| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2019/0654/Э |
| Дугаар | 2019/ДШМ/1245 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ДШМ/1245
Л.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
шүүгдэгч Л.Бэ, түүний өмгөөлөгч Д.Даваа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л. Бийн өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан давж заалдах гомдлоор Л. Бэд холбогдох 1911008070659 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Лын Бэ, 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эвлэрүүлэн зуучлагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, 27 дугаар байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Л. Бэ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Т.Тт “өмгөөлөгч байна” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л. Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л. Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Даваа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэл тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Боржигон овгийн Лувсанхайдавын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шийтгэх тогтоолд Бийг ам бүл 1 гэж бичсэн нь хавтас хэргийн материалд авагдсан лавлагаагаар ам бүл 2 гэсэн нотлох баримттай тохирохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Хавтас хэргийн 74 дүгээр талд авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Л. Бэ биш Т.Т бичсэн. Харин шүүгдэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. Бэ гэж гарын үсэг зурсан. Үүнийг зохиомол байдал гэж дүгнэж байгаа боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үгийн доор үйлчлүүлэгчийн хүсэлтээр гарын үсгээ зурсан бөгөөд өөрөө бичиж баталгаажуулаагүй гэрээг зохиомол байдал бий болголоо гэж үзэх нь хуульд нийцэх эсэх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохиомол байдлыг зориудаар бий болгох гэснийг тодорхой тайлбарласан тайлбар байхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргад ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2/592 тоот албан бичиг нь Л. Бийн хуульд зааснаар бусдын хууль ёсны төлөөлөгчөөр ажиллах эрхийг хязгаарласан нотлох баримт биш юм. Л. Бэ нь хохирогч гэх Т.Тийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдлын дагуу хэрэг хянан шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гэсэн боловч мөрдөгч Ж.Золжаргал оролцуулаагүй. Энэ байдлаас үл ойлголцол үүсч, мөрдөгч нь Т.Тт Л. Бийг өмгөөлөгч биш гэж ойлгуулан улмаар тус хэлтэст гомдол гаргуулсан. Т.Тийн гомдолд огноо бичигдээгүй байхад шууд авч, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь анхнаасаа тухайн үеийн нөхцөл байдал ойлгомжтой байсных юм. Хохирогч Т.Тийн гомдлоор Одгэрэлд холбогдуулан шалгаж байсан асуудалд Л. Бэ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсаныг эс зөвшөөрөн Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж, түүний гомдлоор Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 5/12 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5/08 тоот прокурорын тогтоол гарсан. Гомдлын 2, 3 дахь хэсэгт дурдагдсан нөхцөл байдлууд нь Л. Бийг зориуд зохиомол байдлыг бий болгож, бусдыг залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ. Хавтас хэргийн материалд авагдсан лавлагаагаар Л. Бэ нь ам бүл 2 нөхрийн хамт амьдардаг болох нь нотлогдож байхад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 439 тоот яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт түүнийг ам бүл ганцаар гэж бичсэн. Мөн шүүхийн 735 тоот шийтгэх тогтоолд ам бүл 1 гэж бичсэн байгаа нь дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн байна. Дээр дурдсан асуудлуудыг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт өгөөгүйд гомдолтой. Өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгч Л. Бийг зохиомол гэрээг өөрөө бичээгүй, хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хориглосноос шалтгаалан гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зурсан боловч тухайн нотлох баримтын агуулга нь ойлгомжгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул уг нотлох баримтыг үндэслэн түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оноосон нь хууль зөрчсөн гэж үзэж байх тул дээрх нөхцөл байдлуудыг тунгааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л. Бэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өдий насан дээрээ ийм хэрэгт холбогдоод та бүгдийн цагийг үрж байгаадаа болон намайг хамгаалах боломжгүй хууль байгаад харамсаж байна. Шүүгчийн намайг яллаж байгаа хавтас хэргийн 74 дүгээр талд байх маягт нь хохирогч Т.Т бид хоёрын мөнгө хүлээлцсэн баримт юм. Учир нь, бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийх гэж мөнгөө аваад нотариат ороход “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн маягт” гэх зүйл манай улсын нэг ч нотариатад байдаггүй юм байна. Тухайн үед хохирогч Т.Тийн нөхөр мөнгө хүлээлцсэн тухай баримт нэхээд байхаар нь надад байсан маягт дээр бичсэн. Би Т.Тт “итгэмжлэлээр төлөөлөхөөр хоёулаа давхар шүүх хуралд орж болохгүй шүү” гэж хэлсэн. Прокурор, мөрдөгч Золжаргал хоёр Т.Тт “чи Л. Бийг өмгөөлөгч биш гэдгийг мэдээгүй гэж хэлэхгүй бол, мэдсэн гэж хэлбэл чамайг хүн гүтгэсэн хэргээр шийтгэнэ” гээд ойлгуулчихсан учраас бид хоёрын дунд ийм байдал үүссэн. Мөнгө хүлээлцсэн баримтыг бид хоёр иргэний үнэмлэхүүдээ хуулбарлаж үйлдсэн ба уг баримт хавтас хэргийн 28 дугаар талд байгаа. Би насаараа ажиллаад өмгөөлөгчийн эрх авч чадаагүйн улмаас арга ядахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хийж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийг Байнгын хороонд хэлж байж хуульд оруулуулсан. Прокурор яагаад надад ингэж хандаж байгаа вэ гэхээр түүний хэрэг нээхээс татгалзсан хэрэг нь явсаар улсын прокурорт оччихсон. Түүнийг нь хүчингүй болгосонд дургүйцээд ингэж байгаа юм. Мөн прокурорын зүгээс намайг хэл амаар доромжилж, олон хүний өмнө дуулж эвгүй байдалд оруулсан. Түүнчлэн би өвчтэй нөхрөө сахиад 10 жил болж байхад нөхрийг минь үхсэн, намайг ганцаараа мэтээр биеийн байцаалтыг бичсэн. Би эдгээр асуудлаас болж прокурорт гомдолтой байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокуророос татгалзах бодолтой байсан ч та бүгдийн ажлыг хүндлээд татгалзаагүй. Мөрдөгч Золжаргалын хувьд өөрт нь хэрэгтэй, ашиг олохуйц хүн байвал харьцдаг ба тийм хүн биш бол харьцдаггүй. Би тухайн үед хүний оршуулганд яваад өнгө зүс муу Цагдаагийн хэлтэст очсон учир намайг үл ойшоосон. Удирдлага доор нь ийм прокурор байхад юм хэлэхгүй байгаа прокурорын байгууллагад харамсаж байна. Харин би 30 жил шүүхэд ажилласан хүн учраас шүүхийг буруутгахгүй. Учир нь, нөлөөллийн мэдүүлэг гэх баримтаар хаачихдаг тул хэнд ч юуг ч хэлж чадахгүй ба тийм боломж ч байхгүй. Гэтэл прокурорын байгууллага тийм биш байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэмдэглэл сарын дараа гарсан. Тухайн үед миний зүрх зогсчих гээд дибазол хийлгээд орж ирж байхад прокурор Хосбагана дуу дуулаад, хэдэн туслахтай инээгээд зогсож байсан. Өнөөдрийн хуралд яагаад орж ирээгүй юм. Би уг нь татгалзахгүй явж байгаад хуралд оруулж ирээд эцсээ хүртэл шийдүүлээд гомдлоо гаргая гэж бодож байсан юм. Би үнэхээр тийм хэрэг хийгээгүй. Улсын прокуророос хэрэг буцаад ирлээ гэж дургүйцээд намайг бариад авсан. Би өөрөө дураараа өмгөөлөл хийгээгүй, хохирогчийн хүсэлтээр л ганц нэг хэрэгт өмгөөлөх үйлчилгээ явуулсан. Сүүлийн үед 4 хохирогчийн хэрэгт үйлчилгээ үзүүлж байгаа ч нэг ч төлбөр авалгүй, айсан, намайг хүн ойлгодоггүй юм байна гэж бодсон. Түүнээс биш би иргэний төлөөллөөр л явж байсан. Намайг эвлэрүүлэн зуучлагч байж эвлэрүүлэн зуучлагчдын хэрэгт орлоо гэж байна. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг шүүхийн өмнөх шатанд хийдэг. Би аль болохоороо Т.Тт тусалъя гэж бодсон. Хавтас хэргийн 74 дүгээр талд байгаа баримт бол Т.Тийн нөхөр дарамтлаад байхаар нь бичсэн мөнгө хүлээлцсэн баримт юм. Бид хоёр нотариатаар ороод 2 иргэний үнэмлэхийн хоосон хуулбар наагаад, мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, би гарын үсэг зурсан. Тэр үед би 400.000 төгрөг, 900.000 төгрөг аваагүй. Харин 1.200.000 төгрөг авсан. Эвлэрүүлэн зуучлалд орохдоо 100.000 төгрөгийг өгсөн байсан. Дараа нь 1.200.000 төгрөг авсан. Намайг үнэхээр гэм буруутай гэж яллах гэж байгаа бол 2018 оны 11 дүгээр сарын 16-нд би хэрэг үйлдсэн болж таарна. Гэтэл яллах дүгнэлт, шүүхийн тогтоол дээр 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үйлдсэн гэж байна. Шүүх нотлох баримтыг сайн үнэлэх шаардлагатай гэж бодож байна. ...” гэв.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль ёсны төлөөлөгчийн талаар тодорхой хуульчилсан ба үүнд “...өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн, 18 насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч...” гэж, “...хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч...” гэж тус тус заасан байдаг. Хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэгт шүүгдэгч Л. Бэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн гэдэг ч өөрөө хууль ёсны төлөөлөгчөөр оролцох зохицуулалт байхгүй гэдгийг би сүүлд мэдсэн гэж хэлж байгаагаас нь харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм шиг ойлгогдож байна. Хуулийн зохицуулалтаас харахад хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь хоёр өөр ойлголт байна. Хууль ёсны төлөөлөгчөөр оролцох асуудал нь хуульд зохицуулагдаагүй байх ба энэ талаар шүүгдэгч Л. Бэ хүлээн зөвшөөрөөд тодорхой ярьсан гэж ойлгож байна. Шүүгдэгч Л. Бийн хувьд хохирогч Т.Тийн эрх ашгийг хамгаалж, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хянан шалгах явцад түүнийг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт гомдол гаргаад явсан. Ямар нэгэн эрх ашгийг нь хамгаалсан үйлдэл хэргийн материалаас харагддаггүй. Анх байцаагч Золжаргал дээр ирсэн ба байцаагчийн зүгээс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол гэрээгээ аваад ир гэдэг. Гэрээ байхгүй улмаас өөрөө гарч явсан байдаг. Хохирогчид шийдвэр таалагдахгүй бол давж заалдах гомдол гаргана. Дээд шатны прокурорт гомдол гаргасан асуудал байдаггүй. Харин эсрэгээрээ өөрөө ажиллагаанаас зайлсхийсэн, улмаар ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Хуульд зохицуулалт байхгүй байхад өөрөө ингэж орж ирж байгаа нь залилан мэхлэх үйлдлийг хийсэн гэсэн агуулга харагдаж байна. Нөгөө талаас өмгөөлөх эрхийн асуудлаар Монголын хуульчдын холбооны албан бичигт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхийг хязгаарлаагүй гэсэн ойлголт яригддаг. Энд хууль ёсны төлөөлөгчийн эрхийн талаар яриагүй ба зөвхөн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй юу, үгүй юу гэдгийг тодруулж лавлагаа авсан байдаг. Гэтэл шүүгдэгч Л. Бэ нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй нь нотлогддог. Хохирогч Т.Тт өөрийгөө өмгөөлөгч хэмээн танилцуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргээ өөрийнхөөрөө тодорхойлж, гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээг хохирогч Т.Т үйлдээд шүүгдэгч өөрөө зөвхөн гарын үсэг зурсан мэт ярьж байна. Түүнчлэн, нотариат дээр өмгөөллийн гэрээний бланк байдаггүй учраас өөрт байсан гэрээний бланк дээрх нэрийг солиод өөрийн нэрээ бичсэн гэж ярьж байна. Ийм учраас өмгөөлөгчийн гаргаж буй гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Л. Бэ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Т.Тт “өмгөөлөгч байна” гэж танилцуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Тийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр байрны маргаантай асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар ... өмгөөлөгч гэх Л. Бэ гэдэг хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх ... нийт 800.000 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа 400.000 төгрөг бэлнээр өгч байсан. Энэ асуудлыг Л. Бэ авч танилцаад “...Би өмгөөлөгчийн ажлыг олон жил хийж байна, шүүх хуралд оролцоод явдаг. ...” гэж хэлж байсан. ...Өмгөөлөгч гэх Бэ нь надад өмгөөллийн мөнгөний үлдэгдэл 500.000 төгрөг, мөн цагдаагийн байгууллагад хандаж, байраа үнэлүүлвэл 400.000 төгрөг болдог юм гэж хэлж, 900.000 төгрөгийг бэлнээр авч байсан. ...” /хх 17-18, 41/,
гэрч Ж.Золжаргалын “...Т.Т надад хохирогчоор “...Надад анх Л. Бэ гэх хүн өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. ...” гэж хэлээд мөнгө авсан. Би танай хэлтэст энэ талаар өргөдөл гаргах гэж байгаа. ...” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа миний өрөөнд Л. Бэ ганцаараа орж ирээд “чи Тт янз бүрийн юм ярьж, намайг өмгөөллийн эрхгүй залилсан, өргөдөл өг.” гэж өгүүлсэн байна. Би түүнээс авсан хэдэн төгрөгөө эргүүлээд өгчихье.” гэж надтай маргалдаж, орж ирсэн. ...” /хх 43/,
гэрч М.Мягмарсүрэнгийн “...Би эхнэрийн хамт Л. Бэ өмгөөлөгчтэй уулзахад өмгөөллийн хөлс 800.000 төгрөг болно байраа цагдаагийн газраас үнэлгээ хийлгэхэд 500.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд өмгөөллийн гэрээ хийгээд, өмгөөллийн хөлсний урьдчилгаа 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /хх 44/ гэх мэдүүлгүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх 74/, Монголын хуульчдын холбооны тодорхойлолт /хх 61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л. Бийг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900.000 төгрөгийг залилан авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л. Бийн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900.000 төгрөгийг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л. Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж хуульчилжээ.
Гэтэл шүүгдэгч Л. Бэ нь дээрх нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн түүний өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгчийн тайлбар зэргээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Л. Бийн өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Бэд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ