Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/588

 

2023          05          11                                   2023/ШЦТ/588

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Б.Энхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Г,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 23000000000000 тоот хэргийг 2023.05.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1979 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг гэх, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 0 дугаар баг “Х” оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД.**00000000/ Х овогт Эын Т нь тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Ховд аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалж улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ц.А, Г.Г нарын жолоодон явсан 00-00 УАУ улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн авч явсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /1-р х.х-13/,

- Илтгэх хуудас “Сонгинохайрхан дүүргийн 00-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00-00 УАУ улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад иргэн Ц.А хууль бус ан болох 1 ш Алтайн хойлог шувуу тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, эргүүлийн офицерт хүлээлгэн өгч ажиллав” гэжээ /1-р х.х-14/,

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р х.х-26/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-235-236/,

-  Шүүх шинжилгээний ерөнхий газрын хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 394 дугаартай "... Шинжлэгдсэн шувуу нь Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus, (Gebler, 1836 зүйлийн эр хүйсийн шувуу байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны "Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох" тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтай хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээ 130.000 төгрөгөөр тогтоосон. Шинжлэгдсэн шувуу нь нас бие гүйцсэн шувуу байна. Тухайн шувууны агнагдсан байдал болон хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралт Ховор амьтны жагсаалтад орсон зүйл” гэх дүгнэлт /1-р х.х-91-93/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан 130000 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцож 260,00 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,

- Гэрч Д.Эийн “...манай ангийн хүүхэд Ж надад илгээмж ирсэн байна гэсэн тухайн үед Ж согтуу байгаа тул илгээмжийг очиж авч чадахгүй нь гэхээр нь би архи уугаагүй болохоор явж очоод авчихъя гэж хэлсэн. Тэгээд илгээмж өгөх хүнтэй холбогдож байгаад Сонгинохайрхан дүүрэгт байдаг Орчлон хороолол дээр ирсэн. Тэгээд удалгүй цагдаа гарч ирээд намайг хэлтэс рүүгээ дагуулаад явсан. Тухайн илгээмж хориотой ан агнуур буюу алтайн хойлог шувуу байсныг би цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдсэн... ” гэх мэдүүлэг /1-р х.х-71-72/,

- Гэрч Ц.Аын “...Би А ХХК-ний жолоочоор ажилладаг юм. Миний автобусны явдаг чиглэл нь Улаанбаатар хотоос Ховд аймгийн хооронд иргэн тээвэрт явдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 13 цагт Улаанбаатар хот руу иргэн тээвэрлэхээр 0000 УАУ улсын дугаартай Hyundai Universe гэх нэртэй хот хоорондын жолооч тээвэр хийхээр Ховд аймгаас гарсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны 13 цагийн орчимд Эмээлтийн шалган нэвтрүүлэх постон дээр цагдаа зогсоож ачиж явсан дайвруудад үзлэг хийхэд 0,33 литрийн харааны хайрцагт хийсэн 89....... дугаар бичсэн дайвраас нэг ширхэг Алтайн хойлог шувууны цогцос гарч ирсэн. Тухайн алтайн шувууг хийсэн хайрцгийг манай ээлжийн жолооч Г нь Ховд аймгаас нэг хүн дайвар өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р х.х-75-76/,

- Гэрч Г.Гийн “...Би А ХХК-д хот хоорондын нийтийн тээврийн жолоочийн ажлыг 2021 оны 10 дугаар сараас хойш хийж байна. Миний хувьд өөрөө Ховд аймагт амьдардаг учраас Улаанбаатар хот Ховд аймгийн чиглэлд нийтийн тээврийн жолоочоор А ахын хамт явдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 04- ний хавьцаа Улаанбаатар хотоос нийтийн тээврийн жолоочоо хийгээд очсон. Тэгээд хувиараа 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагт Улаанбаатар хот руу буцах байсан ба тухайн өдөр 12 цаг өнгөрөөд билет бичүүлсэн иргэд автобусандаа суугаад ачаа, тээшийг нь автобусны доод хэсэг рүү хийж байхад манай аймгийн зүс таних Т гэх ах ирээд надад хандан "ахынхаа энэ хайрцагтай юмыг аваад явчих, хайрцаган дээр нь утасны дугаар бичсэн байгаа, очоод залгахаар ирээд авчихна" гэж хэлээд надад өгчхөөд яваад өгсөн. Уг ачааг Т ахаас аваад тээш хийх хэсэг рүү хийж байхдаа анзаарч харахад хараа архины цаасан хайрцагтай, дээд хэсэгт нь утасны дугаар бичсэн байсан. Тэгээд 13 цагтаа Ховд аймгаас хөдлөөд маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 07-ны 11 цагийн үед шиг санаж байна Эмээлтийн постон дээр ирээд бүх ачаагаа шалгуулах үед надад Т ахын өгсөн хайрцаган дотроос шувуу гарч ирсэн ба тухайн цагдаагийн алба хаагч хойлог байна гэж хэлж байсан...Би уг хайрцагтай зүйлийг онгойлгож үзээгүй...” гэх мэдүүлэг /1-р х.х-81-83/,

- Гэрч О.Жын “... 89...... гэсэн дугаар нь миний эзэмшлийн дугаар байгаа юм. Би энэ дугаарыг ойролцоогоор 10 гаруй жил барьж байна. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний амьдарч байсан сум буюу Э сумын манай нөхрийн хамаатан гэх Т /Т/ нь утсаар яриад ачаа явууллаа, таны дугаарыг бичсэн байгаа тосоод аваарай гэсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед шиг санаж байна Ховд аймгаас ирсэн автобусны жолооч байна, ачаагаа ирж аваарай гээд хэд, хэдэн удаа залгаад байсан. Тухайн үедээ авахаа мартсан байж байгаад орой 18, 19 цагийн үед дахиад жолооч нь залгаад Драгон төвөөс ирээд ачаагаа авчих гэхээр нь явах гэсэн боловч ажил тараагүй байсан болохоор илгээмжид хийчих гээд утсаа тасалсан. Тэгээд манай 10 жилийн ангийнхан уулзаад байж байхад орой 20 цагийн үед дахиад яриад байхаар нь Содон хороолол руу явах гэж байсан ангийн хүүхэд болох Д.Эийг замаараа авчих гэж хэлсэн. Д.Э нь над руу 23 цагийн над руу залгаад чиний авчих гээд байсан ачаа чинь хойлгийн мах байсан байна, би цагдаа дээр ирчихсэн байна гэсэн. Тэгээд Таас юу явуулчхав гээд залгаад байсан чинь утас нь холбогдоогүй байж байгаад маргааш нь бил үү нөгөөдөр нь холбогдоод юу явуулчихваа, хүнээр авхуулсан чинь хойлог шувууны мах байсан гэж байна, тэр авах гээд очсон хүний бичиг баримтыг нь хураасан байна гэсэн чинь харин тийм гэнээ над руу ярьсан гэсэн. Тэгээд одоо яах юм вэ намайг ир гэсэн чинь би шарханд сайн гэхээр нь явуулчихсан гэсэн. Надад бол тийм зүйл яриагүй. Тэгээд тэр орой нь жолооч нь надтай холбогдоод наад ачаа чинь ямар ч мөнгө өгөөгүй байна шүү, юу явуулсныг нь мэдээгүй, туслах авсан байна гэсэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /1-р х.х-88-89/,

- Гэрч Б.Бны “...Манай хамаатны залуу болох Т нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдардаг юм. Ер нь Ттай байнгын холбоотой байдаг ба манай эхнэр Ж нь цөсний чулуутай хагалгаанд орж магадгүй гэхдээ хэзээ орох нь тодорхойгүй байсан. Энэ тухай Ттай ярьж байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна Т надтай утсаар яриад би Баян-Өлгий аймгийн зах дээр явж байна энд хойлгийн мах зардаг юм байна, шарханд сайн гэж байна та авах уу гэхээр нь болдог юм бол хамаа алга, авчих гэсэн. Тэгээд Дорнод аймагт ажлаа хийж байхад 01 дүгээр сарын 06-ны өдөр Т утсаар яриад нөгөө хойлогны махыг чинь явуулчихлаа Ж /Х/ эгчийн дугаарыг бичээд явуулчихсан гэсэн. Тухай үед би ажилтай байсан учраас тухайн үед за, за гээд өнгөрсөн. Тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр утсаар яриад Т нэг юм явууллаа гээд байсан хойлогны мах явуулсан байна, цагдаагаас дуудаад байна гэсэн зүйл ярьсан. Тэгээд 01 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ ирээд 19-ны өдөр буцаад ажил руугаа явсан... Би Тд ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Учир нь Т би өөрөө өгч байгаа шүү, мөнгө төгрөг хэрэггүй шүү гэхээр нь хүнээс зүгээр юм авна гэж юу байхав, дараа мөнгө төгрөгийг нь өгч болох байх гэсэн. Надад хэлэхдээ 400,000 төгрөгөөр худалдан авсан гэж байсан. 2023 оны 01 сарын эхээр над руу Хойлог шувууны махыг явууллаа гэх үед би Дорнод аймагт ажилтай байгаа талаар хэлсэн. Тэгтэл Ж эгчийн дугаарыг бичээд явууллаа шүү гэхээр нь тэг, тэг гэж хэлсэн. Тухайн үед эхнэртээ Т явуулсан байна тосож аваарай гэж хэлсэн. Юу явуулсан талаар хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /1-р х.х-67-68/ зэрэг баримтууд хамаарна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус хуульчилсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын шувууны төрөл зүйлийн 17-д “Алтайн хойлог-Tetraogallus altaicus” гэж бүртгэгджээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтан болох алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Ховд аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалж улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Ц.А, Г.Г нарын жолоодон явсан 00-00 УАУ улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас төрд мөнгөн дүнгээр 130000 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 260000 төгрөг болсон нь шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 394 дугаартай дүгнэлт /х.х-91-95/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийг баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг” гэх мэдүүлэг 1-р /х.х-47-49, 52-53/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р х.х-235/  нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /1-р х.х-243/ тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж төрд учруулсан хохирлоо хууль тогтоомжид заасан журмын дагуу 2 дахин нугалж төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчтай тохиролцсон ял болох хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон Алтайн хойлог шувуу нь Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, баримтыг шүүхэд ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг уг эд зүйлийг хадгалж байгаа байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Эын Тыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Эын Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохиролд 260000 төгрөг төлж барагдуулсан ба бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг Алтайн хойлог шувууг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхээс тэнссэн хугацаанд шүүхээс хэрэглэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэдгийг *******д мэдэгдсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тогтоолын нэг хувийг хүргүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ