| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0992/З/Т |
| Дугаар | 221/МА2025/0359 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0359
У, Б-нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.О
Нэхэмжлэлийн шаардлага “Хөгшрөлт судалгааны төв НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, М.Э
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 128/2024/0992/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У, Б-нар нь “Хөгшрөлт судалгааны төв НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3,Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У, Б-нарын Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Хөгшрөлт судалгааны төв НҮТББ-д олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Нэхэмжлэгч У, Б-нар 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус байрны Б.Э нарын иргэдтэй хамтран нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10388 дугаар захирамжаар хэргийг тусгаарласан улмаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт, ...түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэдгээр тодорхойлсон. Ингээд нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “хариуцагч захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам баримлаагүй, үүний улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргасан. Өөрөөр хэлбэл барилга хоорондын зай, нарны ээвэрлэлт, галын норм дүрэм баримтлуулах талаар огт маргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн гурав дахь хэсэгт нэхэмжлэгч нарын маргаагүй үндэслэл дээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
3.2. Нэхэмжлэгч бид Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ХД 75 дугаар байр хаягт орших 10 айлын 6 давхар орон сууцанд 6, 7 тоотод тус тус оршин суудаг. Д.Ургаа би 96 м.кв гурван өрөө 00436119 дугаар гэрчилгээгээр, Б.Ангараг нь 96 м.кв, гурван өрөө байрыг 00436120 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус өмчилдөг. Тус төлөвлөлт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд үндэслэж явагдаж байгаа.
3.3. Гэтэл тус захиргааны актуудаар баталсан төлөвлөлт нь Захиргааны ерөнхий хууль болон Барилгын тухай хууль бусад холбогдох дүрэм, журамд нийцээгүй. Өөрөөр хэлбэл тус маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах ёстой бөгөөд эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдээс санал авах ёстой байсан гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй. Шүүхийн шийдвэрт “... тухайлбал хөрш зэргэлдээ байрны оршин суугчдын саналыг авах зорилгоор санал авах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тогтоосон барилгажих талбайн схем зураг, төлөвлөлт бүхий самбарыг барилга барих талбайн орчимд байршуулсан байх бөгөөд улмаар орон сууцны 75 дугаар байрны оршин суугчид 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, барилга барихыг эсэргүүцэж буй талаараа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт бичгээр гомдлыг гаргасан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.4. Учир нь оршин суугчдын тус гомдлыг санал авах ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тус гомдол нь оршин суугчдад “нүдэнд харагдахуйц хэсэгт байршуулахгүй самбар байршуулж, оршин суугчдаас санал авахгүй уг зөвшөөрлүүд олгогдсон агуулгатай болохоос” санал авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаад авсан санал биш. Захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гарсан. Улмаар нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхэд ноцтой халдаж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэтэл үүнийг нь анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шалгаж, шийдвэрлэж чадаагүй.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0271 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч У, Б-нар нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хөгшрөлт судалгааны төв НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/2023/284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... архитектур төлөвлөлтийн даалгавар нь эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн хувь, эдэлбэр газрын аль хэсэгт барилгажих талбайг төлөвлөснийг харуулдаг, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоодог баримт бичиг бөгөөд түүнд заасан зориулалт, хүчин чадлын хүрээнд барилгын загвар зургийг боловсруулдаг, энэ шаардлагыг хангаагүй зургийг батлахгүй үр дагавар агуулах тул нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавартай захиргааны акт гэж үзэхээр байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас “Хөгшрөлт судалгааны төв” НҮТББ-д эзэмшил газарт нь сургалт судалгааны төвийн зориулалттай барилгын төсөлд олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчин төгөлдөр бөгөөд эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн төлөвлөлт, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоосон, түүнд үндэслэж барилгын загвар зураг боловсруулагдан, батлагдаж, зураг төсөлд магадлал хийгдсэн, тэдгээр нь хүчин төгөлдөр байна ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийг бүрдлүүд хангуулсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна … эзэмшил газарт, өгөгдсөн төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зураг, олгогдсон техникийн нөхцөлүүд, тэдгээрт үндэслэн боловсруулагдсан зураг төсөл, түүнд хийгдсэн магадлалын дүгнэлт зэрэг барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийг үндэслэсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна … хөрш зэргэлдээ байрны оршин суугчдын саналыг авах зорилгоор санал авах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тогтоосон барилгажих талбайн схем зураг, төлөвлөлт бүхий самбарыг барилга барих талбайн орчимд байршуулсан байх бөгөөд улмаар орон сууцны 75 дугаар байрны оршин суугчид 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, барилга барихыг эсэргүүцэж буй талаараа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргасан, улмаар 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оршин суугчдын гарын үсэггүй гомдлыг дахин гаргасан байдаг. Маргаанд хамаарах барилга баригдаж буй талбай нь орон сууцны хорооллын дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 дугаар захирамжаар “Хөгшрөлт судалгааны төв” НҮТББ-д 1134 м.кв талбай газрыг сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлж, 2018 оны А/618 дугаар захирамжаар газрын хэмжээг 1539 м.кв болгон нэмэгдүүлж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ГБМЗХ2020/04-015 дугаартай архитектур төлөвлөгөөний даалгаврыг “Хөгшрөлт судалгааны төв” ТББ шинэчлэн батлуулж, 2022 оны А/748 дугаар захирамжаар газрын зориулалтыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалт болгон өөрчилсөн байна.
2.4. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хөрш зэргэлдээ иргэдийн санал оролцоог аваагүй гэрчилгээ олгосон, барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдүүдээс санал аваагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй” гэж тайлбарлажээ.
2.5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, Хот байгуулалтын тухай хуулийн 22.1.1-д “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3-д “Энэ дүрмийн 3.2-д заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна” гэж тус тус заасан.
2.6. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас “Хөгшрөлт судалгааны төв” НҮТББ-д эзэмшил газарт нь сургалт судалгааны төвийн зориулалттай барилгын төсөлд олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/02-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь эдэлбэр газар түүн дээрх барилгажих талбайн хувь болон аль хэсэгт барилгажих талбайг төлөвснийг харуулдаг, барилгын зориулалт хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоодог баримт бичиг бөгөөд түүнд заасан зориулалт, хүчин чадлын барилгын загвар зургийг боловсруулж, баталсан байх тул хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
2.7. Мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.2-д “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.3-д “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих”, 35.1.6-д “Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.2-д “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.6.10, 8.6.11-д заасны дагуу барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаархи иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод байрлуулах”, 37.1.3-д “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэж тус тус заасан.
2.8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч барилгын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд хяналт тавьж нийтийн болон хувийн эсхүл гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байх төдийгүй барилгын ажлын захиалагч нь тухайн барилга байгууламжийн талаар холбогдох бичиг баримтыг хууль, журамд заасны дагуу бүрдүүлэх, барилга байгууламж, үйл ажиллагааныхаа талаар тухайн нутаг дэвсгэрт ил тодоор байрлуулах, барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг хуульд заасны дагуу биелүүлэх үүргийг хүлээсэн байна.
2.9. “Ин” ХХК-ийн боловсруулсан загвар зургийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хотын ерөнхий архитектор баталж, барилгын ажлын зураг төслийн өөрчлөлтөд Барилгын хөгжлийн төв 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 564/2023 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан, хууль, журамд заасан баримтуудыг нэхэмжлэгч 2022, 2023 онд шинэчлэн батлуулсан буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийг бүрдлүүдийг хангасан байгаа энэ тохиолдолд хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэлгүй.
2.10. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын дагуу барилга барих үйл ажиллагаанд хөрш зэргэлдээ байрны оршин суугчдаас санал авах зорилгоор самбарыг байршуулсан байх бөгөөд 75 дугаар байрны оршин суугчид 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, барилга барихыг эсэргүүцэж буй талаараа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оршин суугчдын гарын үсэггүй гомдлыг тус тус гаргасан байх тул хариуцагч байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байх төдийгүй маргаанд хамаарах газар нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд зааснаар орон сууцны дундах барилгаагүй талбайд хамаарахааргүй байна.
2.11. Нөгөө талаар Захиргааны ерөний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан бөгөөд тухайн харилцаанд маргаан бүхий “Хө” ТББ нь өөрийн өмчлөлийн барилгыг буулгаж суурин дээр нь барих барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл олгосон нөхцөл байдал хамаарахгүй тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхиsйн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ