Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 25

 


 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0034/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, 
Иргэдийн төлөөлөгч Б.Чагнаадорж,   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Шинжээч эмч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /***/, ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, боловсролгүй, ам бүл 1, хэрэгт холбогдох үедээ *** тоотод амьдарч байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд: 
-2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн.  

Шүүгдэгч ***нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны *** тоот гэртээ архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, лмаар шалны модоор зодож биед нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас *** нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нас барсан, ***нь ***ыг санаатай алсан хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Бид хоёр хуучин хорооллын 1а байрны *** түүсэн юм аа өгдөг байсан. *** авгайтай муудалцсан. Тэр авгай бид хоёрыг архичид минь та хоёр архиндаа шатаж үхээрэй гэж хэлсэн. *** авгай манай нөхрийг өмөөрөөд надтай хэрүүл хийгээд байх болсон. Танай нөхрийг салгаад ах дүү нарт нь аваачаад өгнө гэх зэргээр хэлдэг байсан. Үүнээс болоод бид хоёр дандаа хэрүүл болдог байсан. Бид хоёр нэг их зодолдоод байдаггүй. Тэр өдөр би гэртээ согтуу хэвтэж байсан чинь ***намайг цохисон, яаж байгаа юм бэ?, би чамайг яагаа ч үгүй ш дээ гэж хэлэхэд, “чамайг ална” гээд цохисон, би “хоёулаа 2 тийшээ болъё” гэж хэлээд шалны мод шидэхэд ***ын гэдэс руу цохих шиг болсон. Нэг их хүчтэй шидээгүй. Тэрнээс хойш бие өвдөөд байна гэж хэлдэг болсон. Эмнэлэгт үзүүл гэхэд надаас мөнгө нэхээд байна, эмнэлэгт үзүүлэхгүй гэж байсан. Хүрлээ эмнэлэгт хэвтэхээр явахад *** авгай гэрийнхэнд нь хэлсэн. Ахынх нь өгч явуулсан мөнгөнөөс нь 10000 төгрөг өгөөч гэхэд, чи 10000 төгрөгөөр архи уух гээд байгаа юм уу? гээд надад өгөөгүй. Өөрөө ***ад хоол хийж өгмөөр байна гэж байсан. Би ***ад энэ мөнгөөр нь эмчилгээ хийлгэнэ гээд дагуулаад аваад явсан. Намайг өмхий гэр рүү яв гэж хэлсэн.
 …Гаднаас буцаж орж ирээд хэрүүл болсон. Намайг төмрөөр цохиод ална гээд байхаар нь би уурандаа шалны мод аваад шидэхэд ***ын гэдсэнд нь оносон. 
…Шалны мод аваад л шидсэн, *** модонд цохигдоод ёо ёо гээд хэвтээд байсан. 
…Энд өвдөөд байна гэж гэдсээ заагаад байсан. Би гэдсэнд чинь цохиогүй биздээ гэхэд гэдэс өвдөөд байна гэж хэлсэн. Шалны мод шидсний дараа гэдсээ дараад суусан. Хана налаад зогсож байгаад газар суусан.” гэх мэдүүлэг, 

-Шинжээч эмч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Нарийн гэдэс өөрөө тасрах боломжгүй. Нарийн гэдэс өөрөө үрэвсэлтэй байсан бол цоорохгүй. Үрэвсэлтэй байсан гэж тогтоогдоогүй, талийгаачийн хувьд элэг, ходоод, бөөрний үрэвсэлтэй гэж гарсан. Нарийн гэдэс цоорсон тохиолдолд 72 цаг амьд байх боломжтой байдаг, шууд тасрах бол цус алдана, хэвлий цусаар дүүрч, ухаангүй болж, унах боломжтой. Нарийн гэдэс тасарсан тохиолдолд хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Талийгаачийн хувьд цоорсон байх боломжтой, хөдөлгөөн хийгээд яваад байсан байдаг.
 …Гэмтлийн гаралтай нөлөөллөөр цооролт үүсдэг. Энэ тохиолдолд эртнээс шинж тэмдэг илэрдэг. Хүчтэй өшиглөснөөс болоод цооролт үүсдэг, доргилтод цооролт үүсч болдог, эход харахад энэ гэмтэл илрэх боломжтой. Гадна хөхрөлт үүсээгүй байсан. Гадна талдаа хөхрөлт үүсэхгүй байх боломжтой, цаад талд нь тулах зүйлгүй, магадгүй зузаан хувцастай байсан бол хөхрөлт үүсээгүй байж болно. 
…Нарийн гэдэс нь нимгэн хальстай байдаг. Төгсгөл хэсгээс дээшээ цоорсон, мухар гэдэснээс 10-20 см зайтай байсан. Нарийн гэдэс нь эрэгтэй хүнд 7-8м байдаг, төгсгөл хэсэгтээ цоорсон байсан. Цооролт үүссэн гэж үзэж байгаа, тэр хэсэгт нь үхжил үүссэн гэж үзэж болно. Ийм тохиолдолд 4-5 хоног явж болно. Мэдэгдэхгүй байх боломжгүй, заавал гэмтэл авбал гялтан доторх шинж илэрдэг, өвчтэй болсон байна гэсэн үг. Бохир шингэн ялгарвал өвчтэй болно. Ахар сүүлний хэсэг, хэвлийн баруун доод хэсэг баруун гуя гадна хэсэгт шимэгдсэн үлдэгдэлтэй байсан. Цус хуралт нь 13-16 хоногт эдгэдэг. Хүний биеийн байдлаас шалтгаалаад 3-5 хоног шарлаад ирдэг, архи уудаг учраас удаан эдгэрэлт үүсдэг. Хэрэв тав үүссэн байгаа бол 7-8 хоногийн дараа үүссэн байх боломжтой.
…Ийм гэмтэл аваад тэр хэсэгтээ цоорол үүсэхэд хамгийн дээд талдаа 5 хоногоос илүү амьдрах боломжгүй. ” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Талийгаач зодуулсан байдалтай хуучин хорооллын 15 дугаар байрны үүдэнд сууж байсан. Зодоон болдог өдрийн маргааш үдээс хойш байсан. Тухайн үед Бямбаа үйлчилгээн дээрээс гүйж ирээд бие нь муу байна, яах вэ? гэхэд нь би түргэн дуудаач гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудахад түргэний эмч нь цагдаа дуудаарай гэж хэлсэн учир цагдаа дуудсан. Эмнэлэгт үзүүлчихээд өөрийн түүхий эд авдаг байсан подвальд аваад очсон. Тэр орой нь хэсгийн төлөөлөгч Бямбасүрэн над руу залгаад асуухаар нь би түргэн дуудаж өгсөн ш дээ гэж хэлсэн. Намайг очиход *** гэртээ ганцаараа хэвтэж байсан. Хавирга гэмтсэн байна гэж хэлсэн. Би ахынх нь дугаарыг аваад ах руу нь залгаад дүүгийн чинь бие тааруу байна гэж хэлсэн. ***ыг нь ахтай нь яриулсан. *** 11 дүгээр байрны хажууд зодуулсан, олон хүүхэд байсан болохоор хэн байсныг нь санахгүй байна гэж хэлсэн. Өөрөө надад ярихдаа би согтсон байсан нэг мэдэхэд байрны гадаа байсан, дахиад нэг сэрэхэд сургуулийн хашаанд зодуулсан байдалтай байсан гэж гэж хэлсэн. Би ахынх нь явуулсан мөнгөнөөс 10000 төгрөгөөр хоолны юм аваад, эм аваад, ганцааранг нь орхиод явж чадалгүй авч яваад, гэртээ аваачиж харж хоносон. Өглөө нь өөрөө авгайдаа санаа зовоод байна явлаа гээд гараад явсан байсан. 2 хоногийн дараа хагалгаанд орох гэж байна гэхээр нь би нэг ах руу нь залгасан. Би ногоон дээр байхдаа ах руу нь залгаад хэлэхэд, тэр ах нь би хөдөө байдаг. Наана чинь хуучин хорооллын 19 дүгээр байрны ард талд нь интернет ажиллуулдаг нэг ахынх нь байдаг тэндээс хүн явуулъя гэж хэлсэн.
…Гэртээ ганцаараа байж байсан болохоор ганцааранг нь үлдээж чадаагүй, *** орж ирээгүй, *** амьсгалж чадахгүй, эмнэлэг явах дургүй байсан учир би аваад явсан. Би маргааш эмнэлгээр дагуулж явъя гэж хэлэхэд *** явахгүй байсан. Өөрөө хавирга өвдөөд байна гэж хэлсэн учир би хавирга нь хугарсан байна гэж бодож байсан.
…Подвальд байхдаа хоолонд муу байсан, шингэн хоол хийж өгсөн.
…*** бид хоёр нэг юм уусан. Нэг сэрэхэд 11 дүгээр байр, дахиад нэг сэрэхэд сургуулийн хашаанд байсан. Хүүхдүүдэд зодуулсан гэж хэлж байсан Энэ хоёр эв найрамдалтай байдаг, хэрэлдэж зодолдож байгаагүй.
…Талийгаачийн биед халцархай, шарх байгаагүй, гар хуруу ил харагдах зүйл байгаагүй. Нүүр аманд шарх байсан талаар анзаараагүй.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-7/, 

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим *** дугаараас миний *** дугаар руу нэг эмэгтэй хүн залгаад “Дүү чинь хүнд зодуулаад бие нь муу  байна, эхнэр нь байхгүй хоол ундны мөнгөгүй байна” гэж хэлсэн тэгэхээр нь маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би *** руу залгаад юу болж байна гэж асуухад дүүг чинь эмнэлэгт үзүүлсэн гадуур эмчилгээ хийлгэ гэж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би дансаа явуулаач гэж хэлээд *** гэсэн данс руу 30000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 12 цагийн орчим *** дугаараас нөгөө эмэгтэй залгаад дүү чинь бие муудаад эмнэлэгт хэвтсэн ар гэрийхэнийг нь яаралтай дууд гэж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сарын  4-ний өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан бөгөөд би хагалгааны эмчтэй уулзахад миний дүүг дөнгөж хагалгаанд орсон гэж хэлсэн. Тэгээд талийгаач хагалгаанаас гарч ирээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм. 
…Би талийгаачтай уулзаж амжаагүй намайг 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ирэхэд талийгаач хагалгаанд орсон байсан. Тэгээд хагалгааны дараа талийгаачийг шууд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд үг сольж амжаагүй байхад талийгаач нас барсан. *** дугаарын эзэн надад хэлэхдээ үйлчилгээний төв дээр хүмүүст зодуулсан гэж хэлсэн. Хэнд зодуулсныг нь асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. 
…талийгаач ***тай сүүлийн 5 жил хамтран амьдарч байсан. Би талийгаач *** хоёрын хоорондын харьцааны талаар би сайн мэдэхгүй байна. Талийгаач их архи уудаг байсан. Талийгаач архаг хууч өвчингүй байсан. Надад санал хүсэлт байхгүй ээ, цагдаагаар шалгуулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,  

-Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…ээж бид хоёрыг *** ахынд дүү ***ийг асуух гээд ороход *** эгч тэр 2 архи уучихсан хоорондоо хэрэлдээд байсан. Ямар нэгэн зодолдож барьсан зүйл анзаарагдаагүй. 
…Талийгаач эхнэр ***тайгаа цуг архи уухаар хоорондоо хэрэлдэж маргаж байдаг юм. Архи уусан үедээ талийгаач ***ах, *** эгч 2 хоорондоо хаана бол хаана явж байсан ч хоорондоо хэрэлдэж маргаж зодолдож байдаг шүү дээ.” гэх мэдүүлэг /хэргийн 15/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…нийлээд уухаараа согтоод хоорондоо хэрэлдэж маргалддаг, тэгээд хоорондоо зодолддог. 
...ер нь бол энэ 2 архи уухаараа байнга шахуу хооорондоо    хэрэлдэж маргаж байдаг, тэгээд заримдаа зодоон хийдэг талаар би сонсож байснаас яг зодолдож байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…8 сарын 23-наас 25-ны хооронд эхнэр нь эрүүл  охин, нөхөр хоёроо гэрээсээ хөөгөөд байсан. Нөхөр нь гэр рүүгээ орох гэхэд би чамайг цохилоо шүү, цохилоо шүү гээд орцны үүдэнд болон гэрийнхээ хаалганы хажууд орилолдоод байсан. Би энэ хоёр дахиад эхлэх нь дээ гэж бодож байсан чинь чимээгүй болоод өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 20/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой үдэш архи уусан үедээ Бямбаа нь аллаа хядлаа гээд орилолдоод байдаг. Хоорондоо ер нь таарамж муутай байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яг зодолдож байхад нь бол хараагүй. Харин зодоон хийснийх нь дараа бол хэд хэдэн удаа харж байсан. Миний мэдэхээр энэ 2 хоорондоо зодоон хийсэн нь 3 бол байгаа. Миний мэдэж байгаагаар бол ихэнхдээ л Бямбаа нь ***ыг зодсон, цохисон байдаг байсан.
...харин ***тай болохоор Улаанбаатар явахын өмнөх өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тааралдсан. Тухайн үед цаг 11-12 болж байх үед би хуучин хорооллын 9 дүгээр байрны урдуур гараад алхаж яваад ***ыг орцныхоо үүдэнд сууж байхад нь таарсан юм. Тэгээд ***тай уулзахад ***“миний гэдэс өвдөөд” гээд гэдсээ гараараа дарчихсан сууж байсан. Тэгэхээр нь би ***ад хандаж “чи наад архиа болиоч” гэж хэлсэн. Тэгээд би ***ыг “цэвэрлэгээ хий” гэж хэлэхэд *** “за би орцоо угаачихнаа” гэж хэлж байсан. Тэгээд би яваад өгсөн, өөр юм бол яриагүй. 
…гэдэс өвдөөд гэж хэлээд гэдсээ дараад сууж байснаас өөр зүйл яриагүй. Биед нь бол ил харагдах гэмтэл шарх гэхээр зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ хүмүүс бол байнга хамт явдаг бөгөөд нэг нэгнээсээ огт салдаггүй, тэгээд нийлээд байнга архи уугаад л явж байдаг юм. Заримдаа хоорондоо хэрэлдэж маргалдаад зодоон хийгээд нэг нэгийгээ байшин тойруулж хөөгөөд л явж байдаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/, 
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***, Х.***нар архи их уудаг, архи уухаараа хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг байсан. Би нэг удаа гудманд хоорондоо зодоон хийж байхыг нь харсан. Ер нь бол архи уухаараа Бямбаа өөрөө их ширүүн догшин ааштай болчихдог хүн байгаа юм. ***бол архи уусан ч гэсэн илүү дутуу ааш авир гэхээр зүйл гаргаад байдаггүй. Бямбаа нь аашилж хашгичаад янз бүр болоод байхаар нь хэрэлдээд маргалдаад байдаг юм.
...би талийгаачийг нас барахаас 2 байна уу 3 хоногийн өмнө Хүүхдийн төлөө төвийн урд талд таарсан юм. Тэгэхэд ***ын царай зүс цонхийгоод нэг эвгүй царайтай болчихсон, явахдаа гэдсээ дараад эвхэрсэн явсан. Тэгээд би юу болсон юм бэ? гэж асуухад хэд хоногийн өмнө Үйлчилгээний төв дээр явж байгаад хүнд зодуулчихаад тэгээд сая хэний гэлээ дээ подвальд 2 хоног хэвтэж байгаад гарч ирлээ гээд хэлж байсан. Тэгээд надаас Бямбааг харсан уу? гээд асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. Ингээд яг яаж өвдөөд байна гэж асуусан чинь энүүгээр гээд өөрийнхөө зүүн талын цээж хэсгийг заагаад байсан. Тэгэхдээ миний хавирга хугарчихсан юм шиг байна гэж байсан. Тэгээд бид 2 салаад явсан ба *** 9 дүгээр байшин чиглээд явсан. 
…Надтай *** тааралдахад бол 1-А чиглэлээс ирж яваад таарсан юм.  Харахад бол царай нь цонхийчихсон, нэг эвгүй харагдсан. Тэгээд яасан юм бэ? гээд асуухад хүнд зодуулсан, хавирга хугарсан юм шиг байна гэж байсан. ***ыг харахад бол их зовиуртай, биеэ хумиад, тэгээд хазганаад яваад байсан. 
…Хэд хоногийн өмнө үйлчилгээний төв дээр хүнд зодуулсан гэж хэлснээс өөр тодорхой зүйл яриагүй. Би ч гэсэн тодруулж бол асуугаагүй. 
…Би харин яг таарсан хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нас барахаас нь 3-4 хоногийн өмнө л гэж бодоод байна. Ил харагдах бол гэмтэл шарх гэж байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** харин ***ыг зодуулаад эмнэлэгт хэвтсэн, элэг нь бяцарсан 7 хонож байгаа, бие нь маш хүнд байгаа, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ надаас тамхи нэхээд хэцүү байна гэж хэлэхээр нь би тухайн үед тийм хүнд байгаа хүн чамаас тамхи нэхээд байхдаа яадаг юм бэ? гэж асуухад ***ыг нүүр, ам, цээж, биеэ бүгдийг бинтээр боосон тэгсэн  хэрнээ гадаа гарч ирээд тамхи татаад байгаа  гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь “***г надад худлаа ярьж байна даа, өөрийнх нь ярьж байгаа шиг хүнд биетэй хүн гарч ирээд тамхи татаад байхдаа яахав дээ” гэж бодсон юм. Тэгээд хаана ямар хүмүүст зодуулсан юм бэ? цагдаад хандаач гэж хэлсэн чинь *** миний яриаг булзааруулаад “хүн танихгүй” гэж хэлээд өөр юм яриад булзааруулаад танайд өнөөдөр хоноё бария гэж хэлэхээр нь би дотроо ***г энэ яг худлаа яриад байгаа юм байна, ***тайгаа ахиад маргалдчихаад танайд хоноё гэж хэлсэн байна гэж бодоод олон юм асуулгүй өнгөрсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/, 

-Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** ах болохоор зодуулсан талаараа огт яриагүй. Чимээ эгчийнд хэд хоноод ирлээ гэж хэлж байсан. 
…8 дугаар сарын сүүлээр байсан юм. Тэгээд тэрнээс хойш яг 3 хоногийн дараа л надаар түргэн дуудуулаад тэгээд *** ах эмнэлэгт очоод хэвтсэн байсан. 
…Хавирган доогуур өвдөөд байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37/,   
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгэхээр жижүүртэй байх хугацаанд буюу 17 цагаас 18-н цагийн хооронд шиг санаж байна. 
...биед нь үзлэг хийж хувцас хунарыг нь сөхөөд үзэхэд бол өвдөж байгаа гэх газар буюу хэвлий, цээж хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Тэр хүний дух хэсэгт бага зэрэг зулгарал үүссэн шархтай л байсан. Ингээд би рентген туяагаар өөрөө харсан бөгөөд цээжниий хэсэгт ямар нэгэн эмгэг өөрчлөлт гэмтэл байхгүй байсан. Ингээд эхний ээлжинд согтуу байсан учраас хордлого тайлах эмчилгээ хийлгэх, ингээд хэвлийн ЭХО-д харуулах шаардлагатай гэж үзсэн юм. 
...би хүлээн авах тасаг дээр очиж нөгөө хүнээ авч явж үзүүлэх гэхэд *** байхгүй байсан. Ингээд сувилагч ***цогтоос ***ыг хаачсан талаар асуухад ***цогт эмчилгээ хийхээс өмнө гадаа үүдэнд жоохон сууж байя гээд хүлээн авахын үүдэнд сууж байгаад эмчилгээ хийлгэ гэж хэлээд гарсан. Тэгэхэд эмчилгээг нь хийх гээд гарахад гадаа байхгүй явсан байсан гэж хэлсэн. 
…хажуудаа эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй явсан. Эмэгтэй нь болохоор богинохон үстэй хальт харвал эрэгтэй хүн шиг хүүхэн байсан. Нөгөө эрэгтэй нь болохоор дээгүүрээ нүцгэн /цээж нүцгэн/ баруун бил үү зүүн гар нь саа өвчтэй хүн байсан. Энэ хүмүүс ч гэсэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн нилээн согтолттой байцгаасан. ***ыг үзэж байхад тэр эмэгтэй нь хажуугаас наадах чинь өчигдөр хүнд зодуулсан гэж хэлж байсан. Тэрнээс өөр зүйл бол яриагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** *** 2 бол хоорондоо байнга зодолддог бөгөөд нэг нэгнийгээ л зоддог.” гэх мэдүүлэг /хэргийн 40/,
-Гэрч Б.***цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ингээд би дараа нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 3-ны орой 23 цаг шиг санаж байна, түргэнээр яаралтай өвчтэн ирсэн бөгөөд би хүлээн аваад үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ирж үзүүлчихээд эмчилгээ хийнэ гэж байхад явчихсан *** байсан. Ингээд би тэр хүнийг хараад энэ хүн хэд хоногийн өмнө зодуулсан гэж ирчихээд алга болчихсон хүн байна гэж хэлсэн. Тэгэхэд *** юу ч хэлээгүй. Ингээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн учраас гэмтлийн болон дотрын эмч нарыг дуудаж үзүүлж онош тодруулах өрөөнд оруулж эмчилгээ хийн хонуулсан. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өглөө 08 цагт ажлаасаа буугаад явчихсан. 
…Ирэхэд нь бид нар яаралтай тусламжийн хуудсаа бөглөсөн. Тухайн хүний биеийн байцаалт, гэрийн хаяг зэргийг бичсэн бөгөөд холбоо барих утсыг асуухад утасгүй гэж хэлж байсан. *** гадаа сууж байгаад алга болчихоор нь би араас нь гарч ойр хавьд харсан боловч харагдаагүй. *** анх ирэхдээ бол цээжээр өвдөөд байна гэж хэлээд алхаад ирсэн. Тэрнээс биш түшүүлсэн барьсан зүйл бол байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/, 

-Гэрч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тийм ээ, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэвлийн битүү гэмтэл, хэвлийн ханын цочрол гэсэн оноштой ***ын биед ***, мэдээгүйжүүлэгч эмч *** нарын хамтаар хагалгаа хийсэн. Хагалгаа хийж эхлэх буюу хэвлийн хөндийг нээх үед өвчтөний хэвлийгээс маш хүчтэй өмхий үнэр үнэртсэн. Ингээд нээж харахад хэвлийн хөндий нилэнхүйдээ өнгөр тогтож идээт үрэвсэл болсон байсан. Хагалгаа хийх үед бол өвчтөний нарийн гэдэс бүрэн тасарсан гэмтэл тогтоогдсон тул нарийн гэдэсний тасарсан үхэжсэн хэсгийг салгаж, нарийн гэдсийг салгах, хэвлийн хөндийн идээт үрэвсэл явсан өнгөрийг арилгаж, цэвэрлэсэн. 
...минийхээр бол уг гэмтэл бол шинээр үүссэн гэмтэл бол байгаагүй. Учир нь хэвлийн хөндийд идээт үрэвсэл үүссэн байсан. Тэгэхээр хугацааг нарийн хэлэх боломжгүй юм. Шинжлэх ухааны үүднээс бол яг ийм гэмтэл аваад ямар хугацаанд амьд авах боломжтой талаар нарийн бол тогтоосон зүйл байхгүй. Ерөнхийдөө 72 цаг орчим л амьд байх боломжтой гэж үздэг юм. Яг нарийн тогтоосон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 49/,   

-Дархан-Уул аймгийн төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн үйлчилгээний төвийг хянах зориулалт бүхий NBR-1 бичигчийн 7 дугаартай камерын бичлэгийг 2016 оны 8 дугаар сарын 27-ны 19 цагаас 2016 оны 8 дугаар сарын 28-ны 03 цаг хүртэлх хугацааг шүүж үзэхэд үйлчилгээний төвийн орчим ямар нэгэн зодоон цохион болсон зүйл бичигдээгүй байгаа болохыг илтгэх хуудас болгон бичив.” гэх Мөрдөн байцаагчийн илтгэх хуудас /хэргийн 52/, 

-“…Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нүүр мөчдийн зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хэвлийн гялтангийн идээт үрэвсэл, нарийн гэдэсний идээт үхжил, хүндрэл болох ерөнхий хордлогын улмаас нас баржээ.  Талийгаачийн биед уушигны идээт үрэвсэл, бөөр, ходоод, элэгний хурц үрэвсэлт өвчинтэй архаг хууч өвчин илэрсэн нь үхэлд нөлөөлөөгүй болно.  Талийгаачид тавигдсан онош тохирсон, хийгдсэн эмчилгээ зөв байна. Талийгаачийн цус А /II/-р бүлэгтэй байна гэжээ. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Талийгаачид тавигдсан онош тохирсон, хийгдсэн эмчилгээ зөв байна.” гэх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 55-57/, 

-Цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 63-67/, 

-Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас /хэргийн 68-87/, 

-Талийгаачийг хүлээн авах яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн гэх тусламжийн хуудас, өвчний түүх /хэргийн 90-91/, 

-“…***нь сэтгэцийн өвчингүй эрүүл болно. Болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэрч, өөрийн үйлдлийг удирдах чадвартай болно. ***нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ***нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болно.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа ¹50/16 /хэргийн 97/, 

-Хөх өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн дженсэн өмд, шар цэцэгний зурагтай хөнжил, цэнхэр эрээн өнгийн даавуун дээр цус илэрсэн бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Шар өнгийн цэцэгний зурагтай хөнжил, цэнхэр эрээн өнгийн даавуун дээрх цус нь А/III/ бүлгийн харъяалалтай байна. Хөх өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн дженсэн өмдөн дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. Цэнхэр өнгийн дженсин өмд, шар саарал өнгийн оруулгатай хөр ангийн бэлтгэлийн цамц, саарал өнгийн дотоож, юүдэнтэй хар өнгийн цамц, саарал өнгийн даавуун өмд, цайвар цэнхэр өнгийн хос оймс, ногоон өнгийн 1 ширхэг асаагуур, улаан өнгийн хуванцар оруулгатай иштэй 14 см урттай эвхдэг хутга, 89 см урттай шатаж түлэгдсэн мод, 93 см урттай армуторын төмөр дээр биологийн ул мөр илрээгүй.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 7882 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 101/, 

-“…Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 110мм, 25мм, 45мм, 50мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна. Дээрх ханзарсаг уранхайнууд нь хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй.” гэх 2016 он 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5521 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 104/, 

-“…Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн их эмч *** үйлчлүүлэгч ***ыг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрий 17 цаг 25 минутанд хүлээн авч үзлэг хийж, шинжилгээ, эмчилгээний заалт бичиж биеийн байдлыг ажиглахаар тусгаарлах өрөөнд байрлуулсан боловч өвчтөн эмчилгээ хийлгэлгүй явсан байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын их эмч *** үйлчлүүлэгч ***ыг 2016 оны 9 дүгээр сарн 3-ны өдрийн 00 цагт хүлээн авч үзлэг хийж, “элэгний хатуурал өвчин, хэвлийн шингэн” онош тавин шинжилгээний заалт бичиж, биеийн байдлыг ажиглахаар тусгаарлах өрөөнд байрлуулан шинж тэмдэгийн эмчилгээ /зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг дэмжих, шээс хөөх, цус тогтоох, өвчин намдаах, витамин эмчилгээ/ хийж ажиглаж хоносон байна. Гэмтлийн тасгийн эмч нар яаралтай хагалгааг Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:98 стандартын дагуу хийсэн байна. Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авч, 5-10 минутын дотор биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдэгүүдийг үндэслэж эрэмбэлэн ялгаж онош тодруулах зорилгоор шинж тэмдэгийн эмчилгээг эмчилгээний стандартын дагуу хийсэн байна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 110-113/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 179/, 
-2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 181-182/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны *** тоот гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэдсэн тус газар нь шалны модоор цохиж талийгаач Х.***ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэс урагдаж,  *** нь уг гэмтлийн улмаас 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нас барсан болох нь шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би талийгаач руу шалны мод аваад шидсэн чинь гэдсэн тус газраа дараад өвдөөд байна гэж байсан.” гэх мэдүүлэг, хохирогч ***гийн “...талийгаач хагалгаанаас гарч ирээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.  …би талийгаачтай уулзаж амжаагүй намайг 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ирэхэд талийгаач хагалгаанд орсон байсан. Тэгээд хагалгааны дараа талийгаач шууд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд үг сольж амжаагүй байхад талийгаач нас барсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний мэдэж байгаагаар бол ихэнхдээ л Бямбаа нь ***ыг зодсон, цохисон байдаг байсан. ...***тай болохоор Улаанбаатар явахын өмнөх өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тааралдсан. Тухайн үед цаг 11-12 болж байх үед би хуучин хорооллын 9 дүгээр байрны урдуур гараад алхаж яваад ***ыг орцныхоо үүдэнд сууж байхад нь таарсан юм. ***“миний гэдэс өвдөөд” гээд гэдсээ гараараа дарчихсан сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/, гэрч *** “…тэгэхээр жижүүртэй байх хугацаанд буюу 17 цагаас 18-н цагийн хооронд шиг санаж байна. Хүлээн авах тасгаас согтуу, зодуулсан хүн үзүүлэхээр ирлээ гэж хэлсэн.  Очиж үзэхэд Хүрэлбаатар овогтой *** гэх хүн байсан бөгөөд өөрийнхөө зовиурыг цээжний баруун талд хавирганы нум дагаж өвдөөд байна гэж хэлж байсан. Яасан талаар нь асуухад “өчигдөр хүнд зодуулсан” гэж хэлсэн. Хичнээн хүнд яаж зодуулсан талаар асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. ...хэвлий, цээж хэсэгт ямар нэгэн ил харагдах шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Тэр хүний дух хэсэгт бага зэрэг зулгарал үүссэн шархтай л байсан. Ингээд би рентген туяагаар өөрөө харсан бөгөөд цээжний хэсэгт ямар нэгэн эмгэг өөрчлөлт гэмтэл байхгүй байсан. Ингээд эхний ээлжинд согтуу байсан учраас хордлого тайлах эмчилгээ хийлгэх, ингээд хэвлийн ЭХО-д харуулах шаардлагатай гэж үзсэн юм. ...би хүлээн авах тасаг дээр очиж нөгөө хүнээ авч явж үзүүлэх гэхэд *** байхгүй байсан. Ингээд сувилагч ***цогтоос ***ыг хаачсан талаар асуухад ***цогт эмчилгээ хийхээс өмнө гадаа үүдэнд жоохон сууж байя гээд хүлээн авахын үүдэнд сууж байгаад эмчилгээ хийлгэ гэж хэлээд гарсан. Тэгэхэд эмчилгээг нь хийх гээд гарахад гадаа байхгүй явсан байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/, гэрч *** “…***, *** 2 бол хоорондоо байнга зодолддог, нэг нэгийгээ зодоод хэвтэрт хүртэл оруулчихсан байсан. Ер нь бол нэг нэгнийхээ дээр гарах гээд маргалдаад зодолддог байсан. …*** *** 2 бол хоорондоо байнга зодолддог бөгөөд нэг нэгнийгээ л зоддог.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, гэрч Б.***цогтын “…Ингээд би дараа нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 3-ны орой 23 цаг шиг санаж байна, түргэнээр яаралтай өвчтэн ирсэн бөгөөд би хүлээн аваад үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ирж үзүүлчихээд эмчилгээ хийнэ гэж байхад явчихсан *** байсан. Ингээд би тэр хүнийг хараад энэ хүн хэд хоногийн өмнө зодуулсан гэж ирчихээд алга болчихсон хүн байна гэж хэлсэн. Тэгэхэд *** юу ч хэлээгүй. Ингээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн учраас гэмтлийн болон дотрын эмч нарыг дуудаж үзүүлж онош тодруулах өрөөнд оруулж эмчилгээ хийн хонуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/, гэрч *** “…2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэвлийн битүү гэмтэл, хэвлийн ханын цочрол гэсэн оноштой ***ын биед ***, мэдээгүйжүүлэгч эмч *** нарын хамтаар хагалгаа хийсэн. Хагалгаа хийж эхлэх буюу хэвлийн хөндийг нээх үед өвчтөний хэвлийгээс маш хүчтэй өмхий үнэр үнэртсэн. Нээж харахад хэвлийн хөндий нилэнхүйдээ өнгөр тогтож идээт үрэвсэл болсон байсан. Хагалгаа хийх үед өвчтөний нарийн гэдэс бүрэн тасарсан гэмтэл тогтоогдсон тул нарийн гэдэсний тасарсан үхэжсэн хэсгийг салгаж, нарийн гэдсийг салгах, хэвлийн хөндийн идээт үрэвсэл явсан өнгөрийг арилгаж, цэвэрлэсэн. Хагалгааны хувьд бол гэдсэнд хоолны ямар нэгэн агууламж гэхээр зүйл бол байгаагүй. Энэ гэмтлийг хэдийд авсан хугацааг бол би хэлж мэдэхгүй юм. Минийхээр бол шинээр үүссэн гэмтэл бол байгаагүй. Учир нь хэвлийн хөндийд идээт үрэвсэл үүссэн байсан. Тэгэхээр хугацааг нарийн хэлэх боломжгүй юм. Шинжлэх ухааны үүднээс бол яг ийм гэмтэл аваад ямар хугацаанд амьд авах боломжтой талаар нарийн тогтоосон зүйл байхгүй. Ерөнхийдөө 72 цаг орчим л амьд байх боломжтой гэж үздэг юм. Яг нарийн тогтоосон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 49/, “талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нүүр мөчдийн зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хэвлийн гялтангийн идээт үрэвсэл, нарийн гэдэсний идээт үхжил, хүндрэл болох ерөнхий хордлогын улмаас нас баржээ.  Талийгаачийн биед уушигны идээт үрэвсэл, бөөр, ходоод, элэгний хурц үрэвсэлт өвчинтэй архаг хууч өвчин илэрсэн нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаачид тавигдсан онош тохирсон, хийгдсэн эмчилгээ зөв байна. Талийгаачийн цус А /II/-р бүлэгтэй байна гэжээ. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Талийгаачид тавигдсан онош тохирсон, хийгдсэн эмчилгээ зөв байна.” гэх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 55-57/, цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 63-67/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас /хэргийн 68-87/, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хэргийн 90-91/, “гэмтлийн тасгийн эмч нар яаралтай хагалгааг Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:98 стандартын дагуу хийсэн байна. Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авч, 5-10 минутын дотор биеийн байдал, амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үндэслэж эрэмбэлэн ялгаж онош тодруулах зорилгоор шинж тэмдгийн эмчилгээг эмчилгээний стандартын дагуу хийсэн байна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 110-113/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ.
    
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн /хэргийн 12-14/ шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч ***нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ялаа эдэлж дуусчээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүний ялтай байдал нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан хуульд зааснаас доогуур хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг, хар өнгийн урдуураа шар оруулгатай биеийн тамирын цамц, саарал дотоож, хөх ноосон цамц,  саарал даавуун өмд, хос оймс, юүдэнтэй цамц, цусны толботой хөнжил, орны даавуу, улаан иштэй хутга 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, хугархай мод, арматурын төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ***гийн энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч *** ***д 6 жил 8 сар 10 хоногийн /зургаан жил найман сар арван хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 6 жил 8 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.***гийн энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жинсэн өмд 2 ширхэг, хар өнгийн урдуураа шар оруулгатай биеийн тамирын цамц, саарал дотоож, хөх ноосон цамц, саарал даавуун өмд, хос оймс, юүдэнтэй цамц, цусны толботой хөнжил, орны даавуу, улаан иштэй хутга 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, хугархай мод, арматурын төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
 
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай. 
    
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ            Я.ТУУЛ    
            
    ШҮҮГЧИД            Т.БАТЖАРГАЛ 

Г.ГЭРЭЛТ-ОД