| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0067/э |
| Дугаар | 2022/ШЦТ/66 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жийдэг овогт Энхжаргалын холбогдох 2326000000070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Цэмцгэр төвд туслах ажилтан ажилтай, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 24-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Жийдэг овогт Энхжаргалын Болдхуяг /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “...******* нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 21-06 тоот хашааны гадна ******* хоёр гараараа хүзүү орчмоос заамдаж, нүүрэн тус газарт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...би гэрт нь очсон чинь манай эгч бас миний утас болон Фейсбүүк чат бүгдийг блок хийсэн байсан тэгэхээр нь би хоёулаа учраа олъё ярилцъя гээд гэрт нь очсон чинь *******ийн ээж, 2 дүү бас 3 найз нь байсан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг блок хийж байгаа юм бэ?” гэсэн чинь ******* гаръя гэхээр нь гарсан чинь чи миний найзуудын дэргэд намайг шившиг болгож доромжиллоо гээд намайг 2 гараараа заамдаад авсан. Тэгэхээр нь чи угаасаа намайг ингэж зоддог биз дээ гэсэн чинь чамайг алсан ч яадаг юм гээд хэл амаараа хэсэг хэрүүл хийсэн. Тэгээд байж байтал толгойгоороо миний нүүр лүү мөргөчихсөн. Тэгээд миний 2 хамраас цус гараад ирсэн чинь намайг тавьчихсан. Тэгээд цус гараад байсан чинь яана аа намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад яаж байгаа бэ гэсэн чинь яахын гээд тоохгүй байсан. Би уйлаад сууж байсан чинь цаашаа явчихсан. Тэгэхээр нь би араас нь дуудсан чинь миний хайчих чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд би машиндаа очоод гэрлээ асаагаад харсан чинь миний хамар цаашаа чихэгдээд орчихсон байсан. Би хамрын цусаа цаасаар арчаад ...араас нь яваад очоод миний хамар цөмөрчихсөн байна чи энийг сороод гаргаад өг гэж хэлсэн чинь гаргаж соруулаад байж байсан чинь *******ийн найз Одко хүрч ирсэн чинь Болдхуяг энэ хамрын цөмөрхийг яаж гаргадаг юм бэ гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд машины гадаа тамхи татаад зогсоод байхаар нь би хаалгаа онгойлгоод чи дахиад сороод энэ цөмөрхийг гаргаад өг гэсэн чинь орж ирээд дахиад хэсэг сорж байгаад буугаад явчихаар нь би гэр лүүгээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би оройн 19 цаг өнгөрч байхад *******ийнд утсаар тоглох гээд очиход ...Болдхуягийн найз охин Отгонсүрэн гаднаас орж ирсэн. Тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь ******* хоёулаа гаръя гээд дагуулаад гарсан. Тэгээд би утсаараа тоглоод сууж байтал *******ийн ээж намайг цаад 2 чинь машин дотор хэрүүл хийгээд байна салгачих гэж хэлсэн. Би гарсан чинь хашааны гадаа машин дотор тэр 2 суучихсан ******* *******ийн хамрыг сороод байж байсан. Юу болсон талаар асуухад хамар нь цаашаа чихэгдчих шиг боллоо гээд харахад хавдчихсан байсан. Тэгээд сорж байсан юм гэж надад хэлсэн. Тэр 2 намайг гарахад хэрүүл маргаан хийгээгүй байсан болохоор би *******ийг аваад буцаад гэр лүү нь орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай “Үзүүлэгч *******ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Аравйхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,
Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч “...******* нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 21-06 тоот хашааны гадна ******* хоёр гараараа хүзүү орчмоос заамдаж, нүүрэн тус газарт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ийн “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...тэгээд гэртээ оччихсон байсан чинь утсаар залгаад дарамтлаад байхаар нь би гэрт нь очсон чинь манай эгч бас миний утас болон Фейсбүүк чат бүгдийг блок хийсэн байсан. Тэгэхээр нь би хоёулаа учраа олъё ярилцъя гээд гэрт нь очсон. Би чи яагаад намайг блок хийж байгаа юм бэ гэсэн чинь ******* гаръя гэхээр нь гарсан чинь чи миний найзуудын дэргэд намайг шившиг болгож доромжиллоо гээд намайг 2 гараараа заамдаад авсан. Тэгэхээр нь чи угаасаа намайг ингэж зоддог биз дээ гэсэн чинь чамайг алсан ч яадаг юм гээд хэл амаараа хэсэг хэрүүл хийсэн тэгээд байж байтал намайг толгойгоороо миний нүүр лүү мөргөчихсөн. Тэгээд миний 2 хамраас цус гараад ирсэн чинь намайг тавьчихсан. ...Тэгээд би машиндаа очоод гэрлээ асаагаад харсан чинь миний хамар цаашаа чихэгдээд орчихсон байсан. Би хамрын цусаа цаасаар арчаад ...араас нь яваад очоод миний хамар цөмөрчихсөн байна чи энийг сороод гаргаад өг гэж хэлсэн чинь гаргаж соруулаад байж байсан чинь *******ийн найз Одко хүрч ирсэн чинь Болдхуяг энэ хамрын цөмөрхийг яаж гаргдаг юм бэ гэсэн чинь мэдэхгүй гэсэн тэгээд машины гадаа тамхи татаад зогсоод байхаар нь би хаалгаа онгойлгоод чи дахиад сороод энэ цөмөрхийг гаргаад өг гэсэн чинь орж ирээд дахиад хэсэг сорж байгаад буугаад явчихаар нь би гэр лүүгээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч ******* “....Би оройн 19 цаг өнгөрч байхад Болдхуягийн очиж бид 2 утсаар тоглох гээд очиход Болдхуягийн ээж, дүү нарын хамт гэртээ байсан. Тэгээд сууж байтал Болдхуягийн найз охин Отгонсүрэн гаднаас орж ирсэн. Тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн тэгсэн чинь Болдхуяг хоёулаа гаръя гээд дагуулаад гарсан тэгээд би утсаараа тоглоод сууж байтал Болдхуягийн ээж намайг цаад 2 чинь машин дотор хэрүүл хийгээд байна салгачих гээд хэлсэн би гарсан чинь хашааны гадаа машин дотор тэр 2 суучихсан ******* *******ийн хамрыг сороод байж байсан тэгэхээр нь би юу болсон талаар асуухад хамар нь цаашаа чихэгдчих шиг боллоо гээд харахад хавдчихсан байсан. Тэгээд сорж байсан юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 21-06 тоот хашааны гадна ******* хоёр гараараа хүзүү орчмоос заамдаж, нүүрэн тус газарт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийн хөнгөрүүүлэх нөхцөл байдал тогтоогдсон буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Отгонсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жийдэг овогт Энхжаргалын Болдхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жийдэг овогт Энхжаргалын Болдхуягийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР