| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/170 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0165/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа зохицуулагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн******* ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн **** тоотод хаягт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 023 оны 03 дугаар сарын 04-ний 05-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** хүнсний дэлгүүрийн гадна иргэн******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоор 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь 1 шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч******* ын мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 53/, гэрч******* мэдүүлэг / хавтаст хэргийн 17/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 34-35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.
Иймд ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч******* нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогч******* нь согтуурсан үедээ шүүгдэгч ******* ыг *** гэх найзтайгаа яриад зогсож байхад нь******* явья хэмээн удаа дараа дуудаж улмаар хэрүүл маргаан үүсгэсний улмаас ******* хохирогчийг цохьсон болох нь хохирогч******* , гэрч******* мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүйл бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар ******* д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. .
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД