Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00008

 

 С.Мын нэхэмжлэлтэй, Дорнод аймаг

дахь М төвд

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор С.Мын гомдолтой, Дорнод аймаг дахь М төвд холбогдох ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2295120 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймаг дахь М төвд ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшаар ажилладаг байсан. Анх 2012 онд нийгмийн ажилтнаар ажилд орсон бөгөөд 2013 оноос эхлэн ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшаар ажиллаж эхэлснээс хойш 2017 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл дээрх ажлыг хийсээр ирсэн. Гэтэл тус төвийн захирлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Б/46 тоот тушаалаар намайг суралцагчдын элсэлтийн тоо буурсан, ерөнхий эрдмийн багшийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие тус сургуульд анх орсон хичээлийн жилээс эхлэн бизнес аж ахуй эрхлэлт, харилцааны ур чадвар, газар зүй, нийгмийн ухаан гэсэн хичээлүүдийг зааж суралцагчдад мэдлэг ур чадвар олгосоор ирсэн. Гэтэл дээрх ажлаас халах тушаалд элсэлт муу, мэргэжлийн индекс тохирохгүй, ерөнхий эрдмийн орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн нь манай сургуулийн удирдлагуудтай шууд холбоотой. Тус төв нь босоо удирдлагатай буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шууд харьяалагддаг. Энэ нь 2017-2018 оны хичээлийн жилд яамнаас бүтэц, орон тоо, төсөв мөнгөний хувьд орон тоог цөөлөх тухай ямарваа нэгэн тушаал шийдвэр ирээгүй байхад ажлаас халах шийдвэрийг гаргаж байгаа нь сургуулийн удирдлагууд бидний хэдэн багш нарыг өөрсдийн төлөвлөж байснаараа хувийн ашиг сонирхол, өсөрхөн хонзогнож гаргаж байгаа шударга бус үйлдэл гэж үзэж байна. Миний бие 2017 оны 2 сард үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Тухайн үед удирдлагын багийн тодорхой хүмүүстэй таарамжгүй харилцаатай, үзэл бодлын зөрүүтэйгээс болж ажлаас мөн л үндэслэлгүй халагдаж байсан. Ингээд 4 сард ажилдаа орж байхад минь ирэх жил та нарын ажлын байр байхгүй, элсэлт муу учир халагдана шүү гэж сургалтын албаны дарга, захирал нар хэлж байсан бөгөөд намайг 5 сард чөлөө аваад БНСУ-д явах хооронд ажлаас халагдах тухай мэдэгдлийг багш М.М, Г.О нарт өгсөн байдаг. Харин 8 сард ээлжийн амралтаа дуусгаж, ажилдаа ороход ХБАЭА ажилтан Г.Э нь хамт олны анхны хурал дээр С.М, М.М нарын цаг хүрэхгүй байгаа шүү гэж нэр дурдаж онцолж байсан. Ингээд 9 сарын 17-ны өдөр ерөнхий эрдмийн болон мэргэжлийн гэсэн нийт 22 багшид мэдэгдэл өгч, надаар хүчээр гарын үсэг зуруулсан.

Тус төв нь мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх мэдлэг ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл энэ хичээлийн жилд нэг жилийн элсэлттэй ангийг түлхүү авна гэж зүтгэж, архив бичиг хэрэг, комьпютер программ, нарийн боов гэсэн зах зээлд эрэлт муутай ангиудад элсэлт авч байсан бөгөөд хамгийн их эрэлттэй байдаг барилгын сантехникч, өрөг угсрагч, гагнуурчин, цахилгаанчин, оёдол эсгүүрчин гэсэн 2,5 жилтэй ангиуддаа огт элсэлт аваагүй нь элсэлт муу байхад нөлөөлсөн гэж үзэж байна. Элсэлт муу байх нь багш нарт огт хамааралгүй, зөвхөн сургуулийн менежменттэй холбоотой... Ингээд миний заадаг хичээлүүдийн цагийг мэргэжлийн бус гэдэг үндэслэлээр миний цагаас хасч, Нийгмийн ухааны мэдлэг хичээлийн нэг жилд олгох сургалтын цагийг нэг сарын дотор хүчээр заалгаж дуусган, жилийн эцсийн дүн мэдээг хүртэл албан шахалтаар гаргуулсны эцэст ажлаас халж байгаа нь С.М гэдэг хүнийг явуулах хүсэл сонирхолтой байгаа нь илт байна.

... Иймд намайг тус төвийн ерөнхий эрдмийн багш буюу нийгмийн ухааны багшийн ажлд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2295120 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалингаа 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх үндсэн цалин дээр төрөөс олгосон нэг удаагийн тэтгэмж болох 300000 төгрөгийг нэмж тооцсон болно гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг дахь М төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Г.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М нь 2012 онд манай төвд нийгмийн ажилтнаар ажилд орж 2013 оноос эхлэн нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан. нийгмийн ухааны багш нь ерөнхий эрдмийн багшийн орон тоонд харъяалагддаг.

Тус төвийн багш нар тухайн хичээлийн жилд нийт 810 цагийн хичээл зааж байж бүтэн цалингаа авах эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл нэг багшийн хичээлийн жилд 20 багц цаг байна гэсэн үг. Багш С.М нь нийгмийн ухааны мэдлэг олгох хичээлийн цаг дээр харилцааны ур чадвар, бизнес аж ахуй эрхлэлт, газар зүй гэсэн хичээлийн цагуудтай нийлээд жилд 810 цаг буюу 18 багц цагтай ажилладаг байсан.

Тус төв нь 2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын 2,5 жилийн ангид 135 суралцагч элсэх ёстойгоос 3 ангийн 42 суралцагч элссэн. Нэг жилийн сургалттай ангид суралцагч элсүүлэн 4 анги шинээр нэмэгдсэн. Нэг жилийн сургалттай ангид ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн буюу 10 дугаар анги төгссөн хүүхдүүд элсдэг учраас нэг жилийн ангид ерөнхий эрдмийн багш хичээл заадаггүй, харин 2,5 жилийн ангид ерөнхий эрдмийн боловсрол эзэмшүүлэх зорилгоор ерөнхий эрдмийн багш нар хичээл заадаг бөгөөд энэ жилийн 2,5 жилийн ангид элсэлт муу байснаас багш нарын цагийн ачаалал багасч, цагийн фонд хүрэхгүй болж ирсэн.

Ингээд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар МСҮТөвүүдийн бүтэц орон тоог баталсан бөгөөд уг орон тоогоор 22 багшийн орон тоотойгоор ажиллах болсон. Мөн МСҮТөвийн захирал нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 сарын 27-ны өдрийн А/198/215 тоот тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.3-т зааснаар сургалтын төлөвлөгөө, норм, нормативийг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоох эрхтэй. Иймд тус төвийн захирал нь сайдын А/21 тоот тушаалыг үндэслэн тус төвийн ерөнхий эрдмийн буюу мэргэжлийн багш нарын 2017-2018 оны хичээлийн жилийн цагийн фонд, цагийн ногдол зэргийг харгалзан, багц цаг нь хүрэхгүй байгаа хичээлийг цагийн багшаар заалгах нь зүйтэй гэж үзэн ерөнхий эрдмийн буюу нийгмийн ухааны багшийн орон тоог хассан. Энэ хичээлийн жилд 2,5 жилийн ангийн суралцагчдын тоо буурснаар ерөнхий эрдмийн багш нарын цагууд багассан. Түүнчлэн манай төв дээр Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 8 сард хяналт шалгалт хийгдсэн бөгөөд уг шалтгалтаар мэргэжлийн хичээлүүдийг мэргэжлийн багшаар заалгах тухай зөвлөсөн. Ингээд багш С.Мын заадаг нийгмийн тухай мэдлэг хичээл 2017-2018 онд 252 цаг төлөвлөгдсөнийг С.М багшаар 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл заалгаж, цаашид цаггүй болсон. Түүний нэмж заадаг байсан хичээлийн цагуудыг цаг нь 60-аас дээш хувьтай байгаа багш нарт нэмж цагийг нь бүрдүүлсэн. Иймээс С.М багшийн нийгмийн ухааны багш гэсэн ерөнхий эрдмийн багшийн орон тоо манай төвийн бүтэц орон тооноос байхгүй болж хасагдсан тул мэдэгдлийнх нь хугацаанд түүгээр нийгмийн ухааны мэдлэг олгох 252 цагийн хичээлийг заалгаад цаашид заах цаггүй болсон учраас тус төвийн захирлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Б/46 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон. Энэ ажил бол төвийн захирлын дотооддоо зохион байгуулалт хийж тухайн жилийн батлагдсан төсөв болон цагийн ногдол, цагийн фонд зэрэгтэй тулгуурлан хийсэн ажил байсан бөгөөд багш С.Мн сургуулийн удирдлагуудтайгаа таарамж муутайгаас болж хавчиж гадуурхсан, түүнийг энэ сургуулиас явуулах гэсэн ажил биш. Мөн түүнийг өмнө нь ажлаас үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орсон асуудалтай огт холбоогүй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөшөөрөхгүй байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт  заасныг тус тус  баримтлан хариуцагч Дорнод аймаг дахь М төвд холбогдох ерөнхий эрдмийн буюу нийгмийн ухааны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2295120 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Мн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Уг заалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хэрэглэх заалт байтал гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд агуулгын хувьд зөрчилдөж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш С.Мын тухайн жилд заадаг суурь хичээл болох нийгмийн тухай мэдлэг олгох хичээлийн цаг нь ерөнхий эрдмийн багшийн жилийн цагийн ачааллын багц цагт хүрдэггүй байснаас түүнийн хичээлийн цаг дээр өөр хичээлийн цагийг нэмэх байдлаар багшийн багц цагт хүргэж ажиллуулдаг байсан байна гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын гаргаж буй тайлбар, бусад нотлох баримтуудаас үзэхэд:

Уг сургууль нь нийгмийн ухааны мэдлэг олгох багшийн багц цаг хүрдэггүй учир өөр хичээлийн цагийг нэмж цагийн ачааллыг тохируулж байсан бус гэж үзэж байна. Хэрэв тийм байсан бол нийгмийн тухай мэдлэг хичээлийг заах 2 багшийн орон тоо байх шаардлагагүй баймаар юм. Гэтэл өмнөх жилүүдэд энэ хичээлийн цагийг 2 багш заадаг, 2 орон тоо байсан байна. ... С.Мн хувьд нийгмийн ухаан багш гэх тушаалтай боловч сургалтын албанаас заахыг зөвшөөрсөн газар зүй, бизнес аж ахуй эрхлэлт, харилцааны ур чадвар зэрэг хичээлүүдийг зааж байсан бөгөөд дээрх хичээл нь сургалтын хөтөлбөрөөс хасагдаагүй, эдгээр хичээлийн багц цагийг заахад мэргэжил, ур чадварын хувьд тохирохгүй гэх албан ёсны тушаал, шийдвэр, шалгалт авч байсан баримт байдаггүй нь энэ хичээлүүдийг заах эрх нь хэвээр гэж үзэхээр байна.

Сургуулийн захиргаанаас элсэлт муу байсан гэж байгаа нь багшийг ажлаас халах үндэслэл биш. Харин сургуулийн удирдлага, сургалтын албаны менежмент, ур чадвартай холбоотой. Элсэлт муу байснаар доод албан тушаалтан буюу жинхэнэ сургалтын байгууллагын цөм болох багш руугаа халдаж болохгүй. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ... 2017 оны 5 сард буюу элсэлт зохион байгуулахын өмнөхөн тодорхой тооны багш нарт ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн байгаа. Ер нь 2017 оны 3 сард шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон С.М болон сургуулийн захиргааны нэр бүхий хүмүүстэй зөрчилтэй байснаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал хүчингүй болж ажилдаа эгүүлэн тогтоогдсон үеэс энэ байдал эхэлсэн. Ямар нэгэн шалтаг олж эдгээр нөхдүүдийг сургуулиас зайлуулъя, элсэлтийг багасгаж багшийн цагийг багасгах бодлого барьсан гэж харагдаж байна. С.Мн талд гэрчийн мэдүүлэг өгсөн гэх багш О, М нарыг хоморголон халсан байдаг.

Сургуулийн захиралд Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан эрх, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын А/198/215 тоот тушаалаар орон тоог тогтоох эрх байгаа ч зориуд ийм байдал үүсгэх эрх байхгүй. Зориуд ийм байдал үүсгэсэн гэх нөхцөл шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоогдсон явдал, хичээлийн багц цагийг багасгах бодлого, зааж байсан уламжлалт хичээлүүдийг ямар ч тушаал, шийдвэргүйгээр өөр багш болон гаднаас цагийн багш авч тараан хуваарилах, бүтэн жилд зааж байсан хичээлийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулахын өмнө эхний 2 сарын дотор шахаж заалгаад цаггүй болгох зэрэг үйл явдлаас харагдаж байна. Ингэснээрээ өнгөн дээрээ сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй мэт харагдавч хөдөлмөрийн эрхийн харилцаанд талуудын эрх мэдлийн тэнцвэргүй байдал, ажил олгогч тал дураараа, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зориуд үзэл бодлын хувьд шүүмжлэлтэй, шударга байдлын төлөө хандсан ажилтныг ажлаас халах нөхцөл байдлыг бий болгож элсэлт хийхгүй, хичээл заах цагийн төлөвлөгөөнд оруулахгүй, зааж байсан хичээлүүдийг нь бусад багш нарт өгөх, хичээлийн цагийг шахах гэх мэт байдлаар бий болгосон нь хангалттай нотлогдож байна. Энэ үйл явдал бол Хөдөлмөрийн хуулийн зөрчлийн шинжтэй асуудал бөгөөд Үндсэн хуульд заасан ажилтны эрхийг зөрчиж байгаа явдал билээ.

Сургуулийн захирал тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан. Үүнийгээ суралцагчдын тоо багассан, ерөнхий эрдмийн багшийн орон тоо хасагдсан гэдэг. Гэтэл төвийн бүтэц, орон тоог баталсан 2017 оны 1 сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар захиргаа, аж ахуйн алба 26, сургалтын алба 24, нийт 50 орон тоотойгоор бүтцийг баталсан. Энэ тушаал шийдвэр өөрчлөгдөөгүй. Үүнийг баримтлан ажиллаж байгаа болохыг хариуцагч тал зөвшөөрсөн. Түүнчлэн сургуулийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын баримтаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд ерөнхий эрдмийн багшийн орон тоо хасагдсан гэж харагдахгүй байна. Үүнийг хариуцагч талаас өөрчлөгдсөн гэдгийг нотлоогүй.

Шүүхийн баримталсан шийдвэрийн үндэслэлээс харахад Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 9 сарын 27-ны өдрийн А/198/215 тоот Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.8-д ерөнхий эрдмийн багшийн жилийн цагийн ачаалал 20 багц цаг байхаар заасан хэдий ч энэ бол ерөнхий заалт энэ журмын дагуу багц цагийг зориуд хүргэхгүй байх байдалд хүргэсэн нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх байтал энэ заалтыг шүүх буруугаар тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, үйл явдлыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгоход хүргэжээ.

Иймд шүүхийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Б/46 дугаар тушаал гаргаж, ерөнхий эрдмийн багш С.Мыг ажлаас чөлөөлөхдөө /халахдаа/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, тус төвийн захирлын 2017 оны 09 сарын 07-ны өдрийн “ Төсвийн бүтэц орон тоог батлах “ тухай А/52 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын 7.7, Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. /хх-ийн 4 дэх тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан байна.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь М төвийн бүтэц, орон тоог 50 орон тоотойгоор /захиргаа, аж ахуйн албыг 19, сургалтын албыг 31, нийт 50/  баталж ирүүлсэн байна. /хх-ийн 84 дэх тал/

Дээрх баримтыг судалж үзэхэд тус төвийн  бүтэц, орон тоо 2017-2018 оны хичээлийн жилд нийт дүнгээрээ  хасагдаагүй мэт харагдаж байгаа боловч  сургалтын албаны багшийн орон тоог өмнөх жилийнхээс нэг орон тоогоор хасч баталж ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2016-2017 оны хичээлийн жилд 23 багшийн орон тоо байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд 22 багш ажиллахаар батлагдсан байна.

Иймд М төвийн захирал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаал болон холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг үндэслэн  2017 оны 09 сарын 07-ны өдрийн А/52 дугаар тушаалаар “Төвийн бүтэц, орон тоог батлах”-даа нийгмийн багшийн орон тоог хасч, тус хичээлийг цагийн багшаар заалгахаар зохицуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 70-72 дахь талууд/

Ажилтан С.Мын өмгөөлөгч нь тус төвийн захирлын А/52 дугаар тушаалыг танилцуулаагүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 09 сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсыг 2017 оны 09 сарын 08-ны өдөр ажилтан С.М хүлээн авсан тухай гарын үсэг зурсан байх тул А/52 дугаар тушаалыг ажилтан мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 138/ШШ2018/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ