Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 243

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн

Улаанбаатар төмөр зам

нийгэмлэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч  Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагч Д.Нямсүрэн, Г.Энхжаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0209 дүгээр магадлалтай, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаач Д.Дорж, Д.Нямсүрэн, Г.Энхжаргал нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1003 дугааршийдвэрээр:1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 28/13 дугаартай актын хавсралт 1-д дурдсан 2012 оны бүгд төлбөр 156,847,632.22 гэсэн хэсгээс 13 сая төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсүрэн, улсын байцаагч Д.Дорж, Г.Энхжаргал нарын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актаар тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулан хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг  301,220,320.33  төгрөг гэж багасгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0209 дүгээр магадлалаар:1. нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.2.1, 293 дугаарзүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын “...тавигдсан 301,220,320.33 төгрөгийн нөхөн татвар болон 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөрөөс 90,366,096.10 төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулан хэлтрүүлж, актын төлбөрийн хэмжээг 301,220,320.33 төгрөг гэж багасгасугай” гэснийг “... тогтоосон торгуулийн 90,366,096.10 төгрөгийг төлөх хариуцлагаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг өршөөсүгэй” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,051.0 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,593,851.0 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгожшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланхяналтын журмаар гаргасан гомдолдоо:нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0209 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хянуулах гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт ба Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.1, 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтыг баримталсан байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна” мөн Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ” мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах” мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 293.2-т “энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгээс үзвэл шүүх нэхэмжлэгч УБТЗ ХНН-ийг гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыгтал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гэтэл хавтаст хэрэгт Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг татвараас санаатайгаар зайлсхийсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд энэ үйл явдлыг нотолсон ямар ч баримтгүйгээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн гаалийн улсын байцаагч нар нь 28/13 дугаартай актад “барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн...” гэж үзсэн бөгөөд энэ нь санаатай үйлдэл гэж үзсэн байна.

Гэтэл 28/13 дугаартай актад Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 1-д “гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн нөхцөл заасан, мөн зүйлийн 293.2-т “энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан билээ. Тэгвэл энэ 28/13 актад Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтыг баримталсан нь болгоомжгүй үйлдэл гэсэн хууль хэрэглээний илэрхий алдаа байгааг шүүх анхааран үзсэнгүй.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...давж заалдах гомдолд “...иргэн хүний гаальд мэдүүлэн оруулж ирсэн барааг УБТЗ ХНН торгууль ногдуулсан...гаалийн хилээр УБТЗ ХНН төлөөлөн бараа оруулах итгэмжлэлгүй хүмүүсийн мэдүүлгийг шууд УБТЗ ХНН хамаатуулсан...” гэх боловч хариуцагч улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрдүүлж гаргасан санхүүгийн тайлан, түүний үндэслэл болсон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтуудыг тулган шалгаж, 1.943.356.905.35 төгрөгийн бараа, материалыг импортлохдоо гаалийн байгууллагад мэдүүлээгүй болохыг тогтоосон байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй бөгөөд өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар магадлалын хянавал хэсэгт “...шалгалт хуулийн хүрээнд явагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй...” гэж дүгнэсэн бөгөөд энэ нөхцөл байдал арилаагүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчмын дагуу шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний алдааг хянан шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг билээ.Гэтэл тухай маргаан бүхий акт илэрхий хууль хэрэглээний алдаатай байхад шүүх түүнд дүгнэлт хийсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зорилтыг шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан бөгөөд маргаан бүхий 28/13 дугаар акт хуульд нийцсэн эсэх хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 хуулийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн заалт хэрэгжээгүй байна.

Учир нь, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл буюу татварын улсын байцаагчид хориглох зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасан бөгөөд удирдамж хэрэгт авагдаагүй байна.

Мөн Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4-т “гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулахдаа “Гаалийн ерөнхий газрын даргын 2001 оны 22 дугаар тогтоолоор баталсан гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ын дагуу явуулдаг бөгөөд энэ журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “шалгалтыг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн үндсэн дээр хийнэ” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт энэ журам болон удирдамж авагдаагүй байна.

Эдгээр баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 хуулийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” мөн хуулийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 81.2 шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэсэн заалт бүрэн хэрэгжээгүй болохыг нотолж байна.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн ба хуульд заасан байцаагчийн акт заавал удирдамжтай байж хууль ёсны үйлдэл болдог болохыг анхаараагүй байна. Энэ хэрэг нь 2013 онд үүссэн хэрэг бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 87 дугаар магадлалын хянавал хэсэгт“шүүх гаалийн улсын байцаагч нарын шалгалт хуулийн дагуу явагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна” гэж дүгнэн буцаасан болохыг анхааран үзсэнгүй.

Ер нь энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраад байгаа нь шүүхээс хэрэг үүсгэхдээ Гаалийн ерөнхий газраас тухайн акттай холбоотой баримтуудыг ирүүлэхийг шаардахад “шалгалтын удирдамж”-ийг ирүүлэхгүй байгаа хариуцагчтай холбоотой бөгөөд уг удирдамжийн 4.1-д “...шаардлагатай бичиг баримт, бүртгэл тооцоог хуулбарлан, нотариатын байгууллагаар баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулгыг албан ёсоор авч, шалгалтын материалд хавсаргана” гэсэн заалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй учраас маргааныг шийдвэрлэх боломж үүсэхгүй байгааг шүүх анхаарсангүй. Миний нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичгийн түүний 6-рт бичсэн хүсэлтийг шүүх хангаад байхад хариуцагч уг баримтыг гаргаж өгөхгүй байгааг шүүх анхаарсангүй.

Маргаан бүхий 28/13 дугаартай актад “тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдээлсэн” гэсэн болохоос татвараас чөлөөлөгдөх ёсгүй бараа гэж акт тавиагүй болохыг шүүх анхааран үзсэнгүй.Маргаан бүхий актад “тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн” гэж бичсэн нь хариуцагч ГЕГ нь УБТЗ ХНН-ийг гаалийн татвараас чөлөөлөгдөх байгууллага болохыг хүлээн зөвшөөрч байгааг шүүх анхаарсангүй.Дээрх байдлаас дүгнэлт хийвэл талууд маргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтад дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалт, мөн зүйлийн 106.5 “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргажээ.

Гаалийн ерөнхий газраас 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 01/04 дугаартай, 2012 оны 1 дүгээр сарын 2-нд 01/05 дугаартай, 2013 оны 1 дүгээр сарын 2-нд 01/10 дугаартай албан бичгээр УБТЗ ХНН гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байх үүргийг Гаалийн газар, хороодын дарга нарт өгсөн байдаг бөгөөд хэн ч энэ талаар маргаагүй гаалийн байгууллага үгүйсгээгүй болохыг анхааран үзээгүй хавтаст хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлтийн баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар ямар ч үг үсэг шүүхийн шийдвэрт байхгүй байна.

Мөн миний гарын үсэг зурсан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичгийн түүний 2-рт өнөөдрийг хүртэл хариуцагч тал нь импортоор авсан барааны гаалийн болон санхүүгийн холбогдох бичиг баримтад тулгуурлан...гэж 28/13 дугаартай актыг тавьсан бөгөөд түүнийг шүүхээр шаардуулахад баримт, тооцооны үндэслэлээ зэргээ гаргаж өгөөгүй л байна. Шүүх хэрэгт авагдсан баримт хангалттай гэж үзэж шийдвэр гаргасан бол дараах тооцоо гарах байжээ.

Манай хүсэлтээр ГЕГ-аас албадан гаргуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад “зорчигчийн мэдүүлгээр” гаалийн хилээр орж ирсэн барааг УБТЗ ХНН оруулж ирсэн бараа гэж акт тавьсан байдаг юм.Иргэн хүн бараа оруулж ирээд УБТЗ ХНН-т худалдах, УБТЗ ХНН худалдан авах эрхтэй гэтэл зорчигч буюу иргэн хүний гаальд мэдүүлэн оруулж ирсэн барааг УБТЗ ХНН торгууль ногдуулсан байгааг шүүх огтоос анхааран үзсэнгүй.Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т “”мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” гэж заасан бөгөөд “зорчигч” гэж мэдүүлсэн байхад УБТЗ ХНН гэж акт тавьсан нь үндэслэлгүй болохыг шүүх анхаарсангүй. Жишээ татвал, хавтаст хэргийн 161 дүгээр талд буй нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0086729-т “мэдүүлэгч нь “Нансалмаа” гэх иргэн /РД: НИ61080201/гаалийн хилээр бараа оруулж ирсэн байх бөгөөд 73.335.42 төгрөгийн барааг шууд 28/13 дугаартай актад оруулж тооцсон мөн дээрх иргэний нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134795 нэмэлт маягтаар 24.143.45 төгрөг, /162 дахь тал/, мөн нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134796 нэмэлт хуудсаар 146.071.49 төгрөгийн, нэвтрүүлэх барааны мэдүүлэг 0134797 нэмэлт хуудсаар 129.223.03 төгрөгийн барааг УБТЗ ХНН-т хамааруулсан байгааг шүүх зөв гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл энэ иргэн бараа оруулж ирээд УБТЗ ХНН дэлгүүрээр зарж борлуулсанд ямар учраас УБТЗ ХНН гаалийн татварыг нь төлөх үүргийг үүсгээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Мөн хэрэгт авагдсан баримтын дүн нь ямар ч байдлаар тооцож үзсэн 28/13 дугаартай актын үнийн дүнтэй таарахгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагч нь өөрийн хийсэн тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй, актын дүнг яаж гаргасан нь тодорхойгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсүрэн, байцаагч Г.Энхжаргал, Д.Дорж нар Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 2009-2012 онд Монгол Улсад импортоор оруулж ирсэн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, “...импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдүүлсэн” гэх зөрчил тогтоон, гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 28/13 дугаар актаар 301,220,320.33 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн, 90,366,096.10 төгрөгийн торгууль, нийт 391,586,416.43 төгрөгийн төлбөр ногдуулсан, нэхэмжлэгчээс “...БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан 1949 оны “Хэлэлцээр”-ийн 8 дугаар зүйлийн “д, ж, и”, 9, 10 дугаар зүйлүүдэд “татвар үл ногдуулах”-аар заасан, ... уг олон улсын гэрээний дагуу татвар төлөх ёсгүй ... /байхад/ татвар ногдуулсан нь хууль бус ...уг акт нь Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 болон Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... бүрдүүлэлтийн дараахь шалгалт нь УБТЗ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийн өөрсдийнх нь 400 горимоор оруулж ирсэн барааны баримтад үндэслэн хийгдсэн..., 1949 оны Хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын импортолсон бүх бараа гаалийн болон бусад татвараас чөлөөлөгддөггүй, уг нийгэмлэг нь зарим нэр төрлийн бараанд гаалийн болон НӨАТ төлсөөр ирсэн, ... акт хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харъяа Замын-Үүд дэх “Жинчин төв”, Зүүнхараа, Сайншанд дахь “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв”, Улаанбаатар дахь “Шугам замын худалдааны Бизнес төв” зэрэг худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажилладаг байгууллагууд нь 2009-2012 онд “... хүнсний бүтээгдэхүүн, тавилга, хэрэгсэл, цахилгаан бараа... ” гэх мэт бараа материалыг Монгол Улсад импортоор оруулж ирсэн, дотоодод худалдсан, уг үйл ажиллагааны орлого нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн санхүүгийн тайлан бүртгэлд бүртгэгдэж, хуримтлагддаг, талууд эдгээр үйл баримтууд болон актаар тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Хэлэлцээр”-ээр үүсгэн байгуулагдсан, уг Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д “...төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр ... /Монгол Улсад/ нэвтрүүлэн оруулах...”-аар, 10 дугаар зүйлд “...төмөр замын орлого хийгээд мөн замаар болон 8 дугаар зүйлийн “д”-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил ... –д /Монгол Улсад/ байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулах”-аар тус тус заасан, дээр дурдсан төвүүдийн 2009-2012 онд импортолсон бараа материал нь уг хэлэлцээрээр “татвар үл ногдуулахаар тохирсон” бараа бүтээгдэхүүн биш, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ирээдүйд гадаад улсаас импортоор оруулж ирэх бүх бараа, материалыг “гааль татвар хураахгүйгээр” Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцоогүй, зөвхөн “...төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалууд”-ыг тухайлан зааж, гаалийн болон бусад татвараас чөлөөлөхөөр Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн “ж”-д нарийвчлан тусгасан байх тул “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн худалдаа, үйлчилгээний төвүүдийн импортоор оруулж ирсэн “хүнсний бүтээгдэхүүн” зэрэг нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй, “Улаанбаатар төмөр зам” ХНН эдгээр бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ гаалийн байгууллагад бүрэн мэдүүлж, гаалийн хилээр оруулж ирсэн тухай бүр холбогдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан Замын-Үүд дэх “Жинчин төв”, Зүүнхараа, Сайншанд дахь “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв”-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Золжаргал, Б.Ундрал, Б.Нарангарав, Д.Сэрээтэр нарын бичгээр гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тайлбар зэргээс үзвэл, нэхэмжлэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН нь маргаан бүхий актаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барааг “... олон улсын гэрээний дагуу гааль, татвараас чөлөөлөгдөнө” гэсэн ойлголттой байсан, үүний улмаас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг цаг тухайд нь бүрэн мэдүүлж, зохих татварыг ногдуулж, төлөөгүй гэх үндэслэлтэй байх тул “татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэж үзэхгүй, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 (2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-т заасныг үндэслэж гарсан хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий  2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 28/13 дугаар акт нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 (2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-д “...гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр, 293.2-т “... /дээрх/ зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр тус тус заасныг зөрчөөгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /маргаан бүхий актад/ тоо хэмжээ, нэр төрлийг дутуу мэдээлсэн гэсэн болохоос татвараас чөлөөлөгдөх ёсгүй бараа гэж акт тавиагүй болохыг шүүх анхааран үзсэнгүй”, “...гаалийн болон бусад татвараас зайлсхийх үйлдлийг санаатай хийсэн, эсхүл болгоомжгүй үйлдлийн обьектив талыг тогтоосон ... үндэслэлээ нотолсон баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Харин, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсгийн заалтыг дурдахдаа 293.1-т заасныг хольж бичсэн алдаа гаргасныг дурдаж, энэ нь техникийн шинжтэй алдаа байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... магадлалын үндэслэх хэсгээс үзвэл шүүх нэхэмжлэгч УБТЗ ХНН-ийг гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэж үзсэн” гэх гомдол, түүнчлэн, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нараас уг татварын хяналт шалгалтыг “Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08/13 дугаар удирдамжийн дагуу” явуулсан, уг үйл баримттай талууд маргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шалгалтын удирдамж хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Хуулиар тусгайлан чөлөөлөгдөхөөр зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд хуулиар тогтооосон татвар төлөх үүрэгтэй, уг үүргээс Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр чөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан “... Гаалийн ерөнхий газраас 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 01/04, 2012 оны 1 дүгээр сарын 2-нд 01/05, 2013 оны 1 дүгээр сарын 2-нд 01/10 дугаартай албан бичгээр УБТЗ ХНН гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байх үүргийг Гаалийн газар, хороодын дарга нарт өгсөн байдаг, ... хэн ч энэ талаар маргаагүй гаалийн байгууллага үгүйсгээгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН нь маргаан бүхий актын үнийн дүнгийн талаар анхан шатны шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... олон улсын гэрээгээр татвараас чөлөөлөгдсөн /байхад/ ... татвар ногдуулах акт тогтоосон” гэж тодорхойлсон, анхан шатны шүүх энэ хүрээнд маргааны үйл баримтуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4, 106.5-д тус тус заасан “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх”, “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэн байх тул маргаан бүхий актын үнийн дүнтэй холбоотой, анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...иргэн хүний гаальд мэдүүлэн оруулж ирсэн барааг “Улаанбаатар төмөр зам” ХНН торгууль ногдуулсан, ... тухайлбал, ... Нансалмаа гэх иргэн гаалийн хилээр бараа оруулж ирсэн байх бөгөөд 73.335.42 төгрөгийн барааг шууд 28/13 дугаартай актад оруулж тооцсон”, “...хэрэгт авагдсан баримтын дүн нь ямар ч байдлаар тооцож үзсэн 28/13 дугаартай актын үнийн дүнтэй таарахгүй байгаа, ... өнөөдрийг хүртэл хариуцагч нь өөрийн хийсэн тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй, актын дүнг яаж гаргасан нь тодорхойгүй байгаа” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан “...давж заалдах шатны ... шүүх ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх ...” шүүхийн эрх хэмжээнд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0209 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА