Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

2023           02             15                                                     2023/ШЦТ/28                                  

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогч: М.Б,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.М

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б холбогдох эрүүгийн 2229000030037 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 3 хүүхэд, 1 зээгийн хамт Хөвсгөл аймаг, Галт сум, Рашаант 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Бн Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын өртөө” ХХК-ийн амрах байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Батзолтой маргалдаж зүүн нүд рүү нь гараар нэг удаа цохиж зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдэнд цэгцэлгээ хийсэн мэс заслын байдалтай гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2229000030037 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Батзолтой хамт гараад  манай компани машин ачуулах болсон. Тэгээд хагас сайны орой  ирээд бүтэн сайнд өнжөөд 11 дүгээр сарын 29-ний өдөр машинаа ирж авсан. Тэгээд би машин руугаа явах гэж байхад манай нэг залуу та манайд өнжчих би машиныг чинь аваад  ирье гэсэн. Тэгээд би Гончигсумлаагийн өрөөнд ороод хуурч хөөрөөд сууж байтал Батзол өрөөнд орж ирээд өчигдөр орой жаахан юм уучихсан чинь жин цохичихсон юм шиг байна бумба тавиулъя гээд тэр өрөөнд элэгний нухашны шил байсан. Тэгээд бид хоёрын дунд суухаар нь би цэвэр усны савнаас алган дээрээ ус авч байгаад нуруу хэсгээр нь шавшаад бумба тавих гэсэн чинь бузар шүлсээ надад няллаа хэзээ ингэж бумба тавьдаг юм гэж хэлсэн. Тэгээд би М.Батзолд хандаад чи ууж идэхээрээ овгор товгор болж үсчиж байдгаа боль гэж хэлсэн чинь хоолойноос боогоод авчихсан. Би зөрүүлээд бооход нь Гончигсумлаа босож ирээд салгасан. Тэгээд М.Батзолыг авч гараад М.Батзол буцаж орж ирээд тэнд байгаа эвхдэг төмөр сандал авч шидэхэд би бултсан хэрэв бултаагүй бол би оногдохоор байсан. Тэнд байсан бол цэвэр усны сав аваад шидэхэд би бас бултсан. Тэгээд байж байтал үсэрч ирээд улаан нүүр лүү минь нэг шаагаад авсан. Би юу ч дугараагүй. Баахан залуучууд М.Батзолыг аваад гарсан чинь та нар энэ бузрын дохтой пиздатай битгий харьц наадах чинь халдварт арьс өнгөний өвчтэй наад хулгайч чинь та нарт бүх юм халдаана. Наад цоохор хулгайчийг зайлуулаач наад цоохор хулгайчийг яахаараа ингээд найзлаад байдаг юм гэж хэлсэн. Би тэгэхэд юу ч хэлээгүй. Сүүлдээ би чихээ бөглөөд суусан. Тэр коридорт дуу нь хадаад байсан. Тэгээд байж байтал хүргэж ирсэн Сонгууль маань ороод ирсэн. Тэгэхэд М.Батзолыг таны машин руу шороо мод чулуу хийнэ компаниас зайлуулна гэсэн гэж надад Сонгууль хэлсэн. Би сэтгэл санаагаар нэлээн унасан байсан. Тэгээд өрөөндөө ороод бурхан багш яагаад намайг шийтгэж байгаа юм бэ гэж бодсон. Би 2020 оноос хойш ийм болсон. Сайхан залуу байсан юм. Төрийн албыг 10 жил удирдах албан тушаалд багын даргаас, хурлын нарийн бичиг гээд сум орон нутгаа удирдаж байсан. Хүнтэй маргаж зодолдох хүсэл надад байдаггүй. Тэгээд М.Батзолтой коридорт таараад чи арай л дэндүү хэлж байна даа өвчин хүнд хэлж ирэхгүй хийсэж ирдэг юм хоёулаа гараад уулзъя яахаараа чи хүний машин тэрэг оролддог юм адилхан жолооч хүн байж чи ямар ёс зүйгүй үйлдэл гаргадаг юм гэж хэлэхэд миний хадам аав Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга хүн байгаа чамайг би насаар чинь шоронд хатаана гэж хэлсэн. Би хариуд нь чиний хадам аав цагдаагийн дарга байхаараа зүгээр байгаа хүнийг шоронд хийж байдаг юм гэж хэлээд хойноос татахаар нь би баруун гараараа нэг удаа савсан. Би яагаад авч гарсан бэ гэхээр би шоронд орж явсан овгор гэж хэлээд өмнө нь хэд хэдэн удаа манай жолооч нартай асуудалтай байсан. Тэгээд би олон хүн харахаар онгироод байдаг юм байна хоёулхнаа уулзъя эр хүний ёсоор ярилцаад буруу ойлголцоод байгаа юм байлгүй гэж бодсон. Ноднин 11 сард Оюутолгой хорионд байхад М.Батзол архи уугаад ахиад өрөөнийхөө хүнтэй зодолдоод нөгөө хүнийх нь нүүрийг хүн харахын эцэсгүй болгочихсон гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгч Л.М миний бие иргэн Б.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн оролцож байгаагийн хувьд хохирогч М.Батзол нүдэн тус газраа цохиулж хүнд гэмтэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Гончигсумлаа /1-р хх-ийн 27-р тал/ Б.Доржсамбуу /1-р хх-ийн 29-р тал/ Г.Зол-Оргил /1-р хх-ийн 31-р тал/, Б.Сонгууль /1-р хх-ийн 33-р тал/, Шүүгдэгч Б.Батмөнх /1-р хх-ийн 23,27-р тал/ Хохирогч М.Батзол /1-р хх-ийн 20-р тал/ зэрэг гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Дээрх дурдсан байдлын шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын явцад энэ байдлыг тогтоохдоо шүүхийн шинжээчийн дүгнэлт 1-р хавтаст хэргийн 45-р хуудаст байгаа дүгнэлт гарсан. Гэхдээ энэ дүгнэлт гарснаас хойш 3 сарын дараа үзлэг гарсан учраас шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний биед хүнд гэмтэл учруулсан нь бодитой тогтоогдож чадаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Батмөнхийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугийн талаар миний үйлчлүүлэгч Б.Батмөнх шударгаар хүлээсэн бөгөөд маргаагүй болохыг дурдъя. Хохирлын тухайд мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилж байсан 3.200.000 төгрөгийг бүрэн төлсөн. Баримт хэрэгт байгаа. Сүүлд нэмж гаргасан хохирлын баримттай танилцлаа шүүгдэгч хэрэг гарснаас хойш ажлаа хийгээгүй. Өөрөө гурван хүүхэдтэй нэг зээтэйгээ амьдардаг хоёр хүүхэд нь оюутан нэг хүүхэд нь оюутны төлбөр төлөгдөөгүй учраас нэг жилийн чөлөө авсан байгаа. Гэсэн хэдий ч шүүгдэгч шүүхээр эцэслэн тогтоосон бодитой хохирол төлөхөө сая илэрхийлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Батмөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдож байгаа тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б гаргасан тайлбар, мэдүүлэгтээ:

Тухайн хэрэг болдог өдөр бид нар уучихсан байж байгаад согтолтын зэрэг бага байсан. Гончигсумлаагаар бумба тавиулах гээд орчихсон юм. Тэгэхэд тэр үед Б.Батмөнх өрөөнд нь байгаад бумба тавьж чадах хүн байна уу гэж асуухад би чадна гээд Б.Батмөнх тавихаар болоод Сонгууль шилэнд явж ирсэн. Нуруугаа гаргаад сууж байсан чинь амандаа ус балгаад шууд цацсан чинь өмдний ар руу ус орчихсон. Тэгээд би жин цохичихсон хүнийг ам шүлсээрээ хүйтэн ус цацаж бумба тавьдаг гэж ямар хүнээс үзээв би наадахаас чинь болоод янз бүрийн реакц өгөөд үхвэл яана гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Энэ хүнийг хэлэхдээ цоохор новш гэж хэлсэн. Түүнээс тэр хэлсэн шиг олон юм хэлээгүй. Зарим мэдүүлэг өгсөн хүмүүс дандаа энэ хүний найз нөхөд өрөөний хүмүүсээс нь мэдүүлэг авсан байсан. Би өрөөндөө ороод хоол идээд амраад хэвтээд орой Шинэтулга гэж эд нартай ачаанд явсан хүн ирчихсэн байхад би өрөөнөөс гарсан. Оруулж өгөх гээд явж байтал Б.Батмөнх хаалганыхаа гадна зогсож байсан тэгээд би Шинэтулгад хоол өгчихөөд буцаад өрөөндөө очоод ахиад гараад Шинэтулгын өрөө рүү орох гээд явж байхад хоёулаа уулзъя гэсэн. Тусгаарлалтын байрнаас гараад хашаа эргээд харанхуй газар ороод яасан гээд явтал би араас нь татаагүй Яасан юу ярих юм гээд хэлтэл нүд рүү цохисон. Нүднээс шингэн гоожоод нүд харанхуй болсон. Нүд сохолчихлоо гээд таттал чиний нөгөө нүдийг чинь сохлоод алаад хаячихсан ч яах вэ гэсэн. Би шоронд хатаана гэсэн зүйл яриагүй. Тухайн үед дарга руугаа ярьтал транс хоёрын цагаан хадны жижүүр эмч ирэхэд миний нүдний бүх юм гоожчихсон байсан. Санжаадорж байцаагч өөрөө ирж харсан. Манай дарга жолооч нар бүгд ирээд харсан. Миний нүдний доор нэг ч шалбараагүй зөвхөн хардаг хар нь нэвт юмаар хатгаад хаячихсан ямар ч харах боломжгүй болгочихсон. Хэрэв нүд маань ширгэхгүй бол энэ нүдээрээ байна. Харин ширгэчих юм бол өөр нүд хийлгэнэ. Над руу байцаагч нар хамгийн сайн хиймэл нүдээ тавиулчхаад гомдлоо нэх яг одоо тавиулчих гэж хэлж байсан. Би тэр үед дуугуй сонсож байсан. Б.Батмөнх эр хүн шиг залгаад ярьчих юм бол би ярилцаад хохирол төлбөрийн асуудал ярих гэж байсан. Тухайн үед Өмнөговь аймгийн эмч нарийн зөвлөгөөнөөр ороод миний нүд 50 хувь хараагүй гээд грүпп тогтоолгоод байж байхад нэг удаа залгасан. Тэрнээс хойш ахиж нэг ч яриагүй. Өмгөөлөгч нь ярьсан тэгэхэд би манай өмгөөлөгчтэй ярь гэж хэлээд тасалсан. Миний нэг нүд бүрэн хараагүй болсон учраас энд дасахад хэцүү байгаа. Хүүхэд маань надад халуун цай аваад ирэхэд би хальт бариад баримжаагүй болчихдог. Орой болохоор явахад хэцүү болдог. Даралт байнга ихэсгэдэг эмчийн хяналтад байгаа. Хагалгаа хийх эмнэлэг буюу Болор мэлмий рүү байнга явдаг. Цаашид ахиж хоёр сар болоод эмчийн хяналтад байдаг. Улаанбаатар хотод Болор мэлмийн эмнэлэг рүү хоёр сар тутам явдаг. Би хохирлоо гаргаж авмаар байна. Эмчилгээний зардал, хохирол,  эмчилгээтэй холбоотой зардал үүнээс Б.Батмөнх надад анхан шатны эмнэлгүүдэд тос чихээд оёход 3.200.000 төгрөг өгсөн. Нийт надад 7.687.033 болсноос Б.Батмөнх надад 3.200.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4.487.033 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөлөгчдөө өгсөн 2.000.000 төгрөг, компаниас эрүүл мэнд болон нийгмийн даатгалын төлбөрт төлсөн 16.644.713 төгрөг, нийт 33.131.746 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, олох ёстой байсан цалинг нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Гомдолтой байна, нэг нүд хоёр нүд шиг гүйцэж хардаггүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдал шүүгчийн ширээн дээр байгаа хоёр хавтас бүхий бичмэл нотлох баримт хуулийн хүрээн цуглуулж бэхжүүлсэн ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчилгүй цуглуулж бэхжүүлсэн бичиг баримт байна. Эдгээр бичмэл нотлох баримтаас үзэхэд Б.Батмөнхийн хувьд холбогдсон хэрэг нь өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу гэмт хэрэг мөн юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан 1.1 дээр  заасан гэмт хэрэг мөн гэж үзэж байгаа учраас энэ гэмт хэргийн улмаас Б.Батмөнхийн үйлдлийн улмаас шалтгаант холбоотойгоор миний үйлчлүүлэгч М.Батзолын эрүүл мэндэд хүнд буюу зүүн нүд хараагүй болох үйлдэл нь шалтгаант холбоогоор бүрдэж эрүүл мэндэд учирсан хохирол авсан байна. Энэ гэмт хэргийн улмаас авсан М.Батзолын гэмтэл нь бүрэн дүүрэн эдгэрээгүй байгааг дурдаж хэлмээр байна. Мөн дээрээс нь сэтгэл санааны хувьд гүн хямралтай байгаа. Нойр хоолондоо муу цочиж давчдаж сэрдэг. Шөнө унтаж чаддаггүй. Урд өмнөх шигээ гэр бүлийн харилцаа нь инээж хөхрөөд байсан бол энэ байдал үгүй болсон гэдгийг өмгөөлөгч миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнтэй уулзахад энэ нөхцөл байдлыг ярьсаар байсан. Өнөөдөр замдаа ирэхдээ энэ байдлыг нь ярихад сэтгэл зүйн хувьд хүнд байна гэдэг нь яригдсан. Иргэний хуулийн 229 дугаар  зүйл болон мөн хуулийн 497, 505 зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон гэж үзэж байгаа учраас Б.Батмөнхөөс эдгээр зүйл заалтад зааснаар дараах хохиролд нөхөн төлж хохиролгүй болгож өгнө үү гэсэн санал оруулж байна гэв. Нэгдүгээрт эмчилгээний зардал гэж байгаа. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар 7.687.033 төгрөгөөс одоо авсан зардал нь 3.200.000 төгрөг байгаа учраас үлдэгдэл 4.487.033 төгрөг гаргуулах эрх зүйн үндэслэлтэй. Үүнийг гаргуулж өгөөч гэж хүсэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн эдийн бус хохирол нэхэмжлэх эрхийг хуульд заагаад өгсөн байдаг. Сэтгэл санааны хохирол буюу сэтгэц гутралтай эмгэгтэй байгаа юм уу гэдгийг 2-р хавтаст хэргийн 30 дугаар хуудаст авагдсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот дүгнэлтээр энэ хүн сэтгэцийн эмгэгтэй болсон юм байна. Тухайн гэмтлээс шалтгаалаад өнөөдрийн хугацаанд сэтгэцийн эмгэг гэдэг зүйлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод өгсөн байгаа. 30-р хуудаст авагдсан 50 тоот шинжээчийн дүгнэлтээс эдийн бус хохирол нөхөн төлүүлж өгөөч. Эдийн бус хохирлыг яагаад 10.000.000 төгрөгөөр тооцсон гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна байх. Сэтгэцийн байдалтай холбогдуулж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэнэ гэж ярих ёстой байх. Сэтгэл зүйн эмчилгээг Өмнөговь аймагт хийгддэггүй. Улаанбаатар хотын хувийн эмнэлэгт хандаж хийлгэдэг. Судалгаа хийгээд үзэхэд хамгийн багадаа 6-аас дээш удаа хийгддэг. Давтамж нь 14 удаагийн оролтыг төгс эмчилгээ гэж үздэг. Тэгэхээр хамгийн бага удаагийн зардал буюу 5 удаагийн эмчилгээ хийе. Тэгээд бид мөнгийг нь дийлэхгүй байна гэдэг үндэслэлээр 10.000.000 сая төгрөгийн тооцоо гарч ирнэ. Нэг удаагийн явалт эмчилгээ нь 14-21 хоногийн хугацаатай эмчилгээ хийдэг юм байна. Энэ эмчилгээний нэг удаагийн зардал нь 2.000.000 төгрөгөөр эмчлэгддэг. Тэгэхээр 5 удаагийн эмчилгээ хийлгэж сэтгэл гутрал сэтгэл санааны хямралаас гарахад 10.000.000 төгрөгийн 5 удаагийн эмчилгээ хийлгэх тул 10.000.000 төгрөгийг гаргуулж өгөөч гэдэг байдлаар тооцоолж гаргасан. Өмгөөлөгчийн зардал гэдгийг хуулиар гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг хуульч хүн би шударга хэлье. Хэрэв би хохироогүй бол өмгөөлөгч гэдэг хүнийг аваад өнөөдөр энэ шүүх хурлын танхимд авчраад цаг завыг нь үрээд байж байхгүй байсан гэдэг үүднээс энэ хүн өмгөөлөгчийн зардал гэдэг зүйлийг хүн чанар байвал төлөх хэрэгтэй байх. Хүн чанар байхгүй учраас төлөхгүй гэдэг зүйл яригдаад байна. Ямар ч байсан өмгөөлөгчийн зардлыг 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Олох ёстой байсан ашиг орлого гэдэг зүйлийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн чадвар алдсанаас хойш олон ёстой байсан цалин хөлсний зөрүү нэг бол олох ёстой байсан ашиг орлого гэдэг юмыг энэ хуулиар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Одоо бол олох ёстой байсан ашиг орлого гэдэг зүйлийг нэхэхгүй байгаа. Үүнийг баримтыг нь бүрдүүлж байгаад олох ёстой байсан ашиг орлого гэдэг зүйлийг жичтэй нэхэмжилье гээд зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын өр гэдэг зүйлийг энэ хүнээс гаргуулж авна. Нийгмийн даатгалын шимтгэл гэж энэ хүн ажил хийгээгүй учраас компанийн өр болгож нэхсэн байгаа. Өр гэдэг зүйлийг хаанаас харах вэ гэхээр хэргийн хүрээнд сар болгон дэталчлаад гаргаад өгчихсөн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл нь гарт олгох ёстой байсан цалин хөлс хэд вэ гэдгийг санхүүгийн хүнээр гаргуулаад Дорнын өртөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тулгаар гэрчийн мэдүүлэг авхуулсан. Бид нар нарийн зүйлийг мэдэхгүй учраас энэ хүнээр гэрчийн мэдүүлэг авхуулъя гээд цагдаагийн байгууллагад хандсаны улмаас Тулгаас гэрчээр хэргийн хүрээнд байцаалт мэдүүлэг авсан байгаа. Тулгын мэдүүлгээр өнөөдрийн байдлаар 65-72 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нь 22.967 юань. 77-49 ӨМЭ гэсэн түрээсийн хоёр автомашин дээр 9.222 юань мөнгө байгаа. Энэ хоёрыг нэмж нэгтгээд юанийн ханш 517 төгрөгөөр тооцогдож байгаа учраас Монгол мөнгөнд хөрвүүлэхэд 16.644.713 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр гарч байгаа. Энэ нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлгээс сайн анхаарч үзэх нь зүйтэй байх. Хэрэв гаргах боломжгүй байна гэж үзвэл энэ байдлыг нээлттэй үлдээж өгөөч. Цаашид иргэний журмаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэж хүсэж байна. Нийт нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэл зэргийг хамааруулаад нийт 33.131.746 төгрөгийг өнөөдрийн байдлаар нэхэж байна. Цаашид зүүн нүдний хагалгаа гэдэг нь бүрэн эдгээгүй. Хүйтний улирал болохоор цаашид даамжирч өөр хор уршиг илэрч гарч ирээд байгаа тийм учраас ахиад хагалгаа хийнэ. Уг нь ширгээхгүй байх эмчилгээ хийгдээд эмчийн хяналтад байгаа. Хэрэв ширгэчих юм бол энэ нүдийг нь аваад хиймэл нүд хийлгэх ёстой юм байна лээ. Хиймэл нүд нь монголдоо их үнэтэй байдаг. Эмчилгээтэй холбоотой цаашид зардал гарах нь тодорхой. Өнөөдрийн байдлаар 2 сард нэг удаа Улаанбаатар хот руу очиж Болор мэлмий эмнэлэгт очиж үзүүлэх зайлшгүй шаардлагатай ингээд үзэхэд энэ өдрөөс цаашид эмчилгээний зардал гарах нь тодорхой байгаа учраас цаашид эмчилгээтэй энэ гэмтлээс үүдэлтэй гарах зардлыг мөн иргэний журмаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Гэм буруугийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэж байгаа юм байна. Шүүхээ хүндэтгээд хохиролтой холбоотой баримтаар дуусгая гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20, 21, 2 дугаар хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.З өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны 211 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

-Өмнөговь-БОЭтөвийн 7/22 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Батмөнхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

-Хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

 

-Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 59, 81, 82, 83, 84-87, 88, 89, 90 дэх тал/,

 

-Хохирогч М.Б тгаргаж өгсөн эмчийн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хохирлын баримтууд, эмчилгээ хийлгэсэн баримтууд, хөдөлмөрийн гэрээ, автомашин түрээслэх гэрээ,  Монгол цувааны цалингийн задаргаа /1 дүгээр хавтаст хэргийн 94-97, 98, 99, 100-102, 107-153, 2 дугаар хавтаст хэргийн 129-139, 60-80, 142-176, 93, 94-97,98, 124-127, 100-121 дэх тал/ 

 

-Хохирогч М.Б Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 103-106 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Т өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

 

-Өмнөговь-БОЭТөв 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №50 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 829 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 32 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /2 дугаар хавтаст хэргийн 52-55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, “Цагаан хад” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын өртөө” ХХК-ийн амрах байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Батзолтой маргалдаж зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж, зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний торлог, шилэнцрийг гэмтээсэн шарх, зүүн нүдний шилэнцрийн гоожилт, зүүн нүдний хараа бууралт /хуруу мэдрэх төдий/ гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Батзолын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Дорнын өртөө ХХК-ийн амрах байранд хамт нэг гэрт ажилладаг Даваасүрэн, Сайханбилэг өөр нэрийг нь мэдэхгүй хэдэн жолооч нартай нэг шил 0.75 граммын архи хамт хувааж уугаад байж байтал миний урьд жин цохиулсан бололтой бие өвдөөд байсан юм. Тэгээд би бумба тавиулах хүн хайгаад өөр хүн амардаг өрөөнд яваад ортол Гончигсумлаа гэдэг хүний өрөөнд нь ортол Б.Батмөнх гэдэг хүн надад бумба тавьж өгөх болоод надад бумба тавьж өгөхдөө усаар миний биеийг норгоод байхаар нь хэзээ байхад хүнд бумба тавихдаа усаар норгож тавьдаг юм бэ гэж хэлэхэд чи тэгвэл өөр хүнээр бумба тавиулахгүй яасан юм бэ гээд надад хэлэхээр нь чи тэгвэл бумба тавьж чадахгүй юм бол яах гэж надад бумба тавьсан юм гэж хэлээд бид хоёр муудалцаад би босоод заамдаад автал намайг зөрүүлээд заамдаад авахаар нь тэнд байсан хүмүүс салгах хооронд би нэг удаа шанаан тус газарт нь хальт цохисон. Тэгээд би өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд ороод буцаад коридорт гараад иртэл Б.Батмөнх коридорт тааралдаад байж байтал Зол пиздаа минь хоёулаа нэг уулзаад гаръя гэхээр нь тэгье гэж хэлээд бид хоёр гадаа гараад явж байтал түрүүлээд Б.Батмөнх яваад байхаар нь чи тийшээ явж яах гээд байгаа юм бэ гээд би Б.Батмөнх гэдэг хүний цамцны ар талаас татаад хоёулаа энд уулзъя гээд татаад автал эргээд баруун гараараа миний зүүн нүд рүү гараараа ганц цохиод автал миний нүд шир гэж дуугараад юм харахгүй болчихсон. Тэгтэл чи ганц цохилт даахгүй битгий ингэж шалчигнаад бай гээд хэлэхээр нь би чи миний нүд сохолчихлоо шүү дээ гээд хэлтэл битгий худлаа яриад баашлаад байгаарай гээд байсан... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Өөр хэн нэгэн байгаагүй бид хоёр байсан...Миний зүгээс санал гомдолтой. Миний нүд цаашдаа юм харахгүй юм шиг байна...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн  20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б 2022.02.08-ны өдөр дахин өгсөн “...Миний зүгээс гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл миний зүгээс эмчилгээний зардал мөнгө цаашдаа нүдээ хийлгэх мөнгөө гаргуулаад авмаар байна. Би одоогоор хохирол гомдолтой холбоотойгоор баримтаа гаргаж өгсөн байгаа цаашдаа дахиад гарах хохирлоо нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/ 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б 2022.11.09-ний өдөр дахин өгсөн “...Би нэмэлтээр гаргасан 829 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүүн нүд өнөөдрийн байдлаар зуун хувь хараагүй болж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар тавин хувь алдалтаар нэг жилийн хугацаатай группт тогтоосон байгаа гэтэл намайг хараагүй гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан байгаад миний зүгээс санал нийлэхгүй миний зүгээс гомдолтой байна...Миний зүгээс эмчилгээний зардал мөнгөө цаг тухайд нь авч баймаар байна. Би хохирол гомдолтой холбоотой баримтаа нэмэлтээр гаргаж өгнө...Би эмчилгээ хийлгэсэн зардал мөнгө болох 3.326.850 төгрөг... гэмтэл авснаас болж би ажлаа хийж чадахаа больж ямар ч орлого байхгүй болсон би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны нийт арван нэгэн сарын хугацааны буюу нэг сарын дундаж орлого байхгүй болсон. Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны нийт арван нэг сарын хугацааны буюу нэг сарын дундаж орлого 3.000.000 төгрөг болж байгаа юм...Миний зүгээс маш их гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо яаралтай маш хурдан гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г н өгсөн “...Батзол коридорт Б.Батмөнх гэдэг залууг элдвээр хэлээд чи муу арьсны өвчтэй хамуурсан новш гэх мэтээр элдвээр доромжлоод орилоод байсан...Тэгээд орилохоо больсны дараа Б.Батмөнх манай амрах өрөөнөөс гараад яваад өгсөн. Тэгээд би амрах өрөөндөө байж байтал Г.Зол-Оргил манай өрөөнд орж ирээд нөгөө хоёр чинь зодолдчихсон байна шүү та харж байхгүй яасан юм бэ гээд ороод ирэхээр нь би амрах өрөөнөөс гараад Б.Батмөнх байдаг өрөөнд яваад ороход М.Батзолын нүднээс цустай холилдсон юм гэмээр цустай ягаан өнгөтэй юм гарчихсан намайг Батмөнх цохисон гээд  байсан...Б.Батмөнх манай өрөөнд сууж байхдаа миний арьсны цоохор өвчнөөр намайг доромжилдог чи хэн бэ гээд манай өрөөнд дуугүй сууж байснаа манай өрөөнөөс гараад явсан. Би бодохдоо арьсны өвчнөөр доромжилсон гээд уурлаад цохисон байх...М.Батзол нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Б.Батмөнх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.З өгсөн “...М.Б надад хэлэхдээ энэ миний нүд сохолчихлоо гээд надад хэлэхээр нь би нүд рүү нь харахад нүднээс нь цусархаг зүйл бага зэрэг гоожсон гараараа нүдээ дарчихсан байсан.Тэгээд би М.Батзолыг амрах өрөөнд оруулаад байж байтал дарга цагдаа нарыг дуудна гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С өгсөн “...миний нүд сохолчихлоо гээд коридор дотор орилоод зогсож байхаар нь яваад очиход коридорт нүднээс нь бага зэрэг цус гарчихсан М.Батзол зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь гараад гадаа гараад бие засаад орж ирэхэд өрөөндөө орчихсон байсан... Хэрэглэсэн байсан архи усандаа болоод хүн доромжилсон байх...Б.Батмөнх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн “...коридорт М.Б ах цоохор новш муу ДОХ-той пиздаа гэх зэргээр элдвээр хэлээд орилоод яваад байсан. Тэгээд удаагүй чимээгүй болчихсон. Тэгтэл гаднаас М.Батзол, Б.Б хоёр орж ирээд байж байтал М.Батзол энэ миний нүд рүү цохиод сохолчих шиг боллоо гээд надад хэлэхээр нь нүд рүү нь харахад бага зэрэг цус гарсан байдалтай нүдээ гараараа дарчихсан байж байсан. Тэгээд удаагүй дарга нар ороод ирэхээр нь өрөөндөө орсон...М.Батзол нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болоод хүн доромжилсон байх...Б.Батмөнх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-р тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг Дорнын өртөө ХХК-ийн тусгаарлах байрны Гончигсумлаа бид хоёр байж байхад М.Батзол өрөөнд орж ирээд урд шөнө архи уусан чинь жин цохиулсан юм шиг байна надад бумба тавиад өгөөч гээд хэлэхээр нь би бумба тавьж өгөх гээд гарын алган дээрээ цэвэр ус хийгээд М.Батзолын нуруун дээр нь шавшиж байгаад бумба тавьж өгтөл М.Батзол чи бузар шүлсээрээ намайг норгож бумба тавилаа гээд надад уурлаад байхаар нь би чиний арьс түлээгүй бол их юм шүү өдий насны хүн байж уусан идсэнээ зөв шингээвэл яасан юм бэ битгий согтуурхаад байгаарай гээд би хэлсэн юм. Тэгтэл надад уурлаж босож ирээд намайг боогоод авахаар нь зөрүүлээд М.Батзолыг боогоод автал Гончигсумлаа босож ирээд бид хоёрыг салгаад М.Батзолыг өрөөнөөс гаргаад байж байтал буцаж орж ирээд энэ муу цоохор хулгайчийг ална гээд надад уурлаж орж ирээд над руу эвхдэг төмөр сандал аваад шидэхэд шидсэн сандал нь намайг оноогүй. Тэгтэл өрөөнд жолооч нар орж ирээд Батзолыг бариад автал Батзол бариад авсан жолоочоос мултарч ирээд миний шанаан тус газарт нэг удаа хальт цохиод автал тэнд байсан жолооч нар Батзолыг тэвэрч аваад өрөөнөөс гаргаад байж байтал цоохор муу хулгайчийг ална наадах чинь дохтой муу новш та нар наад хүнээсээ дох тусна гэх зэргээр элдэв муу үгээр хэлсэн юм...Сонгууль надад хэлэхдээ Батзол чамд уурлаад энэ муу цоохор новшийн барьж байгаа машины мотор цохиулаад зайлуулна гэж байна гээд надад хэлэхээр нь би юмыг яаж мэдхэв гэж бодоод өрөөнөөс гараад машин дээрээ очих санаатай гартал Батзолтой би коридорт тааралдаад чи миний өвчнөөр намайг доромжилсон хоёулаа гаръя гээд би хэлсэн юм. Тэгээд би түрүүлээд өрөөнөөс гараад явж байгаад чи өвчин зовлонгоор арай дэндүү доромжиллоо. Би чамд ганц нэг цохиулсандаа харамсаад байх юм байхгүй гэж хэлээд би түрүүлээд урд нь ороод явж байтал хойноос хүрч ирээд миний цамцны зүүн талын захнаас угз татахаар нь би баруун гараа саваад эргээд цохичихсон юм. Тэгтэл Батзолын зүүн нүдний доод зовхины доод талаас цус гараад эхэлсэн. Тэгтэл Батзол чи миний нүдийг сохолчихлоо гээд надад хэлэхээр нь нүд рүү хартал зүүн нүдний гадна арьс нь шалбарсан байдалтай харагдсан. Тэгтэл би чамайг насаар чинь шоронд хатаана гээд надад хэлээд цагдаа дуудна гэж хэлээд түрүүлээд өрөөндөө яваад орчихсон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай “...1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 829 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.3.6.7. М.Батзолын биед зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний торлог, шилэнцрийг гэмтээсэн шарх, зүүн нүдний шилэнцрийн гоожилт, зүүн нүдний хараа бууралт /хуруу мэдрэх төдий/ гэмтэл учирчээ. Дээрх нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.М.Батзолын зүүн нүдний гэмтэлд цаашид дахин эмчилгээ хийлгэх болон хагалгаанд орох шаардлагатай эсэхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-55 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б биед “зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний торлог, шилэнцрийг гэмтээсэн шарх, зүүн нүдний шилэнцрийн гоожилт, зүүн нүдний хараа бууралт /хуруу мэдрэх төдий/” гэмтэл үүсч,

дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 35 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогч М.Батзолын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хохирогч М.Б нь шүүгдэгчийг “...цоохор муу хулгайчийг ална наадах чинь дохтой муу новш та нар наад хүнээсээ дох тусна” гэх зэргээр алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсанаас хохирогчид хүнд гэмт учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь “...М.Б аваад гарсан чинь та нар энэ бузрын дохтой пиздатай битгий харьц наадах чинь халдварт арьс өнгөний өвчтэй наад хулгайч чинь та нарт бүх юм халдаана. Наад цоохор хулгайчийг зайлуулаач наад цоохор хулгайчийг яахаараа ингээд найзлаад байдаг юм гэж хэлсэн... Тэгээд өрөөндөө ороод бурхан багш яагаад намайг шийтгэж байгаа юм бэ гэж бодсон... М.Батзолтой коридорт таараад чи арай л дэндүү хэлж байна даа өвчин хүнд хэлж ирэхгүй хийсэж ирдэг юм хоёулаа гараад уулзъя яахаараа чи хүний машин тэрэг оролддог юм адилхан жолооч хүн байж чи ямар ёс зүйгүй үйлдэл гаргадаг юм гэж хэлэхэд миний хадам аав Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга хүн байгаа чамайг би насаар чинь шоронд хатаана гэж хэлсэн. Би хариуд нь чиний хадам аав цагдаагийн дарга байхаараа зүгээр байгаа хүнийг шоронд хийж байдаг юм гэж хэлээд хойноос татахаар нь би баруун гараараа нэг удаа савсан. Би яагаад авч гарсан бэ гэхээр би шоронд орж явсан овгор гэж хэлээд өмнө нь хэд хэдэн удаа манай жолооч нартай асуудалтай байсан. Тэгээд би олон хүн харахаар онгироод байдаг юм байна хоёулхнаа уулзъя эр хүний ёсоор ярилцаад буруу ойлголцоод байгаа юм байлгүй гэж бодсон...” гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б нь “...Б.Батмөнх...намайг Шинэтулгын өрөө рүү орох гээд явж байхад хоёулаа уулзъя гэсэн. Тусгаарлалтын байрнаас гараад хашаа эргээд харанхуй газар ороод яасан гээд явтал би араас нь татаагүй яасан юу ярих юм гээд хэлтэл нүд рүү цохисон...” гэж тус тус мэдүүлж байгаа мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогчийн биед бумба тавих үйл явц болж өнгөрсөний дараагаар хэн алин нь өрөө өрөөндөө байж байгаад шүүгдэгч нь “хохирогч М.Б олон хүн харахаар онгироод байдаг юм байна хоёулхнаа уулзъя эр хүний ёсоор ярилцаад буруу ойлголцоод байгаа юм байлгүй гэж бодоод хохирогчтой кордидорт таарахдаа уулзья гээд хамт гадаа гарч...цохиж байгаа үйлдлийг сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогчийн гаргасан үйлдэлд дүгнэлт хийж байгаа байдал, цаг хугацаа өнгөрсөн байдал зэрэг нь Санаа сэтгэл цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн “хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсон” гэх шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг гэж өөрчлүүлэх тухай тайлбар дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.Батзолын биед “зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний торлог, шилэнцрийг гэмтээсэн шарх, зүүн нүдний шилэнцрийн гоожилт, зүүн нүдний хараа бууралт /хуруу мэдрэх төдий/ гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 52-55 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Б хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 17 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Батзол нь “...эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 7.687.033 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч 3.200.000 төгрөгийг нөхөн төлсөн учир үлдэх 4.487.033 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, өмгөөллийн зардалд 2.000.000 төгрөг, “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн төлбөрт 16.644.713 төгрөг, нийт 33.131.746 төгрөг”-ийг нэхэмжилсэн.

 

1 дүгээр хавтас хэргийн 107-153 дугаар талд хохирлын 3.536.467,99 төгрөгийн, 2 дугаар хавтас хэргийн 129-139 дэх талд хохирлын 3.327.196 төгрөгийн, 2 дугаар хавтас хэргийн 193-196 дахь талд хохирлын 1.110.800 төгрөгийн, нийт 7.974.463,99 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 7.687.033 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч 3.200.000 төгрөгийг нөхөн төлсөн учир үлдэх 4.487.033 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 4.487.033 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Батзолд олгохоор, хохирогчид өмгөөлөгч авах эсэх нь түүний эрх бөгөөд хохирогч нь өмгөөллийн зардалд 2.000.000 төгрөг төлсөн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй тул хохирогчийн нэхэмжлэлээс “өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг”-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн төлбөрт 16.644.713 төгрөгийг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...сэтгэл заслын 5 удаагийн үйлчилгээ авах, 1 удаагийн үйлчилгээ нь 14-21 хоног үргэлжлэх ба 1 удаагийн үйлчилгээ нь 2.000.000 төгрөгийн үнэтэй учраас сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна... “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн төлбөрт 16.644.713 төгрөгийг нэхэмжилж байна...мөн цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой орлогоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан боловч сэтгэл заслын 1 удаагийн үйлчилгээ нь 2.000.000 төгрөг болохыг, тухайн үйлчилгээнд 5 удаа орох шаардлагатай болохыг, компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлөгдсөн болохыг нотолсон баримт, лавлагаа хэрэгт авагдаагүй учир тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иймд хохирогч М.Батзол нь “цаашид гарсан эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого, “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн гэх төлбөр” зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч М.Батзол нь шүүгдэгч Б.Батмөнхөөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б. нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, “Цагаан хад” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын өртөө” ХХК-ийн амрах байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Батзолтой маргалдаж зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж, зүүн нүдний нэвт гэмтэл, зүүн нүдний торлог, шилэнцрийг гэмтээсэн шарх, зүүн нүдний шилэнцрийн гоожилт, зүүн нүдний хараа бууралт /хуруу мэдрэх төдий/ гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт  зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

  

Улсын яллагч нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...өрх толгойлсон, сургуулийн насны 3 хүүхэд, 1 зээгийн хамтаар амьдардаг, ар гэрээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь тул түүний хувийн байдлыг харгалзан үзээд, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.Батмөнх нь шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа...” гэх саналыг,

 

Хохирогч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргаж байгаа саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаан багийн Засаг даргын 2021.12.10-ны өдрийн 101 дугаартай “Рашаант багийн иргэн Б.Батмөнхийг эхнэр нь 2019 оноос орхиод явсан. Сургуулийн насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэж тодорхойлсон шүүгдэгчийн хувийн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан, шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ач овогт Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 4.487.033 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б олгохоор, хохирогчийн нэхэмжлэлээс “өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн төлбөрт 16.644.713 төгрөгийг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарсан эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого, “Дорнын Өртөө” ХХК-д түрээсээр эзэмшдэг 77-49 ӨМЭ, 65-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн компаниас эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн төлсөн гэх төлбөр” зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч М.Б нь шүүгдэгч Б.Б жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН