| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 159/2023/0057/З |
| Дугаар | 221/МА2025/0207 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0207
“ГУУ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүг С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “ГУУ” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Тэ” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 119/2023/0057/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан “ГУУ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “ГУУ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Сэлэнгэ аймгийн С***сумын нутаг, Ц***нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “ГУУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “хууль тогтоомжид заасны дагуу “ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дээрх өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс 2019.11.21-ний өдөр 226.22 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан гэж манай компаниас маргаж, холбогдох зураг, тухайн үед гаргаж байсан өргөдөл, тухайн үед төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, компанийн болон татварын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн байгаа ба үүнийг хариуцагчийн зүгээс няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, гагцхүү баримт материал нь алга болсон, 2019.11.21-ний өдөр биш 2020.03.11-ний өдөр өргөдөл гаргасан л гэж тайлбарлан маргадаг. Тэгвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус заасны дагуу манай зүгээс өөрөө хамаарах бүх нотлох баримтуудыг цуглуулж бүрдүүлэн өгч мэтгэлцсэн, харин хариуцагчийн зүгээс няцаасан, үгүйсгэсэн 1 хуудас ч баримтыг гаргаж өгч чадаагүй бөгөөд шүүхээс ч мөн 2 жил гаруй хугацаанд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, удаа дараа үзлэг хийсэн боловч ямар ч баримт олдоогүй байхад хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авагдсан баримтуудад үндэслэн шийдвэр гаргалгүй, шийдвэр гаргахаас зайлсхийсэн дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.
Мөн уг асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... уг 2 өргөдлийг нэг буюу миний бие хийж, бүрдүүлж хариуцагчид өгсөн ... 9903*****дугаарыг 3 жилийн өмнөөс хэрэглэж байгаа гэх тайлбарыг гаргасан бөгөөд ...өргөдөлд хавсаргаж өгсөн баримтуудтай харьцуулан үзэхэд зөрүүтэй /өөр/, Кадастрын бүртгэлийн системд талбайн хэмжээг 168.92 га гэж бүртгэгдсэн байгаагаас үзвэл “ГУУ” ХХК-ийг нэхэмжлэлд дурдсан 226.22 га талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан болох нь эргэлзээгүй, бүрэн тогтоогдож байна гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Учир нь дээр дурдсанчлан шүүх нотлох заримд нийцэхгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн байх ба мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай зөрчилдсөн дүгнэлтийг хийж, шүүх нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэх үүргээсээ зайлсхийсэн байна.
Түүнчлэн дээрх дүгнэлтүүдээс манай компани 2020.03.11-ний өдөр 168.92 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаагүй, харин 2019.11.21-ний өдөр өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдож байна гэсэн хэр нь өргөдөлд дурдсан талбайн хэмжээ нь 168.92 гектар биш, мөн 226.22 гектар ч биш гэсэн дүгнэлтийг хийж, тэгвэл хэдэн гектар талбайд уг өргөдлийг гаргасан юм бэ гэдгийг дүгнэлгүй орхигдуулсан байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.
Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд нь зөрүүтэй гэж тайлбарлах боловч ямар баримт нь хэрхэн яаж зөрүүтэй байгаа талаар дурдаагүй байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч надаас 9903*****утасны дугаарыг хэзээнээс барьж байгаа талаар асууж тодруулахад 3 жил орчим байх, сайн санахгүй байна гэж хариулсан /шүүх хуралдааны бичлэгт байгаа/-ыг шүүх хуралдааны тэмдэглэлд асуулт болон хариултыг огт тусгаагүй хэр нь, ямар баримтгүйгээр 3 жил барьж байгаа гэж ярьсан мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, худал дүгнэлтийг хийж байна.
Мөн анхан шатны шүүхээс манай компаниас гаргасан 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэхдээ нэхэмжлэгч хариуцагчийг хуульд заасан буюу 30 хоногийн хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлээгүй, үүний улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар гомдлыг 30 хоногийн дотор дээд шатны захиргааны г байгууллага, албан тушаалтанд эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах юм.
Гэтэл “ГУУ” ХХК хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргыг өөрийн 2019.11.21-ний өдөр гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэн даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх хугацааг хэтрүүлж, тодруулбал, 2019.11.21-ний өдрөөс хойш өргөдөл шийдвэрлэх 30 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоног, нийт 60 хоног буюу 2020.01.20-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргах байтал 2023.05.10-ны өдөр буюу 3 жил гаруй хугацааны дараа гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн зүгээс уг хуульд заасан буруутай үйл ажиллагаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байх ба манай компанийн өргөдлийг шийдвэрлэхгүй гэж хэлдэггүй, удааширч байгаа шалтгаанаа 2019, 2020 он бол Корона вирус цар тахалтай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, улс орон даяар бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан цаг хугацаа тул аймаг хооронд байтугай гэрээсээ гарахад ч хүртэл хязгаарлалттай байсан үе бөгөөд мөн энэ үед төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд бүгд хорио цээрийн дэглэм сахиулах ажилд оролцож байгаа шалтгаанаар өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байгаа байдлаа тайлбарлаж хэлдэг байсан ба улмаар цахим бүртгэлд 2020.03.11-ний өдөр хуурамч бүртгэл үүсгэж, 2021.10.20-ны өдөр албан бичгээр хариу хүргүүлэхээр бэлтгэж, 2022 оны 8 сард манайд гардуулан өгсөн зэргээс өргөдлийг шийдвэрлэхгүй эсхүл боломжгүй гэж хэлэхгүй, боломжтой дээрх шалтгаанаар хүлээхийг мэдэгдэх зэргээр итгэл төрүүлж байсаар гомдол гаргах хугацааг алдагдуулсан байгаа байдлыг дүгнэж болохоор байхад анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж, манай компанийн эрхийг зөрчиж байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргын хууль бус эс үйлдэл, үйл ажиллагааны талаар гомдол гаргах дээд шатны албан тушаалтан, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий этгээд гэж байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлүүдэд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах боломжгүй байдлыг мөн анхан шатны шүүхээс зөв дүгнэж чадаагүй.
Тэгээд ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд манай компанийн зүгээс анх манай өргөдөл шийдвэрлэгдэх юм байна гэдэг ойлголттой байж байтал 2022 онд гуравдагч этгээд “Тэ” ХХК-д манай өргөдөл гаргасан талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон болохыг олж мэдсэн даруйдаа буюу 2022 оны 8 дугаар сард тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хууль бус боломжгүй гэх дүгнэлтийг ирүүлсэн болохыг мэдэж, түүнтэй холбоотойгоор мөн шүүхэд 2022 оны 09 сард нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаж, манай өргөдөл гаргаагүй огноогоор бүртгэл үүсгэж, мөн манай өргөдөл гаргаагүй талбайн хэмжээгээр зураг зүйн шүүлт хийлгэсэн, манай компанийн өргөдлийн дагуу огт зураг зүйн шүүлт хийлгээгүй болохыг олж мэдсэн даруйдаа буюу 2023 оны 03 сард энэхүү нэхэмжлэлээ гаргасан тул хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.30-ны өдрийн 114/ШШ2025/0002 дугаартай шийдвэр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. “ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Сэлэнгэ аймгийн С***сумын нутаг, Ц***нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... “ГУУ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн С***сумын нутаг Ц*** нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж гаргасан боловч өргөдлийг огт шийдвэрлээгүй, өргөдөл болон хавсарган өгсөн баримтуудыг үрэгдүүлсэн, 2020 онд нэг ч удаа түгээмэл тархацтай ашигт малтмалын 168.92 гектар талбайгаар тусгай зөвшөөрөл авахаар өргөдлийг гаргаж байгаагүй” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.3-д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн буюу захиргааны аливаа шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад анхан шатны шүүхээс “... нэхэмжлэлдээ дурдсан 226.22 га талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан болох нь эргэлзээгүй, бүрэн тогтоогдож байна гэж үзэхээргүй байна, ... Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлээр нэхэмжлэгч нь эрх зүйн харилцааг байгааг эсхүл байхгүйг шүүхээр тогтоолгох зорилготой бөгөөд уг үндэслэл тогтоогдвол шүүхээс түүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргах учиртай атал дээрх байдлаар нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн С***сумын нутагт байрлах Ц***нэртэй газарт байрлах 226,22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул шүүхээс тухайн харилцааг бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргах боломжгүй” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь буруу.
2.2. Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго нь иргэн хуулийн этгээдийн нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж тухайн захиргааны үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, даалгах, нийтийн эрх зүйн харилцаа байгааг тогтоох зэрэг хэлбэрээр захиргааны хууль бус үйл ажиллагааны эсрэг эрхийн хамгаалалт тогтоох зорилготой болохоос бус иргэн хуулийн этгээдийн өөрийнх нь үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой үйл баримтыг тогтоосон шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага, албан тушаалтны нийтийн эрх зүйн чиг үүрэгтэй /нийтийн эрх зүйн аливаа харилцаа/ холбогдуулж гаргаагүй “... нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргаж баримтуудаас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 226.22 га талбайн хэмжээгээр өргөдөл гаргасан болохыг тогтоолгох зорилготой ...” гэж удаа дараа тайлбарласан байна.
2.3.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.4-т “Хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тодорхойлохоор” заажээ”, 5.4.2-т “Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад баримтлах субсидиар зарчим нь нэг талаар нэхэмжлэгч хүчингүй болгох болон даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөлийг тойрч гарах арга замыг үгүйсгэх, нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг. Хүчингүй болгох, даалгах зэрэг үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр нь тогтоох нэхэмжлэлийг бодвол шууд биелэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрхийг илүү хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л тогтоох нэхэмжлэлийг гаргах боломжтой буюу тухайн этгээдийн хувьд нэхэмжлэлийн өөр бусад үндсэн төрлүүдээс (хүчингүй болгох, даалгах гэх мэт) аль нэгийг нь сонгож нэхэмжлэл гаргах боломжгүй, хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй, эсхүл ийм нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдахааргүй байгаа, ерөөс эдгээр шаардлагыг гаргах боломжгүй буюу бусад нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдлыг ойлгоно” гэж хуулийг тайлбарласан байна.
2.4. Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас гадна Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “ “ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул “... 226,22 га талбай хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон асуудлыг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах шаардлагын хүрээнд дүгнэх боломжтой буюу “тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийг дангаараа бие даасан нэхэмжлэлийн шаардлагын төрөл гэж үзэхээргүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0035 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг тайлбарласан байх тул энэ тохиолдолд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын бие даасан төрөл гэж үзэх боломжгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын тухайд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2.6.Түүнчлэн анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх байдлаар өргөдөл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан талбайн хэмжээгээр /226,22 га/, түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хавсаргах Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан баримт бичгийг бүрэн өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдохгүй байна, ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Үндэсний татварын албаны 19080610**** дугаар тодорхойлолт, хуулийн этгээдийн тодорхойлолт /маягт Т-2/, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /маягт Т-1/, талбайн зураг зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн талбайн зураг, нэг өдөр буюу Цахир согтуу толгой гэх газарт гаргасан тусгай зөвшөөрлийн өргөдөлд хавсаргасан баримтуудтай харьцуулан үзэхэд зөрүүтэй /өөр/, Кадастрын бүртгэлийн систем-д талбайн хэмжээ 168,92 га гэж бүртгэгдсэн байгаагаас үзвэл “ГУУ” ХХК-ийг нэхэмжлэлдээ дурдсан 226,22 га талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан болох нь эргэлзээгүй, бүрэн тогтоогдож байна гэж үзэхээргүй байна...” гэж дүгнэн хэрэгт авагдсан дан ганц нэхэмжлэгч талын гаргасан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн “... Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлээр нэхэмжлэгч нь эрх зүйн харилцааг байгааг эсхүл байхгүйг шүүхээр тогтоолгох зорилготой бөгөөд уг үндэслэл тогтоогдвол шүүхээс түүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргах учиртай атал дээрх байдлаар нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн С***сумын нутагт байрлах Ц***нэртэй газарт байрлах 226,22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул шүүхээс тухайн харилцааг бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргах боломжгүй” гэсэн зөрчилтэй дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
2.7. Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн ““ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Сэлэнгэ аймгийн С***сумын нутаг, Ц***нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
3. “ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан дээрх өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” шаардлагын тухайд:
3.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 14.1.2-т “тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх”, 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх”, 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж тус тус заасан.
3.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг дарга нь түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, холбогдох тэмдэглэгээг хийж, түүний дараа анхан шатны шүүлтийг хийн шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, бүртгэлд тэмдэглэх бол шаардлага хангасан өргөдлийн хувьд түүнд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэхээр заасан байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ГУУ” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[1], Үндэсний татварын албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт[2], хуулийн этгээдийн тодорхойлолт[3], кадастрын зураг[4], улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг[5] шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газарт хийсэн баримт бичгийн үзлэг тэмдэглэлд[6] хавсаргасан баримтуудаас үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны ирсэн баримт бичгийн №6 дугаар бүртгэлийн дэвтрийн 2212 дугаарт[7] “ГУУ” ХХК-ийн хүсэлт гаргах тухай өргөдөл бүртгэгдсэн байх бөгөөд тус өргөдөлд хэдэн хуудас хавсаргасан болон 11 дүгээр сарын хэдний өдөр тухайн хүсэлтийг өгсөн болох нь тодорхойгүй, 2020 оны ирсэн баримт бичгийн №2 дугаар бүртгэлийн дэвтрийн 785 дугаарт[8] 3 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргах тухай” өргөдөл 17 хуудас баримтын хамт, аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ирсэн бичгийн бүртгэлийн 2018, 2019, 2020, 2021 оны бүртгэлийн дэвтрийн 75 дугаарт[9] 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын 8/2776 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг /”ГУУ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх утга бүхий/ бүртгэгдсэн байна.
3.5. Тус үзлэгийн явцад хариуцагчаас “ГУУ” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан гаргасан “... Сэлэнгэ аймгийн С***сумын Н**** 3 дугаар баг нутаг болох Ц*** урд байршилтай элс нь барилга ашиглахад стандарт шаардлагыг хангаж болохоор урьдчилсан төлөв гарсан, ... хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байна ...” гэх огноо дугааргүй хүсэлтэд 11 дүгээр сарын 21-ний өдрийн цохолттой, “судалж танилцуулах” гэж тэмдэглэгдсэн баримтыг хавсралтын хамт гарган өгсөн байна.
3.6. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан.
3.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасан байна.
3.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “ГУУ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж тайлбарлан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
3.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хандан гаргасан өргөдлийг хариуцагчаас хүлээн авснаас хойш, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаа дуусаж, хариуцагчаас хугацаа сунгасан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс тухайн өргөдөлд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргад өөрт нь гомдол гаргах боломжтой бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй бол шууд шүүхэд хандахаар хуульчлан тогтоосон байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 3 жилийн хугацаагаар хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
3.10. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... “ГУУ” ХХК хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргыг өөрийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэн даалгах нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хугацааг хэтрүүлж, тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш өргөдөл шийдвэрлэх 30 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоног, нийт 60 хоног буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах байтал 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу 3 жил гаруй хугацааны дараа гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГУУ” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан” “ГУУ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Сэлэнгэ аймгийн С***сумын нутаг, Ц***нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 10 дахь тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 8 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтас, 9 дэх тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 11-13 дахь тал
[5]Хэргийн 2 дахь хавтас, 14 дэх тал
[6] Хэргийн 2 дахь хавтас, 107 дахь тал
[7] Хэргийн 2 дахь хавтас, 121 дэх тал
[8] Хэргийн 2 дахь хавтас, 126 дахь тал
[9] Хэргийн 2 дахь хавтас, 133 дахь тал