Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 118/ШШ2021/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Г.*******, татварын улсын байцаагч Б.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Манай байгууллагын зүгээс татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлж ирсэн тул дээрх хуулийн заалтуудыг зөрсөн гэж үзэхгүй байна. Энэ талаарх тайлбарыг Маргаан таслах зөвлөлд гаргасан тайлбар, хүсэлт, гомдолд тодорхой тусгагдсан байгаа. /нэхэмжлэлд хавсаргасан/.

...Уг актын дээрх хууль болох 2008 оны 05-р сарын 11-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон, Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 1-д 1.2 гэсэн хэсэг байхгүй байна.

Иймд хүчингүй болсон хууль, хуульд заагдаагүй зохицуулалтыг үндэслэн тогтоосон Татварын улсын байцаагчийн 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 233 дугаар тогтоолоор Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨҮГ байгуулагдсанаар манай компани түүний охин компаниар үйл ажиллагаа явуулах болсон. 100 хувь төрийн өмчит, үйлчилгээний, үйлдвэрлэгч компани байгаа. Маргааны агуулга нь манай компани ус хаях хэсгийн засварын ажилд зарцуулсан 48.5 сая төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын тайлангаа залруулж татвар төлөх хүсэлтээ татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч татвар төлөөгүй, үл тайлагнасан, залруулж тайлагнаагүй байна гэсэн хариуг өгсөн. Үүнийг бид залруулж тайлагнасан. Бид татварын маргаан таслах зөвлөлд гаргасан тайлан тодруулгадаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар татварын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулж татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууддаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энергийн тариф, чадлын тариф гэсэн тусгай ялгавартай тарифуудыг тогтоож баталж өгдөг. Үүний дагуу бид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх процессыг явуулдаг. Энергийн тариф гэдэг нь тухайн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэсэн энерги нь тоолуураар гарч ирж байгаа тарифыг хэлдэг. Чадлын тариф гэдэг нь тогтмол орж ирж байгаа орлого буюу эрчим хүчний чадлын дэмжлэг олгоход бэлэн гэсэн утгаар сар бүр тогтмол бодогддог тарифыг хэлдэг. Чадлын тарифаас ус ашиглах төлбөрийг ногдуулж бодсон нь шууд үйлдвэрлэж байгаа энергээс бус тогтмол олж байгаа орлогоос ногдуулж бодсоныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хүчдэлийн трансформаторын хувьд үндсэн эд хөрөнгийн шинжийг агуулсан гэж татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүчдэлийн трансформатор гэдэг бол усан станцын үндсэн тоноглол дотор байдаг туслах тоноглол учраас үндсэн хөрөнгийн шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа. Трансформаторын тухайд бидний ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа трансформатор шиг биш тусгай зориулалтын үндсэн таслуур гэдэг тоноглол дээр туслах байдлаар ашиглагддаг. Үндсэн хөрөнгийн нэршилд таслуур гэж орсон байгаа. Техникийн хувьд тусдаа үндсэн хөрөнгийн шинжийг агуулдаггүй. Усны төлбөрийн тухайд шууд үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний тоолуурын заалтаар гарч ирж байгаа тариф бол энергийн тариф. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг тогтвортой байлгахын тулд бодогддог тариф бол чадлын тариф юм. Үйлдвэрлэж байгаа энергийн 5 хувиар татвар ногдуулна гэвэл энергийн тарифаас тооцож бодохоор байгаа.

Тайлбаруудаа өмнө шүүхэд хүргүүлсэн байгаа. Тайлбаруудаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******ад холбогдуулж тогтоосон татвар ногдуулалтын акт нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй байна. Татварын улсын байцаагч нар нь захиргааны акт гаргадаг захиргааны албан тушаалтнуудынхаа хувьд Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагч нар актын төлбөрийг тогтоохдоо шинэ болон хуучин хуулиа харьцуулж тооцоолол гаргаж татвар төлөгчид ашигтай байдлаар акт тогтоосон гэж байгаа боловч тухайн шалгалтын явцад актыг танилцуулсан тэмдэглэл, актад холбогдуулж бүрдүүлсэн хувийн хэрэгт энэ тооцоолол байдаггүй. Тэгэхээр яригдаад байгаа энэ тооцооллыг хариуцагч нар шалгалтын явцад бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд зориулж гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг гаргахаас өмнө шалгагдаж байгаа байгууллагад ямар зөрчил гарсан, актын төлбөр яаж тавих гэж байгаа талаараа танилцуулж сонсох ажиллагаа явуулахаар заасан. Гэтэл үүнийг хариуцагч татварын улсын байцаагч нар огт хэрэгжүүлэхгүй байна.

Захиргааны акт, захиргааны гэрээ баталж гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж байгаа. Гэтэл хариуцагч талаас тайлбарлахдаа шалгагдаж байгаа байгууллагыг сонсох шаардлага байхгүй гэсэн тайлбар өгч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг шууд зөрчиж байна. Мөн хариуцагч тал шалгагдагч байгууллагатай уулзсан, утсаар ярьсан, биечлэн хэлсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч тайлбартаа надад хэлээгүй, огт мэдэгдээгүй гэснээр хариуцагчийн мэдэгдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасан. Тэгэхээр сонсох ажиллагааг ямар ч хэмжээнд явуулаагүй болох нь хавтаст хэргээс харагдаж байна. Захиргааны акт гаргаж байгаа албан тушаалтнууд бодит байдлыг тал бүрээс нь тогтоох, нотлох баримтаа бүрдүүлэх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүний эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдөр төрийн компани уу?, хувийн компани уу? гэдгийг ялгахгүй. Тусдаа бие даасан хүчдэлийнх үү?, Хүчний трансформатор уу? гэдгийг ялгахгүй байгаа бол шинжээч томилох, холбогдох хүмүүсээс тайлбар авах, дүгнэлт гаргуулах боломж Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа. Гэтэл өөрсдөө тодорхой мэдэхгүй эргэлзэж байгаа зүйл дээрээ мэдэж байгаа юм шиг акт тавьж болохгүй. Хууль бол хүн бүрт нэг түвшинд ойлгогдох ёстой. Тийм учраас шалгагдаж байгаа байгууллагын санал, тайлбарыг авч хувийн хэрэгтээ хийх ёстой байсан. Гэтэл ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас өнөөдөр үл ойлголцол үүссэн байна. Захиргааны акт бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ойлгомжтой, тодорхой байх ёстой. Гэтэл дагаж мөрдөх журмын тухай хуулиа үндэслэлдээ тусгаагүй, оролцогчийн саналыг тусгаагүй, тайлбараа оруулаагүй байж хүчингүй болсон хуулийн баахан заалт оруулсан байгаа.

Нотлох баримт бүрдүүлэх ажиллагаагаа явуулаагүй байна. Зүгээр л зөрчил учраас акт тогтооно гэдэг байдлаар хандсан байна. Өнгөрсөн хойно нь акт гаргасныхаа дараа тооцооллоо гаргаж ирүүлээд, ийм зөрүүтэй байсан гэж ярих биш акт гаргахын өмнө энэ ажиллагаагаа явуулах ёстой байсан. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан нь мөн үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Байхгүй заалтаар торгууль ногдуулсан. Нэхэмжлэгч компанийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн тайлбараас харахад санаатайгаар татвараа нуун дарагдуулсан үйлдэл байдаггүй. Тайлан дээрээ олсон орлогоо бүгдийг нь тусгасан байдаг. Хамгийн гол нь шууд санаатай үйлдэл харагдахгүй байгаа юм. Мөн алдангийг 25,0 сая төгрөгөөр бууруулсан гэж байна. Үүнийг хэн тогтоогоод байгаа юм бэ?, Хөндлөнгийн байгууллагаар тогтоолгосон юм уу?, Сонсох ажиллагааны хүрээнд л бодож тооцож тогтоож танилцуулах ёстой болохоос сүүлд нь та өөрөө бодож гаргаад тэд байна гэж хэлэх боломжгүй. Шалгах эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа учраас нотлох баримтад тулгуурлаж актаа тавих ёстой. Дараагийн асуудал нь ******* ХХК бол 100 хувь төрийн өмчит компани буюу Алтай-Улиастай эрчим хүчний системийн охин компани байгаа. Энэ компанийн олсон орлогыг захирал нь өөртөө захиран зарцуулдаггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө, 7.1.1-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, 7.1.4-д үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө гэж заасан. Тэгэхээр 100 хувь төрийн өмчит Алтай-Улиастай эрчим хүчний системээс сар бүр чадлын тарифаар нийгмийн даатгалын шимтгэл, урсгал зардал болон бусад зардлуудыг шийдэж өгдөг. Төрийн өмчит компаниас санхүүждэг, албан хаагчид нь төрийн албан хаагчид гэж явдаг, олсон орлогоо төрд шилжүүлдэг төрийн компанид яагаад татвар ногдуулаад байгаа юм бэ?, ******* байцаагчийн тайлбарт сургууль, цэцэрлэгт татвар ногдуулдаггүй гэж байна. Энэ хуульд сургууль, цэцэрлэг гэж байхгүй. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө л гэж байгаа. Татвараас чөлөөлөх 4 заалтын 2 нь энэ компанид хамаарч байгаа. ******* эрчим хүчийг тодорхой хугацаанд үйлдвэрлээд төрийн өмчит компанид буюу Алтай-Улиастай эрчим хүчний системд нийлүүлж байна. Энэ бол нэгжийн үйлдвэрлэл. Энэ үйлдвэрлэлийг явуулахын тулд трансформатор хэрэгтэй. Ус зайлуулах барилга байгууламжууд хэрэгтэй. Энэ бол үйлдвэрлэлд зориулагдсан болохоос төр түрээслээд орлого олоод байгаа зүйл биш. Үүнийг зөвхөн парк гэдгээр харах боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д үг бүрийн ард, утга бүрийн ард таслал байгааг ухаж ойлгох ёстой. Тэгэхээр хуулийн энэ заалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгө татвараас чөлөөлөгдөх бүрэн боломжтой байна. Нэгдүгээрт, төрийн байгууллага байна. Төрийн байгууллага гэдгийг томилогдон ажиллаж байгаа байгууллагын удирдлага нь хэлж байна. Хэрэв төрийн байгууллага биш гэж үзэж байгаа бол татварын хяналт шалгалт хийх үедээ төрийн байгууллага биш гэдгийг тогтоосон зүйл байхгүй байна. Үүнийг холбогдох байгууллагаас тайлбар авах ёстой байсан. Мөн үйлдвэрлэл эрхлээгүй байна гэж үзээд байна. Хэрэв ингэж үзэж байгаа бол үүнийгээ бас нотлох ёстой.

...Дараагийн асуудал нь усны төлбөрийн тухайд усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл үйлчилгээний борлуулалтын орлого гэж байгаа. Тэгэхээр ус ашиглаж олсон орлого дээр акт тогтооно гэж байгаа. Гэтэл энэ акттай холбоотой ойлгомжгүй байдлууд байна. Тухайлбал, 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан орлогод татвар ногдуулна гэвэл ус ашигласан үеийн чадлын тарифт татвар ногдуулаад бусад үеийн чадлын тарифт татвар ногдуулаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ бол хуулийг хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгааг харуулж байна. Усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх онцлогоос шалтгаалаад Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага ажиллаж байгаа. Энэ хорооноос үл ойлголцлыг гаргахгүйн тулд энергийн болон чадлын тарифыг тусад нь баталж журамлаад эцсийн хэрэглэгчдэд очих үнийг тогтоогоод өгчихсөн.

Тэгэхээр Богдын гол усан цахилгаан станц ХХК бол эцсийн хэрэглэгчдэд, айл өрхөд борлуулж орлого олдог газар биш. Алтай-Улиастай эрчим хүчний системд нийлүүлж чадлын тарифаар болон ус ашигласан саруудад энергийн тарифаар санхүүжилтээ авдаг. Үүнээс чадлын тариф, энергийн тариф яагаад байх ёстой вэ? гэдэг нь харагдаж байна. Богдын голын нэг алдаатай зүйл нь борлуулалтын орлого гэдэгт чадлын тарифаар орж ирсэн орлогоо ч бичээд, энергийн тарифаар орж ирсэн орлогоо ч бичээд яваад байсан нь алдаа болоод байгаа юм. Гэхдээ үүнийг ялгаж салгах баримт хангалттай байгаа. Сар бүр тогтмол орж ирж байгаа орлого чадлын тарифын орлого гэдэг нь тодорхой. Тэгвэл үүн дээр нэмж буюу ус ашиглаж байгаа үед орж ирж байгаа орлого нь энергийн тарифын орлого гэдгийг харах боломжтой. Тийм учраас чадлын болон энергийн тариф зайлшгүй ялгагдаж, салгагдах ёстой. Ус ашигласан үеийн чадлын тариф нь борлуулалтын орлого болдог. Ус ашиглаагүй үеийн чадлын тариф нь төлбөр болдог ийм байдлаар акт тогтоож болохгүй. Ингээд Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны акт бол хуулийн шаардлага хангах ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч улсын байцаагч нарын актыг хуулийн шаардлага хангаж чадаагүй байна гэж үзэж байна. Үндсэн хөрөнгө үү биш үү гэдгийг тогтоож байж акт тавих ёстой. Нэг нэгнээс хамаарч байна. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж гарсан, утга найруулгын алдаатай, мөн Татварын ерөнхий хуулийг зөрчиж захиргааны акт гаргасан учраас нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч татварын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан. 2020 оны 9 сарын 28-ны өдрийн хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөр дээр тайлбар хийе. Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас өндөр эрсдэлтэй гэж үзэж 2020 онд хяналт шалгалт хийх байгууллагын төлөвлөгөөнд ******* ХХК-ны нэр орсон байсан. Ингээд энэ төлөвлөгөөний дагуу бид томилолт үүсгэж тус компанид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийж байх явцад усны төлбөр дутуу ногдуулж төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бага тогтоож албан татвар ногдуулж төлсөн, НӨАТ дутуу ногдуулж төлсөн, хувь хүний орлогын албан татвар дутуу ногдуулж төлсөн зөрчлүүд илэрсэн тул акт тавьсан. Нэхэмжлэгч сая 2 зөрчилд тайлбар хийж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд энэ компани 1998 онд тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс үндсэн хөрөнгийн тайлан гаргаж татвараа ногдуулж төлдөг мөртлөө өөрсдөө толгой компанидаа санхүүгийн журмаар тайлан гаргахдаа яг одоогийн байдлаар шинээр худалдаж авсан үндсэн хөрөнгө болон хуучин 1990-ээд оныхоо үндсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийж үнээ өсгөж байгаад элэгдэл тооцож татвар ногдох орлогоос хасагдах зардлыг жил бүр өсгөөд хасаад явсан байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн 1998, 1999 оны үнэлгээг данс бүртгэлдээ өөрчилсөн мөртлөө татварын албанд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу татвар төлж тайлагнахдаа огт өөрчлөхгүйгээр тайлагнасан байдаг. Энэ нь өөрсдийнх нь гаргаж өгсөн татварын тайлангаар болон татвар төлсөн мөнгө, дансны хуулгаар нотлогдож байгаа. Хоёрдугаарт, Усны төлбөрийг 1 хувиар ногдуулж төлж явсан байсан. Усны төлбөрийн тухай хуулиар 5 хувиар төлөх тухай Засгийн газрын 2013 оны дээд доод хязгаарыг тогтоож өгсөн тогтоол байгаа. Үүний дагуу төлөөгүй байсан. Борлуулалтын үнэ бол эцсийн хэрэглэгчдэд борлуулж байгаа үнийг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч компани зөвхөн энергийн тарифаасаа борлуулалтын үнийнхээ бараг талаас ч бага үнээр тооцож усны төлбөрөө ногдуулж төлсөн байсан. Тэгснээ уснаас бусад орлогын борлуулалтын орлогын тайлангаа тайлагнахдаа энергийн тариф, чадлын тариф хоёрыг нийлүүлж байгаад борлуулалтынхаа орлогыг гаргаж зөв тайлагнасан байсан. Тэр тайлагнасан дүнгээсээ төлөх байтал усны борлуулалтын орлогын дүнгээ багасгаж байгаад усны төлбөрөө төлж байсан ийм зөрчил илэрсэн. Трансформаторын тухайд үндсэн хөрөнгийг дотор гадна гэхгүй нийт ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгийг үндсэн хөрөнгө гэж үзээд 0,6 хувиар татвар ногдуулж явах ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 сарын 15-ны өдрийн А/142 дугаар тушаалаар ******* ХХК-д эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийхээр төлөвлөгөө баталсны дагуу Завхан аймгийн ******* улсын байцаагч С.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 тоот актаар[1] Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна, 2017 оны 05 сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2-д ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг ...татварын тайланд багасгаж тусгасан...,...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг тус тус баримтлан албан татварын зөрчилд 97,990,681.00 төгрөгийн нөхөн татвар,  29,397,204.30 төгрөгийн торгууль, 17,374,229.38 төгрөгийн алданги, нийт 144,762,114.68 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч дээрх актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэгт хуульд заасан журмаар авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Завхан аймгийн ******* улсын байцаагчийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актаар:

Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын /цаашид НӨАТ гэх/ тайланг жилийн дүнгээр тооцоо хийлгүйгээр 2017 онд 7,603,316.53 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрчсөн гэж үзээд 7,603,316.76 төгрөгийн зөрчилд 760,331.68 төгрөгийн татвар, 228,099.50 төгрөгийн торгууль, 152,066.33 төгрөгийн алданги, нийт 1,140,497.48 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын борлуулалтын падааныг цахим системд АУЭХС ТӨХК-руу шивж илгээсэн. Энэ татварын тухайд бүртгэлийн алдаа яах аргагүй байгаа учраас төлөгдөх ёстой гэжээ.

Богдын гол УЦС ХХК-ын НӨАТ, ААНОАТ тайлангийн нэгтгэл, харилцахын орлогын 2016-2019 оны тооцооноос харахад тус компани нь 2017 онд 505,330,740,3 төгрөгийн борлуулалт, 430,297,661,09 төгрөгийн худалдан авалт хийж татвар ногдох орлогоо 75,033,079,21 төгрөг гэж тодорхойлсон байна. Татварын улсын байцаагч нарын тооцооллоор тухайн компанийн борлуулалтын орлогыг 512,934,056,76 төгрөг зөрүү 7,603,316,76 гэж тодорхойлжээ.

2017 оны 12 сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар[2] ******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварт 8,981,742 төгрөг төлсөн нь тогтоогдож байх ба татварын улсын байцаагч нар энэ татварыг төлснөөр тооцож, зөрүү 760,331.66 төгрөгийн татварыг төлөх ёстой гэж тооцоолсон, нэхэмжлэгч энэ төлбөрийн дүнд маргаагүй байна.

Гэрч Ч.******* /******* ХХК-ий нягтлан бодогч/ мэдүүлэхдээ ...тайлан дээр тайлагнаад төлөх ёстой НӨАТ-ын тооцоонд орчихсон явж байгаа. Энэ татвар бол төлөгдөнө. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа[3] гэж мэдүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасан байх тул ******* ХХК нь 2017 оны борлуулалтын орлогын зөрүү болох 7,603,316,76 төгрөгөнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар 10 хувийн татвар болох 760,331.66 төгрөг төлөхөөр байна. Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 сарын 20/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул 760,331.66 төгрөгөнд 152,066.33 төгрөгний алданги, Зөрчлийн тухай /2015 оны/ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн тохиолдолд...нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 228,099.50 төгрөгийн торгууль оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Хоёр. 2016-2019 оны харилцахын орлого, зарлагын тайланг шалгахад 2016 онд хувь хүнээс бараа, материал худалдан авсан боловч хувь хүний орлогын албан татвар /цаашид ХХОАТ гэх/ суутгаж төсөвт төлөөгүй 5 хүнтэй холбоотой 491,800 төгрөг, 2 хүнтэй холбоотой 70,600 төгрөгийг суутгасан боловч тайлагнаж төлөөгүй, 2017 онд ХХОАТ суутгаж төсөвт төлөөгүй 7 хүнтэй холбоотой 2,309,000 төгрөг, 2019 онд 1 хүнтэй холбоотой 160,000 төгрөгийн ажлын хөлснөөс суутгал хийгээгүй нь баримтаар нотлогдож байгаа. Эдгээр иргэдийн зөрчлийг нягтлан бодогчид танилцуулсан бөгөөд хүлээн зөвшөөрсөн.

Нийт 3,031,400.0 төгрөгийн орлогыг хувь хүнд олгохдоо татвар суутган авч төсөвт төлөөгүйгээр тайлагнасан нь ХХОАТ-ын тухай хуулийн 9.1.1-д Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдуулна. Энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна, Энэ хуулийн 27.1.4-д энэ хуулийн 12-р зүйлд заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан ...тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна... гэж заасны дагуу тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө гэж заасныг зөрсөн гэж үзээд 303,140 төгрөгийн татвар, 90,942 төгрөгийн торгууль, 59,084 төгрөгийн алданги, нийт 453,166.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Компани хувь хүний орлогын албан татварын илүү төлөлттэй байсан, маргаан таслах зөвлөлд энэ талаар хүсэлт гаргасан боловч илүү төлөлтийг тооцож өгөөгүй гэж маргасан байна.

******* ХХК нь 2016 онд хувь хүнд шилжүүлсэн 562,400 төгрөгийн орлогоос, 2017 онд 2,309,000 төгрөгийн орлогоос, 2019 онд 160,000 төгрөгийн орлогоос нийт 3,031,400 төгрөгийн орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй нь харилцахын орлого, зарлагын тайлангаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Ч.******* нь дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 271 дугаар зүйлийн 271.4.1-д албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах-аар зохицуулсан байх ба нэхэмжлэгч компаниас тухайн онуудад тайлан гаргаж өгөхдөө энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, татварын илүү төлөлттэй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Тухайн онуудад манай компани ХХОАТ-ын илүү төлөлттэй байгаа учраас дээрх татварыг суутган тооцуулах хүсэлтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1.1-д Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт...олсон орлогод албан татвар ногдуулна, 12.2-д тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна, 27.1.4-т энэ хуулийн 12 дугаар зүйл...-д заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар тооцон ...төлөх-өөр, 23.1-д ... тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж заасны дагуу 10 хувийн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн /2015 он/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар 303,140 төгрөгийн татварт 59,084 төгрөгний алданги, Зөрчлийн тухай /2017 оны/ 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 2-т ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг, ...татварын тайланд багасгаж тусгасан...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 90,942 төгрөгний торгууль тус тус оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Гурав. Хариуцагч нараас ******* ХХК-ийг 2016 онд 13 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 2016 онд 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан 8,511,370.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2017 онд 13 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 2017 онд 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан үнэлж 8,499,130.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2018 онд 13 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,369,545,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 1,433,761,667.00 төгрөгөөр бууруулан 8,602,570.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2019 онд хөрөнгөдөө дахин үнэлгээ хийлгүүлж элэгдлээрээ үнэ нь дуусан хөрөнгийг дахин үнэлүүлж заримынх нь үнэлгээ буурч үнэлэгдэн шинээр бүртгэлд ороогүй байсан 7 ш хөрөнгийг данс бүртгэлд авснаар нийт 20 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 1,863,709,410.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 927,926,000.00 төгрөгөөр бууруулан 5,567,556.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан ба 2016-2019 онуудад 31,180,626.01 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, 5-р зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. 6.1 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулна гэснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1-р зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосугай гэж заасныг баримтлан татвар ногдуулсан гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2016 онд хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.*******, Б.******* нар нь 2014, 2015 онуудад шалгалт хийхдээ үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2004 оны 04 сарын 01-нд татварын хэлтсээс олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ-ний дүнгээр төлсөн байхад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг бууруулж ногдуулсан зөрчил гэж авч үзээгүй болно.Тухайн үед алдаа зөрчил гэж үзэн арга зүйн зөвлөгөө өгсөн бол манай компанийн хувьд ийм санхүүгийн хүндрэлтэй байдал үүсэхгүй байсан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 7.1.4 үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга, байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай заалтын дагуу Усан цахилгаан станц /*******, Хүнгийн УЦС, Галуутайн УЦС-уудын үйлдвэрлэлийн барилга, байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлж өгөхийг хүсч байна. Тухайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлогоос Ус ашигласны төлбөрийг ногдуулан төлж байгаа тул тухайн үйлдвэрлэлийг явуулахад 2 татвар давхар ногдож байгаа тул үйлдвэрлэлийн барилга, байгууламжийг дээрх заалтын дагуу татвараас чөлөөлж өгөхийг хүсч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэсэн заалтын дагуу 2016, 2017, 2018, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн татварын улсын байцаагчийн татвар ногдуулсан дүнгээс зөрүүтэй байгаа. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасч үлдэгдэл өртгийг гаргасан гэж маргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж заасан.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж тодорхойлсон байх ба Богдын голын Усан цахилгаан станц нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн[4], өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тайлан гаргадаг компани байх тул дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалтад хамаарахгүй юм.

Түүнчлэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 6.1.1-д төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө....Үүнд төрийн байгууллага, боловсролын байгууллага, соёл, урлагийн байгууллага, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний байгууллага, хууль сахиулах болон батлан хамгаалах байгууллага зэрэг байгууллагуудыг ойлгохоор заажээ. Гэрч Ч.******* ...манайх орон нутаг болон төсвөөс санхүүжилт авахгүй толгой компани болох Алтай-Улиастай эрчим хүч ТӨХК-иас санхүүжилт авдаг гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төрийн өмчит компани бөгөөд төрийн өмчит толгой компани болох Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-иас санхүүжилт авдаг тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд усан цахилгаан станц нь үйлдвэрлэл явуулж буй тул татвараас чөлөөлөгдөх ёстой гэж маргасан байна.

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үйлдвэрлэл, технологийн парк /цаашид парк гэх/ гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний цогцолборыг ойлгохоор заасан байна. Тус хуулийн зохицуулалтаас харахад парк нь 5 жил хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл авч, төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, тус хуулийн 4.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байх ба ******* нь дээрх үйлдвэрлэл, технологийн парк-д хамаарахааргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд  "үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг ... данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно" гэж зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нар ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дансанд бүртгэгдсэн анхны үнээр тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулжээ.

Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 дугаар тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн  заавар-ын 6.3-д Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ гэж заасан байна.

******* ХХК-ийн 2016-2018 оны Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд[5] тусгагдсан конторын барилга, Цэцэн-Уул оффис барилга, түлшний агуулах, дизелийн 2, 3 дугаар корпус, маслын склад, манаачийн байр, Богдын гол, Хүнгүй, Галуутайн УЦС-ийн барилгууд, Хүнгүй, Галуутайн УЦС-ийн амралтын барилга, Галуутайн УЦС-ийн далан гэх мэт нийт 13 ширхэг барилга байгууламжийн, 2019 оны үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайланд[6] тусгагдсан Цэцэн-Уул оффис барилга, харуулын барилга, албан конторын барилга, грашийн барилга, соёлын танхимын барилга, сэлбэгийн агуулахын барилга, Богдын гол, Хүнгүй, Галуутайн УЦС-ийн барилгууд, Галуутайн УЦС-ийн далан, дизелийн 2, 3 дугаар корпус, Богдын гол, Хүнгүй, Галуутайн УЦС-ийн амралтын барилга, маслын склад, түлшний агуулах, дэд станцын барилга, механик засварын цех зэрэг 19 ширхэг үндсэн хөрөнгүүдийн данс бүртгэлд тусгагдсан үлдэгдэл өртөг 2016 онд 1,494,201,126.00 төгрөг, 2017 онд 1,468,920,378.00 төгрөг, 2018 онд 1,051,246,125.00 төгрөг, 2019 онд 1,413,455,283.00 төгрөг байна.

Үүнд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу 0,6 хувиар татвар ногдуулахад 2016 онд 8,965,206.756 төгрөгний, 2017 онд 8,813,522.268 төгрөгний, 2018 онд 6,307,476.75 төгрөгний, 2019 онд 8,480,731.698 төгрөгний татвар тус тус төлөгдөхөөр байна.

Хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулахдаа данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнг элэгдлийг тооцолгүй анхны үнээс тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 31,180,626.00 төгрөгний татвар ногдуулсан нь буруу байна гэж үзлээ. Татварын улсын байцаагч нарын зөрчлийн талаарх тооцоолол, нэхэмжлэгчийн Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан тайлбарт[7] дурдсанаар нэхэмжлэгч компани нь 2016-2019 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нийт 22,471,040.00 төгрөг төлсөн энэ талаар нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нийт төлөх ёстой 32,566,937.472 төгрөгнөөс төлсөн 22,471,040.00 төгрөгийг хасахад 10,096,897.472 төгрөгний татвар төлөхөөр байна.

Татварын ерөнхий хуулийн /2015 он/ 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар 10,096,897.5 төгрөгийн татварт 2,019,379.5 төгрөгний алданги, Зөрчлийн тухай /2017 оны/ 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 2-т ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг, ...татварын тайланд багасгаж тусгасан...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 3,029,069.2 төгрөгний торгууль тус тус оногдуулахаар байна.

Иймд нөхөн ногдуулалтын актаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт үндэслэлгүй тогтоосон татвар 21,083,728.00 төгрөг, торгууль 6,325,118.4 төгрөг, алданги 4,216,745.6 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дөрөв. Татварын улсын байцаагч нараас усны төлбөр ногдуулахдаа 2016 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 611,083,680.30 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 30,554,154.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс 1 хувиар тооцон 6,110,800.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 24,443,355.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан,

2017 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 266,309,352.90 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 13,315,467.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 05-р сарын 19-ны өдрийн 152 дугаар тогтоолоор тогтоосон Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-д худалдах цахилгааны төг/квт.ц 6,91 төгрөгийн энергийн тарифаар тооцон 37,507,957.00 төгрөгийн борлуулалтад 2,978,765.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 10,336,702.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан,

2018 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсан 295,307,665.86 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 14,765,383.25 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 01-р сарын 01-ний өдрийн ...-р тогтоолоор тогтоосон Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-д худалдах цахилгааны төг/кВт.ц 8,83 төгрөгийн энергийн тарифаар тооцон 41,893,298.00 төгрөгийн борлуулалтад 2,159,149.60 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 12,606,234.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулаагүй орхигдуулсан,

2019 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 269,244,792.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 13,462,239.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 01-р сарын 01-ны өдрийн ...-р тогтоолоор тогтоосон Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-д худалдах цахилгааны төг/кВт.ц 8,83 төгрөгийн энергийн тарифаар тооцон 15,804,357.00 төгрөгийн борлуулалтад 790,068 төгрөгийн усны төлбөрийг ногдуулан урьд оны илүү төлөлт болох 64,485.00 төгрөгийг суутган төсөвт 725,583.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 12,736,656.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан ба

2016-2019 онуудад нийт 60,122,947.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн гэж үзээд 18,036,884.10 төгрөгний торгууль, 10,795,502.10 төгрөгний алданги, нийт 88,955,333.20 төгрөгний төлбөр тавьжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс энергийн тариф гэдэг нь Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж кВт.ц бүрт төлөх үнэ буюу тухайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлого тооцох тариф, чадлын тариф гэдэг нь Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөр бөгөөд тухайн тариф сар бүр тогтмол байх бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт явуулаагүй /цахилгаан эрчим хүч үйлдвэрлээгүй/ үед ч тооцогддог тогтмол орлого учраас тухайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлогод хамаарахгүй орлого юм.

Ийм учраас чадлын тарифт ус ашигласны төлбөр ногдуулахгүй орлого тул татварын нөхөн ногдуулалтаас чөлөөлж өгөхийг хүсч байна гэж маргасан байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна, 6.1.1-д хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, 10.1-д Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:

10.1.1 усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс,

15.3 Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар... тогтооно гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09-р сарын 21-ний өдрийн 326-р тогтоолд Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг ...Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд 5 хувиар тооцох гэсний дагуу ус ашигласны төлбөр төлөхөөр байна.

Монгол Ус Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ******* ХХК-ийг ус ашиглуулах талаар 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 170[8], 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 209[9] дугаар дүгнэлтүүдийг гаргасан байх ба ******* ХХК-ийг 2019 онд 3,939,000.0 кВт цаг/жил цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн гэж үзээд Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 40 дүгээр тогтоолоор Алтай-Улиастай бүсийн хэрэглэгчдэд 1,0 кВт. цаг эрчим хүчний борлуулалтын үнийг 8 төгрөг, 83 мөнгөөр тогтоосны дагуу цахилгаан эрчим хүч борлуулах орлогын дүнг 3,939,000 кВт.цаг х8,83 төг/кВт.цаг=34,781,370.0 төгрөг гэж, Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1-р хавсралтын 11 дэх заалтын дагуу усан цахилгаан станцын эрчим хүч борлуулалтын орлогын дүнгийн 5%-иар тооцоход эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан усны төлбөрийг 34,781,370.0 төг х 5%=1,739,068.5 төгрөг гэж тооцож дүгнэжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 298 дугаар тогтоолоор[10] аргачлал батлахдаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж кВт/цаг бүрт төлөх үнийг энергийн тариф гэж, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөрийг чадлын тариф гэж тодорхойлсон байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ... тай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 6.1-д Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна, 6.1.4-д эрчим хүч үйлдвэрлэх ...зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин, 10.1.1-д усан цахилгаан станц ... зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс төлбөр ногдуулахаар зохицуулснаас үзэхэд усыг ашигласан тохиолдолд төлбөр төлөх харилцааг зохицуулсан байна. Усан цахилгаан станц нь усыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгааны кВт/цаг хэмжээгээр орлого олж байх тул энергийн тарифаар тооцож усны төлбөр төлөх үндэслэлтэй байна. Ус ашиглаж цахилгаан үйлдвэрлээгүй бусад саруудад олгогдож байгаа чадлын тарифт усны төлбөр ногдуулаагүй мөртлөө борлуулалтын орлогодоо тайлагнасан гэж үзэн ус ашигласан саруудад чадлын тарифт усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

******* ХХК-аас Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан салбарт нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тооцооноос[11] харахад 2016 оны 04 сарын 30-наас 2017 оны 05 сарын 31 хүртэл нийлүүлсэн цахилгаан эрчим хүч /кВт/цаг/-ийг 186,81 нэгж тарифаар үржүүлж орлогоо тодорхойлсон, 2017 оны 05 сарын 31-нээс 2017 оны 10 сарын 31 хүртэл энергийн тарифыг 6,91-ээр, чадлын тарифыг тогтмол 52,073,700 төгрөгөөр, 2018 оны 05 сарын 01-нээс энергийн тарифыг 8,83-аар, чадлын тарифыг 50,688,690 төгрөгөөр тус тус тооцож орлогоо тодорхойлсон байна.

2016 онд чадлын тарифыг тусад нь тогтоогоогүй байх тул нийт борлуулалтын орлогоос усны төлбөрийг тогтоосон нь үндэслэлтэй, бусад хугацааны усны төлбөрийг энергийн тарифаар тооцож төлөх нь зүйтэй байна гэж үзээд 2016 оны борлуулалтын орлого 653,974,284.903 төгрөгнөөс төлөх ёстой усны төлбөрийг 32,698,714.245 төгрөг, 2017 оны энергийн тариф болох 37,507,964.178 төгрөгнөөс төлөх ёстой усны төлбөрийг 1,875,398.209 төгрөг, 2018 оны энергийн тариф болох 41,877,187.139 төгрөгнөөс төлөх ёстой усны төлбөрийг 2,093,859.357 төгрөг, 2019 оны энергийн тариф болох 15,801,350.872 төгрөгнөөс төлөх ёстой усны төлбөрийг 790,067.544 төгрөг гэж тус тус тооцон 2016-2019 онуудад усны төлбөрт нийт 37,458,039.355 төгрөг төлөх ёстой байна гэж үзлээ.

Татварын улсын байцаагч нарын тооцооллоор ******* ХХК нь 2016-2019 оны усны төлбөрт нийт 12,038,782.26 төгрөг төлснөөр тооцоолсон нэхэмжлэгч үүнд маргаагүй байх тул ******* ХХК нь 2016-2019 оны усны төлбөрт одоо 25,419,257.095 төгрөг төлөхөөр байна.

Татварын улсын байцаагч нар 2020 оны 09 сарын 28-ны өдрийн актаар усны төлбөрт 60,122,947.00 төгрөг төлүүлэхээр тогтоосон байх тул үндэслэлгүй ногдуулсан төлбөр 34,703,689.905 төгрөг, торгууль 10,411,106.971 төгрөг, алданги 6,940,737.98 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Тав. 2018 онд Эко энержи ресурс ХХК-наас 8,981,818.00 төгрөгийн өртөгтэй Реклоузер нэртэй үндсэн хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварын 4051194418 дугаартай падаанаар, 2019 онд Алтан харш ХХК-наас *******-ын сувгийн шинэчлэлийн их засварын 44,090,909.09 төгрөгийн өртөгтэй ажлын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын 4067316838 дугаартай падаанаар, 5125537 регистрийн дугаартай Мэнхэн тахилга ХХК-наас трансформатор 2 ш-г нэг бүрийг нь 1,581,818.18 төгрөгийн өртөгтэйгээр нийт 3,163,636.36 төгрөгийн үндсэн хөрөнгүүдийг тус тус худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварын дотоодын зах зээлээс худалдан авсан хэсэгт оруулан хасалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасныг зөрчсөн гэж үзээд 5,623,636.34 төгрөгний татвар, 1,687,090.9 төгрөгний торгууль, 668,720.91 төгрөгний алданги ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс: Хүчний болон хүчдэлийн трансформатор бол тусдаа. Хүчдэлийн трансформатор нь цахилгаан тоноглол таслуурын туслах тоноглол гэж явдаг, үндсэн хөрөнгийн шинжийг агуулдаггүй учраас татвар төлөхгүй гэж маргажээ.

******* ХХК нь Эко энержи ресурс ХХК-аас реклоузер нэртэй хөрөнгө худалдан авч, 2018 оны 06 сарын 08-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь төлбөрийн даалгавараар[12] тогтоогдож байна. Мөн 2019 оны 04 сарын 15-ны өдөр Алтан харш ХХК-тай ус хаях хэсгийн засварын ажлыг 48,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж[13], 2019 оны 05 сарын 08-ны өдөр 0010000004 тоот баримтаар[14] үндсэн хөрөнгийн орлогод бүртгэж, 2019 оны 06 сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар[15] мөнгийг шилжүүлсэн байна.

Бараа материалын орлогын баримт болон төлбөрийн баримтаас[16] харахад ******* ХХК нь 2019 оны 07 сарын 23-ны өдөр Мэнхэн тахилга ХХК-иас трансформатор нэг бүрийн үнийг 1,740,000 төгрөгөөр 2 ширхэгийг нийт 3,480,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Усны тухай хуулийн 3.1.13-д зааснаар усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний  чанарыг  сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий  барилга байгууламжийг усны барилга байгууламж гэж ойлгохоор заасан байх ба Алтан харш ХХК-иар гүйцэтгүүлсэн ус хаях хэсгийн засварын ажил нь усны байгууламжид хамаарахаар байна.

Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 дугаар тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн  заавар-ын 6.1-д Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд нь үндсэн хөрөнгөд хамаарахаар, б-д нь эдгээр хөрөнгөд Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж зэрэг элэгдэл, хорогдол тооцдог хөрөнгө хамаарахаар заасан байна.

 Мэнхэн тахилга ХХК-аас худалдан авсан хүчдэлийн трансформатор нь үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдан авсан тоног төхөөрөмжид хамаарахаар байх тул 2019 онд худалдан авсан дээрх бараа, үйлчилгээнд ногдох татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар төлөхөөр байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Эко энержи ресурс ХХК-аас худалдан авсан реклоузер нэртэй хөрөнгөд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварт ямар нэгэн тайлбар гаргаагүй, маргаагүй тул шүүх уг ногдуулсан татвар, төлбөрийн дүнд дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасан байх тул энэ үндэслэлээр татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасны зэрэгцээ мөн өдөр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө, 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заажээ.

Иймд татварын улсын байцаагч нараас 2008 оны 05 сарын 11-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна /2015-12-04-ний өдрийн өөрчлөлт орсноор/, 2017 оны 05 сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2-д ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг ...татварын тайланд багасгаж тусгасан, ...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг тус тус үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй байна.

Харин хүчингүй болсон хууль, хуулинд заагдаагүй зохицуулалтыг үндэслэн тогтоосон татварын улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар буруу юм.

Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар, 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцохоор тус тус зохицуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай 30 дугаар тогтоолд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг 2016 онд хоног тутамд 0,0537 хувь байхаар, 2017 оны 30 дугаар тогтоолоор 0,054 хувь байхаар, 2018 оны 24 дүгээр тогтоолоор 0,050 хувь байхаар, 2019 оны 66 дугаар тогтоолоор 0,046 хувь байхаар тус тус тогтоосны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нарын гаргасан тооцооллоор татварын алдангийн хэмжээ өмнө тогтоосон актаас 25,156,866.80 төгрөгөөр илүү байна.

Тодруулбал татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тодорхой заасан байх бөгөөд шинэчилсэн найруулга бүхий Татварын ерөнхий хуулийг хэрэглэхэд нэхэмжлэгчид алдагдалтай буюу тооцох алдангийн хэмжээ өмнөх хуулийн зохицуулалтаас илүү төлөхөөр байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч нар акт гаргахдаа татварын алдангийн тооцооллыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, сүүлд шүүхэд гаргаж өгсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй учраас татварын актыг хуульд заасан журмаар гаргаагүй гэж, хариуцагчаас Татварын ерөнхий хууль, журамд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх талаар зохицуулалт байхгүй тул бид журмын дагуу хяналт шалгалтаа явуулсан гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, 3.4-т Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тус тус зааснаар татварын байгууллага нь захиргааны байгууллагад хамаарах ба шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24-32 дугаар зүйлд заасан журмаар явагдахаар байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.9-д Хяналт шалгалт хийх хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, тодруулах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, мэдээллийн сангийн мэдээллийг үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох этгээдтэй ярилцлага хийж, тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулна, 3.4-т Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, татварын илүү, дутуу төлөлт, хугацаанд нь төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулсан тооцоо, ярилцлагын тэмдэглэл, татварын актыг гардуулсан тухай тэмдэглэл зэрэг ...хяналт шалгалтын маягтыг татвар төлөгчид танилцуулж тамга, тэмдэг дарж гарын үсэг зуруулна гэж татварын төлөгчийг сонсох, тайлбар авах ажиллагааг журамласан байна.

Татварын хяналт шалгалтын материал болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн баримтаас харахад татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл[17]-ийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь актыг гаргасны дараа татвар төлөгчид танилцуулсан баримт байх ба хяналт шалгалтын явцад татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, баримт гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч энэхүү процесс ажиллагаа зөрчигдсөн нь зөрчлийг үгүйсгэх, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Завхан аймгийн ******* улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актаас усны төлбөрт илүү ногдуулсан 34,703,689.905 төгрөгний төлбөр, 10,411,106.971 төгрөгний торгууль, 6,940,737.98 төгрөгний алданги, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт илүү ногдуулсан 21,083,728.0 төгрөгний татвар, 6,325,118.4 төгрөгний торгууль, 4,216,745.6 төгрөгний алданги, нийт 83,681,126.856 төгрөгний төлбөрийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа тооцооллын алдаа гаргаж, актаар тавигдсан нийт төлбөрөөс 65,084,551.00 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгохоор танилцуулсан тул мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Анхан шатны шүүхийн шийдвэр...-т үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно гэж заасны дагуу актын нийт төлбөрөөс хасч хэрэгсэхгүй болгож байгаа дүн 65,084,551.00 төгрөгийг 83,681,126.856 төгрөг болгож залруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн /2017 оны/ 11.19 дүгээр зүйлийн 1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1.4, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.4, 10.1.1, 15.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн ******* улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актын нийт төлбөр болох 144,762,114.00 төгрөгнөөс 83,681,126.856 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-10-р хуудас

[2] Хавтаст хэргийн 201-р хуудас

[3] Хавтаст хэргийн 212-р тал

[4] Хавтаст хэргийн 4-р хуудас

[5] Хавтаст хэргийн 111-113-р хуудас

[6] Хавтаст хэргийн 114-р хуудас

[7] Хавтаст хэргийн 22, 23-р тал

[8] Хавтаст хэргийн 100-101-р хуудас

[9] Хавтаст хэргийн 208-209-р хуудас

[10] Хавтаст хэргийн 198-200-р хуудас

[11] Хавтаст хэргийн 84-96-р хуудас

[12] Хавтаст хэргийн 104-р хуудас

[13] Хавтаст хэргийн 102-р хуудас

[14] Хавтаст хэргийн 193-р хуудас

[15] Хавтаст хэргийн 102-р хуудасны 2 дахь тал

[16] Хавтаст хэргийн 106-107-р хуудас

[17] Хавтаст хэргийн 77-р хуудас