Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 404

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Боржигон овгийн Б.О-н нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:, Билгээ овгийн Д.Ш-д холбогдох

“4500000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны сүүлчээр гэр бүлийн найз болох Д дамжуулан Д.Ш гэх залуутай танилцсан. Д.Ш нь надтай танилцах үедээ надад 2-3 удаа гадаад улс руу ажиллагаанд явсан сар болгон тэтгэмжийн мөнгө авдаг. Одоо удахгүй дахин гадаад явах гэж байгаа сард зарим үед 10 сая төгрөг орж ирдэг. Ээж, дүүдээ байр авч өгсөн гэх мэтээр маш их итгэл надад төрүүлсэн. Би байшин барьж байгаа дотор талыг нь янзлах 4500000 төгрөг байгаа гэж ярьж байтал надад хүүгүй зээлүүлчих би чамд ч бас туслана гээд маш их итгэл төрүүлээд надаас байшингийн дотоод засал хийх гэж байсан мөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн 4500000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр зээлж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлөхөөр авсан. Гэтэл энэ хүнийн надад ярьсан бүгд худлаа. 2-3 удаа хулгайн хэргээр шийтгүүлсэн. Сүүлийн хулгайн хэргийнхээ хохирлыг төлөх гэж надад худлаа ярьж итгэл төрүүлэн мөнгө зээлсэн нь тодорхой болсон. Энэ хүн нь ямар ч төлбөрийн чадваргүй хүн байх тул Д.Ш нь төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзаж үндсэн зээл болох 4500000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгөний хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш нь Б.О нэхэмжлэлд дурьдснаар найзаараа дамжуулж танилцсан байдаг. Б.Ш нь Б.О 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ямар ч хүүгүй 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 4500000 төрөгийг зээлж авсан. Хариуцагч байшингийн дотор чимэглэл, вакум цонх  хийсэн гээд байгаа боловч ямар нэгэн нотлох баримт байхгүй. Ямар барилгын материалаас юу юу авч, байшинг ямар байхад одоо ямар болгосоныг нотлох ч нэг баримт байхгүй. Хариуцагч сая хэлэхдээ данс руу нь 700000 төгрөг хийсэн гээд байна. Нэхэмжлэгчийн зэс карт руу 700000 төгрөг хийж буцаагаад 200000 төгрөг, 100000 төгрөг нийт 300000 төгрөгийг буцаагаад авсан. Би 400000 төгрөг Б.Ш-с авсан нь үнэн. Би хүнээс авсан мөнгөө бол авсан л гэж хэлнэ. Б.Ш нь эхлээд надад сайхан амлаад л яваад байсан. Би харин сүүлдээ энэ хүнийг ямар хүн бэ? гэдгийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар зээлээ нэн даруй шаардах эрх үүссэн учир зээлээ гаргуулъя гэсэн. Иймд Д.Ш-с 4500000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О-тэй 2018 он сүүлээр танилцсан. Би Монгол улсын Зэвсэгт хүчний байгууллагад 7 жил ажилласан. Монгол улсын нэрийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд 3 удаа оролцсон нь үнэн. Тухайн үед Хангамж өргөө ХХК-нд 10 сая төгрөгөөр тохиролцож ажил авч гэрээ байгуулан ажилласан нь үнэн. Б.Одсүрэн нь 2019 оны 01 дүгээр сард манай ажлынхан намайг нөхөргүй байж байшин барьж байна гэж муулаад байна. Надад байшингийн заслын 4500000 төгрөг байгаа. Хоёулаа машин авъя гэсэн би ихэндээ дургүй байсан. Чи хоёр хаалга аваарай би бусад ажлыг нь хийж байгаад дуусгая гэсэн. Тэгээд хоёр жилийн хугацаатай гэхээр нь би за тэгье гээд хоёулаа явж 4500000 төгрөгөөр машин авсан. Тэрнээс би хохирол төлбөрийг өгөөгүй. Миний бие О-н данс руу 700000 төгрөг мобайлдсан. 4 цонх авч суулгасан. Байшингийн хана таацыг доторлосон. Тамбар нь блокоор орж, шаварынх нь талыг хийсэн. Ажлынхаа заваар хийх гэхээр ганцаараа хий. Янз бүрийн хүмүүс дагуулж ирэх гэлээ гээд байдаг. Би ганцаараа энэ ажлыг хийх боломжгүй. Би сард 500000 төгрөг өгч болно. Харин хийсэн ажлаа үнэлүүлж мөнгө хасуулах хүсэлттэй байна. Би 4 ширхэг вакуум цонх 590000 төгрөгөөр авсан. Энэ талаархи баримтыг би вакум цонхны газраас авч өгч болно. Тог тасарсан учраас би авч ирж чадсангүй. Б.О өөрөө намайг хэрэггүй гээд байхад 2000000 төгрөгний машины өрөнд оруулсан. Надад намайг манай ажлынхан муу хэлээд байна, нөхөргүй байж байшин бэлдэж байна гэж хэлнэ, мөн би явган яваад байна гэж намайг шордсоор байгаад машин авсан. Удалгүй машинаа 3 сард мөргөлдүүлж, би 2 удаа эрхээ хасуулсан. Харин ч би энэ хүнээс болж 2000000 төгрөгөөр шатсан. Би тэр зэс картыг нь ашиглаад байдаггүй, Б.О надад өгдөг ч үгүй. Б.О надтай Д дамжуулж танилцсан, гэр бүлийн найзууд байсан гэж нэхэмжлэлдээ дандаа худлаа зүйл бичсэн байна. Би эхэндээ энэ хүнтэй болж бүтнэ гэж л бодсон. Бид өмнө нь нэгнийгээ таньдаг байсан. Б.О манай гэрт 11 сард ирж бид 2 манайд хамт амьдарч байхад нь цагаан сар болох гээд би “Арцат Трейд”-ээс 230000 төгрөгөнд цагаан сарын юм авч өгсөн. Би эхний ээлжинд болж бүтнэ гэж бодоод л 100000 төгрөг хүртэл өгдөг л байсан. Одоо хашаанд нь элс, 8 уут цемент байгаа. Энэ баримтуудыг би өөрт нь өгсөн. Портер элс 40000 төгрөг, хөлстэйгээ нийлээд 60000 төгрөг болсон. Бүх баримт нь өөрт нь байгаа ш дээ. Би аавд нь хүртэл мөнгөө зээллээ гэдгээ хэл гэхэд хэлэхгүй, аав намайг нүдэж, зодож, хөөнө гээд л байсан. Би 2 удаа эрхээ хасуулж, нийт 800000 төгрөгөөр торгуулсан. Б.О надад торгуулийн мөнгө шүү гэж нэг ч мөнгө өгөөгүй. Аливаа зүйлд энэрэнгүй сэтгэл гаргахгүй, юм л бол өөрийнхөөрөө зүтгээд байх юм. Б.О өөрөө 2 жилийн гэрээтэй 4500000 төгрөг авахуулсан. Би юу гэж өөрөө 2 жилийн гэрээтэй мөнгө зээлэх вэ? Сүүлд нь 3 хүнтэй байшинд нь шавар хийх гээд очиход 1 дүгээр ангийн хүүхдээ гэрээсээ хөөж гаргачихаад байж байсан. Тэгээд л би тэр хүнээс болъё гэж бодоод зайгаа авсан. Хажуу талын айлын хамт шавар хийж байсан хүмүүс хүртэл харж л байсан. Яаж байгаа юм бэ? гэсэн чинь энэ тэнэг юм чинь надад хүч хэрэглээд байна гэж хэлсэн. Одоо такси дээр ирээд луйварчин гээд л байдаг. Би гэр нь очоод байшингийн ажлыг нь хийе гэхээр ганцаараа ир эсвэл амралтын өдрөөр ирж хий гээд байдаг. Янз янз хүмүүс гэртээ оруулахгүй гэж явсаар байгаад өдий хүргэсэн. Би одоо байшинг нь гүйцээхгүй. Өмгөөлөгч намайг Б.О-г хохиролтой болгосон гэж бичсэн байна лээ. Би 3 удаа шоронд яваагүй. Би нэг удаа тэнсэж, нэгэнд нь шийтгүүлсэн. Сая Сэлэнгэ аймгийн Бугант суманд ажиллаж ирээд Б.О-н данс руу 700000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Би 4500000 төгрөгнөөсөө 700000 төгрөгөө хасуулж үлдэгдэл 3800000 төгрөгийг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Ш-д холбогдуулан “4500000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...энэ хүнийн надад ярьсан бүгд худлаа. 2-3 удаа хулгайн хэргээр шийтгүүлсэн. Сүүлийн хулгайн хэргийнхээ хохирлыг төлөх гэж надад худлаа ярьж итгэл төрүүлэн мөнгө зээлсэн нь тодорхой болсон. Энэ хүн нь ямар ч төлбөрийн чадваргүй хүн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.О өөрөө машин авна гэж 4 500 000 төгрөгийг өгсөн. Байшингийн хана таацыг доторлосон. Тамбар нь блокоор орж, шаварынх нь талыг хийсэн. Ажлынхаа заваар хийх гэхээр ганцаараа хий. Янз бүрийн хүмүүс дагуулж ирэх гэлээ гээд байдаг. Би ганцаараа энэ ажлыг хийх боломжгүй. Харин хийсэн ажлаа үнэлүүлж мөнгө хасуулах хүсэлттэй байна. Би 4 ширхэг вакуум цонх 590000 төгрөгөөр авсан. Үүнийг төлбөрөөс хасуулна” гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасны дагуу зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон гэж хариуцагч Д.Ш-д зээлүүлсэн 4500 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлтэй байна

Хариуцагч Д.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 700 000 төгрөгийг төлсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд 4 ширхэг вакуум цонх, элс, цемент зэргийг авч өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.

Иймд хариуцагч Д.Ш-с зээлийн гэрээний үүрэг болох 3800000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 700000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага бо лгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Ш-с 3800000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 700000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 75750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.