Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгор /ҮД:0433/,

Шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэчулууны Батбаатар, Ерөөлтийн Төгөлдөр нарт холбогдох эрүүгийн 201626031275 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 61 дүгээр гудамж, 2А тоотод түр оршин суух, “Өнө орд” ХХК-нд засалчин ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УЮ94080498 / Боржигин овогт Эрдэнэчулууны Батбаатар,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дархан Уул аймаг, Өргөө баг 21 дүгээр хороолол 56-142 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн  Зүүн нарангийн 13-152 тоотод түр оршин суух,  “Өнө орд”     ХХК-нд засалчин ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ТЛ91012014 / Боржигон овогт Ерөөлтийн Төгөлдөр нар нь :

- бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко констракшн” ХХК-ний “Маршал таун” хотхоны Сургууль цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байхдаа Кинг тауэр 1-6 дугаар байранд нэвтэрч ПВЗ 1*4 маркийн утас 1321 метр, ПВЗ 1*6 маркийн утас 981 метрыг хулгайлж 1.890.650 төгрөгний, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөн уг барилгаас ПВЗ 1*6 маркийн утас 633 метрыг, ПВЗ 1*4 маркийн утас 402 метрыг хулгайлж 834.000 төгрөгний, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мөн дахин уг барилгаас ПВЗ 1*10 маркийн зэс голтой цахилгааны утас 1000 метрыг хулгайлж 1.750.000 төгрөгний буюу бусдад нийт 4.474.650 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Цогттөгөлдөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай “Эко констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор байрлах Кинг тауэр хотхоны 1-6 дугаар барилга дээр ажил явагдаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 50 минутын үед миний утсанд дуудлага ирсэн юм. Тэгтэл харуул хамгаалалтын албаны дарга Ариунболд “урд нь хулгай хийж байсан хүмүүсийг барьлаа” гэж хэлсэн. Ингээд би барилга дээр очтол “Өнө урт” ХХК-ний хоёр ажилтан шуудайтай утас барьчихсан харуулын байранд дээр зогсож байхаар нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. 9-12 дугаар давхарын цахилгааны утас нь 1600 орчим метр утас байсан. “Дахиад авсан утаснууд чинь хаана байгаа юм бэ” гэж асуухад “барилга дээр үлдээсэн” гэж хэлсэн ба дагуулж яваад 10 дугаар давхараас шуудайнд хийсэн хоёр боодол утсыг олж авч цагдаад авчирсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 21, 27-ны өдрүүдэд тус барилга дээрээс хоёр удаа хулгай гарсан. Энэ хоёр залуугаас “авсан уу” гэж асуухад “авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Тэгээд утасны төлбөрийг нь харуул хамгаалалтын компаниас 3 сая орчим төгрөг авсан. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр алдагдсан зүйлсийн хохирол нь 2.8 сая төгрөг болсон. Нийт манай компанид алдсан зэс утас болон ажлын хөлстэйгээ нийлээд 7.622.220 төгрөгийн хохирол учирсан байгаа…” гэжээ. / хх 12 /,

Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай “Их Уул залаат” ХХК-нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор баригдаж байгаа Кинг тауэр барилгын харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цаг 30 минутын орчим тус барилгын 6,7,8 давхараас 3 шуудай цахилгааны зэс голтой утас хулгайд алдагдсан. Ингээд тухайн үед хамгаалагч Бат-Эрдэнэ, Төмөрбаатар нар үйлдэл дээр нь Э.Батбаатар, Э.Төгөлдөр нарыг барьж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн…” гэжээ. / хх 20-21 /

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би “Их Уул залаат” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг. Манайх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны Эко констракшн ХХК-ны барьж байгаа барилгад 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Орой барилгын давхар болгоныг шалгаад 20 цагийн үед явж байхад 9 давхараас дээш утасгүй байсан. Ингээд дээшээ шалгаад явж байхад 14 давхарт шуудайнд хийсэн боодолтой утаснууд байсан. Тэгээд би давхар бүрийг шалгаж үзэхэд 2 дугаар орцны 14 давхарын 00-н өрөөнд хулгай хийсэн хоёр залуу зогсож байхаар нь ээлжийн ахлах Төмөрбаатарыг дуудаж хүлээлгэж өгсөн…” гэжээ. / хх 33 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 35 /,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 84 /,

Шүүгдэгч Э.Батбаатарыг 2016.11.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 52-53 /,  2016.11.17-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 56-57 /,

Шүүгдэгч Е.Төгөлдөрийг 2016.11.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 59-60 /,  2016.11.17-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40-42 /,

Шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 36, 37 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батбаатар мэдүүлэхдээ: Бид хоёр 2016 оны 08 дугаар  сарын 05-нд зарын дагуу “Өнө орд” ХХК-д заслын  ажил хийхээр орсон. Сургуулийн барилгад заслын ажлыг хийдэг байсан ба 4-5 барилгын ард байх барилгаас үдийн цайгаа очиж авдаг байсан. Тэр барилга дотор явж байхдаа зэс голтой утас байхыг хараад авах боломжтой юм байна гэж хоорондоо ярилцсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 шуудай зэс голтой утсыг бид хоёр авсан. Тэгээд уг зэс утсаа Баянбүрдийн түүхий эд авдаг цэгт 160.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувааж авсан. Үүний дараа  хонож ажиллаж байхдаа  2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөгөө барилгаасаа 3 шуудай зэс голтой утас хулгайлж нөгөө түүхий эд авдаг цэгтээ 240.000 төгрөгөөр зарж мөнгийг  нь хувааж авсан. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 18-нд  дахин 3 шуудай зэс голтой утсыг хулгайлж байгаад харуулын ажилтанд баригдаж уг утсаа хүлээлгэн өгсөн. Хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Төгөлдөр мэдүүлэхдээ: 2016.08.05-нд зарын дагуу “Өнө орд” ХХК-д засал чимэглэлчин хийхээр ажилд орсон. Тухайн үед сургуулийн барилга дээр ажиллаж байсан ба “Кинг тауэр” барилга дээр явж байхдаа зэс голтой утсыг харсан. Тэгээд татаад үзтэл зэс утас нь сугарч гарч ирэхээр нь бид хоёр ярилцаад зэс утсыг авахаар болсон. 2016 оны 08 дугаар сарын 21-ний шөнө хонож ажиллаж байхдаа 2 шуудай зэс голтой  утас авсан. Маргааш өглөө нь Баянбүрдийн түүхий эд авдаг цэгт 160.000 төгрөгөөр зарж мөнгийг нь хувааж авсан. 2016 оны  08 дугаар сарын 27-ны өдөр дахин 3 шуудай зэс голтой утас хулгайлаад мөн нөгөө газраа аваачиж 240.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин 3 шуудай зэс голтой утсыг хулгайлж байгаад харуулын ажилтанд баригдаж уг утсаа хүлээлгэн өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко констракшн” ХХК-ний “Маршал таун” хотхоны Сургууль цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байхдаа Кинг тауэр 1-6 дугаар байранд нэвтэрч ПВЗ 1*4 маркийн утас 1321 метр, ПВЗ 1*6 маркийн утас 981 метрыг хулгайлж 1.890.650 төгрөгний, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөн уг барилгаас ПВЗ 1*6 маркийн утас 633 метрыг, ПВЗ 1*4 маркийн утас 402 метрыг хулгайлж 834.000 төгрөгний, 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мөн дахин уг барилгаас ПВЗ 1*10 маркийн зэс голтой цахилгааны утас 1000 метрыг хулгайлж 1.750.000 төгрөгний буюу бусдад нийт 4.474.650 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

 - “...Манай “Эко констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхон дотор байрлах Кинг тауэр хотхоны 1-6 дугаар барилга дээр ажил явагдаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 50 минутын харуул хамгаалалтын албаны дарга Ариунболд “урд нь хулгай хийж байсан хүмүүсийг барьлаа” гэж хэлсэн. “Өнө урт” ХХК-ний хоёр ажилтан шуудайтай утас барьчихсан харуулын байран дээр зогсож байхаар нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Нийт манай компанид алдсан зэс утас болон ажлын хөлстэйгээ нийлээд 7.622.220 төгрөгийн хохирол учирсан байгаа…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Цогттөгөлдөрын мэдүүлэг / хх 12 /,

- “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цаг 30 минутын орчим тус барилгын 6, 7, 8 давхараас 3 шуудай цахилгааны зэс голтой утас хулгайд алдагдсан. Ингээд үйлдэл дээр нь Э.Батбаатар, Э.Төгөлдөр нарыг барьж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн…” гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн Ц.Эрдэнэбаярын мэдүүлэг / хх 20-21 /,

- “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Орой барилгын давхар болгоныг шалгаад 20 цагийн үед явж байхад 9 давхараас дээш утасгүй байсан. Ингээд би давхар бүрийг шалгаж үзэхэд 2 дугаар орцны 14 давхарын 00-н өрөөнд хулгай хийсэн хоёр залуу зогсож байхаар нь ээлжийн ахлах Төмөрбаатарыг дуудаж хүлээлгэж өгсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг  / хх 33 /,

- Эд зүйлийн үнэлгээ / хх 35 /,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 84 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарыг давтан бүлэглэж, үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Эрдэнэчулууны Батбаатар, Боржигон овогт Ерөөлтийн Төгөлдөр нарыг  давтан бүлэглэж, үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 / хоёр / жил  6 /зургаан /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарт оногдуулсан 2 / хоёр / жил  6 /зургаан /  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Батбаатар, Е.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарт оногдуулсан 2 / хоёр / жил  6 / зургаан /  сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Батбаатар, Е.Төгөлдөр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД