Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/434

 

   

 

 

      2023         5           25                                    2023/ШЦТ/434

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,  

шүүгдэгч Ц.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Ц-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Г овогт Ц-н З- /регистрийн дугаар ***/. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.З- нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна авто зогсоол дээр хохирогч Б.Т-г хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ц.З- нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны гадна авто зогсоол дээр хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр би өөрийн найз охин У-ын хуучин найз залуу болох Т-тэй Өргөө кино театрын баруун талын 2 дугаар байрны гадна буюу гэрийнхэн гадаа очиж ярилцсан. Учир нь Т- У-н хоёр уулзсан гэж У-ын ангийн хүүхдээс сонссон байсан юм. Тэгэхээр нь би Т-гээс болсон зүйлийн талаар асууж ярилцаж учраа олсон. Тухайн орой 23 цагийн орчим над руу Т- “би олон дүү нартай хүн шүү, та нар дуугүй байхад битгий давраад байгаарай” гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчим Т- рүү залгаад гараад ир гэж хэлэхэд Т- гэрээсээ гарч ирээд миний машины арын суудал дээр суусан. Би У-н танай гэрт очиж хоносон юм уу, чи яагаад мессежээр хэгжүүрхээд байгаа юм гэж асуусан. Гэтэл Т- “яадаг юм, чи тэгээд яах юм” гэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь 2 удаа алгадсан. Т- нүүрээ хамгаалахаар нь би гар доороос нь дахиж нэг удаа алгадсан чинь Т- машинаас буугаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Би хохирогчтой хэрэг гарахын өмнөх өдөр утсаар маргалдсан. Тухайн үед надад “би олон дүүтэй хүн шүү, гай болов” гэж хэлсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 140.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр З- над руу залгаад гараад ир, гэрийн чинь ойролцоо байна гэж хэлэхээр нь би юм бодолгүй гэрээс гараад машинд нь ороод хойд суудал дээр нь суусан. Гэтэл З- суудлаа хойш болгоод миний цээж хэсэг рүү дарж хөдөлгөөнгүй болгож байгаад миний нүүр рүү алгадаж, олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг санахгүй байна. Би биеэ хамгаалаад доош тонгойход миний хамраас цус гарсан. Гэтэл машины ард суудал дээр сууж байсан чинь найзыгаа “чи урагшаа сууж бай” гэж хэлээд З- миний хажууд суусан. Тэгээд “миний гар чамд зөөлдөөд байна уу” гэж хэлээд тухайн найздаа “урд хайрцгаас үнэртэй ус аваад өг” гэж хэлсэн. З- үнэртэй усаараа намайг цохисон. Тэгээд найздаа араас дорцов аваад өг гэж хэлэхээр нь би айгаад  машины хаалгыг онгойлгож зугтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр над руу манай найз З- залгаад уулзъя гэж хэлэхээр нь уулзахаар болсон. Бид хоёр Өргөөгийн арын замд машинаа байрлуулаад зогссон. З-, Т-г дуудсан. Удалгүй Т- гэх залуу гарч ирээд машины арын сандал дээр суусан. З- сандлын түшлэгийн дэрийг аваад эргэж хараад ярилцсан. З- Т-гийн нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадсан. Дараа нь З- утас аваад өг гээд урагш харсан. Т- гэх залуу машинаас буугаад зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Б.Т-гийн биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2  хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүгдэгч Ц.З-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.З- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ц.З-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.З- нь хохирогч Б.Т-д эмчилгээний зардалд нийт 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг төлж барагдуулсан талаарх баримт хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан байх ба хохирогч Б.Т-гийн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Ц.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.З- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт Ц-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.З-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.З- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ