Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 377

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

 

            Нэхэмжлэгч: Шарнууд овгийн Ц.М-н нэхэмжлэлтэй, 

           

            Хариуцагч: Тайж овгийн Н.О-д холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэг болох 4 000 000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.М-д холбогдуулан “2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаартай бүртгэлийн зээлийн гэрээг хэсэгчлэн хүчингүйд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Н.О, нарийн бичгийн дарга Э.Энхболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр банкны зээлийн гэрээний хугацаа дуусч байгаа. Би тэр гэрээг нь өөрөөсөө хаагаад дараа нь нэмж 1000000 төгрөг зээлж өгсөн. Хариуцагч Н.О бид хоёрын хувьд өмнө нь мөнгө төгрөг өгч авалцах зүйл зөндөө байдаг байсан. Тухайн үедээ хүү болон зээлээ цаг хугацаанд нь төлдөг байсан. Өөрөө над дээр ирээд мөнгө зээлээч гэж гуйдаг байсан. Би тухайн үед нь ээжээсээ ч хамаагүй зээлээд аваад өгдөг байсан. Миний хувьд банкинд хүү төлдөг учраас авах ёстой юмаа авна. Тухайн үед надаас мөнгө зээлж авчихаад одоо болохоор тэр байгуулсан гэрээ чинь хүчингүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Тэр гэрээ хүчингүй байх ёсгүй. Өөрөө надаар зээлээ хаалгачихаад дээр нь 1000000 төгрөг нэмж зээлээд 3000000 төгрөг болгоод хамт нотариат дээр очиж баталгаажуулсан. Н.О нь надтай хамт Хас банкинд очиж 2000000 төгрөгийн зээлийн гэрээг хаахдаа зээлийн зөрүү мөнгө болох 16000 төгрөгийг нь би өөрөөсөө өгье гээд бэлэн мөнгөний машинаас нь мөнгө аваад төлсөн. Зээл хаасны маргааш нь над дээр ирээд дахиад хэдэн төгрөг гарах боломжтой вэ? гэж асуухаар нь 1000000 төгрөг гарах боломжтой гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би 1000000 төгрөг авч өгч байсан. Би хариуцагчийн нөхөр лүү нь залгаад танай эхнэр надаас мөнгө зээлж байсан юм. Банкны мөнгө төлөх хугацаа нь тулчихаад байна гэж хэлсэн. Гэтэл би харьж байгаад залгая гэж хэлээд дахиж утсаа аваагүй гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бид хоёр уулзсан. Түрүүний ярьсан 2000000 төгрөгийг нэхэмжлэгчээс 1 жил орчимын өмнө зээлж байсан юм. Нэхэмжлэгчийн зүгээс над руу сар болгон залгаж зээлийн хүүгээ нэхдэг. Нэхэмжлэгч өөрийнхөө бага хүүтэй банкны хүүг хүү гэж тооцчихоод надад зээлсэн мөнгөний хүүнд авч байсан 15 хувийн хүүг мөнгө гэж тооцохгүй байгааг нь гайхаж байна. Би ээжээс нь мөнгө зээлдэг байсан. Гэхдээ би ямар ч алдагдалд оруулалгүй 15 хувийн хүүтэй нь тооцож төлдөг байсан. Хэрэв ганц нэг хоног хугацаа хэтрэх юм бол хэтэрсэн хугацааны хүү, алданги зэргийг нь тооцоод төлдөг байсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би нэхэмжлэгчээс 1000000 төгрөг авсан. Тэр өдөр Ц.М эгчээс 2000000 төгрөг огт аваагүй. Банкны хүүний зөрүү мөнгө гэж гарч байна. Чи тэр мөнгийг нь төл гэхээр нь би Хас банкны бэлэн мөнгөний машин дээр очиж 16000 төгрөг авч өгсөн. Тухайн үед Ц.М эгч надад хандан чи одоо 1000000 төгрөг авч байгаа юм чинь 3000000 төгрөг дээрээ гэрээ байгуулж өг гэж хэлсэн. Тэгээд 2000000 төгрөгнийхөө хүүг авлаа гэж хэлээд нөгөө 1000000 төгрөгөөсөө 200000 төгрөгийг нь аваад надад бэлэн 800000 төгрөг өгсөн. Тийм учраас би анх авсан 2000000 төгрөгийг өгөхгүй. Харин сүүлд авсан 2000000 төгрөгөө өгнө гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч Ц.М-тай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 3 сая төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр бус юм. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 2 дахь хэсэгт заасан шиг зээлдүүлэгч Ц.М нь зээлдэгч Н.О надад 3 сая төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр өгөөгүй. Харин бэлэн 1 сая төгрөгнөөс 2 сарын хүү гэж 200000 төгрөгийг нь өөрөө аваад надад 800000 төгрөг өгсөн. Үлдсэн 2 сая төгрөг нь миний өмнө Ц.М-аас зээлдэг байсан мөнгөнүүдийн хугацаа хэтрүүлсэн хүү юм. Миний бие Ц.М-аас өмнө сарын 15 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан. Ингэхдээ зээлийн гэрээ огт байгуулдаггүй байсан. Миний Мөнхтуяад өгсөн зээлийн хүү болон үндсэн мөнгөний эргэн төлөлт миний дансны хуулгаас харагдана. Би Ц.М-д “таниас зээлсэн мөнгөө хэд дахин нугалж төлсөн ш тээ гэж хэлэхээр, Ц.М тэр хамаагүй чиний өгсөн мөнгө бүгд хүүнд тооцогдоно, зээлийн гэрээний хугацаа сунгагдаад яваад байгаа” гэж хэлдэг байсан. Миний бие Ба Ц.М-с зээлүүлсэн 1.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлж аваад 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1725000 төгрөгийг /үндсэн мөнгө 1500000 хүү 225000/ Хаан банкны өөрийн эзэмшлийн 0000000 тоот данснаас Ц.М-ийн 000000000 тоот данс руу шилжүүлж аль эрт төлж барагдуулсан. Үүнээс хойш миний бие Ц.Мгаас удалгүй 2 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 660000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1840000 төгрөг нийт 2500000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Ц.М-ийн 0000000000 тоот данс руу шилжүүлж өгсөн. Мөн бэлнээр хүү гэж 100000, 150000, 200000, 300000 гээд Ц.Мг мөнгө нэхэх бүрт нь миний Ц.Мд өгсөн мөнгөнүүдийг тооцвол Ц.М-аас зээлж авсан мөнгөнөөс хэд дахин их болно. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар Ц.М болон миний хооронд байгуулсан зээлийн гэрээни, төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрхи үндэслэлүүд болон гэрээний заалтыг үндэслэн гэрээг хэсэгчлэн 2 сая төгрөгийг  хүчингүйд тооцож өгнө үү. Ц.Мгийн бэлнээр өгч зээлүүлсэн 1 сая төгрөгийн хүү гэж анх мөнгө зээлэхдээ 200.000 төгрөг, дараа нь 350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас Ц.М-ийн данс руу 2019 оны 03 сарын 12-ний өдөр 100000 төгрөг, 2019 оны 04 сарын 09-ний өдөр 150000 төгрөг, 2019 онь 05 дугаар   03-ны өдөр 100000 төгрөг гэж хэсэгчилэн дансаар шилжүүлж төлсөн. 2019 оны 3 дугаар сард надад мөнгөний хэрэг гараад Ц.М-аас зээлэх мөнгө байна уу гэхэд 1000000 төгрөг олж өгье, харин чи өмнө зээлсэн байсан мөнгөний хугацаа хэтэрсэн хүүнд 2000000 төгрөг өгнө гэж нотариатаар гэрээ байгуулвал мөнгө олж өгье гэсэн. Тэгэхээр нь чухал мөнгөний хэрэг болоод надад мөнгө олдохгүй байсан тул тэгье гээд 3 сая төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Ц.М Хас банкнаас зээллээ гээд 1 сая төгрөг бэлнээр надад өгөхдөө тус 1 сая төгрөгнөөсөө 2 сарын хүү гээд 200000 төгрөгийг нь өөрөө аваад надад 800000 төгрөгийг нь өгсөн. Иймд миний хуульд заасан эрх ашгийг хохироохгүй, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтуудыг хэрэглэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд нөхөр үргэлж ямар төлж дуусдаггүй зээл вэ? зөндөө их мөнгөө өгөө биз дээ гэж байнга гэр бүлийн хэрүүл үүсдэг, сэтгэл санаа эд хөрөнгийн хувьд Ц.М-д гомдолтой байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Хас банкнаас авсан 3000000 төгрөгийн хүүг сар бүр төлдөг учраас надад сүүлд нь дарамт болно. 2000000 төгрөг зээлэх боломжгүй байна гэхээр чинь би өөрөөсөө хааж өгсөн. Гэтэл одоо яагаад үгүй гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь “Н.О-д  холбогдуулан “4000000 төгрөг гаргуулах " тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Мд холбогдуулан “2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаартай бүртгэлийн зээлийн гэрээг хэсэгчлэн хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу  3000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1000000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тус тус зээлэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

 Нэхэмжлэгч нь “хариуцагчийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй” гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч өмнө авсан зээлсэн мөнгөнд гэрээ байгуулсан, нэмж мөнгө зээлдээ хүү гэж 200000 төгрөгийг суутгаж 800000 төгрөгийг өгсөн, сүүлд авсан 2000000 төрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин өмнө авсан 200 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргасан.

 

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Н.О-д өмнө нь зээлсэн үнийн дүн дээр 1000000 төгрөгийг нэмж нийт 3000000 төгрөгийг Н.О-д зээлүүлсэн гэж талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэлт зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаас өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд зохигчид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагч Н.О-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Н.О Хаан банкны 000000000 тоот данснаас /өөрийн/ 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1700000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 200000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 50 000 төгрөг нийт 2 650 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мгийн Хаан банкны 0000000 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдийн тайлбар, хариуцагч Н.О Хаан банкны 00000000 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Дээрхи 2 650 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-д эргүүлэн төлсөн хугацаа нь зохигчдийн хооронд байгуулсан зээлийн гэрээнээс өмнө байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч Н.О-ээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлсөн 2650000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна. 

 

Харин хариуцагч Н.О нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн 1000000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1000000 төгрөг нийт 2000000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-д төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулах нь хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч Н.О-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2000000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.О-с 2000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хэсэгчлэн хүчингүй тооцуулах” тухай хариуцагч Н.О-н гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөг, хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.