Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“БД” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Гомдол гаргагч: “БД” ХХК

Хариуцагч: Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш.Д

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0008 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ш.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 125/2024/0033/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “БД” ХХК-аас Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр:

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус баримтлан “БД” ХХК-аас Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын Гурав.Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын 3.4.Аргачлалын дагуу тодорхойлсон барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн чиглэлийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тогтооно гэж заасан.

            Өөрөөр хэлбэл “БД” ХХК-ний дулааны ус дулаан дамжуулах төв барилга нь барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын аль зэрэгт хамаарахыг тухайн чиглэлийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тогтоох байтал үндэслэлгүйгээр дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамааруулсан нь үндэслэлгүй юм.

            3.2. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны 07 угаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1.1, 2.1, 2.2, 2.6, 3.2-д заасны дагуу “БД” ХХК нь өөрийн эзэмшлийн төв дамжуулах шугамын дагуу дээр нь “Эсба, ЗДТГ-ын чиглэлийн хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах даралт, температурын тохируулагч тоноглуулалд, ялтсан бойлерууд, насосууд зэрэг нарийн удирдлагатай техник тоног төхөөрөмжүүдийг байрлуулахад зайлшгүй 8,2*6,0м хэмжээтэй барилга буюу ЦДТ барьсан. Тус ЦДТ барьсан нь эерэг үйлчлэлтэй нийтийн эрх ашигт нийцсэн болно.

            3.3. Барилгын хяналтын улсын байцаагч нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02-00/08 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт удирдамжийн дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын хамтаар хяналт шалгалт явуулахдаа “БД” ХХК-д мэдэгдээгүй, албан шаардлага хүргүүлээгүй, гарын үсэг зуруулаагүй, тус шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэргийн оролцогч биш этгээд Ж.Э надад танилцуулсан, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, санал авах, тайлбар авах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй.

            3.4. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Хөдөө аж ахуйн салбарын болон хот, төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгаварт “... албан байгууллага, айл өрхүүдийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засварын ажлыг 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн хийж дуусгаж шалгаж, хүлээн авах...” гэх тушаал гарсан.

            Түүнчлэн тус тушаалын дагуу “БД” ХХК нь Ховд аймгийн М багийн нутаг дэвсгэр Эсба аймгийн Засаг даргын Тамгын газрын чиглэлийн хэрэглэгчдийн дулаан хангамжийг сайжруулах албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2024-09-05 өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зөвшөөрөл хүсэх тухай албан тоот өгсөн.

            Улмаар “БД” ХХК-аас тус барилгыг М баг, багийн нутаг дэвсгэрт ус дулаан дамжуулах төв барих ажиллагааг эхлүүлсэн.

            3.5. Ховд аймгийн Ж сумын Б багт байрлах “БД” ХХК нь Эрчим хүчний яамны сайдын тушаалаар жил бүр Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож өгдөг. Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Ховд аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож өгсний ажлаа төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэдэг.

            Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Онцгой комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16- ны өдрийн 29 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолоор “... Аймгийн Засаг даргын 2024 оны “Хөдөө аж ахуйн салбарын болон хот, төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ж сумын М, Ж сумын багуудад ус дулааны дахин дамжуулах төвийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж хэвийн горимд шилжүүлж ажиллахыг Дулааны “БД” ХХК-ийн захирал Д.Сурмаажавд үүрэг болгосон.

            Үүний дагуу Ус, дулааны дахин дамжуулах төвийг байгуулахад шаардлагатай газрын маргааныг мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргаж ажиллахыг аймгийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч /Х.Б/, Засаг даргын Тамгын газрын /Б.С/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Э.Т/ нарт даалгасан...” комиссын тогтоол гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс хэтэрхий нэг талыг барьж дулаан дамжуулах төвийн газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн эсэх, барилгыг ашиглалтад оруулах эсэх нь гомдлын шаардлагад шууд хамааралгүй гэж дүгнэн, дүгнэлт хийхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            3.6. “БД” ХХК-ийн Эсба болон аймгийн Засаг даргын тамгын газар чиглэлийн хэрэглэгчдийн халаалт дулааныг сайжруулах зорилгоор баригдаж, халаалт дулаан дамжуулах төвийн барилга барьсан нь яг хэний ямар байгууллагын эрх ашиг хөндөгдөж, хэн хохирсон болох нь тогтоогдоогүй, одоо тухайн байгууламж нь хэвийн горимоор үйл ажиллагаа явуулж байна.

            3.7. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ш.Д нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудас гаргахдаа “БД” ХХК нь техникийн нөхцөлөө авчихсан байхад мэдээлэл цуглуулах, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэхгүй дутуу шалгаж торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Тухайн барилга байгууламж нийтийн ашиг сонирхлын төлөө барьж ашиглалтад орж, олон аж ахуйн нэгж, байгууллага айл өрхүүдийн дулаанаар хэвийн хангаж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д тус тус заасныг зөрчсөнд  гомдолтой байна.

            Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0008 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ховд аймаг Ж сумын М багийн нутагт нийтийн эзэмшлийн талбайд “БД” ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дэх зүйлийн 2.2.1-д заасны дагуу 10.000 нэгж буюу /арван сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “БД” ХХК-аас эс зөвшөөрч “... аймгийн онцгой комиссын шийдвэрээр ус, дулаан дахин дамжуулах төвийн барилгыг барьсныг барилга эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр барилга барьсан...” гэх үндэслэлээр “Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2.2. Анхан шатны шүүхээс “... Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар барилга байгууламжийг төвөгшлөөр нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, бага төвөгшилтэй барилга байгууламж, дунд зэргийн төвөгшилтэй,өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж ангилдаг ба маргаан бүхий барилга нь Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дүгээр тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам-ын Дулааны сүлжээ, түүний барилга байгууламж хэсэг 3.18-т заасан дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна. Иймээс Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар дунд зэргийн төвөгшилтэй ангилалд хамаарах барилга байгууламжийг шинээр барихад тусгай зөвшөөрөл авахаар, 40 дүгээр зүйлийн40.1.16-д зааснаар Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх үүрэгтэй байна. Зөрчлийн хэргийн материалд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл гомдол гаргагч компани нь дулаан дамжуулах төвийн барилгын зураг, төсвөө батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй болох нь нотлогдсон, ... гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2,1, 2.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэхгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн зөрчлийг гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-д заасан торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй ...” гэх дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02-00/08 дугаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “БД” ХХК-д хяналт шалгалт явуулахад дараах зөрчил дутагдал илэрсэн байна. Үүнд:

            -Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүй эхэлсэн нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-д “барилга байгууламжийг шинээр барих”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.1-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих”,

            -Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

            2.4. Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2-32-01/122/01 дугаар барилгын ажлыг түр зогсоох тухай албан шаардлагаар[1] барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барилга угсралтын ажил эхэлж байгаа тул 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дээрх зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоож, шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, биелэлтийг гаргаж ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.

            2.5. Харин гомдол гаргагч “БД” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/139 дугаар албан бичгээр “Манай компани ус дулаан дахин дамжуулах төвийн барилгын газрын зөвшөөрлийг авахаар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид хүсэлт гаргахад эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын бүс дотор хийгдэж байгаа газар олгох шаардлагагүй гэсэн. Иймд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 350 дугаар албан бичгээр “... танай байгууллага нь шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоолгох хүсэлт, кадастрын зураг, холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй, хамгаалалтын зурвасыг тогтоосон захирамж шийдвэр гараагүй байна. Иймд шинээр дулаан дамжуулах төв, ЦТП барих газрыг манай газартай зөвшилцөж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх заалтын дагуу газар эзэмших зөвшөөрөл гаргуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна уу. Мөн Ховд аймгийн Ж сум М багт зөвшөөрөлгүйгээр шинээр дулаан дамжуулах төв, ЦТП барьж байгаа үйлдлээ таслан зогсоож, тус газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн актын биелэлтийг хангаж ажиллана уу” гэсэн хариуг гомдол гаргагчид өгсөн байна.

            2.6. Гомдол гаргагч “БД” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/139 дүгээр албан бичгээр[2] “ажил эхлэх зөвшөөрөл олгож өгөхөд тусламж хүсэх тухай” хүсэлтийг Ховд аймгийн Онцгой комисст гаргаж, Ховд аймгийн Онцгой комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Шуурхай арга хэмжээ авах тухай” 29 дүгээр тогтоолоор “... аймгийн Засаг даргын 2024 оны “Хөдөө аж ахуйн салбарын болон хот, төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ж сумын М, Жаргалан багуудад ус дулааны дахин дамжуулах төвийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж хэвийн горимд шилжүүлж ажиллахыг дулааны “БД” ХХК-д үүрэг болгосугай” гэжээ.

            2.7. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2-32-01/122/01 дугаар албан шаардлагаар гаргасан зөрчлүүдийг арилгах хүртэл хугацаагаар барилгын ажлыг түр хугацаагаар зогсоохоор мэдэгдсэн байхад гомдол гаргагч “БД” ХХК-аас барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, энэ талаар иргэн Э.А-оос 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “... зохих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байна” гэх гомдол мэдээллийг[3] Ховд аймгийн цагдаагийн газарт гаргаж, Ховд аймгийн цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор[4] зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар Ховд аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

            2.8. Улмаар маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч компанийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дэх зүйлийн 2.2.1-д заасны дагуу 10.000 нэгж буюу /арван сая/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсны дараа “БД” ХХК-д Эрчим хүчний үндэсний төвийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1081/2024 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт[5] олгогдсон байна.

            2.9. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна”, 10.1.3-д “дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж”, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-т “барилга байгууламжийг шинээр барих”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасан.

            2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авах тухай тэмдэглэлээр[6] гэрчээр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн  Б.Ж “...тус барилга байгууламж нь батлагдсан зураг төсөв болон ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах ангилалд багтах ба барилга байгууламжийн ангилал бага төвөгшилтэй барилга байгууламжид 15 МВт хүртэл хүчин чадалтай 1150 С хүртэл температуртай ус, усны 0.07 МПа хүртэл даралттай уур усны дулаан солилцуулагчтай дулаан хуваарилах төв багтаж байгаа тул хуулийн дагуу авна” гэж мэдүүлсэн байна.

            2.11. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 1.1-д “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг тогтоосноор барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах, барилгын салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилгын ажилд захиалагчийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах үндэслэл болно”, 3.1-д “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг энэ журмын нэгдүгээр хавсралтад зааснаар тогтооно” гэж, Дулааны сүлжээ, түүний барилга байгууламжийн дунд төвөгшилтэй барилга байгууламжид тус журмын нэгдүгээр хавсралтын 3.18-д “15 МВт хүртэл хүчин чадалтай 200оС хүртэл температуртай ус усны, 3.9 МПа хүртэл даралттай уур усны дулаан солилцуулагчтай Хэрэглэгч дулаан хуваарилах төв хоёрын байршлын өндрийн зөрүү нь 51 м-ээс ихгүй дулаан хуваарилах төв”  хамаарахаар заасан байна.

            2.12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “Холбогдогч дараахь эрхтэй: зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.10-д “хуульд заасан бусад” гэж заасны дагуу гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг дунд төвөгшилд хамаарах эсэх асуудлыг тодруулахаар шинжээч томилуулах болон нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан атал зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, тус эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ч мөн энэ талаар маргаж, холбогдох баримт нотолгоог гаргаагүй байна.

2.13. Иймд анхан шатны шүүхийн “... маргаан бүхий барилга нь Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын Дулааны сүлжээ, түүний барилга байгууламж хэсэг 3.18-т заасан дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна. Иймээс Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар дунд зэргийн төвөгшилтэй ангилалд хамаарах барилга байгууламжийг шинээр барихад тусгай зөвшөөрөл авахаар, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д зааснаар Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх үүрэгтэй байна ...” гэх дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй, эрх бүхий байгууллагаас “шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоолгох хүсэлт, кадастрын зураг, холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй, хамгаалалтын зурвасыг тогтоосон захирамж шийдвэр гараагүй байна ... шинээр дулаан дамжуулах төв, ЦТП барих газрыг манай газартай зөвшилцөж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх заалтын дагуу газар эзэмших зөвшөөрөл гаргуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна уу” гэж мэдэгдсээр байхад ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дулаан дамжуулах төвийн барилгыг барьсан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагчаас гаргасан шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгох тохиолдолд нийтэд энэ  төрлийн барилга байгууламжийг зөвшөөрөлгүй барьж болно гэсэн ойлголтыг төрүүлэх сөрөг үр дагавартай тул гомдол гаргагчийн “... техникийн нөхцөлөө авчихсан байхад мэдээлэл цуглуулах, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэхгүй дутуу шалгаж, торгох шийтгэл ногдуулсан, ... дулааны ус дулаан дамжуулах төв барилга нь барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын аль зэрэгт хамаарахыг тухайн чиглэлийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тогтоох байтал үндэслэлгүйгээр дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамааруулсан нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.14. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Онцгой комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Шуурхай арга хэмжээ авах тухай” 29 дүгээр тогтоолоор ус дулааны дахин дамжуулах төвийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж хэвийн горимд шилжүүлж ажиллахыг “БД” ХХК-д үүрэг болгосон байх хэдий ч гомдол гаргагч “БД” ХХК нь тус тогтоолын дагуу барилгын ажлыг гүйцэтгэхдээ хуульд тусгайлан заасан холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авахгүй байх үндэслэл болохгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэлгүйгээр барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан байх тул маргаан бүхий улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.15. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Тус ЦДТ барьсан нь эерэг үйлчлэлтэй, нийтийн эрх ашигт нийцсэн, ... аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ус дулааны дахин дамжуулах төвийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж хэвийн горимд шилжүүлж ажиллахыг үүрэг болгосон, ... хэрэглэгчдийн халаалт дулааныг сайжруулах зорилгоор халаалт дулаан дамжуулах төвийн барилга барьсан нь ямар байгууллага, иргэний эрх ашгийг хөдсөн болох, хэн хохирсон болох нь тогтоогдоогүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.16. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[7] хариуцагч улсын байцаагчаас холбогдогчийн мэдүүлэг авахаар “БД” ХХК-ийн захирал Д.С-н 9911****утасны дугаарт 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 05 минутад залгаж ярихад “Ховд аймагт байхгүй байна, бие төлөөлөгч томилж мэдүүлэг өгнө”, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[8] “БД” ХХК-ийн захирал Д.С-н 9911**** утасны дугаарт 2 дахь удаа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 18 минутад залгаж ярихад “би Ховд аймагт байхгүй байна, миний төлөөлөгч гадаад улсад эмчилгээнд явсан тул ирэхээр нь мэдүүлэг өгнө” гэсэн болох нь тогтоогдож байна.

2.17. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[9] “БД” ХХК-ийн захирал Д.С-с мэдүүлэг авсан, мөн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлээр[10] “БД” ХХК-ийн захирал Д.С-ийн бие төлөөлөгчөөр Ж.Э зөрчлийн хэргийн материалтай танилцсан байна.

2.18. Дээрхээс үзэхэд зөрчлийн хэргийн материалтай танилцсан Ж.Э нь би зөрчлийн хэргийн оролцогч биш байхад хэргийн материал танилцуулсан гэж маргаж буй тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн компанид хамааралгүй талаар улсын байцаагчид мэдэгдэж, “БД” ХХК-д итгэмжлэлийн асуудлыг мэдэгдэх боломжтой байсан боловч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-аас “... хяналт шалгалт явуулахдаа “БД” ХХК-д мэдэгдээгүй, албан шаардлага хүргүүлээгүй, гарын үсэг зуруулаагүй, тус шийтгэлийн хуудсыг зөрчлийн хэргийн оролцогч биш этгээд Ж.Э надад танилцуулсан, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, санал авах, тайлбар авах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.19. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн хяналтын цар хүрээ хязгаар нь маргаан бүхий Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх байдлаар хязгаарлагдах тул анхан шатны шүүхийн “... дулаан дамжуулах төвийн газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн эсэх, барилгыг ашиглалтад оруулах эсэх нь гомдлын шаардлагад шууд хамааралгүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй тул дүгнэлт хийхээс татгалзсан болно” гэх дүгнэлт буруу биш, энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхээс хэтэрхий нэг талыг барьж дулаан дамжуулах төвийн газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн эсэх, барилгыг ашиглалтад оруулах эсэх нь гомдлын шаардлагад шууд хамааралгүй гэж дүгнэн, дүгнэлт хийхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдолд шүүх дүгнэлт хийх боломжгүй.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 125/ШШ2025/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 55 дахь тал

[2] Хэргийн 132 дахь тал

[3] Хэргийн 37 дахь тал

[4] Хэргийн 41 дэх тал

[5] Хэргийн 95 дахь тал

[6] Хэргийн 51 дэх тал

[7] Хэргийн 64 дэх тал

[8] Хэргийн 65 дахь тал

[9] Хэргийн 73 дахь тал  

[10] Хэргийн 77 дахь тал