| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Д |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
2023 01 19 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Д
Шүүгдэгч: Ж.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М холбогдох эрүүгийн 2229003040002 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ти ти си энд ти” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сант сум, 2 дугаар баг, Хушаат гэх газар оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/59 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 210 цаг албадан ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, үлдэгдэл 3 сар 22 хоногийн хорих ялыг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 441 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Ж-ийн М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Ти ти си энд ти” ХХК-ийн засварын байранд О.Зоригоотой үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар түүнийг толгой, хөл, цээж хэсэгт өшиглөж зодож, биед 2 хавирга буюу 8, 9-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М холбогдох эрүүгийн 2229003040002 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатар мэдүүлэхдээ:
Тухайн өдөр засварын цех дээр машиныхаа засварыг хийгээд тээвэрт гарахаар бэлдээд байж байсан. З ХАБ-ын ахлахаар шинээр ирсэн юм байна лээ. Зоригоог урьд өмнө нь таньдаггүй байсан. Тэр өдөр засварын цех дээр анх таарсан. Засвар хийж байсан 2 дүүг маань зогсоогоод дээрэлхүү маягтай зогсож байсан. Тэрэнд нь дургүйцлээ илэрхийлээд маргалдсан. Түүнийг цохьсоноо бол хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй, хохирогчид хохиролд 1.200.000 төгрөг нөхөн төлсөн гэв.
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.З өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10, 42-44, 48-50 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.П өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1118А дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Д өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О. н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 73-75 дахь тал/,
-Ж.М иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 99, 100, 101, 102, 104-105, 113-114, 115-117, 120-123, 124-129, 130-133, 134-136 дахь тал/,
-Хохирогч О.З Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 143 дахь тал/,
-Ж.М Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 144 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах “Ти ти си энд ти” ХХК-ийн засварын байранд О.Зоригоотой ажлын асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг толгой, хөл, цээж хэсэгт өшиглөж зодож, биед нь “баруун талын 2 хавирга буюу 8, 9-р хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.З өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байхад захирал болон байгууллагын засварын хэлтсийн менежер Бүдханд, инженер Дүүрэнбаяр, орчуулагч Эрхэмбаяр болон сургагч Эрдэнэсайхан, Л.Пүрэвсүрэн нарын хамт хамгаалах хувцасны хэрэглээний талаар хурал зөвлөгөөн хийж байхад жолооч Ж.Мөнхбаатар нь хөндлөнгөөс уг асуудалд ямар ч хамааралгүй хэр нь орж ирээд “та нар хувцас хэрэглэлээ бүрэн хангаж чадахгүй, шорон шиг газар хорьчихоод олон юм ярилаа” гэж хэлээд маргаан үүсгэсэн би тухайн үед таны тухай огт яригдаагүй байна хамгаалах хувцас хэрэглээний талаар яригдаж байна та ёс зүйтэй байгаарай гэж хэлсэн тэгтэл намайг чи энд ирчихээд хүнд сахилгын арга хэмжээ авдаг хэн бэ гээд над руу машин засдаг төмөр лоом багаж гартаа бариад цохих гэж дайрсан тухайн үед хамт байсан хүмүүс дундуур орж Ж.Мөнхбаатарыг хориглож намайг цохиулаагүй ингээд захирал БНХАУ-ын иргэн Дун захирал надад хандаж асуудал хүндрэх гээд байна чи гараад явж бай гэж хэлсний дагуу би гараад Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байтал Ж.Мөнхбаатар араас гарч ирээд намайг хөөж татаж газар унаган миний толгойны баруун чамархай хэсэгт өшиглөсөн мөн намайг газар унасан байхад хөл болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж дэвссэн намайг зодож байхад хөдөлмөр аюулгүйн ажилтан Пүрэвсүрэн гарч ирээд Мөнхбаатарыг надаас салгасан энэ үед байгууллагын ажилтан нэлээд олон хүн гарч ирээд хараад зогсож байсан юм ийм учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. Би ингэж Ж.Мөнхбаатар гэх хүнд зодуулсны улмаас миний биед баруун хөлийн гуя хэсэгт хөхөрсөн, мөн сүүж явахад хөндүүртэй явахад хэцүү, баруун талын 8, 9 дүгээр хавирга хугарч зөрсөн, толгойн баруун хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Мөн намайг Мөнхбаатар газар унагахад би утсаар яриад явж байсан учир миний хар өнгийн Samsung Note 9 маркийн гар утасны дэлгэц хагарсан уг гар утсыг би 2022 оны 09 дүгээр сард шинээр нь 650.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан мөн би харааны шил зүүдэг уг шил хагарсан энэ шилээ би 2022 оны 06 дугаар сард 120.000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдан авч байсан. Би уг Ж.Мөнхбаатар гэх хүнээс өөрт учирсан хохирол, эмчилгээний төлбөр зардалд яг одоогоор хэдэн төгрөг зарцуулсан талаараа мэдэхгүй байна уг зардлыг би баримтаар нэхэмжилнэ мөн уг асуудлаас хойш одоог хүртэлх хугацаанд би ажил үүргээ эрүүл мэндийн шалтгаанаар хийгээгүй байна байгууллагын чөлөө авсан байгаа. Уг ажилгүй байх хугацааны цалин мөнгөө нэхэмжилнэ. Мөн дээрээс нь гар утасны засварт 100.000 төгрөг нүдний шилийг дахин засах боломжгүй болсон тул би хаячихсан уг шилээ би 120.000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжилнэ. Би Ж.Мөнхбаатарын биед халдсан зүйл огт байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Л.П өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд би өрөөндөө сууж байхад Зоригоо менежер намайг дуудаад, засварын талбай оръё гэсний дагуу би, Зоригоо болон компанийн гүйцэтгэх захирал, засварын хэлтсийн удирдлагууд нэг бүрийн хамгаалах хэрэгслийн талаар ярилцах гээд засварын талбай дээрээ цуглацгаасан. Тэгээд ороод хамгаалах малгайны талаар ярилцаад явж байх хугацаанд жолооч Мөнхбаатар машин дээрээ засвар хийгээд байж байсан. Тухайн үед Зоригоо, машиндаа ивүүр хийгээгүй байна, хамгаалах малгай өмсөөгүй байна гэсэн шаардлага тавьсан, тэгэхэд Мөнхбаатар дугуйны ивүүрээ авч ирж хийгээд “та нар хувцас хэрэгслээр хангаагүй байж шаардлага тавилаа” гэдэг асуудал яриад Зоригоо болон Мөнхбаатар нарын хооронд маргаан үүссэн. Маргааны улмаас Мөнхбаатар уурлаж, 30-40 см урттай, багажны төмөр иш бариад цохих гээд далайсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод төмрийг нь авсан. Тэгэхэд Зоригоо менежер Мөнхбаатарын гаргаж байгаа үйлдлийг гар утсаараа бичлэг хийгээд, засварын газраас гараад явсан. Энэ хооронд гадаа чанга дуу чимээ гарахаар нь би гүйгээд гартал Зоригоо менежер гадаа дөрвөн хөллөсөн байдалтай байж байсан ба Мөнхбаатар, Зоригоогийн баруун талын хавирга орчимд нь хөлөөрөө хөшиглөж харагдсан. Тэгээд би очоод Мөнхбаатарыг хойш нь түлхээд салгасан ба дахин зодоон болоогүй. Би нэг удаа хөшиглөж байгааг л харсан. Мөнхбаатар Зоригоог багажны ишээр цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Б өгсөн “...Мөнхбаатар, Зоригоо руу гараараа далайсан, тэхдээ бол цохиогүй, тэгээд Зоригоо бичлэг хийгээд эхлэхэд Мөнхбаатар багажны и болох 30 см урттай төмрөөр далайсан. Гэхдээ тэрүүгээр цохиогүй. Тэгээд би тайвшир гэж хэлчхээд захиралтайгаа ярилцаад зогсож байхад гадаа хүмүүсийн дуу чанга дуугарахаар нь гараад иртэл Зоригоо хувцас нь бага зэрэг шороо болчихсон сууж байсан, Мөнхбаатар алга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Г өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд би Мөнхбаатар гэдэг жолоочийнхоо машинд засвар хийж байсан. Тэгээд засвар хийж байхад манай удирдлагууд ороод ирчихсэн засварын талбайгаар явж харагдсан. Тэгээд байж байхад гражын үүдэн дээр хүмүүс чанга чанга дуугараад байхаар машин доороос гараад ирэхэд засварын газрын гадаа үүдэн дээр Зоригоо нуруугаа барьчихсан, тонгойгоод байж байсан. Мөнхбаатар хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би хоорондоо маргалдсан юм байна гэж ойлгоод Мөнхбаатарыг та яаж байна, юу болов гээд гараас нь бариад машин дээрээ дагуулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч О.Э өгсөн “...Тэгээд нэг чанга дуугарахаар нь харсан чинь Мөнхбаатар ах Зоригоо руу гараараа цохих гэж нэг үзсэнээ, 40-50 см орчимтой төмөр лапатак бариад далайсан, тэр үеэр нь би “боль боль” гээд хэлээд, цааш нь явуулсан... Тэр үеэр Зоригоо гар утсаар бичлэг хийгээд байсан. Тэгээд би захиралтай хамт орчуулга хийгээд явж байтал гадаа хүмүүс чанга чанга дуугарах чимээ гарахаар нь гадаа гартал Зоригоо ах 4 хөллөчихсөн байдлаас босож ирж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1118А дугаартай шинжээчийн “...1. О.Зоригоогийн биед баруун талын 2 хавирга буюу 8, 9-р хавирганы хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2022.10.24-ний өдөр үүссэн байх боломжтой. 4. О.Зоригоогийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 5. О.Зоригоогийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.М яллагдагчаар өгсөн: “...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед миний хүүхэд шиг хүүхдийг урдаа зогсоогоод загнаад зогсож байсан ба намайг яваад очиход бид 2 маргалдаж намайг хэл амаар доромжлоод үгээр идээд бичлэг хийгээд ажлаас хална гээд байхаар нь би уурлаад тийм зүйл болчихсон. Тухайн хэрэг болсны дараа 500.000 төгрөг өгсөн. Одоо хохирогчийн гаргаж өгсөн баримтын дагуу үлдсэн хохирлыг барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1118А дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.М нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь хохирогч О.Зоригоогийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч О.З биед “баруун талын 2 хавирга буюу 8, 9-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1118А дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн О.З хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 5 дахь тал/
Хохирогч О.З нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан “О.Зоригоо миний биед учирсан бодит хохирлыг иргэн Мөнхбаатар нь бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “О.Зоригоо миний хохирлыг М бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй байдлыг харгалзан үзнэ үү” гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 143, 160 дахь тал/
Иймд шүүгдэгч Ж.М нь хохирогч О.З эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах “Ти ти си энд ти” ХХК-ийн засварын байранд О.Зоригоотой ажлын асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг толгой, хөл, цээж хэсэгт өшиглөж зодож, биед нь “баруун талын 2 хавирга буюу 8, 9-р хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул шүүгдэгч Ж.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Ж-ийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М1.200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбаатаррт оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.М нь хохирогч О.З эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН