Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа /ҮД:0978/

Шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загдын Бадамханд, Бямбын Адъяахүү нарт холбогдох эрүүгийн 201626031248 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн шарын 13-10 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧБ68122005 /, Хэрээдий овогт Загдын Бадамханд,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийи хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Цагаан эргийн 2-11а оршин суух, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар үйлчлэгч ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:АЯ69022566/  Боржигон овогт Бямбын Адъяахүү нар нь :

- бүлэглэн, шунхайн сэдэлтээр иргэн Т.Эрдэнэцэнгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” баранд хамт орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Т.Эрдэнэцэнгэлийг согтуу биеэ авч явах чадваргүй байдлыг нь ашиглан картыг нь хулгайлан авч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвд байрлах “Хаан” банкны АТМ /бэлэн мөнгөний/ машинаас түүний 5050001009 дугаартай данснаас 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн 16 цаг 43 минутанд 950.000 төгрөг, 19 цаг 45 минутанд 500.000 төгрөг, 19 цаг 47 минутанд 35.000 төгрөгийг уншуулж, нийт 1.535.000 төгрөгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх 4 /,

Хохирогч Т.Эрдэнэцэнгэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр намайг  гэртээ байхад 17 цагийн үед манай эхнэр Д.Хулан ирсэн. Эхнэр бид 2 айл руу явахаасаа өмнө дэлгүүрийн өр болох 4000 төгрөгийг өгье гэж бодоод би эхнэрийнхээ цалингийн картыг аваад Хан-Уул дүүргийн 1 давхарын “ХААН” банкны АТМ дээр иртэл миний урд талд 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн зогсож байсан.  Би “та нар дугаарлаж байна уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад нэг таньдаг хүнтэй таарч 1 шил пиво уусан байсан болохоор гар салагнаад толгой өвдөөд байхаар нь урд зогсож байсан 3 хүнээс “ ахынх нь гар салганаад байна. Чи энэ картнаас мөнгө аваад өгөөч” гэж хэлэхэд “ тэгье” гэхээр нь би эхнэрийн картны нууц дугаарыг хэлж өгөөд, үлдэгдлийг нь “шалгачих” гэхэд нөгөө хүн “таны дансанд 1.600.000 төгрөг байна шүү дээ” гэхээр нь би гайхаад “ тийм их мөнгө байх ёсгүйдээ. За юу ч гэсэн надад 150.000 төгрөг аваад өгчих” гээд авсан. Тэгээд эхнэр рүүгээ залгах гэтэл гар утсаа гэртээ мартчихсан байсан болохоор нөгөө мөнгө авч өгсөн 3 хүнийг дуудаад “ бүгдээрээ хамт пиво ууя. Ах нь та нарыг даая ” гээд Дүүргийн хажууханд байдаг  бааранд орж би 200 гр архи уусан. Харин нөгөө 3 хүн архи, пиво уусан. Тэгсэн би удалгүй баарнаас ганцаараа гарч байгаагаа мэдсэн. Тэрнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна. Тасарчихсан байна лээ. Нэг мэдсэн гэрийнхээ хажуу талын эмийн сангийн урд талын шатан дээр сэрээд гэр рүүгээ ортол эхнэр “ чи хаачихав аа, мөнгө авсан уу, карт хаана байна” гэхээр нь өмднийхөө халаасыг уудалтал карт алга болчихсон байхаар нь дансаа шүүлгэтэл 1.400.000 төгрөг гарчихсан байсан. Би картаа хаана алдсанаа мэдэхгүй байна. Надтай хамт байсан хүмүүс л авсан байх…” гэжээ.  / хх 11-12 /,

Гэрч П.Отгончулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байх гэрээсээ эхнэр З.Бадамхандын ажил болох Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын газар дээр 15 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд ажил дээр нь байж байгаад орой 18 цаг болоод ажил тараад эхнэр З.Бадамханд, Б.Адъяахүү бид 3 гарсан. Тэгээд Б.Адъяахүү, эхнэр З.Бадамханд 2 дүүрэг дотор байдаг “ХААН” банккы АТМ-с мөнгө авах гээд үлдсэн. Би гадаа тамхи татаад зогсож байсан чинь нөгөө хоёр танихгүй ахын хамт гараад ирсэн. Тэгээд манай эхнэр З.Бадамханд бид хоёр урд нь алхаад Адъяахүү нөгөө ахын хамт араас алхаад явж байсан. Гэтэл Б.Адъяахүү араас орилоод “ энэ ах пиво авч өгье” гэж байна гэхээр нь би эхнэр З.Бадамхандад “ яах гээд байгаа юм бэ” гэхэд “ яадаг юм бэ” гэхээр нь тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй бааранд орсон. Ингээд бааранд ороод 4 шил пиво авсан. Нөгөө ах би пиво уудаггүй цагаан архи уудаг гэж хэлээд 400 грамм архи аваад бид 2 хувааж уусан. Би архитай хамт авсан нэг шил пивоо ууж дуусгасан. Ингээд би тухайн үед уусан архиндаа согтоод өгсөн байсан. Би тухайн өдөр эхнэрийн ажил дээр очихдоо ганцаараа нэг шил архи уугаад халамцуу ирсэн. Ингээд нэмж уугаад согтоод өгсөн байсан. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ харьсан, өглөө сэрсэн…” гэжээ. / хх 16 /,

Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлэ / хх 43-44 /,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 45-46 /,5050001009 дугаартай “Хаан банк”-ны дансны “Депозит” хуулга / хх 49-50 /,

Иргэний нэхэмжлэгч Д.Хулан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн юм. Манай нөхөр дэлгүүрт  өр тавьсан байсан ба миний картыг аваад өрөө  төлөхөөр явсан. Нөхөр бид 2 нэг түлхүүртэй болохоор нэг нэгнээ олохоо больсон. Тухайн үед нөхөр гар утсаа гэртээ орхиод явсан байсан.  Тэгээд нөхөр ирэхгүй хүлээж байтал орой 20 цаг 30 минутын орчим согтуу бороонд нороод газар унасан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь хувцас кармаг нь уудалж үзэхэд карт байхгүй байсан. Тэгээд маргааш нь нөхөр “ картнаас 150.000 төгрөг хүнээр авхуулаад тэр хүмүүстэйгээ хамт бааранд ороод сууснаа санаж байна ” гэж хэлсэн. Банкинд очоод хуулгаа хартал 1.535.000 төгрөг уншуулаад авсан байсан. Тухайн мөнгийг 3 удаа уншуулаад авсан байсан. Одоо  тэр хүмүүсээс 1.530.000 төгрөгийг  нэхэмжилж байна …” гэжээ. / хх 67-68 /,

Шүүгдэгч З.Бадамхандыг 2016.09.28-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 28-29 /,  2016.11.09-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32-34 /,

Шүүгдэгч Б.Адъяахүүг 2016.10.03-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37 /,  2016.11.09-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40-42 /,

Шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нарын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 64,65 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бадамханд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би анх “хулгайн карт юм шиг байна. Картныхаа үлдэгдлийг ч мэдэхгүй байна”  гэж хэлээд эхлэж санал гаргасан. Бааранд орж архи уух санааг хохирогч Т.Эрдэнэцэнгэл гаргасан.  Хохирогч Т.Эрдэнэцэнгэл биеэ авч явж чадахгүй унаад байсан ба карт нь халааснаас нь унахаар нь авчихсан юм. Анх миний утас руу Цагдаагаас яриад “ та ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэсэн. Тэгээд орж уулзаад бүх үнэнээ хэлсэн. Эрдэнэцэнгэлтэй уулзаж уучлалт гуйсан. Үйлдсэн гэмт хэргээ ойлгож, маш их гэмшиж байна. Буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Амьдралын минь байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адъяахүү мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэргээ ойлгож, маш их гэмшиж байна. Карт уншуулаад би 700.000 төгрөгийг нь авсан. Үүнийг буцааж өгсөн. Буруу үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нар нь бүлэглэн, шунхайн сэдэлтээр иргэн Т.Эрдэнэцэнгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” баранд хамт орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Т.Эрдэнэцэнгэлийг согтуу биеэ авч явах чадваргүй байдлыг нь ашиглан картыг нь хулгайлан авч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвд байрлах “Хаан” банкны АТМ /бэлэн мөнгөний/ машинаас түүний 5050001009 дугаартай данснаас 2016 оны 08-р сарын 29-ний өдрийн 16 цаг 43 минутанд 950.000 төгрөг, 19 цаг 45 минутанд 500.000 төгрөг, 19 цаг 47 минутанд 35.000 төгрөгийг уншуулж, нийт 1.535.000 төгрөгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-  Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх 4 /,

-  “…2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би эхнэрийнхээ цалингийн картыг аваад Хан-Уул дүүргийн 1 давхарын “ХААН” банкны АТМ дээр иртэл миний урд талд 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн зогсож байсан.  Би “та нар дугаарлаж байна уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад нэг таньдаг хүнтэй таарч 1 шил пиво уусан байсан болохоор гар салагнаад толгой өвдөөд байхаар нь урд зогсож байсан 3 хүнээс “ ахынх нь гар салганаад байна. Чи энэ картнаас мөнгө аваад өгөөч” гэж хэлэхэд “ тэгье” гэхээр нь би эхнэрийн картны нууц дугаарыг хэлж өгөөд, үлдэгдлийг нь “шалгачих” гэхэд нөгөө хүн “таны дансанд 1.600.000 төгрөг байна шүү дээ” гэхээр нь би гайхаад “ тийм их мөнгө байх ёсгүйдээ. За юу ч гэсэн надад 150.000 төгрөг аваад өгчих” гээд авсан. Тэгээд мөнгө авч өгсөн 3 хүнийг дуудаад “ бүгдээрээ хамт пиво ууя. Ах нь та нарыг даая ” гээд Дүүргийн хажууханд байдаг  бааранд орж би 200 гр архи уусан. Харин нөгөө 3 хүн архи, пиво уусан. Тэгсэн би удалгүй баарнаас ганцаараа гарч байгаагаа мэдсэн. Тэрнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна. Би картаа хаана алдсанаа мэдэхгүй байна. Надтай хамт байсан хүмүүс л авсан байх…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Т.Эрдэнэцэнгэлийн мэдүүлэг  / хх 11-12 /,

- “...Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байх гэрээсээ эхнэр З.Бадамхандын ажил болох Хан-Уул дүүргийн  Засаг даргын тамгын газар дээр 15 цаг өнгөрч байхад очсон. 18 цаг болоод ажил тараад эхнэр З.Бадамханд, Б.Адъяахүү бид 3 гарсан. Тэгээд Б.Адъяахүү, эхнэр З.Бадамханд 2 дүүрэг дотор байдаг “ХААН” банккы АТМ-ээс мөнгө авах гээд үлдсэн. Би гадаа тамхи татаад зогсож байсан чинь нөгөө хоёр танихгүй ахын хамт гараад ирсэн. Тэгээд манай эхнэр З.Бадамханд бид хоёр урд нь алхаад Адъяахүү нөгөө ахын хамт араас алхаад явж байсан. Гэтэл Б.Адъяахүү араас орилоод “ энэ ах пиво авч өгье” гэж байна гэхээр нь би эхнэр З.Бадамхандад “ яах гээд байгаа юм бэ” гэхэд “ яадаг юм бэ” гэхээр нь тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй бааранд орсон. Ингээд бааранд ороод 4 шил пиво авсан. Нөгөө ах 400 грамм архи аваад бид 2 хувааж уусан. Би архитай хамт авсан нэг шил пиво ууж дуусгасан. Ингээд би тухайн үед уусан архиндаа согтоод өгсөн байсан. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна.…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч П.Отгончулууны мэдүүлэг / хх 16 /,

- Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлэ / хх 43-44 /,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 45-46 /,

- 5050001009 дугаартай “Хаан банк”-ны дансны “Депозит” хуулга / хх 49-50 /,

“...2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн юм. Манай нөхөр дэлгүүрт  өр тавьсан байсан ба миний картыг аваад өрөө  төлөхөөр явсан. Тэгээд нөхөр ирэхгүй хүлээж байтал орой 20 цаг 30 минутын орчим согтуу бороонд нороод газар унасан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь хувцас халаасыг нь уудалж үзэхэд карт байхгүй байсан. Тэгээд маргааш нь банкинд очоод хуулгаа хартал 1.535.000  төгрөгийг 3 удаа уншуулаад авсан байсан …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Хулангийн мэдүүлэг / хх 67-68 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Хэрээдий овогт Загдын Бадамханд,  Боржигон овогт Бямбын Адъяахүү нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бадамханд, Б.Адъяахүү нарт оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, З.Бадамханд, Б.Адъяахүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар З.Бадамханд, Б.Адъяахүү нарт  оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж,  тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Бадамханд, Б.Адъяахүү нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД