Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: “… Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 124/2025/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь “…Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Увс аймгийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … Нэхэмжлэгч Б.Б-ын хувьд 2021 онд 5 дугаар сард 2002 оны Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хоёр дахь 5 жил ажилласан хугацаа нь хангагдаж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Боловсролын ерөнхий хуулийн дагуу 2024 оны 5 дугаар сард дараагийн мөнгөн тэтгэмжээ авах болзлоо хангасан. Гэвч 2002 оны Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 9 сард дараа он буюу 2024 оны 5 сард тэтгэмж авах эрх үүсэж байгаа хэмээн мөнгөн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл, бусад баримтуудыг Б.Б-аас авсан атлаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Болосролын ерөнхий хууль болон Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-д заасан “тасралтгүй ажилласан” гэх алдсан гэдгийг гагцхүү зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан гэх үндэслэлээр нь харж нэхэмжлэгчид мөнгөн тэтгэмж олгоогүй.

3.2. Б.Б-ын хувьд 2023 оны 9 сард өргөдөл материалаа өгч байхдаа ирэх онд өөрийгөө дараагийн мөнгөн тэтгэмж авна гэсэн бодолтой байсан бөгөөд 2024 оны 3 сард мөнгөн тэтгэмж олгох тухай журам батлагдана гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан юм. Хэрэв журам батлагдаж дээрх зохицуулалт орох байсныг урьдчилан мэдсэн, мэдэх боломжгой байсан бол тул түүний хувьд цалингүй чөлөө авахгүй байх байсан. Аливаа хууль тогтоомж, дүрэм, журам нь гарсан цагаасаа хойш цаг хугацаа нь дахь харилцааг зохицуулж, мөрдөгддөг бөгөөд тухайн журмын заалт, зохицуулалтын шинжүүд ч гэсэн өнгөрсөн цаг хугацааны алдаа зөрчлийг засаж, сайжруулж, өөрчилсөн байдгаараа онцлогтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд ч гэсэн журам батлагдаагүй, зөвхөн 2002 оны Боловсролын тухай хуулиар мөнгөн тэтгэмж олгож байх үеийн цаг хугацаан дахь тасралтгүй гэх шинжийг оруусан нь хөдөлмөрийн харилцаа нь цуцлагдаж, дуусгавар болоогүй, биеийн тамирын багшаар 14 дэх жилдээ ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийн хуулиар олгогдсон нийгмийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

3.3. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд бүхэлд нь дүгнэлт хийж шийдвэрээ гаргаагүй гэж үзсэн тул Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 7,200,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Б.Б- нь Увс аймгийн Боловсролын газарт холбогдуулан “...Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах”-аар маргажээ.   

2.2. Анхан шатны шүүх  “... өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх үйл баримт тогтоогдож байгаа энэ тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд түүний цалингүй чөлөөтэй байсан хугацааг тасралтгүй ажилласан жилд хамааруулан үзэх үндэслэлгүй … нэхэмжлэгч Б.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гурав жил буюу (36 сар) ажилласан боловч 2023 оны 01-02 дугаар сар, 2023 оны 11, 12 дугаар саруудад тус тус өөрийн хүсэлтээр хувийн чөлөө авч, улмаар нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан энэхүү үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам-ын 2.3-т заасан тасралтгүй ажилласан тооцох нөхцөлд хамаарахгүй байх тул тэрбээр өмнөх мөнгөн тэтгэмж авсан хугацаанаас хойш тус журмын 2.2-т заасан тасралтгүй 36 сар ажилласан байх нөхцөлийг хангаагүй байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Б-д Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлд зааснаар Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгожээ. Улмаар Б.Б-д Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар 3 сарын чөлөө олгож, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр чөлөөний хугацаа дууссан” үндэслэлээр эргүүлэн ажилд авсан байна.

2.4. Үүний дараа Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй хувийн шалтгаанаар чөлөө олгосон үйл баримт тогтоогдож байна.

2.5. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд “Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа” гээд 13.3.3-д “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын Засгийн газар /цаашид Засгийн газар гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 24.1.2-т “энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах” гэж  тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицууулалтаас үзэхэд сум, багт ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний удаад 5 жил, дараагийн удаагаас 3 жил тутамд нэг удаа үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө урамшуулал олгохоор байх бөгөөд ийнхүү олгох журмыг боловсруулж батлах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгожээ.

2.7. Уг эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам-ын 2.1-д Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтанд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний”, 2.2-д “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна”, 2.3-д “Доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан жилд хамааруулан тооцно” гээд 2.3.1-д “ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа”, 2.3.2-т “хууль, тогтоомжийн хүрээнд гэр бүлийн гишүүнийг 3 хүртэл сараар сахиж, асарсан хугацаа”, 2.3.3-т “эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа”, 2.3.4-т “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан хугацаа” 2.3.5-д “тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан хугацаа”, 2.3.6-д “байгууллагын захиалгаар, төрийн зардлаар 6 хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа”, 2.3.7-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил (12 сар) хүртэлх хугацаа” гэж тус тус заажээ.

2.8. Нэхэмжлэгч Б.Б- нь цалингүй чөлөө авч, улмаар түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдсан байх тул тасралтгүй ажилласан гэж үзэх боломжгүй төдийгүй энэ нөхцөл байдал нь хөдөө орон нутагт тасралтгүй ажилласан багшийг урамшуулах, тэдний нийгмийн баталгааг хангах тухай дээрх хуулийн зорилгод нийцэхгүй юм.

2.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид чөлөө олгосон үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох 2.3-д заасан тасралтгүй ажилласан хугацаанд тооцогдохооргүй байна.

2.10. Түүнчлэн, Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Багш нийгмийн дараах баталгаагаар хангагдана” гээд 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-д “Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэж тухайлан заасан.

2.11. Нэхэмжлэгч Б.Б- нь Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авсан байх бөгөөд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад түүний дараагийн удаагийн 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан авах эрх нь үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 2002 оны Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 9 сард дараа он буюу 2024 оны 5 сард тэтгэмж авах эрх үүсэж байгаа хэмээн мөнгөн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл, бусад баримтуудыг Б.Б-аас авсан. 2023 оны 9 сард өргөдөл материалаа өгч байхдаа ирэх онд өөрийгөө дараагийн мөнгөн тэтгэмж авна гэсэн бодолтой байсан бөгөөд 2024 оны 3 сард мөнгөн тэтгэмж олгох тухай журам батлагдана гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

 

                       ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ