Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 118/ШШ2021/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тогтоолын хавсралт Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгээс Ж.Болдбаатартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Төмөрбаатар түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Оюунбаатар, гуравдагч этгээд Ж.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Төмөрбаатар нь Баянхайрхан сумын Минж багт оршин суудаг. Тус сумын Минж багийн нутагт оршдог Нам хар толгой нэртэй өвөлжөөг 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 120400067 нэгж талбарын дугаартай, 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 20 жилийн хугацаатай эзэмшиж байна. Энэхүү өвөлжөөг хадам аав Н.Дуламсүрэнгээс өвлөн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд одоо миний эзэмшлийн өвөлжөөнд манай хүүхдүүд өвөлжиж байгаа юм. 2018 оноос Ж.Болдбаатар нь аав Б.Жамбалжавын өвөлжөө байсан гэх маргааныг гаргасан бөгөөд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ж.Болдбаатарт эзэмшүүлэхээр тогтоосон тогтоолыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 118/ШШ2020/0006 дугаартай шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон. Гэтэл шүүхээс илт хууль бус болсон Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тогтоолын хавсралт сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсэгт Минж багийн нутаг ахуйн зориулалтаар Нам хар толгойн өвөлжөөг Ж.Болдбаатарт эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан нь хууль бус байна. Миний бие Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Н.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн болно. Түүнээс биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, газрын даамлаас Нам хар толгойн өвөлжөөг Ж.Болдбаатарт эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан талаар мэдэгдээгүй одоог хүрч байна. Иймд Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тогтоолын хавсралт сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгээс Ж.Болдбаатартай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Н.Төмөрбаатар гэдэг хүн Нам хар толгойн өвөлжөөг эзэмшиж байсан, эзэмшиж байгаа болох нь түүнд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Гэрчилгээн дээрх огноо болон газар эзэмшүүлсэн захирамжийн огнооны зөрүүтэй байдал нь Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэж байна. Иргэн бол зөвхөн эрхийнхээ дагуу өөрийн эрх ашгаа хамгаалсан. Хоёрдугаарт, Н.Төмөрбаатар гуай Нам хар толгойн өвөлжөөний газрын төлбөрийг төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хуульд заасны дагуу уг өвөлжөөний газрыг эзэмшиж ирсэн болох нь харагддаг. Мөн одоо уг өвөлжөөн дээр Н.Төмөрбаатар гуайн хүргэн байгаа нь Н.Төмөрбаатар гуайг Нам хар толгойн өвөлжөөг эзэмшигч мөн болохыг харуулж байна. Н.Төмөрбаатар гуай өөрийн гэрчилгээний дагуу уг газрыг эзэмшиж ашиглаж ирсэн. Нөгөө талаар Газрын тухай хууль, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын баталсан журмын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаад, цаашлаад иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг зохицуулсан байдаг. Баянхайрхан сумын Хурлын даргыг би их буруу тайлбар өглөө гэж ойлгож байна. Хурлын тогтоолоор төлөвлөгөөнд нэр заагаад Ж.Болдбаатар гэдэг хүнд эзэмшүүлэхээр тусгаж байгаа нь хуульд нийцэхгүй. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнд нийцүүлж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарч сум орон нутгийг хөгжүүлэхийн тулд төлөвлөлтөө хийдэг. Гэтэл дээрх ерөнхий төлөвлөгөөнд Нам хар толгойн өвөлжөөг тэрэнд эзэмшүүлье гэж нэр зааж оруулж өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв төлөвлөгөөндөө Нам хар толгойн өвөлжөөг эзэмшүүлэх асуудлыг оруулсан бол хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж сумын Засаг даргын захирамжаар шийднэ. Гэтэл Ж.Болдбаатараас өөр хүнд Нам хар толгойн өвөлжөөг эзэмшүүлж болохооргүй нөхцөл байдал буюу төлөвлөгөөнд нэрийг нь шууд зааж өгч байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т газар эзэмших иргэний шаардлагыг хуульчилсан. Үүнд, Хүсэлт гаргагч нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж байгаа. Гэтэл Н.Төмөрбаатар гуайн эзэмшиж ашиглаж байгаа газрыг бусдад олгохоор тэр дундаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нэр зааж оруулаад байгаа нь өөрөө Н.Төмөрбаатар гуайн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. 2020 оны төлөвлөгөө гарснаар Ж.Болдбаатарт газар эзэмшүүлж тэр дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан байна. Гэхдээ энэ нь хуульд нийцэж байгаа мэт харагдаж байгаа боловч хууль зөрчиж байгаа хамгийн гол шийдвэр бол газар зохион байгуулалтын төлөвлөгөө өөрөө байна. Өнөөдөр захиргааны байгууллагыг төлөөлж Хурлын дарга та шүүх хуралдаанд оролцож байгаа бол газрын даамлаасаа асуух биш та хуулиа өөрөө судалж нягталж байж төлөвлөгөөг батлах ёстой болохоос газрын даамлаас асууж шийдвэрлэхгүй. Нөгөө талаар бид хэрэгт авагдсан баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харвал танай Хуралд Засаг дарга, түүний Тамгын газраас газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон түүнд оруулах санал ирүүлээгүй байдал харагдаж байна. Мөн Хурлын тэмдэглэлд Хурлын Төлөөлөгч нар Нам хар толгойн өвөлжөөний талаар ямар санал гаргасан, асуудлыг хэрхэн хэлэлцсэн нь тусгагдаагүй, хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Мөн газар зохион байгуулалтын ямар төлөвлөгөө орж ирсэн, ямар төлөвлөгөө баталсан гэдэг нь ч эргэлзээтэй байна. Зүгээр нэг тайланг сонслоо, баталлаа гэсэн тэмдэглэл байх боломжгүй. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбартаа 2018 оноос хойш н.Төмөрбаатар бид хоёрын энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг байдлаар хандсан гэж хэлж байна. Гэтэл газрын даамал н.Төгсдэмбэрэл ганц Ж.Болдбаатарын нэрийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж түүнд Нам хар толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр тусгаж байгаа нь Н.Төмөрбаатар гуайн эрх ашгийг зөрчиж байна. Н.Төмөрбаатар гуайн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй байгаа. Б.Жамбалжав гуай нас барсан, өвлөх эрх Ж.Болдбаатарт шилжээгүй байхад 2019 онд Ж.Болдбаатарын нэрийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан байна. Өвлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 5 сард гарсан байтал 2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэрийг нь шууд зааж оруулсан байгаа нь хууль бус байна. Ж.Болдбаатар гэдэг хүн 2019 оны 11, 12 саруудад өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй байсан. Ингэж хууль зөрчиж оруулсан зүйлийг Хурал баталж байгаа нь хууль бус юм. Өөрсдөө хууль тогтоомжид нийцүүлж Хурлын тогтоолоо гаргаагүй байж хуульд нийцүүлж шийдвэрлэж өгөөч гэж яриад байж болохгүй. Хэдийгээр тухайн 10 дугаартай тогтоолыг та гаргаагүй боловч Хурлын даргаар ажиллаж байгаагийн хувьд танд хандахаас өөр аргагүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх асуудлаар өргөдөл гаргана гэж заасан. Энэ өргөдөл нь тусгай шаардлагатай. Үүнд, тухайн хүний иргэний нэр, хаяг үнэмлэхийн хуулбар, газрын байршил, хэмжээ, зориулалт байх ёстой. Эдгээр мэдээллийг аваагүй байж шууд л Ж.Болдбаатарт өгье гээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулах боломжгүй. Хуульд нийцэхгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг давхардуулан олгох боломжгүй. 2019 оны 12 сард Нам хар толгойн өвөлжөөний газрын гэрчилгээ Б.Жамбалжав гуайн нэр дээр байсан. Ж.Болдбаатарт шилжээгүй байсан. Ж.Болдбаатар гэдэг хүн газар эзэмших асуудлаар 2020 оны 5 сард өргөдөл гаргасан. Нөгөө талаар 2004 оноос Н.Төмөрбаатар гэдэг хүн Нам хар толгойн өвөлжөөг эзэмшиж ашиглаад явж байгаа баримт байна. Мөн хариуцагчийн зүгээс багийн Иргэдийн Нийтийн Хурлаар дамжуулж Ж.Болдбаатар гэдэг хүн уг өвөлжөөний газрыг эзэмших эрхтэй гэдэг. Энэ бол хууль бус. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр үүнийг илт хууль бус гэж тогтоосон. Илт хууль бус байна гэдэг нь гарснаасаа эхлээд хууль бус байхыг ойлгоно. Тэгэхээр Ж.Болдбаатар албан ёсоор өргөдлөө 2020 оны 5 сард өгсөн, өмнө нь утсаар ярьсан л гэж байна. Тухайн үед яг юу ярьсныг бид мэдэхгүй. Бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярина. Иймд Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар бусдын эзэмшил ашиглалтад байх газартай ямар нэг байдлаар давхцаагүй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоол нь иргэн Ж.Болдбаатарт Иргэний хуулийн 520.1.1, 530.1 дэх заалтуудыг үндэслэн тухайн өвөлжөөг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж хариу тайлбар хүргүүлсэн ба сүүлд нь тус сумын газрын даамлаас энэ талаар дахин тодруулахад тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгийн заалтад заасан Нам хар толгойн өвөлжөөг Ж.Болдбаатарт эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь түүний бичгээр болон цахимаар гаргасан хүсэлт, сумын Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төлөвлөгөөнд тусгагдсан, түүнийг нь тус Хурлаас баталсан асуудал юм байна. Иймд тус Хуралд холбогдох Н.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд одоо байгаа тухайн үеийн холбогдох баримт бичиг, газрын даамлын яриа, тайлбарт үндэслэж хариулт хэлж байгаа болохоос тэр үед нь шинээр ажил авсан учраас юу болсон талаар нарийн зүйлийг мэдэхгүй байна. Энэ талаарх тайлбараа шүүхэд хүргүүлсэн. Шүүх энэ асуудлыг зөв шударгаар шүүх байх гэж бодож байна гэв.

Гуравдагч этгээд Ж.Болдбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1991 онд миний аав Б.Жамбалжав Баянхайрхан сумын Минж багийн нутаг дахь Нам хар толгойд өвөлжөөний хашаа, саравчийг өөрийн гараар барьж тус өвөлжөөндөө өвөлждөг байсан. Улмаар 1996 онд миний аав Б.Жамбалжавт Нам хар толгойн өвөлжөөг 60 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сумын захиргаанаас олгосон. 1999 онд ган зуднаас болж нутаг сэлгэх болж нүүдлийн ая даахгүй хэдэн малаа Л.Алтанхуяг гэх төрлийн хүнд үлдээж өвөлжөөгөө захиж үлдээсэн юм. Манайхыг явснаас хойш Н.Төмөрбаатар нь манай өвөлжөөнд малаа өвөлжүүлэх зорилгоор ашиглаж газрын төлбөр мөнгийг төлж байхаар Л.Алтанхуяг ахтай тохирч тус өвөлжөөнд өвөлжсөн байсан. Миний аав 2011 оны 10 сард өөд болсон бөгөөд амьд сэрүүн байхдаа жил бүр нутагтаа очдог, өвөлжөөгөө эргэж тойрдог тэгээд Н.Төмөрбаатартай уулзах гэхээр аавтай уулзахгүй байсан. 2004 онд намайг өөрийн биеэр Н.Төмөрбаатартай уулзахад Н.Төмөрбаатар нь манайх танай өвөлжөөнд өвөлжиж байгаа. Газрын төлбөрт санаа зоволтгүй би төлөөд явж байгаа гэж ярьж байсан. 2011 онд аав өөд болохоос өмнө Н.Төмөрбаатарыг араас хөөцөлдөж явж байж нэг уулзсан юм. Тэгэхэд Н.Төмөрбаатар нь манайх аймгийн төв рүү нүүх гэж байгаа өвөлжөөг чинь өгнө. Сумын төв орж бай араас чинь очиж уулзана гэж хэлээд алга болсон. 2011 оноос хойш би Н.Төмөрбаатартай уулзах гэхээр зугтаагаад уулздаггүй, утсаар ярихад өвөлжөөгөө ав гэдэг боловч хэлсэн амандаа хүрч өвөлжөөг чөлөөлж өгөхгүй явсаар байсан. Би Н.Төмөрбаатар миний эцэг Б.Жамбалжавын өвөлжөөг өөрийн нэр дээр болгож гэрчилгээ гаргуулсныг мэдсэн даруйдаа Баянхайрхан сумын Засаг даргад хандан гомдол гаргасан. Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/38 дугаартай албан бичгээр дараагийн шатны байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Улмаар 2019 оны 05 сард аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Уг гомдлын хариуг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 217 дугаар албан бичгээр өгсөн. Ингэхдээ маргаж буй талууд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Ийнхүү миний бие Баянхайрхан сумын Минж багийн даргад хүсэлт тавьж өвөлжөөний асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн. Минж багийн хурлаар асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүд Б.Жамбалжав гэдэг хүний өвөлжөөг хүүхэд нь өвлөж эзэмших нь зүйтэй гэж дэмжиж шийдвэр гаргасан. Ингээд надад Засаг дарга захирамж гаргаж өгөх юм байна гэж ойлгож явтал 2019 оны 11 сард Н.Төмөрбаатар шүүхэд гомдол гаргаж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гаргаж Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон. Төмөрбаатарын гэрчилгээн дээр Нам хар толгой оноосон нэр байхгүй захирамжийн он сар зөрүүтэй 1976 онд хадам аав н.Дуламсүрэн барьж байгуулсан гэж маргаж байгаач 1976 онд өвөлжөө нэгдлийн өмч тэр үед хувийн эзэмшилд шилжээгүй байсан. 1976 онд Нам хар толгойд айл өвөлждөггүй байсан. Нутгийн гэрчлэх хүмүүс бий. 2020 оны 05 сард би аав Б.Жамбалжавын эрхийг өвлөх эрхтэй гэдгийг нотолсон өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан. 2020 оны 06 сард Баянхайрхан сумын Засаг даргад хандан аав Б.Жамбалжавын газар эзэмших эрхийг надад шилжүүлж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Миний өргөдлийг хүлээн авч 2020 оны 07 сард А/60 дугаартай захирамжаар Ж.Болдбаатар надад миний аавын эзэмшиж байсан Нам хар толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн байсан. Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу би сумын Засаг даргад өргөдөл гаргаж өгсөн. Түүний дагуу сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай тогтоолын хавсралт сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгээс Нам хар толгойн өвөлжөөг Ж.Болдбаатарт эзэмшүүлэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг дахь Нам хар толгойн өвөлжөөний газрыг сумын Засаг даргаас анх 1996 онд Б.Жамбалжавт эзэмшүүлсэн ба улмаар 2004 онд тус өвөлжөөний газрыг нэхэмжлэгч Н.Төмөрбаатарт эзэмшүүлсэн байх ба эдгээр этгээдүүдийн газар эзэмших эрх хүчинтэй байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нам хар толгойн өвөлжөөг Н.Төмөрбаатарт эзэмшүүлсэн Баянхайрхан сумын Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 23 дугаар захирамж, 0010198 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад тус өвөлжөөний газрыг уг хэргийн гуравдагч этгээд Ж.Болдбаатарт давхцуулан эзэмшүүлэхээр төлөвлөсөн 2019 оны 10 дугаар тогтоолын хавсралтын 2.8 дахь хэсгийн Ж.Болдбаатарт холбогдох заалтыг хариуцагч Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталснаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сумын Хурал нь ... дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2-т нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар, 18.1.2.з/-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, ... бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.4.3.-т ... газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, 25 дугаар зүйлийн 25.1-д Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ, 25.1.4-т ..., сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 25.4-т ..., сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэнд газрыг эзэмшүүлэх, ... байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэжээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Сумын газрын даамал дараах эрх хэмжээтэй байна, 23.4.1-д сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах гэж заасны дагуу төлөвлөгөөг боловсруулахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн төлөвлөгөөг Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлснийг хариуцагч Хурал хэлэлцэж, баталсан нь түүнийг шууд буруутгах үндэслэл болохгүй.

Учир нь Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын газрын даамлаас боловсруулж, Засаг даргаас өргөн мэдүүлсэн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэлэлцэж баталсан ба тус төлөвлөгөөний 2.8 дахь хэсгийн 1 дэх заалтаар, Нам хар толгойн өвөлжөөний газрыг Н.Төмөрбаатар эзэмшиж байхад Ж.Болдбаатарт эзэмшүүлэхээр төлөвлөсөн талаар хариуцагч Хуралд мэдээлээгүй болох нь тус Хурлын 2019 оны 10 дугаар тогтоолын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар тогтоолоор баталсан сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгийн 1 дэх заалтаар Нам хар толгойн өвөлжөөг Ж.Болдбаатарт эзэмшүүлэх тогтоолын дагуу түүнд газар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа шинээр үүсээгүй болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, Ж.Болдбаатарт газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмшлийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар тогтоолоор баталсан сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.8 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу уг хэргийн гуравдагч этгээд Ж.Болдбаатарт Нам хар толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлээгүй, тухайн тогтоолын холбогдох заалт бодит байдалд хэрэгжээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй ба нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Харин гуравдагч этгээд Ж.Болдбаатар нь өөрийн талийгаач эцэг Б.Жамбалжавын Нам хар толгойн өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2020 оны А/60 дугаар захирамжаар өвлөх эрхийн үндсэн дээр шилжүүлж эзэмшсэн болох нь тогтоогдож байх ба газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмших, өвлөх эрхийн үндсэн дээр газар эзэмших нь Газрын тухай хуулиар ялгамжтай зохицуулалттай ба өвлөх эрхийн үндсэн дээр газрын гэрчилгээг шилжүүлж эзэмшүүлэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэхгүй, шаардахгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з/, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Н.Төмөрбаатарын Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолын хавсралт Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-ний 2.8 дахь хэсгээс Ж.Болдбаатартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР