Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

             Улсын яллагч Ц.Нэргүй,

     Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэгэлцэг овогт ******* ******* холбогдох 2326000950073 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р багийн 48-04 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Бэгэлцэг овогт ******* ******* /РД-ЙЙ04270506/,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р багийн Арц 27 тоотод байрлах иргэн Н.Өлзийтогтохын гэрт унтаж байсан Б.Аптангэрэлийн өмчлөлийн 480,000 төгрөгний үнэ бүхий “Realme 9 рго” загварын цэнхэр өнгийн гар утас 1 ширхгийг нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, хохирогч ******* “... Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р багийн 39-07 тоотод байх гэрээсээ гараад тус сумын 4-р багт байх Н.Өлзийтогтох гэх айлд Эрдэнэчимэг гэх ахтайгаа хамт очсон. Тэднийд очсон чинь Н.Өлзийтогтохынх 2 охинтой байж байсан. Тэнд очоод бид хоёр дэмий яриад 4 шил архи хувааж уусан юм. Би сүүлдээ нэлээн согтоод тасраад унтаад өгсөн байсан. Би босоод утсаа аваад ярих гэтэл миний гар утас алга болчихсон байсан. Би тэнд байгаа Эрдэнэчимэг, Өлзийтогтох, айлын хүүхдүүдээс асуутал чамайг унтаж байхад хамгийн сүүлд чи хажуудаа тавьчихсан байсан шүү дээ гэсэн. Би тус айлд хаячихсан юм болов уу гэж хайгаад үзтэл огт байхгүй байсан. Би согтуу байхдаа гар утсаараа нэг их оролдоогүй юм. Би гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь Отгонтогтох гэх залууг дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй тэр ирэхээр нь би асуутал тэрээр би шөнө гарахад чиний гар утас чинь хажууд чинь байсан. Би нэг оролдож кодыг нь гаргахгээд чадахгүй болохоор нь буцаагаад чиний өвөр лүү хийгээд гараад явсан. Би эндээс хадмындаа очиж хоносон гэж надад ярьсан. Би тэр өдөржин тэр айлд утсаа хайгаад айлын бүх хүмүүсээс асуутал огт гарч ирээгүй. Сүүлдээ хүмүүс тоглоод нуучихсан юм бодоод хүлээгээд байсан чинь бүр гарч ирээгүй. Тэгээд гар утсаа алдсан гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

             Хохирогч ******* гаргаж өгсөн “имэй1: 862132061838171, имэй2: 862132061838163” гэсэн гар утасны хайрцагны зураг баримт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

          Юнител ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5-1//2228 дугаартай “86213206183871 имэй кодтой утсанд 88814705 дугаарыг 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 2023 оны 03 дугаар сарын 13-ны хооронд ашигласан байна. 88814705 дугаарын эзэмшигч ******* ******* /ЙЙ04270506/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум шарга 1.” гэсэн албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч М.Долгорсүрэнгийн “...Алтангэрэл нь 2023 оны 02 дугаар сарын 12- ны шөнө 23 цаг өнгөрч байхад бид нар орондоо орчихсон байхад манай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р багийн Арц 27 тоотод байх гэрт маань Охинтогтох, Эрдэнэчимэг нарын хамт ирсэн. Тухайн үед манай гэрт ээж Өлзийтогтох, *******, Эрдэнэчимэг, Охинтогтох бид нар байсан. ...М.******* гэх охин миний төрсөн дүү байгаа юм. Одоо нөхөр хүүхэдтэйгээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байгаа. Тухайн үед Алтангэрэлийг гар утсаа алдаж манайд хонох үед хамт байсан. Харин тэр 88814705 гэсэн дугаарыг бол саяхнаас л бариад байгаа юм шиг байна лээ. Хэд хоногийн өмнөөс энэ дугаараас залгаад байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-46 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 42 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай “... Realme 9 рго загварын цэнхэр өнгийн 128 GB багтаамжтай, сэв зураасгүй шинэвтэр гар утасны үнэлгээ нийт 480,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 30-40 дүгээр хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 37-40 дүгээр хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч ******* учирсан хохирол “Realme 9 pro” маркийн хөх цэнхэр өнгийн гар утсыг хохирогч ******* 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/ хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/-ээр буцаан хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч Б.Алтангэрэл нь “гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул гомдол саналгүй байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 68 дугаар хуудас/-ийг гаргасан байна. Иймд  хохирогч ******* учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Бэгэлцэг овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч М.*******гийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн 169 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* зургаан сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.******* мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч М.******* оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтангэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэгэлцэг овогт ******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бэгэлцэг овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.******* мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч М.******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтангэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР