээр босгоод аваад явсан. Тэр эмэгтэйг Баруунсайхан ... тоот хашаанд байх гэрт нь хүргэж өгсөн. Үүний дараа 04 цаг 22 минутад тухайн хаяг дээр хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсний дагуу шуухай бүрэлдэхүүнийг дуудаж ажиллуулсан. Эхний удаад дуудлагаар очиход гэрт байсан дуудлага өгсөн эмэгтэй нь унтаж байсан том биетэй эмэгтэйг аваад яв гээд байсан би тухайн унтаж байгаа хүнийг сэрээх гэж удаа дараа оролдсон боловч тасарчихсан юм шиг байхаар нь орхиод явсан, дараагийн удаад очиход нөгөө эмэгтэй нөгөө байран дээрээ унтаж байсныг нь босгож аваад явсан. Би эмэгтэйг аваад явах гэж байхад гэрт байсан дуудлага өгсөн жижиг биетэй эмэгтэй наад хүн чинь энэ унтаж байгаа хүнийг энэ төмрөөр цохисон гээд цагаан өнгийн паалан түмпэн шиг зүйлийг зааж байсан өөр зүйл яриагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б миний төрсөн эгч байгаа юм. Талийгаач И гэдэг хүнтэй 2 удаа л таарч байсан. Яг хэзээ уулзсанаа санахгүй байна. Талийгаач нь байнга архи ууж манай эгчийг зоддог л хүн байсан. Мө, М нарыг танихгүй. Миний эгч сайхан амьдралтай нөхөртэй, гурван хүүхэдтэй цагаан идээний дэлгүүртэй машин унаа тэрэгтэй хүнд байх бүх л зүйлтэй хүн байсан. Энэ талийгаачтай нийлж холбогдоод хамтран амьдраад миний эгчийн дэлгүүрийн эд хөрөнгөөр архи уугаад машин тэргийг нь заруулаад юу ч байхгүй болгосон. Дээрээс нь архи уугаад зодож, дарамталдаг байсан. Энэ хүн манай эгчтэй 3 жил орчим хамт амьдарсан байх. Би болон манай ах дүү нар эгчийгээ энэ хүнээс салгах гэж их үзсэн боловч салгаж чадаагүй. Би эгчээсээ та гэр бүл дээрээ эргээд оч гэхээр одоо чадахгүй л гэдэг байсан. Би бодохдоо нөхрөө хаяад явчихсан учраас эргэж очих нүүргүй болчихоод энэ хүнтэй зууралдаад байсан гэж л боддог байсан. Би бол энэ талийгаачийг аймаар хүн гэж боддог байсан. Ер нь бол И гэх хүнтэй хамтран амьдраад архи уугаад байдаг болчихсон. Манай эгч хүнд муу санадаггүй хүнийг элдвээр элдвэлдэггүй л хүн байсан. Энэ хүн бол манай эгчийг үнэхээр их эвдсэн гэж бодож байна. Архи л хааяа уучихдаг болохоос биш өөр хорт зуршилгүй. Би талийгаачийн гэр бүлд гомдолтой байна. Миний эгч энэ талийгаачид 2-3 удаа тархи толгойгоо хагартал зодуулж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бол гэж бодож байна. Би эгчийгээ салчих гэж хэлэхээр нь энэ хүнээс салбал намайг ална гэдэг эсвэл ямар нэгэн аргаар намайг шоронд оруулна гээд байна гэж хэлдэг байсан. Би бас энэ хүнийг манай эгч хөнөөсөн гэхэд итгэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б миний төрсөн эгч байгаа юм. Талийгаач И гэдэг хүнийг 2 удаа харж байсан манай эгчтэй 3 жил хамтран амьдарч байсан, бусдыг нь танихгүй. Энэ хоёр нэлээд хэцүү амьдарч байсан. Манай эгч над руу удаа дараа зодуулсан гэж ярьдаг байсан. Би 2022 оны 03 дугаар сард байх эгч зодуулчихлаа цагдаад дуудлага өгөөд хүрээд ир гэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд гэрт нь буюу Жаал-Уулын ... тоотод яваад очиход манай эгч зодуулчихсан уйлаад сууж байсан. Хажууд нь 2 эрэгтэй хүн байсан эгчийг зодсон талийгаач нь зугтаагаад явчихсан байсан. Би гэрт нь очиход гэр ундуй, сундуй эгчийн хувцас хунар цус болчихсон байсан. Би ингэж л ганц удаа очиж байсан. Би тухайн үед талийгаач И-ыг цагдаад бариулж байсан гэж царайг нь харж байсан. Сүүлд нь машинтай явж байхад нь нэг таарч байсан. 2019 онд Номгон суманд алт гараад тэр алтан дээр манай эгч хоол хүнс зарж яваад тэр И гэх хүнтэй танилцаж улмаар тэр хүнтэйгээ хамтран амьдрах болсон. Тухайн үед нөхөр Баясгалантай хамтдаа амьдарч л байсан. Ер нь бол И гэх хүнтэй хамт амьдраагүй байх үедээ согтууруулах ундааг баяр ёслолын үеэр л хэрэглэдэг байсан. Талийгаач И гэх хүнтэй хамтран амьдарсан цагаас эхлэн согтууруулах ундааг нэлээд хэрэглэдэг болсон байсан. Миний эгч шулуун шударга, хүнд хэлэх гэсэн үгээ хэлчихдэг эгчийн хувьд нөмөр нөөлөгтэй их тусархаг тийм л хүн байгаа юм. Манай эгч 3 хүүтэй том нь Б.Б Улаанбаатар хотод цэргийн байгууллагад ажиллаж байгаа, дунд хүү нь Б.Э Оюутолгой ХХК-д ажилладаг. Бага хүү Б.Э нь Хан-Уул зочид буудалд хамгаалагч хийдэг.Бид нар эцэг, эхээсээ зургуулаа, Б эгч 3 ах, 2 дүү охинтой. Би нөхөр Г надад Д гэх хүнд энэ талийгаач 2-3 жилийн өмнө зодуулж байсан гэсэн утгатай зүйл ярьсныг нь би буруу ойлгож 2-3 хоног гэж ойлгосон байсан байна лээ. Миний хувьд Д гэх хүнийг танихгүй. Зодуулсан барьсан талаар мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын эхээр хүнтэй муудалцаж маргалдсан зүйл байхгүй ээ. Би Т.И гэх хүнийг мэдэхгүй юм байна манай ажил дээр зам зуурын болон сумын иргэд гээд олон хүмүүс үйлчлүүлдэг. Надад сүүлийн 3 сарын хугацаанд хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй ээ. Би таньдаг хүнтэй ч муудалцдаггүй ээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал/

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач И, С хоёр нь манай эхнэрийн талын хамаатан тийм болохоор танина. Б гэх хүнийг танина гэхдээ төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тодорхойлолт гаргасан. Учир нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой 21-22 цагийн хооронд С манай гэрт ирсэн. С-ыг гаднаас ирэхэд манай гэрт эхнэр хүүхдүүд байсан өөр хүн байгаагүй. С ирээд Лхагва миний гар утас аваад явсан И-ын гэрт очиж өөрийнхөө утсыг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Баярмагнай болон охин Б нарын хамт С-ыг дагуулж талийгаачийн гэрийн гадна очсон. Талийгаачийн гэрт С орсон харин автомашин дотор Б, хүргэн бид гурав үлдсэн. Нээх удаагүй С буцаж гарч ирсэн. Гарч ирэхдээ И-ыг тасарчихсан /согтуу/ нам унтчихсан тэдний гэрт С-ын дүү Г буюу Г, Т, Г-ын нөхөр Х талийгаачийн эхнэр М нар байсан гэдгийг хэлж ярьсан. Гэрийн хаалга нь онгорхой байсан учир би автомашин дотор байхдаа гэрт байсан хүмүүсийг харахад гэрийн баруун талын орон дээр Х, Т хоёр хоорондоо зодолдож байгаа харагдсан. Ажил явдал болж байхад Т гэх залуугийн нүд хөх болчихсон байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эхэлж Б манай хойд эцэг А-тай уулзсан. Тэрний дараа надтай уулзаж ирж өргөдөл бичээд өг гэсэн юм. А бид хоёр гэрт байхдаа уг зүйлийг бичсэн үнэмлэхээ хуулбарлан өгсөн. Талийгаачийн төрсөн ах С буюу С манай гэрт талийгаачийг нас барахын өмнөх орой нь ирсэн. Тэгээд утас хүн аваад явчихсан гэж хэлээд өөрийнхөө дугаар руу миний дугаараас залгасан. Тэгээд утас авахгүй байна гэж хэлээд С, А бид хэд талийгаачийн гэрт очсон ба талийгаачийн гэрт С орсон харин автомашинд А, манай нөхөр Баярмагнай бид гурав үлдсэн. Тэгэхэд талийгаачийн гэрээс С-ын устыг авсан гэх эрэгтэй хүн гарч ирээд А-ын унаж явсан автомашинд суусан. Би буу автомашинд суулгахгүй гэдгийг хэлсэн удаагүй С ах гарч ирсэн. Талийгаачийн гэрийн хаалга нь онгорхой гэрт хүмүүс зодолдож байсан. Г эгчийн нөхөр Т гэх хүнийг зодож байгаа нь харагдсан. Би гэрийн гаднаас хаалгаар нь харсан тэгэхэд тэгж харагдаж байсан. Г эгч гэр дотор, хойш урагшаа яваад байсан. Ямар нэгэн чанга дуу чимээ гараагүй. С ах автомашинд суугаад гэртээ хүргүүлэх явцдаа намайг архи авч өг гэдгийг хэлсэн. Би замд тааралдсан хүнсний дэлгүүрээс С-д архи авч өгсөн. С ах манай гэрийн гаднаас гэр рүүгээ явган алхаж явсан. Талийгаачийн гэрт маргааш нь очсон. Тэгэхэд Т-гийн нүүрний зүүн хэсэг нь хавдчихсан хавдартай байсан. Гэр дотор Г-гийн нөхөр Т-г цохиж байхад С ах талийгаачийн гэрт байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал/

Гэрч Л.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би гэрээсээ гарч хашааны хаалгаар гарахад хашааны гадна автомашин зогсож байсан одоо үнэнээ хэлэхэд автомашин дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан саарал юм уу цагаан өнгийн жижиг суудлын автомашин зогсож байсан, дотор нь хоёр хүн сууж байсан. Ямар хүн байсныг хэлж мэдэхгүй би И-ыг өмнө нь харж уулзаж байгаагүй. Тийм болохоор огт танихгүй. Б бид хоёр төрсөн ах, дүүс бөгөөд миний дүү Б нь 1970 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн бид хоёр эцэг эхээс зургуулаа Б нь айлын дөрөв дэх нь бага байхдаа дээр үед баазын цэцэрлэг гэж байсан түүнд суралцаж улмаар найман жилийн дунд сургуульд элсэн орж наймдугаар анги төгссөн. Тэрний дараа Өвөрхангай аймгийн мэргэжил сургалтын төвд очиж суралцсан. Ямар мэргэжилтэй гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сүүлд Цагдаагийн байгууллагад ажилладаг нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэхдээ манай хоёрын амьдрал тусдаа болохоор тэр болгон уулзаад байдаггүй нарийн ширийн асуудлыг нь хэлж мэдэхгүй байна. И нь Б хоёрыг цуг амьдарч, сууж байсан гэдгийг мэдэхгүй наадмын үед буюу 2022 оны 07, 08 дугаар сарын үеэр Б тухайн автомашиныг унаж байсан юм. Тэгээд би хашааны гадна зогсож байсан автомашиныг И-ын автомашин байна гэж бодсон.” /2 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал/

Гэрч Д.Насантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нутгийн хүмүүс Т гэж дуудаж нэрлэдэг С овогтой Мө-ийг танина. Тэрнээс төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Одоогоос 4-5 жилийн өмнөөс эхлэн таньж мэдэх болсон. Т нь Өмнөговь аймгийн Номгон сумын гаралтай ганц бие эрэгтэй хүн байгаа юм. Мө нь 2022 оны 12 дугаар сарын эхээр манай хөдөө гэрт очсон одоо бол Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт хөдөө манай нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа. Уг байгаа газар нь гар утасны сүлжээ барьдаггүй, сүлжээтэй газарт манай нөхөр очиж өөрийнхөө 9898.... дугаараас надтай ярьдаг. Хамгийн сүүлд өчигдөр орой буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед надтай утсаар ярьсан. Тэгэхэд Т буюу Мө-ийг байна гэдгийг хэлж байсан... Би И, Б гэх хүмүүсийг огт танихгүй төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Харин Т буюу Мө-ийг мөрдөн байцаалтын явцад шалгагдаж байхад нь тухайн үед шалгаж байсан байцаагчид нь хэлээд хөдөө явуулсан өөрөөр надад мэдэх зүйл огт байхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Би эрх үүргээ ойлгосон. Асуух зүйл байхгүй... Г миний биед гэмтэл учруулсан. Би тухайн үед гэрт хэвтэж байхад Г гаднаас орж ирээд чи энд байх эрхгүй яв гэж загнасан. Тэгэхээр нь би яасан юм бэ би яагаач үгүй шүү дээ гэсэн чинь Г цагдаа дуудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд Г намайг чирч гулдчаад байсан мөн баГс бариад өшиглөөд байсан, тэгээд би зуухны хажууд очиход миний нуруу руу цохиод байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн намайг аваад явсан. М-тэй муудалцаагүй. Би тухайн өдөр нийт талийгаач болон Т бид гурав 3 шил архи уусан, би болсон үйл явдлыг тод санаж байна. Г эхлээд намайг гар гээд чирсэн. Тэгэхээр нь би явахгүй гэсэн чинь миний гар хөлөөс татаад гэрээс гаргасан тийм л зүйл болсон, тэнд тийм зодоон болсон зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагчид ирэхэд би гэрт буцаж ороод гэрийн зүүн талд сууж байсан. Цагдаа ирсний дараагаар Г наад хүн чинь агсам тавиад байна гэж хэлсэн тэгээд цагдаа нар намайг аваад явсан. Би Г-д зодуулсандаа гомдолтой байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 43, 45 дахь тал/

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байтал талийгаач манайд хүрээд ирсэн. Би яаж яваа юм гэсэн чинь шартаж үхлээ ганц юм аваад өгчих чи надад 20.000 төгрөг авч өгнө гэсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд би чи уучихсан юм уу гэсэн чинь уучихсан гэж хэлсэн. Тухайн үед нэлээд согтуу байсан гуйваад байсан. Би ингэж болж байгаа юм уу? гэхэд эм тариа хоёроор явж байна би ч үхэх байх бие өвдөөд байна гээд явж байсан. Би хоол унд хийж өгсөн. Тухайн үед Т, М хоёртой явж байсан. Тэр хоёрын жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Тэгээд Би тэр гуравт цай хоол хийж өгсөн. Тэгсэн талийгаач И найздаа нэг шил архи нэг тамхи аваад өгчих гээд байсан. Би архи тамхи хоёр авч өгөөд И-ын гэрт Т, М бид дөрөв очсон. Талийгаачийн гэрт очиход 13 цаг өнгөрч байсан. Бид дөрөв миний авч өгсөн архийг хамт уусан. Тухайн үед И найз нь бие өвдөөд үхэх нь ээ гээд уг архинаас хоёр татаад тэгээд М гэх сүүлд хамт амьдарч байгаа хүн нь байгаа юм, М-гөөр гэрийнхээ зүүн хойд талдаа ор засуулаад хэвтээд өгсөн. Би чамд үдээс хойш цалин орж ирэхээр эм авч өгье гэж хэлсэн. Талийгаач бид нартай хамт архинаас уусан. Талийгаач цээж өвдөөд байна чи хардаа гэсэн би харсан чинь талийгаачийн хоёр мээмний голд нь лент наачихсан байсан. Би барьж илж өгсөн. Тухайн үед одоо гайгүй боллоо гээд унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад 16 цаг өнгөрч байхад сэрээд ёолоод байхаар нь би М-тэй хамт яваад эм аваад цалин орсон юм чинь гээд дэлгүүрээс нэг шил 0.75 граммын хараа нэртэй архи авсан. Тэгээд эргээд талийгаачийн гэрт очоод талийгаачид эм өгсөн чинь уугаад өвчин нь намдсан. Архи хийж өгөхөд нээх уугаагүй. 19 цагийн үед талийгаачийн дүү Г орж ирээд бид нарыг архи уугаад байна гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд цагдаа ирээд би гэртээ харьсан. Тэрнээс хойш уулзаагүй. 08 дугаар сарын 29-ний өдөр Сэврэй суманд одоо хамт амьдарч байгаа М гэх хүнтэй явж байгаад М-ийн эгчийнх нь нөхөр нэрийг нь мэдэхгүй хүнд зодуулаад тэгээд цээжиндээ бэртэл авсан гэж өөрөө тэгж хэлсэн. Талийгаачийн цээжийг илж өгөхөд талийгаач цээжиндээ хүргэхгүй их өвдөөд байна гээд байсан. Бага багаар зөөлөн илсээр байгаад арай гайгүй боллоо гэж хэлж байсан. Цээж нь их өвчтэй байх шиг байсан. Би 03 дугаар сард салснаас хойш байнга ууж байгаа. Мөнгө төгрөг надаас гуйгаад шартаж үхлээ гээд гуйгаад байхаар нь би хааяа архи мөнгө өгдөг байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Мийн биед баруун нүдний доод зовхи, баруун шанаа, зүүн хацар, баруун эгэм, хүзүүний ар хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 439 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.Мө-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Л.Б-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, дал, бугалга, зүүн мөрний цус хуралт, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гавал тархины тодосгогч бодисгүй КТГ-ийн шинжилгээгээр зүүн чамархай дахь уйланхай илэрсэн нь тухайн гэмтэлтэй холбоогүй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...И-ын цогцост үзлэг шинжилгээгээр тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. И-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. И нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Т.И-ын цогцост тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалганы зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид архаг хууч өвчин болон хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Т.И нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн амнаас гарсан цусархаг агууламж нь дээрхи гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй бөгөөд нас барсны дараа амьсгалын дээд замын хялгасан судаснаас цус нэвчин гарч амны хөндийн шүүрэл буюу шүлстэй холилдон амнаас гарсан байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №136 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Тунгалагзаяа И 45 эр 2022.09.21 Даланзадгад” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал/

Шүүх сэтгэцийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай дүгнэлтэд: “Шинжлүүлэгч Л.Б нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч Л.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Л.Б нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хэргийн газраас хураан авсан 20х40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав дээрээс гарын мөр илэрч байна. Хэргийн газраас хураан авсан 20х40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав дээрээс илрүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн талийгаач Т.И болон Л овогтой Б, С овогтой Мө нарын гарын хээний дардастай цагаан өнгийн төмөр сав дээрээс илрүүлсэн гарын мөрүүд тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн “1-6” хүртэл дугаарласан гарын мөрнөөс “3” гэсэн дугаартай гарын мөртэй “MN004420004328” гэсэн дугаартай Ц овогтой М гарын хээний дардастай тохирч байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 133-141 дэх тал/

Л.Б-гийн авч өгсөн гэх эмийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал/

Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2228000000131 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал/

Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт орсон тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 1...6 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/

2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн  31 дэх тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 245-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-4 дэх тал/

Өмгөөлөгч М.Гийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгсөн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 112-114 дэх тал/

А.Алтаншагай гэх хүний Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/

М Цэцгээ гэх хүний Төрийн банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.Б-гийн үйлдэл нь хэргийн газарт байсан гэрч Ц.М, С.Мө, мөн сонссон Т.Х, Т.С нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон ба гэрч С.Мө-ийн хувьд 3 удаа мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг тодорхой мэдүүлсэн, Б өмгөөлөгчийн асуултад хариулахдаа Т.С үг заасан, хэлүүлсэн гэх боловч энэ нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, талийгаач бусдад зодуулсан асуудлыг шалгахад нотлогдоогүй бөгөөд гэр дотор Т.С, Т.Х нар маргалдсан болох нь тогтоогдсон, хохирол төлбөрийн хувьд оршуулгын зардал болох 15.300.534 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх,  

 шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г-ийн хувьд талийгаач Т.И нь Л.Б-тай уулзахаас өмнө Сэврэй суманд бусдад зодуулж, биедээ олон тооны шарх авсан нөхцөл байдал байхад үүнийг бүрэн шалгаж тогтоогоогүй, дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагч Б-г авч явсны дараа гэрт үлдсэн хүмүүсийн хооронд болсон зодооныг шалгаагүй, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагт хэргийг хүлээн авч тэр өдөр яллах дүгнэлт үйлдсэн атлаа  хэргийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийн бүх ажиллагааг засаж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавтсыг сольсноос гадна хэрэгт ач холбогдол бүхий, хэргийн газарт байсан цус мэт зүйлээр бохирлогдсон алчуурыг устгасан, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, 136 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баримтуудыг үндэслэн бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт гаргасан, нөгөөтээгүүр хөмсгөнд учирсан гэмтэлтэй холбоотойгоор голомтлог цус харвалт бүхий гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй, нэгэнт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн тул Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн зүгээс шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй атлаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн мэтээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ялласан, талийгаачийн толгойны аль хэсэгт төмөр саваар цохисон гэдгийг бүрэн тогтоож чадаагүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд цус мэт зүйлээр бохирлогдсон алчуурыг эд мөрийн баримтаар хураан авсан талаар тэмдэглэгдсэн атлаа уг тэмдэглэлийг сольж ганцхан төмөр савыг хураасан болгож өөрчилсөн, талийгаачийн биед учирсан гэмтлүүд 1-3 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой гэж шинжээч нарын мэдүүлснээс үзэхэд 18, 19, 20-ны өдрүүдийн аль өдөр нь гэмтэл авсан болохыг тогтоогоогүй, гэрч Ц.М нь талийгаачтай хамаарал бүхий харилцаатай хүн учир түүнийг мэдүүлгийг үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй, гэрч С.Мө нь Т.С-ын хэлсний дагуу мэдүүлэг өгсөн болохыг өөрөө сүүлдээ өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн огноог зассан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шинжээч эмч нарын мэдүүлэг болон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлтээс үзэхэд талийгаач хүнд гэмтлийн улмаас буюу хүндрэлээрээ нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул Л.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх боломжтой байтал шалгаагүй гэх агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой байгаагаа илэрхийлсэн бол шүүгдэгчийн хувьд энэ хэргийг Т.С зохион байгуулсан, хэрэв би талийгаачийг төмрөөр цохисон бол тухайн төмрөөс миний гарын хээ илрэх байтал илрээгүй, Мө-ийн хамраас цус гарч хөх няц болсон байхад шинжээч гэмтэлгүй гэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан, мөн шинжээчийн дүгнэлтээр миний эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад прокурор хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, талийгаачийн унасан газарт байсан гэх боловч хэргийн газрын зургаас үзэхэд орон дээр хэвтүүлсэн байсан, гэрч Л-ыг асуугаагүй, талийгаачийн Сэврэй суманд бусдад зодуулсан асуудлыг шалгаагүй орхигдуулсан тул хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын ... тоотод орших Т.И-ын гэрт түүний толгой хэсэгт цагаан өнгийн төмөр саваар цохиж алсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ын “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 04 цаг өнгөрч байхад манай дүү Г залгаад намайг дуудаад И-ыг нас барсан байна гэж хэлсний дагуу гэрт нь очиход манай дүү гэртээ нас барсан байдалтай байсан. Тухайн үед эмч ирчихсэн байсан бөгөөд эмчээс асуухад зүрх нь зогссон байна гэж хэлсэн... Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-37, 40 дэх тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.М-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...Б манай нөхөрт хандаад чи муу энэ я... өмөөрлөө гэж хэлээд гэрийн баруун талд сууж байгаад босоод урагшаа хандсан. Тэгээд зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог эрүүг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мө-ийн өвдөг дээр очоод тогтсон. Манай нөхөр төмрөөр цохиулаад хажуу тийшээ унангаа алдаад босож ирээд чи миний тархийг хөдөлгөчихлөө шүү дээ яаж байгаа юм бэ гэж хэлээд чи нөгөө талаас нь цохиод тэгшлээдэх гэж хэлсэн чинь Б муу хүн үхдэггүй юм чи хэзээ ч үхэхгүй гэж хэлсэн. Тэр үед би нөхрөө харсан чинь төмрөөр цохиулсан тал нь цонхийсон цагаан болсон байсан. ...Тэгээд унтаж байхад гэнэт сонин дуу амьсгаа авсан. Тэгэхээр нь босоод яасан бэ ханиа гэсэн чинь юу ч дугарахгүй байсан тэгж байгаад цээж нь хэржигнээд байсан. Тэгээд жаахан байж байгаад хамраас нь цус гарсан. Тэгээд цусыг нь арчаад байж байхад дахиж сонин амьсгаа авахаар нь түргэн дуудсан, мөн дүү Г-г нь дуудсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал/,

гэрч Ц.М-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог цагаан өнгийн төмөр түмпэнг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оносон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/, 

гэрч С.Мө-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Б гэрийн баруун хойноос босож очоод талийгаач И-ыг сууж байхад нь түлхэхэд талийгаач хойшоо газарт хэвтээд өгсөн. Тэгээд Б талийгаачийн дээр гарч суугаад хоёр гурван удаа нуруу мөр хэсэгт нь алгадсан. Тэгчихээд босоод гэрийн баруун талд очоод суухад гаднаас талийгаачийн эхнэр гэрт орж ирсэн. Гэрийн зүүн талд сууж байхад Б гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон. Яг цохих үед нь талийгаач хэвтэж байсан газраасаа өндийгөөд босож байсан. Тэгээд Б талийгаач И-ыг цохих үед И хойшоо буюу эргээд газарт ойчсон. Талийгаач ойчоод ёо ёо тарих хөдөлчихлөө гээд орилоод байсан. Б-г татаж талийгаачийн хэвтэж байсан газраас нь холдуулсан... И тархи хөдөлчихлөө толгой өвдөөд байна гээд байсан. Б тэр хоёрыг ална гэж орилоод байсан. Би гэрийн баруун талд сууж байсан. М цагдаа дуудсан. Талийгаачийн толгойг М хэсэг жоохон илж байх үед нь талийгаач хурхираад унтаад өгсөн. Талийгаачийн хурхирч унтсан газарт нь хөнжил нөмрүүлээд чигээр нь унтуулсан. Бид нар хурхираад унтаад байхаар нь унтаж байна гэж бодсон... Унтаж байтал М намайг дуудаад И-ын хамраас цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд би сэрхэд талийгаач И амьсгалж байгаад гэнэт амьсгалахаа болиод байсан... Б талийгаачийн баруун шанаа дух орчимд төмөр саваар нэг удаа цохисон. Цохих үедээ хүчтэй цохисон түс гээд дуугарсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

гэрч С.Мө-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Б, талийгаач хоёр маргалдаад Б талийгаачийг 2 удаа алгадаж авсан. Тэр үед талийгаач би чамд гар хүрэхгүй гэж хэлээд суугаад байсан. Тэгж байхдаа хажууд байсан аягийг аваад дэвсгэр дээр цохиод хагалсан. Б, талийгаач хоёр хэрэлдээд, муудалцаад байсан. Тэгж байгаад зуухны ард тавиатай байсан үнс тосдог цагаан өнгийн дөрвөлжин төмрийг Б аваад талийгаачийн толгойны баруун хэсэгт нь нэг удаа цохиж авсан. ... талийгаач гэрийн зүүн хойд талаар унтаж байсан би гэрийн баруун талын орон дээр унтсан М талийгаачийн хажуугаар унтсан. Унтаж байхад М намайг дуудаж сэрээгээд талийгаач болохоо байлаа гэж хэлсэн. Би босоод ирэхэд талийгаачийн хамраас цус гарчихсан байсан. М түргэн дуудчихсан байсан. Би босоод талийгаачийн төрсөн ах С-ыг дуудсан. Тэгээд түргэн ирсэн түргэн ирж үзээд талийгаачийг нас барсан байна гэсэн ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

гэрч С.Мө-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...Б, И хоёр хэрэлдэж маргалдсан нэг удаа Б талийгаачийг төмрөөр цохисон... Тэр цаг хугацаанд Б миний зүүн гар талд сууж байснаа гэнэт босож зуухны хойд хэсэгт байсан цагаан өнгийн төмрийг авсан. Ямар ч байсан цохисон их л ойрхон байсан. Талийгаачийн толгой нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал/

гэрч Б.Г-ын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад талийгаач И-ын хамтран амьдрагч М нь над руу залгаад Б өдөр манай гэрт ирээд архи уугаад И-ын толгой руу зуухны аманд тавьдаг төмрөөр цохисон гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан чинь авч явсангүй Б явахгүй байгаад байна, унтаж байгаа дүр исгээд хэвтэж байна, И толгой өвдөөд байна гэж байгаад унтаад өглөө гэж хэлсэн... Шөнө 03 цаг 16 минутад М над руу залгаад Идэрээ сонин болоод таталт өгчихлөө би түргэн дуудчихлаа хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би 30 орчим минутын дараа талийгаачийн гэрт очиход талийгаач орой намайг гэрээс нь гарахад байсан байрандаа дээшээ харчихсан байдалтай байж байсан. Тэгээд араас эмнэлгийн хүмүүс ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн... М-ээс асуухад Б зуухны урд тавьдаг цагаан өнгийн төмөр саваар толгойн дух хэсэгт нь цохисон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/,   

гэрч Б.-Г-ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны орой би гэртээ байж байхад талийгаач ахын сүүлд суусан эхнэр М эгч залгаад Б манайд ирж архи уугаад И-ын толгой руу төмрөөр цохичихсон чинь И толгой өвдөөд гэж байгаад унтаад өгсөн, Б худлаа унтаад явахгүй байна гэж хэлсэн. ... Шөнө 02 цаг өнгөрч байхад М эгч над руу залгаад И сонин дуу гаргаад таталт өгчихлөө би эмнэлэг дуудчихаад байж байна хүрээд ирэх үү гэж хэлхээр нь би нөхрийн хамтаар яваад очиход талийгаачийн гэрт М, Мө нар байсан. Талийгаач ах гэрийн зүүн хойд талд орондоо дээшээ хараад хэвтэж байсан. ... эмч ахыг үзэж байх үед манай том ах С ах бас ирсэн. Тэгээд эмч С ахыг дагуулаад гарсан. С ах гаднаас орж ирээд эгч нартаа хэл ах нь өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

гэрч Т.С-ын “...Тэр гурав гэртээ харилаа гээд яваад өгсөн түүнээс хойш уулзаагүй байж байгаад нас барсан дараа нь буюу түргэн ирээд үзэж байхад очсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

гэрч Т.Х-ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Мө, М, Б талийгаач ах нар байсан бөгөөд талийгаач ах гэрийнхээ хоймор хэсэгт хажуу тийшээ хараад унтаж байсан. Б гэрийн баруун хойно түрүүлгээ хараад хэвтэж байсан... Гэртээ очоод ойр зуур юм хийж байгаад унтах гэж байсан чинь М эгч залгаад байна, ах сонин болоод байна гэж эхнэр хэлээд явъя гэж хэлсэн... эмч орж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

гэрч Э.Ху-ийн “...Эхний удаад дуудлагаар очиход гэрт байсан дуудлага өгсөн эмэгтэй нь унтаж байсан том биетэй эмэгтэйг аваад яв гээд байсан би тухайн унтаж байгаа хүнийг сэрээх гэж удаа дараа оролдсон боловч тасарчихсан юм шиг байхаар нь орхиод явсан, дараагийн удаад очиход нөгөө эмэгтэй нөгөө байран дээрээ унтаж байсныг нь босгож аваад явсан. Би эмэгтэйг аваад явах гэж байхад гэрт байсан дуудлага өгсөн жижиг биетэй эмэгтэй наад хүн чинь энэ унтаж байгаа хүнийг энэ төмрөөр цохисон гээд цагаан өнгийн паалан түмпэн шиг зүйлийг зааж байсан өөр зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/ болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах үед талийгаач Т.И, шүүгдэгч Л.Б, гэрч Ц.М, С.Мө нар хамт байсан ба хэргийн үйл баримтыг гэрч Ц.М, С.Мө нар шууд харсан, мөн тэднээс дамжмал байдлаар сонсож, мэдүүлгийн эх сурвалжаа заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц, гэрч Б.Г, Э.Ху нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж хэд хэдэн удаа мэдүүлэг авахад тогтвортой, эргэлзээгүй мэдүүлжээ.

Шүүгдэгч Л.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.И-ын эрүүл мэндэд дараах гэмтэл учирч, улмаар түүнийг үхэлд хүргэсэн болох нь:

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...И-ын цогцост үзлэг шинжилгээгээр тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. И-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. И нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Т.И-ын цогцост тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн бугалганы зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид архаг хууч өвчин болон хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач Т.И нь тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн амнаас гарсан цусархаг агууламж нь дээрхи гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй бөгөөд нас барсны дараа амьсгалын дээд замын хялгасан судаснаас цус нэвчин гарч амны хөндийн шүүрэл буюу шүлстэй холилдон амнаас гарсан байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №136 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/ гэснээр тус тус хөдөлбөргүй тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс талийгаач Т.И нь Л.Б-тай уулзахаас өмнө Сэврэй суманд бусдад зодуулсан нөхцөл байдлыг шалгаагүй гэх дүгнэлтийг гаргасан ба энэхүү асуудлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагаа хийсэн баримтууд болох гэрч С.Мө-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Номгон сумаас аймагт ирсэн. Аймагт ирээд найз И-ын гэрт буусан. Тэр цагаас хойш нас барах хүртэл нь хамт байсан энэ хугацаанд талийгаачийн эхнэр М бас салаагүй хамт байсан. Би Д гэх хүн танихгүй. Талийгаач Д гэх хүнтэй муудалцаж, зодолдсон асуудал байхгүй... М бид гурав Сэврэй сум руу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны орчимд явж Мийн охины гэрийг барьчихаад ирсэн. Тэр үед бол талийгаач бусадтай зодолдсон зүйл болоогүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 гэрч Ц.М-ийн “Би талийгаачийг нас барахаас нь 21 хоногийн өмнө ажлаасаа ирсэн. Тэр цагаас хойш бид хоёр салж тусдаа байгаагүй байнга хамт байсан. Талийгаач хэн нэгэнд зодуулаагүй. Сэврэй суманд бид хоёр хамт мал тууж явж байхад талийгаач сум руу бензин авах гээд явсан. Тэгээд ирэхдээ колонкын хүнтэй жаахан маргалдчихлаа л гэж хэлж байсан бусдаар хүнтэй муудалцаж маргалдаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

гэрч А.Б-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын эхээр хүнтэй муудалцаж маргалдсан зүйл байхгүй ээ. Би Т.И гэх хүнийг мэдэхгүй юм байна манай ажил дээр зам зуурын болон сумын иргэд гээд олон хүмүүс үйлчлүүлдэг. Надад сүүлийн 3 сарын хугацаанд хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй ээ. Би таньдаг хүнтэй ч муудалцдаггүй ээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд өмгөөлөгч нарын дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагч Б-г авч явсны дараа гэрт үлдсэн хүмүүсийн хооронд болсон зодооныг шалгаагүй гэх дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Х-ын “...С ах гарах гэтэл Т цуг гарна гэж хэлээд байхаар нь би Т-г хоёр удаа цохисон. Хацар хэсэг рүү алгадсан шиг санаж байна. ...Талийгаачийн гэрт намайг байх хугацаанд талийгаач сэрээгүй би тэр үедээ талийгаачийг тасраад унтчихсан юм байна гэж бодсон... Өмнө мэдүүлэг өгөхөд надаас энэ талаар асууж тодруулаагүй бөгөөд С ахыг утсаа авах гэтэл Т хүний хэрэгт ороод орон дээр хэвтэж байхдаа надаас татаж орноос өндийсөн юм. Тэгэхээр нь би цаашаа цаашаа гэж хэлээд зүүн гарын ар хэсгээр алгадсан гэж хэлээд гараараа дүрслэн харуулав. Намайг байхад талийгаач огт босож ирээгүй, хэн нэгэнтэй юм яриагүй нэмж архи уугаагүй. ... М эгч бол эрүүл байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

гэрч Т.С-ын “...Намайг гарч байхад манай хүргэн Х босож очоод Т-г гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь цохиж байгаа бололтой харагдсан тэр үед би гэрээс гарсан.” /2 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

гэрч С.А-ын “...Нээх удаагүй С буцаж гарч ирсэн. Гарч ирэхдээ И-ыг тасарчихсан /согтуу/ нам унтчихсан тэдний гэрт С-ын дүү Г буюу Г, Т, Г-ын нөхөр Х талийгаачийн эхнэр М нар байсан гэдгийг хэлж ярьсан. Гэрийн хаалга нь онгорхой байсан учир би автомашин дотор байхдаа гэрт байсан хүмүүсийг харахад гэрийн баруун талын орон дээр Х, Т хоёр хоорондоо зодолдож байгаа харагдсан. Ажил явдал болж байхад Т гэх залуугийн нүд хөх болчихсон байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

гэрч М.Б-гийн “...Г эгчийн нөхөр Т гэх хүнийг зодож байгаа нь харагдсан. Би гэрийн гаднаас хаалгаар нь харсан тэгэхэд тэгж харагдаж байсан... Талийгаачийн гэрт маргааш нь очсон. Тэгэхэд Т-гийн нүүрний зүүн хэсэг нь хавдчихсан хавдартай байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Т.Х, С.Мө нар хоорондоо муудалцсан асуудал байх бөгөөд амь хохирогч Т.И-тай хэн нэгэн муудалцаж, бие махбодод нь халдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Б “...хэрэв би талийгаачийг цагаан өнгийн төмөр саваар цохисон бол тухайн төмрөөс миний гарын хээ илрэх байтал илрээгүй” гэх тайлбар гаргасан ба Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай “Хэргийн газраас хураан авсан 20х40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав дээрээс гарын мөр илэрч байна. Хэргийн газраас хураан авсан 20х40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав дээрээс илрүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд хүргүүлсэн талийгаач Т.И болон Л овогтой Б, С овогтой Мө нарын гарын хээний дардастай цагаан өнгийн төмөр сав дээрээс илрүүлсэн гарын мөрүүд тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн “1-6” хүртэл дугаарласан гарын мөрнөөс “3” гэсэн дугаартай гарын мөртэй “MN004420004328” гэсэн дугаартай Ц овогтой М гарын хээний дардастай тохирч байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 133-141 дэх тал/ гэх шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.М-ийн “...Б түмпэнгээр талийгаачийг цохиж авсны дараагаар дахиад цохиод авчих байх гэж бодоод түмпэнг Мө-ийн тэндээс аваад зуухны өмнө талд аваачиж тавьсан юм.” 1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/, гэрч С.Мө-ийн “Тухайн төмөр талийгаачийн толгойг оноод миний хөлний хажууд ирсэн чинь М босож ирээд уг төмрийн авсан. Тэгэхэд Б нөгөө төмрийг авах гээд  араас зууралдсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал” гэх мэдүүлгүүдээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу шүүгдэгч Л.Б амь хохирогч Т.И-ыг цагаан өнгийн төмөр саваар цохисны дараа Ц.М тухайн цагаан өнгийн төмөр саванд хүрсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй атлаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн мэтээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ялласан гэх дүгнэлтийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох журамд заасны дагуу шалгаагүй хэдий ч энэ нь түүний согтууруулах ундаа хэрэглэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Мийн “Б ганцаараа дэлгүүр ороод 2 ширхэг 0.75 граммын Хараа архи аваад мөн 2 ширхэг тамхи авсан байсан, тэгээд манай гэрт очсон. Б, Мө, манай нөхөр гурав нөгөө авч ирсэн 2 шил 0.75 граммын Хараа архиа ямар нэгэн хэрүүл маргаангүй юм яриад ууж дуусгасан. Тэр хоёр архиа ууж дуусгаад Б мөнгө гаргаж өгөөд Мө-ийг 1 шил 0.75 граммын Хараа архи аваад ир гэж явуулсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 57-60, 62-64 дэх тал/, С.Мө-ийн “...Б-гийн гэрт цай унд уучихаад тал 0.5 литрийн Хараа архи байхаар нь Б, талийгаач бид 3 хувааж уусан. Тэгээд Б, М, талийгаач бид 4 талийгаачийн гэрт Жаал-Уулын ... тоотод очоод Б талийгаач бид 3 хоёр шил 0.75 граммын Хараа нэртэй архи уусан.” /1 дүгээр хавтаст хэргийн 69-72 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд гадна үзлэгээр амь хохирогч Т.И-ыг 55 настай эрэгтэй, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Т.И-ыг 45 настай гэж зөрүүтэй бичигдсэн байх боловч шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, бүрэн бус эсхүл эргэлзээтэй гэж үзэх, энэ нь амь хохирогч Т.И биш, өөр хүн байна гэх үндэслэл болохгүй ба түүний насны байдал үхэлд хүргэсэн шалтгаанд хамааралгүй тул  шинжээч эмч М.Золжаргал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “цогцсын гадна үзлэг хийхэд журамд заасны дагуу хийдэг ба хэрвээ нэр хаяггүй, нас нь тодорхой бус байвал шинжээч эмчид 5-10 насны интервалаар тэдээс тэдэн насны хүний цогцос байна гэж бичигддэг, харин нэр, нас, хүйс тодорхой байвал цагдаагийн байгууллага тодруулсан байдаг учраас түүнийг насыг нь тусгаж бичүүлдэг, амь хохирогч Т.Иыг 45 настай гэж бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгөхдөө “Гэрийн зүүн талд сууж байхад Б гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон” гэж тогтвортой мэдүүлсэн ба 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг өгөх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б байлцаж, асуулт хариултын явцад өмгөөлөгчийн “Болсон зүйлийн талаар тодорхой ярина уу? хавтас хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг өгсөн байна. Тухайн мэдүүлэгт болсон зүйлийн талаар ярьсан байдаг. Тухайн болсон зүйлийн талаар ярихыг хэн танд зааварчилж зөвлөж зааж өгч яриулсан бэ? энэ талаар ярина уу?” гэх асуултад гэрч С.Мө “Намайг мэдүүлэг өгөхөөр Цагдаагийн байгууллага руу ороход С тэр төмрөөр Б талийгаачийг цохисон гэж хэлээрэй гэдгийг хэлсэн...” гэж мэдүүлсэн хэдий ч энэхүү мэдүүлэгтэй холбогдуулан гэрч Т.С-аас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг авч тодруулахад “Мө буюу Т бид хоёр цуг бол байсан. Гэхдээ түүнийг Цагдаагийн байгууллага руу ороход нь үг, яриа зааж өгсөн зүйл огт байхгүй. Б талийгаачийг төмрөөр цохисон гэж дотор байсан М, Мө тухайн үед надад хэлж ярьсан байсан...” гэх мэдүүлгээр гэрч С.Мө-ийн дээрх хариулт үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шинжээч эмч нарын мэдүүлэг болон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлтээс үзэхэд талийгаач хүнд гэмтлийн улмаас буюу хүндрэлээрээ нас барсан нөхцөл байдал тогтоогдсон тул Л.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх боломжтой байтал шалгаагүй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Шүүгдэгч Л.Б нь амь хохирогч Т.И-ыг цагаан өнгийн төмөр саваар цохисны улмаас, тухайн үед авсан гэмтлээс шууд шалтгаалан амь хохирогч Т.И нас барсан талаар гэрч Ц.М, С.Мө нар удаа дараа тогтвортой мэдүүлсэн бөгөөд амь хохирогч унтсаныхаа дараа дахин ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, байсан газраасаа хөдлөөгүй талаар гэрч Б.Г, Т.Х нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Л.Б-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, дал, бугалга, зүүн мөрний цус хуралт, зүүн ташааны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсонтой холбогдуулан уг хэрэгт Ц.Мийг шалгаж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэх үндэслэлээр прокурор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/-оор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Амь хохирогч Т.И-ыг үхэлд хүргэсэн гол шалтгаан юу болох талаар тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт бичгээр гарахаас өмнө мөрдөгч шинжээчээс уг асуудлыг тодруулж гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө.” гэж заасныг зөрчсөн тул шүүх шинжээч С.Шүрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл солигдсон, өөрчлөгдсөн гэх асуудлаар шүүгдэгч талаас гомдол гаргасны дагуу холбогдох байгууллага шалгаж байгаатай холбогдуулан шүүх эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгаж, 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 тоот албан бичгээр хэргийг прокурорт хүргүүлсэн бөгөөд прокуророос 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг шүүхийн шатанд байх хугацаанд хэргийн хавтас солигдсон, өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ энэхүү үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөөгүй болно. 

Харин шүүхээс хэргийг прокурорт хүргүүлснээс хойших хугацаанд хэргийн хавтас солигдсон, өөрчлөгдсөн асуудлаар өмгөөлөгч нар холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрхтэй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж зааж, энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд халдсан хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар уг эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авахаар зохицуулсан байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.И-ын толгой хэсэгт цагаан төмөр саваар цохисноос хохирогч тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.    

 Шүүгдэгч Л.Б нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын ... тоотод орших Т.И-ын гэрт түүний толгой хэсэгт цагаан төмөр саваар цохихдоо энэхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь гэрч Ц.Мийн “...зуухны хойд талд байсан өлзий зуухны үнс тосдог эрүүг аваад гэрийн хойморт сууж байсан манай нөхрийн толгойн хэсэгт савсан чинь нөгөө төмөр нь манай нөхрийн толгойг оноод цаашаа яваад Мө-ийн өвдөг дээр очоод тогтсон.”, гэрч С.Мө-ийн “...Гэрийн зүүн талд сууж байхад Б гэрийн голд байх зуухны зүүн талд байсан цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмрийг аваад талийгаачийн толгойн баруун талын хэсэгт нь хүчтэй цохисон.” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч гартаа цагаан төмөр сав барьснаар өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн атал хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэцийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Наранбямба гэм буруугийн саналдаа: Би Б гэх хүнийг гэм буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгч Л.Б-гийн үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дээрх байдлаар шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Т.Иыг оршуулахтай холбоотой гарсан зардалд 15.300.534 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хүүхдүүд нь сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг олгуулахаар нэмж  нэхэмжилсэн болно.  

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд шүүгдэгч Л.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосонтой холбоотой зайлшгүй гарсан хохирол болох оршуулгын зардал 15.300.534 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгохоор шийдвэрлэв.

Сэтгэл санааны хохирол болох 20,000,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн хүүхдүүдийг бус, төрсөн эгч Т.Ц-ыг тогтоосонтой холбоотой маргаан гараагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гийн хувьд шүүх энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн хөнгөрүүлж өгөх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна, шударга хууль байдаг бол цааш нь давж заалдах эрхээ эдлээд явах учир үнэн зөв нь тогтоогдоно гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Л.Б нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан эрүүгийн хариуцлага дуусгавар болсон, өмнө ял шийтгүүлсэн байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Л.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Л.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.               

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан ба шүүгдэгч Л.Б-гийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.    

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн төмөр савыг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “төмөр сав”, яллах дүгнэлтийн хавсралтад “цагаан өнгийн сав” гэж тус тус бичигдсэнээс гадна гэрч нар “зуухны үнс тосдог цагаан өнгийн төмөр түмпэн”, “цагаан өнгийн төмөр дөрвөлжин төмөр”, “түмпэн”, “зуухны аманд тавьдаг төмөр” гэх байдлаар хэлбэр, дүрсийг олон янзаар нэрлэсэн байх хэдий ч хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн 25, 26 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг баримтуудад “20x40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав” гэж хэлбэр, дүрс, нэршил нь зөрүүгүй бичигдсэн нотлох баримтыг шүүх үндэслэн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч болон бусад оролцогч нарын зүгээс эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр савны хэлбэр, дүрсийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Хэлбэр, дүрс нэршлийг олон янзаар нэрлэсэн хэдий ч энэ нь эд мөрийн баримтаар хураагдсан “20x40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав” 1 ширхэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20x40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав 1 ширхэгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Л-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-гийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 15,300,534 /арван таван сая гурван зуун мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгож, иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20x40 см хэмжээтэй цагаан өнгийн төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

7. Шүүгдэгч Л.Б нь 2 /хоёр/ хоног баривчлагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

   

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ

                                                    ШҮҮГЧИД                                   Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                        Э.ОЮУН-ЭРДЭНЭ