Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 378

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Ваанжуур овгийн Т.М-н нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Өвөрхангай аймаг Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин 3618406 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг Сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-гийн тушаалаар хууль бусаар ажлаас халагдаж Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 848 дугаар шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон боловч, захирал Г.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 6 сарын хугацаа өнгөрүүлсэнээс болж миний бие 6 сарын цалингаар хохирсон. Би 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг захирлын буруутай тушаалаар ажлаас халсан байх тул ажилгүй байсан 9 сар 9 хоногийн цалин болох 5041647 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Түүнээс хойших цалинг бодож олгохгүй гэж байгаа нь хууль бус ажиллагаа гэж бодож байна. Захирлын буруу тушаалаас болж үлдсэн 6 сарын цалингаараа хохирч болохгүй байх гэж бодож байна гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.М 6 сарын цалин 3618406 төгрөгийг Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б надаас гаргуулахаар нэхэмжилсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.Мгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний би үл зөвшөөрч эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдаад тухайн шүүхийн магадлал 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед хүчин төгөлдөр болсон. Тогтоол хүчинтэй болмогц Т.М нь ажилдаа орохоор ирээгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 03-ны үе ирэхэд амралтын өдөр таарсан тул би түүнийг ажилд нь 2019 оны 05 дугаар сарын 07-нд оруулсан. Өмнө нь шүүхийн шийдвэрээр түүнд 9 сар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5041647 төгрөг олгохоор шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Миний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй гэж бодож байна. Шүүхээр энэ хэрэг хянагдаад эцсийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний гар дээр ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Т.Мгийн эхнэр нь над руу залгаад хэзээ ажилд нь оруулах боломжтой вэ? гэж асуусан. Би хариуд нь хүрээд ирэх юм бол хэзээ ч байсан болно гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр боломжгүй, аймаг явж хувцсаа бэлдэнэ гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан. Өөрөө ажилдаа оръё гэж ирээгүй. Харин би шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг нь өгч ажилд нь эгүүлэн томилсон гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Өвөрхангай аймаг Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 3618406 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.Б “...миний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй. Шүүхээр энэ хэрэг хянагдаад эцсийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний гар дээр ирсэн. Өөрөө ажилдаа оръё гэж ирээгүй. Харин би шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг нь өгч ажилд нь эгүүлэн томилсон...” гэж маргажээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 848 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Т.Мг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Өвөрхангай аймаг Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн  дизайн технологийн багшаар ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 5041647 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэжээ.

Дээрхи шүүхийн шийдвэрт хариуцагч Г.Б давж заалдах гомдол гаргасныг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 9 тоот магадлалаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 848 тоот шийдвэрийг хэвээр үлдээж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Бгийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 3618406 төгрөгийг нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.” гэж заасан байх тул хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 535286 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 24897 төгрөг болох нь Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 9 тоот магадлалаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 104 хоног гэж тооцон дундаж цалинтай тэнцэх олговорт нийт 2589288 төгрөгийг /5352896 төгрөг : 21.5 хоног= 24897 төгрөг, 24897 төгрөг x 104 хоног =2589288 төгрөг/ хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1029118 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  Өвөрхангай аймаг Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2589288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1029118 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 56379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 156 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.