Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/432

 

     

 

     2023          5            25                                     2023/ШЦТ/432

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,  

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Х-н Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-н Э /регистрийн дугаар **/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***”-ны хойд замд “**” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ж-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “***”-ны хойд замд “**” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ж-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нөхрийн дүүгийн машиныг жолоодон гэрээсээ гараад 3 дугаар эмнэлэг орох зорилгоор явж байтал дэнж дээр 2 хүн гар өргөөд доошоо дөхөөд бууя гэхээр нь суулгаад “*-ны хойд замаар зүүнээс баруун тийш чиглэлд  зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал зүүнээс баруун тийш чиглэлд  явж байсан 1 болон 2 дугаар эгнээний машинууд зогсчихсон байхаар нь хартал урдаас хойш чиглэлд 2 хүн намайг хараад зогсож байсан. Тэгэхээр нь явах гэж байгаа юм байна гэж ойлгоод гарц руу ортол хойд талаас урагш чиглэлд 1 эмэгтэй хүн гүйгээд гараад ирэхээр нь тоормос гишгэсэн боловч машины жолооч талын крыло хэсэг рүү мөргөөд цааш унасан. Би зогсоод бууж очтол ёолоод байсан. Хажуугаас хүмүүс цагдаа, түргэнд дуудлага өг гэхээр нь дуудлага өгсөн. Түргэний машин ирж үзчихээд гэмтэл орж үзүүлээрэй гээд явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Гэмтэл орж үзүүлэхэд хөл нь цуурсан гэж байсан. Би хохирогчид зураг авахуулахад 36.000 төрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эм авахад 90.550 төгрөг, таягны 30.000 төгрөг, данс руу нь 300.000 төгрөг шилжүүлсэн. Цаашид эмчилгээнд нь дахиад мөнгө өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ гараад дүүгийнхээ гэрт очих гээд “**”-ны хойд талын замд хойноосоо урагш чиглэлд явган хүний гарцаар гарах гэхэд зүүнээс ирж байсан машинууд 1 дүгээр эгнээнд зам тавьж өгөөд зогсохоор нь би урдуур нь гараад 2 дугаар эгнээнд орж байтал “**” маркийн автомашин зогсохгүй ирээд миний 2 хөл дээгүүр дайраад зогссон. Би хойш газарт унасан. Машин зогсоод жолооч нь бууж ирээд зүгээр үү гээд байсан. Түргэнд болон цагдаад дуудлага өгөөд түргэн ирж үзээд гэмтэл орж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би явган гарцтай замаар ганцаараа гарч байсан. Жолооч ардаа 2 хүнтэй явж байсан. Гэмтэлд очиж үзүүлэхэд зүүн хөлийн 3 дугаар үе гэмтсэн, ахар сүүл гэмтсэн гээд гипсдэж өгсөн. Ослын улмаас хөл, гар өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

ргэний хариуцагч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “....Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ослыг хэрхэн гарсан талаар мэдэхгүй. Тухайн үед би эмнэлэгт байсан. Манай том ахын эхнэр Э тухайн өдөр миний нэр дээр байдаг миний эзэмшлийн автомашиныг унаж явсан. Тухайн өдөр манай ээжид хоол зөөж явж байгаад осол гаргасан. Энэ автомашин нь хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр оношилгоонд орж тэнцсэн бөгөөд осолд нөлөөлөх хэмжээний эвдрэл гэмтэл байгаагүй. Автомашинд эвдрэл гэмтэл байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...М.Ж-н биед зүүн хөлийн өлмийн 2, 3 дугаар шивнүүрийн хугарал, завь хэлбэрт ясны цууралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Шүүгдэгч Х.Э-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 47 дахь тал/,

 эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Х.Э-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч М.Ж-н “...Х.Э-с 3.000.000 төгрөг хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт  хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Х.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч М.Ж-н “...шүүгдэгч Х.Э-с 3.000.000 төгрөг хүлээн авсан, гомдол, саналгүй...” гэх хохирол хүлээн авсан баримт хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан байх ба шүүгдэгч Х.Э нь шүүх хуралдаанд “...Гэмтэл орж үзүүлэхэд хөл нь цуурсан гэж байсан. Би хохирогчид зураг авахуулахад 36.000 төрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эм авахад 90.550 төгрөг, таягны 30.000 төгрөг, данс руу нь 300.000 төгрөг шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Мөн шүүгдэгч Х.Э нь Эрүүл мэндийн даатгалын газарт М.Ж-д үйлчилгээ үзүүлсний төлбөрт 209.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Х-н Э-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Х.Э нь хохирогч М.Ж-д нийт 3.518.550 /гурван сая таван зуун арван найман мянга таван зуун тавь/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын газарт Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасны дагуу 209.000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг нөхөн төлөн болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Э энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ