Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 341

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Хийн Х /рд:, утас: /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Хы Ж /рд:, утас: /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Х.Ж, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ болох 276000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Хариуцагч Х.Ж 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр надаас мөнгийг нь 20 хоногийн дотор өгнө гэж зээлээр 100 боодол өвс авсан. 20 хоногийн дараа мөнгөө асууж очиход мөнгө байхгүй гэж хэлсэн. Тиймээс би Б аймгийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлалд очиход энэ сарын сүүлээр 40 боодол өвсний мөнгийг өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Үлдсэн 60 боодол өвсийг аввал ав авахгүй бол мөнгө байхгүй гэж хэлсэн. Өмнө нь би мөнгөө асууж очиход хашаанд өвс байхгүй байсан. Тухайн үед 1 ширхэг боодол өвсний үнэ 4800 төгрөг байсан. Одоо надад 2500 төгрөгөөр зарагдаж байгаа өвсийг авч ирээд надад шахаж өгөх гэж байна. Би одоо өөр хүний хямд пресс өвсийг авахгүй. Би 2-4 сар хүлээсэн, одоо өөрийнхөө зарсан боодол өвсний үнийг авах гэж байгаа. Би эрхэлсэн ажилгүй, өөрөө хувиараа пресс өвс зарж амьдарч байгаа хүн. Иймд Х.Жаас 276000 төрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаад тайлбарлахдаа: Би Х.Хаас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 100 прессийг авч худалдаж мөнгийг өгнө гэж авсан. Манай гэр замын дагуу байдаг болохоор зарахад амар учир өвсийг зарах гэж авсан. Би өвс авснаас 3 хоногийн дараа өвсний үнэ 3500 төгрөг болж буурсан. Тэгээд би өвсний үнэ буурчлаа, та өвсөө авах уу? гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалд ороход би өвс нь байгаа өвсөө аваарай гэж хэлсэн. Би авахдаа худалдаж борлуулаад мөнгө өгнө гэж авсан. Өвс нь одоо хүртэл гражид байгаа. Надаас өвс авъя хаана байна гэж ирж байгаагүй. Би үлдсэн 40 прессийг 4600 төгрөгөөр бодож үнийг өгье гэж бодож байсан боловч шүүхэд хандсан учраас өгөөгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Х.Жаас худалдаж авсан өвсний үнээс үлдсэн 276000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х.Хы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Х.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 02-нд 100 боодол өвсийг нэг боодлыг нь 4600 төгрөгөөр тооцож нийт 460000 төгрөгөөр 20 хоногийн хугацаатай зээлээр худалдан авсан ба үүнээс 184000 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулж 05 дугаар сарын 15-ны хүртэл төлж өгөхөөр болсон бөгөөд үлдсэн 276000 төгрөгийг төлж өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ж нь татгалзлынхаа үндэслэлээ Х.Хаас 100 боодол өвс авсан нь үнэн бөгөөд тухай өвсийг зээлээр худалдаж аваагүй ба борлуулж өгөхөөр авсан тул борлогдоогүй 60 боодол өвсний үнийг төлөхгүй өвсийг нь буцааж өгөх болно гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Х.Х нь Х.Жаас 460000 төгрөг гаргуулахаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба 219 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 161 дугаартай эвлэрлийн гэрээгээр Х.Ж нь 40 боодол өвсний үнэ 184000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож, 60 боодол өвсний үнэ болох 276000 төгрөгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.Хаас 100 боодол өвсийг нэг бүрийг 4600 төгрөгөөр тооцож авсан нь тогтоогдсон байна.

Хариуцагчаас маргаан бүхий 100 боодол өвсийг худалдаж өгөхөөр авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд Х.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 02-нд 100 боодол өвсийг нэг боодлыг нь 4600 төгрөгөөр, нийт 460000 төгрөгөөр авсан. 20 хоногийн хугацаатай зээлж авсан. Өвсний мөнгийг одоо хүртэл төлж өгөхгүй байгаа нь үнэн гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдож байх тул түүний үнийг төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Х.Жаас өвсний үнэ 276000 төгрөгийг гаргуулан Х.Хд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х.Жаас өвсний үнэ 276000 төгрөгийг гаргуулан Х.Хд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8930 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Жаас 8930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Хд олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК