Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/02845

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр

       Дугаар 184/ШШ2019/02845

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... тоот хаягт оршин суух, Б- овогт Б-ын Б- /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... тоот хаягт оршин суух, Ж- овогт М-ын Г- /РД:.../-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч М.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр анх 2016 онд танилцаж байсан. Түүнээс хойш би зуны амралтаараа гэр лүүгээ явсан. Манай гэр Увс аймагт байсан. Би тухайн үед оюутан байсан юм. Ингээд би зуны амралтаар гэртээ хариад холбоогүй болсон байсан. Хичээлдээ орохоор буцаж ирэхэд надтай холбоо барьж бид хоёр үерхэж эхэлсэн. Ингээд үерхэж байх хугацаанд би жирэмсэн болсон. Үүнийгээ би хариуцагчид хэлэхэд хүүхдээ авахуул гэж хэлээд холбоогүй болоод алга болсон. Ингээд би хүүхдээ авахуулахыг хүсээгүй 8 сартай жирэмсэн байх үед надтай холбогдож хүүхдээ төрүүлээд цаашдаа хамт амьдрахаар болсон. Ингээд ар гэрээ танилцуулсан. Биднийг хороололд байр түрээслэж амьдраад үзэг гэж эцэг эх маань зөвшөөрсөн. Ингэж байр түрээслэж амьдарч байх үед хариуцагч нь гэртээ тогтохгүй алга болчихдог байсан. Тэр үедээ би хүүхдээ ганцаараа хардаг байсан. Хүүхэд төрөөд эхний нэг сард манай ээж хөдөөнөөс ирж харж өгдөг байсан. Бид хоёрын дундаас 2... оны ... сарын ...-ны өдөр охин Г.Э- төрсөн. Хариуцагч нь гэртээ байх хугацаандаа утсаа бариад суучихдаг. Өөр хүнтэй чаталдаг. Би үүнийг нь тухайн үед нь уучилсан. Ингээд би зуны амралтаараа хүүхдээ аваад Увс аймаг руу явсан. Тэнд очоод 2,3 хоног болж байхад над руу нэг эмэгтэй хүн залгаж нөхөр чинь өөр хүнтэй явалдаж байгаа гэж хэлсэн. Анх намайг жирэмсэн байх хугацаанд өөр хүн байхгүй, тийм асуудал байхгүй гэж хэлсэн боловч намайг төрөөд удаагүй байхад өөр хүнтэй явалдсан. Тэр үедээ би уучлаад амьдарсан. Ингээд би хүүхэдтэйгээ хамт хариуцагчийн гэрт нь ирж амьдарсан. Тэднийд амьдарч байх үед хариуцагч нь хэд хоногоор алга болчихдог. Бид хоёрт ер нь хамт амьдарсан цаг хугацаа бараг байхгүй. Өнгөрсөн намар би төгсөөгүй оюутан байсан. Хариуцагчийн гэр нь Тахилтад байдаг. Би ШУТИС-д сурдаг байсан. Ирж очихдоо бараг 4 цаг зарцуулдаг. Би өдөр нь хичээлдээ яваад шөнө нь хүүхдээ хөхүүлж хоноод хичээл хийх завгүй байсан учраас сургуулиа төгсөж чадаагүй. Өнгөрсөн өвөл хариуцагч нь хөдөө ажилтай гээд явчихсан. Би хичээлийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд Хятад улс руу явж Монгол хоолны ресторанд үндэсний хувцасны модел хийдэг байсан. Гэтэл үүнийг хариуцагч нь буруугаар ойлгосон. Би явахдаа хадам эцэг эхэд өмнө нь ийм ажил хийж байсан гэж зургийг нь үзүүлж байсан. Хариуцагч нь ажил хийдэг боловч надад мөнгө өгдөггүй байсан. Мөн манай хоёр дүү оюутан. Уг нь би аль хэдийн төгсчих байсан боловч төгсөж чадаагүй. Хоёр дүү маань оюутан учраас манай эцэг эх маань надад мөнгө өгөх боломжгүй байсан. Ийм учраас би Хятад улс руу явж ажил хийсэн. Ямар ажил гэдэг талаар манай ээж, аав хоёр мэддэг юм. Өнгөрсөн намар би хүүхдээ хариуцагчийн ээжид нь харуулсан. Хариуцагчийн аав нь хөдөө ажиллаж ирээд ирхээрээ архи ууж агсам тавьдаг. Ингэхдээ манай хүүхдийг нүднийх нь доор тамхины цогоор түлсэн байсан. Мөн Увсын гөлөг зайл гэж хэлсэн байсан. Иймэрхүү шалтгаанаас болж бид хоёр салсан. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч М.Г- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Намайг мөнгө төгрөг өгдөггүй гэж хэлж байна. Би ер нь бараг өгч үзээгүй. Би хөдөө хувь хүний техник дээр ажилладаг байсан. Тэгэхдээ надад бага багаар мөнгө өгдөг байсан. Тэр нь хаанаа ч хүрэхгүй. Ингэж байхад хадам ээж залгаад тусдаа гар гэж хэлдэг байсан. Манай ээж, аавтай ярьдаг байсан. Үүнээс болж хэдэн удаа ч хэрэлдэж байсан. Би уг нь уучлалт гуйж дахиж хамт амьдрах талаар хэлсэн. Би салмааргүй байна. Надад хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Б-, М.Г- нар нь 2017 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралаар амьдарч, тэдний дундаас 2... оны ... сарын ...-ны өдөр охин Г.Э- төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ, 10 дугаар 10.2-т “эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” талаар тус тус заасан. 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон ба охин Г.Э- нь эцэг М.Г-ээр овоглосон болно.

 

Охин Г.Э- нь эх Б.Б-гийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг М.Г-ээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч М.Г-ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.Э- /РД:..../-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ж- овогт М-ын Г- /РД:.../-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч М.Г-ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,900 төгрөг гаргуулан Б.Б-д олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.УРАНЗУЛ