Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00042

 

     С.К-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэртэй, С.-К-н нэхэмжлэлтэй, Өлгий сумын цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

 

            Нэхэмжлэлд: “Би хүүхдийн цэцэрлэгт 15 жил ажилласан. Ажиллах хугацаандаа багшийн ажил үүргийг нэр төртэй, ёс зүйтэй биелүүлж, маш олон шагналуудыг хүртэж байсан. Гэтэл 2017 онд манай цэцэрлэгт шинэ эрхлэгч Н.А ирснээсээ хойш надтай ёс зүйгүйгээр харьцаж, намайг аль болох ажлаас гаргах гэж маш олон заль мэх хэрэглэж ирсэн. Захирал Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот тушаалаар “Хүүхдийн өглөөний хоол хүнсийг авахаар завдсан” гэж миний цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан гэвэл би тус цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Би хүүхдүүдийн бааж, шээснийг болон ангийг цэвэрлэх үүрэгтэй. Хүүхдүүдэд хоол өгөх, гал тогооноос авч ирэх нь үндсэн багш Т.Ө-ийн үүрэг.  Тус багшийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон зөрчилд надад хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Тиймээс захирлын 31 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.      

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус цэцэрлэгийн багш С.К нь багш Т.Ө-тэй нийлж хүүхдийн өглөөний хоолонд өгдөг боовыг 2 хувааж өгч үлдсэнийг хувьдаа завшдаг байсан нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тогтоогдсон. Иймд ажил олгогчийн зүгээс цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасны дагуу зөрчил гаргасан ажилтанд үндсэн цалинг 3 /гурав/ сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Туслах багш С.К нь нэхэмжлэлдээ ажиллах хугацаандаа багшийн үүргийг нэр төртэй, ёс зүйтэй биелүүлсэн гэж ичилгүй бичсэн байна. С.К нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд зодож танхайрсан учраас сахилгын шийтгэл авч ажлаас халж байсан. Гэтэл түүний эцэг, эх, хамаатан саднууд нь гуйсны дараа түүнийг өрөвдсөндөө туслах багшаар авч ажиллуулсан. С.К-д ёс зүйгүйгээр харьцсан зүйл огт байхгүй. Мөн С.К нь хүүхдийг хооллох, хоол хүнсийг авч өгөх асуудал надад огт хамаагүй бөгөөд багш Т.Өд хамаатай хэмээн бичсэн байна. Багшид хамааралтай зүйл туслах багшид ч гэсэн хамааралтай. Туслах багш нь багшид туслах үүрэгтэй. Т.Ө, С.К нарын гаргасан зөрчлийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн ба гаргасан алдаагаа зөвшөөрч, цаашид ийм зөрчил гаргахгүй гэдгээ бичгээр илэрхийлж байсан тул ажлаас халах шийтгэл хүлээлгээгүй. Түүнээс биш С.К нь урьд нь сахилгын шийтгэлтэй байсан ба хөдөлмөрийн гэрээнд заасан давтан зөрчил гаргасан байсан. Иймд С.К-д ногдуулсан сахилгын шийтгэл нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгожээ. 

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг харьцуулан, хамаарал бүхий байдлаар нь шинжлээгүйгээс хэргийн талаар буруу үнэлэлт дүгнэлт өгч, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан илт хууль бус шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь тушаалыг хүчингүй болгохдоо “...зөрчил тогтоогдоогүй, С.К хүүхдийн хоол хүнсийг аваагүй, авахыг завдаагүй байна” гэж буруу дүгнэсэн.

Тус цэцэрлэгийн багш ажилтай С.К нь багш Т.Ө-тэй нийлж хүүхдийн өглөөний хоолонд нь өгдөг боовыг 2 хувааж өгч үлдсэнийг хувьдаа завшдаг байсан нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тогтоогдсон. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч, хүсэлт хүртэл бичиж өгч байсан. Мөн Т.Ө, С.К нарын гаргасан зөрчлийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн ба гаргасан алдаагаа зөвшөөрч, цаашид ийм зөрчил гаргахгүй гэдгээ бичгээр илэрхийлж байсан. Уг нотлох баримтуудыг шүүх яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ огт тусгаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудын талаар үнэлэлт дүгнэлт хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан, нэг талыг баримтлан, хариуцагч талд дургүй гэдгээ харуулж шинжлэн судалсан. /хуралдааны бичлэгийг үзэх/  

Зөрчил гаргасан багш Т.Ө, туслах багш С.К нарыг албан өрөөндөө дуудаж ирүүлээд гаргасан зөрчлийн талаар тайлбар авахад С.К, Т.Ө нар нь “...сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд хүүхдэд өгөх нарийн боовыг 2 хувааж өгч, үлдсэнийг бид 2 цай уухдаа иднэ” гэдгээ хэлсэн. Энэхүү тайлбар авах ажиллагааг аудио бичлэгээр баримтжуулан авч, дараагаар нь цэцэрлэгийн арга зүйч Х.Ж-ээр тэмдэглэл үйлдүүлсэн. Уг аудио бичлэг болон түүнийг тэмдэглэсэн арга зүйч Х.Ж-ийн тэмдэглэлийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн ба шүүхийн шинжлэн судлах шатанд тухайн аудио бичлэгийг С.К нь өөрийнхөө дуу хоолой, өөрөө тэгж хэлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нотлох баримтыг ч гэсэн шүүгч илт нэг талыг баримтлан судалж, огт үндэслэлгүйгээр үнэлэхээс татгалзсанд маш их гомдолтой байна. Нотлох баримтын хамаарал бүхий байдлаар нь шүүх судлан дүгнээгүй, зөвхөн нэг талыг баримтлан нотлох баримтыг үнэлж төрийн байгууллагыг хохироож байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрч нар ч гэсэн зөрчлийг тогтоож өгсөн тул хууль, гэрээ, дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авсан байхад миний тушаал шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Мөн гэрч Т.Ө-ийн мэдүүлэгт яагаад үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэдгээ шийдвэртээ тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буруу дүгнэж, үнэлсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсгийг баримтлан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

            1. Ажилтан С.К нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох талаар гомдол гаргаж, үндэслэлээ “хүүхдийн өглөөний хоол хүнсийг авахаар завдсан гэж буруутгасан нь үндэслэлгүй, би туслах багшаар ажилладаг учир уг асуудал надад хамаагүй, үндсэн багшийн чиг үүрэгт хамааралтай асуудал, үндсэн багшийн буруутай үйл ажиллагаанаас болсон зөрчил” гэж тайлбарлан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгчээ.

            Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5, 2.2 дахь хэсгийн А, цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, тус цэцэрлэгийн туслах багш ажилтай С.К нь “2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрнаас хүүхдийн хоол хүнс авахаар завдаж, багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргасан” байх тул түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл дэх хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэсэн нэмэлт, “131 дүгээр зүйлийн 131.1.1” гэснийг “131 дүгээр зүйлийн 131.1” гэсэн өөрчлөлт, “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5,  2.2 дахь хэсгийн А” гэсний дараа “5.3” гэсэн нэмэлт, “цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь хэсэг” гэсний дараа “17.1” гэсэн нэмэлт оруулжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3,38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь эсрэг талын шаардлага, тайлбар, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ тайлбарлах, нотлох үүрэгтэй учраас анх гарсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл, агуулгыг өөрчлөхгүйгээр, нэмэлт үндэслэл дурдахгүйгээр гаргасан шийдвэрээ хууль зүйн техникийн хувьд зөвтгөн, энэ талаар шүүхэд баримт гаргаж тайлбарласныг буруутгах үндэслэлгүй байна. Ажил олгогчоос ажилтны гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчил, түүнд хариуцлага ногдуулсан тушаалын үндэслэлийг нотлохоор тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр тушаал, С.К-н 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн баримт 2 ширхэг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн иргэн Ж.А-ын өргөдөл, С.К-н өргөдөл, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн цэцэрлэгийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, С.К-н 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, хоолны шүүгээнд хадгалсан гэх ууттай боорцгийн гэрэл зураг, цэцэрлэгийн дотоод журам, цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгч, хариуцагч талын хүсэлтээр гэрч Т.Ө, Р.М нарыг шүүх хуралдаанд оролцуулсан байна.

 

            2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын цэцэрлэгт туслах багш ажилтай С.К нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцсан бүлгийн хүүхдүүдийн өглөөний хоолыг /боорцог/ зохих ёсоор бүрэн өгөөгүй, цэцэрлэгээс хүүхдийн өглөөний цайнд зориулж өгсөн боорцгийг хоёр хувааж, талыг нь хүүхдүүдэд өгч, талыг нь өөртөө хэрэглэхээр шүүгээнд далдлан тавьсан үйлдэл нь тус цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн /Дотоод журмаар хориглох зүйл/ 2 дахь хэсгийн /Сахилгын ноцтой зөрчил/ 15.2.3.-т “... ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан” гэсэн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажилтны гаргасан уг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч буюу тус цэцэрлэгийн эрхлэгч Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр газар дээр нь  илрүүлсэн бөгөөд уг зөрчлийн талаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр багш, ажилчдын хурал хийх[1], зөрчил гаргасан багш нараас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бичгээр[2] болон амаар[3] тайлбар авах зэргээр хангалттай шалгаж тогтоосон, түүнчлэн уг зөрчил гэрч Т.Ө-ийн /бүлгийн багш/ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Ажил олгогчоос уг зөрчлийг илрүүлснээс хоёр долоо хоногийн өмнөөс тус цэцэрлэгийн бүлгийн багш Т.Ө, туслах багш С.К нар нь хариуцсан бүлгийн хүүхдүүдийн өглөөний хоолыг /боорцог/ зохих ёсоор өгөөгүй, цэцэрлэгээс хүүхдийн өглөөний цайнд нь зориулж өгсөн боорцгийг хоёр хувааж, талыг нь хүүхдүүдэд өгдөг, талыг нь багш нар өдрийн цайндаа өөрсдөө хэрэглэдэг байсан нь дээрх хурлын тэмдэглэл болон гэрч Т.Ө-ийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Ажилтан С.К нь “хүүхдэд хоол өгөх ажил туслах багшийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, энэ нь үндсэн багшийн үүрэг, зөрчлийг багш Т.Ө үйлдсэн, хүүхдүүдэд боорцгийг өглөө талыг нь, орой талыг нь хувааж өгдөг байсан” гэж гомдлын үндэслэлээ тайлбарладаг боловч энэ нь ажилтан С.К-н дээрх зөрчлийг үйлдээгүйг нотлох нөхцөл байдлыг тогтоохгүй бөгөөд туслах багш С.К нь тухайн өдөр цэцэрлэгийн тогоочоос хүүхдийн өглөөний хоолонд зориулсан боорцгийг хүүхдийн тоогоор нь хүлээж авсан, хүүхдийн өглөөний цайнд зориулсан хоолыг зохих ёсоор бүрэн өгөөгүй, хоёр хувааж өгсөн, талыг нь багш нар өөрсдөө өдрийн цайндаа хэрэглэхээр шүүгээнд далдлан тавьж, хөдөлмөрийн дотоод журамд заасан дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байна.

 

Иймээс ажилтан С.К-г 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.5.-д “Цэцэрлэгийн дүрэм, дотоод журам, ... чанд сахин ажиллах.” гэж заасныг,  Өлгий сумын цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 15.2.3.-т “... ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан” гэж заасныг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмаар тодорхойлсон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй.

 

Тухайн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар гэрч Т.Ө-ийн мэдүүлгээс үзвэл, багш нар өдрийн цайндаа гардаггүйгээс өдрийн цайндаа хүүхдийн хоолны /боорцог/ талыг хэрэглэдэг талаар дурджээ. Өлгий сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар тушаалаар батлагдсан цэцэрлэгийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10.1.2.-т цэцэрлэгийн багш, туслах багшийн өдрийн цайны цагт гарах хуваарийг нарийвчлан зохицуулж, бүлгийн багш 14.00 цагаас 15.00 цагийн хооронд, туслах багш 13.00 цагаас 14.00 цагийн хооронд өдрийн цайндаа ээлжлэн гарахаар зохицуулагджээ.

 

3. Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал болон бусад  бичмэл нотлох баримтуудаас дүгнэвэл, ажилтан С.К-д ажил олгогчоос ногдуулсан үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл нь түүний үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.2.-т нийцсэн бөгөөд ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар С.К-гийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00054 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан С.К-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан гаргасан “тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар С.К-гийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                       

С.ӨМИРБЕК

 


[1] Хэргийн 34 дүгээр хуудас.

[2] Хэргийн 40 дүгээр хуудас.

[3] Хэргийн 89 дүгээр хуудас.