Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар    2023/ШЦТ/47

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох эрүүгийн 2313000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А , 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БА88******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.А  нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “В” гутлын дэлгүүрийн дэргэдэх дөрвөн замын уулзвараар гарч явахдаа бага насны хүүхэд А.А гийн халааснаас унасан “Samsung galaxy A22” загварын гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Т.Л д 400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Эрүүгийн 2313000000000 дугаартай хэргээс  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Т.Л гаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 19 минутад гаргасан “...өөрийн Самсунг А22 загварын гар утсыг гээгдүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “В” гутлын дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

2.3 Иргэн Б.А гаас “Samsung galaxy A22” загварын гар утсыг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

2.4. Хохирогч Т.Л д “Samsung galaxy A22” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

2.5. Хохирогч Т.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29, 34, 37 дахь тал/,

2.6. Насанд хүрээгүй гэрч А.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

2.7. Гэрч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.8. Шинжээч “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-0000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 50-54 дэх тал/,

2.9. Яллагдагч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

2.10. Шүүгдэгч Б.А гийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 57, 72, 75-79 дэх тал/ хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.  

Шүүгдэгч Б.А  нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “В” гутлын дэлгүүрийн дэргэдэх дөрвөн замын уулзвараар гарч явахдаа бага насны хүүхэд А.А гийн халааснаас унасан “Samsung galaxy A22” загварын гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Т.Л д 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Т.Л гаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 19 минутад гаргасан “...өөрийн Самсунг А22 загварын гар утсыг гээгдүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

3.1.2. Баян-Өлгий аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “В” гутлын дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

3.1.3. Иргэн Б.А гаас “Samsung galaxy A22” загварын гар утсыг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

3.1.4. Хохирогч Т.Л д “Samsung galaxy A22” загварын гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

3.1.5. Хохирогч Т.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр талбайд явж байхдаа өөрийн “Samsung galaxy A22” загварын гар утсаа гэртээ мартсанаа санаад гэрт байсан 9 настай охин А.А  руу залгаж “ээж нь гар утсаа мартсан байна, талбайд зогсож байна, авчирч өгөөрэй” гэж хэлсэн.

Миний охин А  нь 15 цагийн үед Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвараас гарахдаа халааснаасаа миний эзэмшлийн Самсунг А22 загварын гар утсыг гээгдүүлсэн байна. Намайг талбайд зогсож байх үед үл таних дугаараас над руу залгаж “таны охин “Б” гутлын дэлгүүрийн хажууд байна. Гар утас алга болгосон гэж уйлаад зогсож байна” хэмээн хэлсэн юм. Би тэр даруйд тухайн газарт очиход миний охины хажууд 2-3 хүн зогсож байсан. Миний охин А  нь замаас хөндлөн гарахдаа “таны гар утсыг унагаасан байна” хэмээн уйлаад байсан. Би тухайн үед “Б” гутлын дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд охин А  нь замаас хөндлөн гүйж гарахдаа халааснаасаа миний гар утсыг унагаасан бичлэг байх бөгөөд уг гар утсыг унагаасан эсэхийг харж байсан ард нь яваа хөх өнгийн юүдэнтэй куртиктэй, ноосон малгайтай, цагаан өнгийн годон гуталтай, 30-40 насны эмэгтэй хүн бусдын гээгдэл гар утас гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор нууж авсан байна.

...Би тухайн гар утсыг 2022 оны 08 дугаар сарын үед Нокиа гар утасны дэлгүүрээс 650.000 төгрөгөөр худалдан авч байсан.

...би алдагдсан гар утсаа хүлээн авлаа. Миний утас бүрэн бүтэн, ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байна. Гэхдээ миний гар утсыг ашигласан байна, доторх бүх мэдээллийг нь устгаж, форматалсан байна. Би тухайн гар утсаа алдаж “Б” гутлын дэлгүүрийн камер шүүх гэхэд шүүлгээгүй тул 20.000 төгрөг өгч, камер шүүлгэсэн, мөн гар утасны үнэлгээ гаргахад 20.000 төгрөг өгсөн.

...миний бие хэргийн холбогдогчийн ээж гэх эмэгтэйгээс бэлнээр 40.000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29, 34, 37 дахь тал/,

3.1.6. Насанд хүрээгүй гэрч А.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ сууж байхад ээж залгаж “гар утсаа мартсан байна, талбайд аваад ир” гэж хэлсэн. Би тухайн үед гэрээс ганцаараа гараад Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр Музейн урд талын уулзвараас гараад явж байтал халаасанд байсан гар утас алга болсон байсан. Би тухайн үед айгаад уйлаад тэр замаас гараад дэлгүүрийн хажуу талд зогсож байхад миний хажуугаар явж байсан нэг том ах надаас “юу болсон” талаар асуугаад улмаар алга болсон утас буюу 99429402 утас руу 2 удаа залгасан. Эхний удаа залгахад дуудаж байсан бөгөөд удалгүй тасалчихсан. Тэгээд хоёр дахь удаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

3.1.7. Гэрч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би үеэл эгч болох Б.А тай хамт явж байсан. Бид хоёр тухайн “Б” гутлын дэлгүүрт ороод байж байтал Б.А  эгч чиний утас байна уу, би нэг утас олж авлаа гэж хэлсэн. Би тухайн үед халаасаа үзэхэд миний гар утас надад байсан юм. Тэгээд Б.А  эгч тухайн гар утсыг халаасандаа хийж авсан. Тэгээд “Б” гутлын дэлгүүрээс гараад бид хоёр "Алтай Трейд” орж эд зүйл сонирхоод гэр лүү явсан.

...миний хажууд байхад тухайн гар утсанд 1 удаа дуудлага ирсэн бөгөөд үеэл эгч Б.А  аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

3.1.8. Шинжээч Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-0000 дугаартай “...Самсунг Галакси А22 загварын хэрэглэж байсан гар утас 400.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-54 дэх тал/,

3.1.9. Яллагдагч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөдөө буцах гээд өдөр 15 цагийн үед үеэл А гийн хамт гадуур явж байгаад “Б” гутлын дэлгүүрийн тэр хавьд замаар гарч явахдаа явган хүний гарц дээрээс хар өнгийн, гялгар гэртэй, товчгүй, ухаалах гар утас олж авсан. Эхэндээ тэр гар утсыг үеэл А гийн утас гэж бодоод авсан ба үеэлээс гар утас олж авлаа, чинийх үү гэхэд тэр миний гар утас өөрт байгаа гэхээр нь олж авсан гар утсыг халаасандаа хийж аваад тэр чигтээ хөдөө гэртээ ирсэн ба хэд хоногийн дараа намайг аймгийн цагдаагийн газраас дуудаад нөгөө олж авсан гар утсыг хураагаад авсан, би гэмшиж байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.А гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Б.А  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх тайлбар гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Б.А  нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг завшиж байгаа нь шууд санаатай үйлдэл байна.

6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4. “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно: 4.1. “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.2.”үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3. “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

6.3. Шүүгдэгч Б.А гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Б.А гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Л д 440.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Л  нь шүүгдэгч Б.А гаас “Samsung Galaxy А22” загварын гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан, мөн шинжээчийн хөлс 20.000 төгрөг, хяналтын камерын бичлэг шүүлгэхэд төлсөн 20.000 төгрөг, нийт 40.000 төгрөгийг төлүүлж авснаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Б.А г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг

2.2. Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөх” дүгнэлтийг гаргасан болно.

2.3. Шүүхээс шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.4. Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.А  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүгдэгч Б.А  нь хувийн байдлын хувьд 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт нөхөр 5 хүүхдийн хамт оршин суудаг байна.

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэг СД 1 ширхгийг эрүүгийн 2313000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

2.9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

2.10. Шүүгдэгч Б.А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэг СД 1 ширхгийг эрүүгийн 2313000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ