Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00041

 

Р.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00017 дугаар шийдвэртэй,

Р.Б, Б.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д, Э.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Д.Д, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нар /цахим сүлжээгээр/ оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууран мэхэлж хийсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохиролд Р.Б-д 86578578 төгрөг, Д.Б-д 68671704 төгрөг, Б.Д-д 81468643 төгрөг, нийт 236718925 төгрөгийг хариуцагч Д.Д, Э.Б нараас гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Р.Б, Д.Б, Б.Д нарын манай 3 айл 2013 онд Д.Д, Э.Б нарын Улаангом сумын 10 дугаар багийн нутагт барьсан 9 айлын орон сууцанд тус бүр 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн үед байрыг нийтийн халаалттай, бохир, цэвэр усанд бүрэн холбогдсон, улсын комисс хүлээж авсан гэж ойлгуулсан учраас бид нар банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч уг байруудыг худалдан авч байрандаа орсон. Байрандаа орсны дараа халаалт маш муу байнга цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүй байдаг, цонх мөстөж хөлддөг, хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг. Энэ байдлын талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй, нийтийн бохир усны системд холбогдоогүй болох нь тодорхой болсон. Ийм байдлаар биднийг хууран мэхэлж гэрээ байгуулсан болох нь тодорхой болж байгаа учраас бид нар гэрээгээ цуцлах шаардлагыг тавьж байна.

Р.Б-ын хувьд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70 м.кв, 2 өрөө байрыг 77000000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 6100000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 53900000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9578578 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 86578578 төгрөг гаргуулж өгнө үү.

Д.Б-ийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 59 м.кв, 2 өрөө байрыг 59000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 2000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 57000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9302227 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 68671704 төгрөг гаргуулж өгнө үү.

Б.Д-гийн хувьд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 60 м.кв, 2 өрөө байрыг 72000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 22000000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 50000000 төгрөгийг Голомт банкнаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлдэн авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар зээлийн хүүд 9468643 төгрөг төлж хохироод байна. Иймд байрны төлбөр болон хүү төлж хохирсон хохирол нийт 81468643 төгрөг гаргуулж өгнө үү. Нийт бид гуравт 236718925 /хоёр зуун гучин зургаан сая долоон зуун арван найман мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Д-гийн хариу тайлбарт: “Дээрх нэр бүхий 3 оршин суугчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие өөрийн дүү Д.Т, Э.Б нарын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг, хуучин 9 дүгээр баазын хашаанд 2013 оны 9 дүгээр сард 3 давхар 9 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг барилгыг зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө, үйлчилгээ авсны үндсэн дээр чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсан. Бид худалдан авагч нарт уг байрны холболт, барилгын хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулсны үндсэн дээр гэрээгээ байгуулан худалдсан.

Гэтэл дээрх нэр бүхий 3 иргэн тав тухтай шинэ байранд 2 жил 5 сар амьдарсны дараа гэнэт гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж байгааг гайхаж байна. Энэ өвөл маш их хүйтэрч, халаалт олон тийш хуваагдаж, эцсийн хэрэглэгч нарт хангалттай халаалт хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Бид 2015 оны намар бүх халаалтын хэрэгслийг сольж өгсөн. Харин хана мөөгөнцөртдөг, бохир үнэртдэг, цонх мөстөж хөлддөг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл. Эдгээр 3 оршин суугчийн хэнийг ч тулган шаардаж, худал хэлж, хуурч мэхлэн гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00017 дугаар шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг тус тус баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Б.Д нарын, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Д нэхэмжлэгч Р.Б нарын, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Б нэхэмжлэгч Д.Б нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Э.Боос 57000000 (тавин долоон сая) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д, хариуцагч Д.Д-гээс 55000000 (тавин таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Б.Дд, мөн 58800000 (тавин найм сая найман зуун мянган) төгрөгийг нэхэмжлэгч Р.Б-д тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 65918925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1341544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 442950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид 451950 төгрөгийг нэхэмжлэгч Р.Бд, 432950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д нарт олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Б-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн 130/ШШ2018/00017 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 

1. Бид Мэргэжлийн хяналтын газарт хандаж үнэхээр бохир үнэртдэг, хана мөөгөнцөртсөн эсэх, барилгын бат бэх байдал, тогтвортой эсэхэд дүгнэлт гаргуулахаар үзлэг хийлгэхэд Мэргэжлийн хяналтын байцаагч Ц, Ж нар дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийг бид эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр бидний талд гарч байсан. Гэтэл дахиад шинжээч Ж дүгнэлт гаргаж, түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Тухайн байранд оршин суугч 9 иргэдийн өрөөний температур, хана шал мөөгөнцөртсөн эсэх, бохир, гадна тохижилт, бусад оршин суугчдын яриаг орон нутгийн телевизээр бичлэг хийлгэн баталгаажуулж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өгөх хүсэлтэй байна. 3 жил уг байранд амьдрахад ямар ч асуудал гарч болно. Бид засч өгөх үүрэгтэй тул бүх паарыг сольж өгсөн. Мөн өнгөрсөн 2017 онд дулаан болон цэвэр усны шугамнуудыг Онцгой байдлын газраас салгаж, төв шугамнаас 24 сая төгрөгийн санхүүжилт гаргаж холбож өгсөн. Бохирыг мөн төв шугамд холбож өгөхөөр ажилласан боловч хамтрагч байгууллагын холболтын системээс болж санхүүжилт маш их шаардсан. Гэхдээ бид нар оршин суугчдын ая тухтай байдлыг бодож ирэх жил заавал холбож өгнө. Бид төлөвлөөгүй 40 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргаж шинээр шугам сүлжээг сольж байна. Асуудлын гол нь эдгээр хүмүүс хууль бусаар банкнаас их хэмжээний зээл авч түүнийгээ төлж чадахгүй болохоороо биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нар 5 дахь жилдаа уг байранд амьдарч байна. 

3. Д.Б надаас байр авахдаа бохир шингээлттэй, халуун ус нь бойлероор халдаг, улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээтэй байр гэдгийг сайн мэдэж байсан. Банк зээл олгохдоо маш сайн судалгаа хийж ипотекийн 8 хувийн зээл олгодог. Д.Б нь миний амьдрах гэж байсан байрыг өөрөө гуйсаар байж авчихаад зээлээ төлж чадахгүй болохоор асуудал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд би хотод байр захиалчихсан, 9 дүгээр сард орохоор хүлээж байтал Д.Б надтай уулзаад “Би танд 1 өрөө байрыг зарсан гэж худлаа хэлсэн юм. Банканд байрны урьдчилгаа 17 сая төгрөг тавьсан. 2 байрны хүү төлбөрийг яагаад ч төлж чадахгүй боллоо. Та байраа буцааж хямдхан авахгүй биз дээ” гэхэд нь “би хотод байгаа байрны урьдчилгаа төлсөн 20 сая төгрөгөө авч чадвал авъя” гэж тохиролцоод  би урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авсан. Гэтэл Д.Б намайг шүүхэд өгсөн байсан. 2017 оны 02 дугаар сард мөн л “хоёулаа тохироё, танд өгөх мөнгөө өгч чадахгүй байна. Би Улаанбаатар хотод амьдрах боллоо. Байр худалдаж авах хүн олдохгүй байна” гэж удаа дараа ярьсан. Эхнэр нь ч мөн удаа дараа ярьж бид шүүхээс нэхэмжлэлээ татаж авъя, тохироё гэж ярьж байгаа. Эдгээр хүмүүсээс болж би өнөөдрийг хүртэл орон байргүй давхар хохирсон. Учир нь Улаанбаатар хотын Нарт хотхонд 1 м2 нь 930000 төгрөгөөр захиалсан байрныхаа урьдчилгаанд төлсөн 20сая төгрөгөө буцааж авч, алдагдал хүлээсэн. Бүх баримт надад байгаа. Иймээс шүүхээр бүх асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.Д-гийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч Д.Д миний бие нь анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 130/ШШ2018/00017 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Д би 2013 онд дүү Т, Э.Б нарын хамт өөрсдийнхээ хөрөнгөөр 9 айлын орон сууцыг 10 дугаар багт барьсан. Тухайн байраа барихдаа Улаангом суманд үйлдвэрлэдэг сайн чанарын тоосго, “Энержи рта” компанийн хавтан, Улаанбаатар хотын арматур турба, Хөтлийн шохойн цемент зэрэг чанартай материалаар барьж ашиглалтад оруулсан. Бид нар тухайн барилгыг хамаатан садан, ах дүүсээрээ амьдрах гэж барьсан. Тус барилгыг барих үед Улаанбаатар хотод амьдрах Ц гэдэг инженерээр барилгын зургийг гаргуулан ажил үүргээ гүйцэтгэж байх үед тэр хүн гэнэт нас барснаас тухайн зураг төсөлд гарын үсэг зурагдаагүй.

Тухайн барилга барих үеэс эхлэн дээрх хүмүүс өөрсдөө үзэж явж байгаад санал тавьж байрыг худалдан авсан. Надад дээрх хүмүүсийг гуйж зарсан зүйл байхгүй. Би байраа зарах үед Улсын комисс хүлээн аваагүй, бохир шингээлттэй гэдгээ хэлж байсан, өөрсдөө сайн мэдэж байсан. 2013 оны сүүлээр Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд 13 төрлийн жижиг хэд хэдэн зөрчил илрүүлснийг бид нар чадах чинээгээрээ зассан. Дээрх нэхэмжлэгч нар тухайн байранд ороод үнэхээрийн амьдрах боломжгүй байсан бол Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар шаардлагаа гаргах байсан, зөрчилгүй учраас орон сууцыг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нар тухайн байранд ороод 2 жил 5 сарын дараа доголдолтой гэж үзээд гомдол гаргаж буй нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул доголдлын талаар ярих үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх хүмүүс манай байрыг худалдан авах үед Улаангомд шинэ байр ховор байсан ба дараа жилээс эхлээд маш их байр баригдсан бөгөөд  түрээсийн байр ашиглалтад орсноос гомдол гаргасан гэж үзэж байна. Тэдгээр хүмүүс гомдол гаргаснаас хойш өдий хүртэл амьдарсаар байгаа. Талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ нь хууран мэхэлж хийгдсэн гэдэг нь нотлогдоогүй. Нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.2-т зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх дээрх нэр бүхий хүмүүст шилжсэн байгаа. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах-худалдах авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. Шинжээч Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын байцаагч Ж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 тоот дүгнэлтийг гаргасан. Тухайн байцаагч 2017 оны  11 дүгээр сарын 29-ний өдөр дахин дүгнэлт гаргаж буй нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд Д.Д би анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт  зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2729 дүгээр шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар хүсэлтэд дурдсан тусгай мэдлэг шаардах асуудлаар шинжээч томилж, 2 дахь заалтаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжээч томилж өгөхийг анхан шатны шүүх хүссэн байна. Улмаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасныг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлаж танилцуулсан талаар баримт хэрэгт авагджээ.

 

            1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт шүүхийн шинжилгээ хийх нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх журмыг 8 дугаар зүйлд, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх журмыг 9 дүгээр зүйлд тус тус нарийвчлан зохицуулжээ.

Шинжээч томилох тухай шүүгчийн захирамжаас үзвэл, анхан шатны шүүх шинжээч томилохыг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүсэж, тодорхой хүнийг шинжээчээр томилоогүйгээс гадна шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасны дараа шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй, тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заажээ. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүй байна.

 

2. Хэргийн 1 дүгээр хавтасны 8-9 дүгээр талд авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 дугаар дүгнэлтийг гаргаж байсан Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж нь хэргийн 2 дугаар хавтасны 182 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/07/030/526 дугаар дүгнэлтийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.

Үүнээс дүгнэвэл, анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүйгээс тухайн маргаантай асуудлаар буюу маргаан бүхий орон сууцны эд хөрөнгийн доголдлын талаар урьд нь дүгнэлт гаргаж байсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан нь тухайн шинжээчийн дүгнэлтийн хөндлөнгийн, эргэлзээгүй, үнэн бодитой байх шинжийг үгүйсгэх, эргэлзэх үндэслэл болжээ. Энэ талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй.

 

3. Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүйгээс гадна шинжээчид мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг нь танилцуулаагүй, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт нь агуулгын хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргах, 17.2-т шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх, 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна, 17.6-д шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.6-д заасан шаардлагыг хангаагүй, шинжээч томилсон шүүхийн ажиллагаа мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах эрх бодитой хангагдаагүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан хэсэг үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Б-ийн төлсөн 442950.00 төгрөгийг, хариуцагч Д.Д-гийн төлсөн 885000.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Б-ийн төлсөн 442950.00 төгрөгийг, хариуцагч Д.Д-гийн төлсөн 885000.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч нарт тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК