Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0538

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0538

Улаанбаатар хот

Д.Батбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээд Б.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Цэдэндамба нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Батбаатарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 23 дугаар зүйлийн 23.1.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.8-д заасныг баримтлан иргэн Д.Батбаатарын Шүүхийн шийдвэрийн дагуу надад ногдох үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, иргэн Д.Батбаатарын шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: ... 1. Иргэний   хэрэг   шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр ...үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 398 дугаар тогтоолын дагуу маргаан бүхий барилгын өмчлөх эрх, бүртгэлийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үүнийг дурдаж өгсөн мөртлөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тодорхой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн 2007 оны 147 дугаар магадлал, Дээд шүүхийн 2007 оны 398 дугаар тогтоолыг биелүүлэх явцдаа шийдвэр гүйцэтгэгч 1/ хууль зөрчиж явуулсан, буруу м.кв-аар хуваасан, илүү м.кв талбай нэхэмжлэгч Д.Батбаатар эзэмшиж байгаа. 2/ Иргэн Н.Банзрагч, Б.Цэенрэгзэн нарын өмчлөлд бүртгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Б.Алтанцэцэгээс гаргуулахаар ажиллагаа явуулж миний эрхэд халдсан зэрэг шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 440 дүгээр шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, биелэгдээгүй байгааг дурдаж өгсөн байтал шүүх анхаарч үзээгүй.

2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж тодорхой нэр томъёог хуульчилж өгсөн байхад Бүртгэлийн байгууллагын ямар захирамжилсан шийдвэр, захиргааны акт шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж, Бүртгэлийн байгууллагад даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Гуравдагч этгээд Б.Алтанцэцэгээс “шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, ...бүртгэлийн байгууллагын ямар захирамжилсан шийдвэр, захиргааны акт хууль зөрчсөн гэж үзэж Бүртгэлийн байгууллагад даалгаж байгаа нь ойлгомжгүй” хэмээн давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 147 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2007 оны 398 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч Д.Батбаатарыг маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 4 буудал дахь худалдаа үйлчилгээний зориулалттай дэлгүүрийн барилга өргөтгөлийн хэсгийг 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, урьд нь Н.Банзрагч, Б.Цэенрэгзэн нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж” шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрүүд болон шүүхийн магадлалыг гүйцэтгүүлэх талаар авсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрүүдийг тус тус биелүүлээгүйгээс гадна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус юм.

            Учир нь, хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байх шаардлагатай” гэж тодорхойлон нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн биед болон түүний орон байр, ажлын өрөөнд хийсэн үзлэгээр “тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиар олдоогүй” болох нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168/14 дугаар тогтоол болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Алтанцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР