| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2019/0312/и |
| Дугаар | 412 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 412
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Чын Санчирын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-т холбогдох
“2019 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын 10-ыг хүртэлх хугацааны цалин, 3.457.166 төгрөг, хугацаандаа олгогдоогүй цалингийн алданги 1.249.124 төгрөг, ажлаас чөлөөлөгдсний 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2.700.000 төгрөг, нийт 7.406.387 / долоон сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун наян долоо / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч С ОНӨААТҮГ-ын захирал О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч.С нь Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-т 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежерээр томиглогдож 800.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сараас цалин нь 100.000 төгрөгөөр нэмэгдэж, сард 900.000 төгрөгийн цалин авдаг болсон. Байгууллага 2019 оны 02 дугаар сараас эхлэн цалин олгоогүй ба 2019 оны 05 сарын 29-ний өдрөөр тасалбар болгон бүтцийн өөрчлөлт хийгдэж, Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн боловч цалин 3.457.166 төгрөг, ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.700.000 төгрөг зэргийг нь олгоогүй. Цалинг хугацаанд нь олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцон 1.249.124 төгрөг нэхэмжилснээ нэмэгдүүлж өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй байгаа тул 1.728.583 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл байгууллага төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй ажилгүйдлийн тэтгэмж 1.451.893 төгрөг, бүгд 9.337.642 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч захирал О.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С 2019 оны 2 сараас 5 сарын 29-ний өдрийг дуустал цалингаа аваагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Санчирын ажиллаж байсан талаар цагийн бүртгэл байдаггүй. Өөрөө энд ч ажилладаггүй Улаанбаатарт байдаг хүн. Би Санчиртай ярьж ирээд ажлаа хүлээлгэж өгөөч гэхэд би ажилд орсон тул очиж чадахгүй гээд ирж ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Иймд Санчирын ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй. Энэ хүний хийсэн ажил нь нотлогдохгүй, ажлын үр дүн, бүтээмж харагдахгүй байгаа. Энэ байгууллага бол аж ахуйн тооцоон дээр ажиллаж өөрсдийн цалин хөлсийг өөрсдөө бүтээж, цалин авах ёстой. Гэтэл энэ байгууллага их өртэй. Хуучин дарга Шинэхүү цалингаа тавьж чадахгүй байсан байж, энэ хүмүүст байгууллагад хохиролтойгоор тэтгэмжийн асуудлыг шийдсэн. Миний бие нэхэмжлэлийн цалингийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа учраас дагалдаж гарсан шаардлагуудыг зөвшөөрөхгүй. Цалингийн алдангиа өнөөдрийн шүүх хурал болох хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн шаардлагыг ч бас зөвшөөрөхгүй байна. Энэ хүн надад ажилд орсон гээд ажлаа хүлээлцэж өгөөгүй байтлаа ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.С нь Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-т холбогдуулан 2019 оны 2, 3, 4, 5 сарын ажилласан хугацааны цалин 3.457.166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж / 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2.700.000 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүйн алданги 1.249.124 төгрөг, нэхэмжилсэн шаардлагаа шүүх хуралдаан дээр нэмэгдүүлж, цалингийн алданги 1.728.583 төгрөг, мөн нэхэмжлэлийн шаардлагад ажилгүйдлийн тэтгэмж 1.451.893 төгрөгийг нэмэгдүүлж, бүгд нийт 9.337.642 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11-д заасан шүүхийн харьяаллын маргаан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.С нь С ОНӨААТҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс үйлдвэрлэл, технологийн парк хариуцсан менежерээр ажилд орж, 800.000 төгрөгийн цалин авч байгаад 2018 оны 5 сарын 2-ны өдрийн 26 тоот тушаалаар түүний сарын цалинг 900.000 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ. 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 02 тоот тушаалаар үйлдвэрлэл технологийн парк хариуцсан менежерээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Харин Санчирын ажиллаж байсан үеийн цагийн бүртгэл байхгүй байгаа боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд авсан ажлаас чөлөөлсөн тушаал зэргийг үндэслэн Ч.Сыг ажиллаж байсан байна гэж үзлээ.
Ажил олгогч нь Ч.Сыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч 2019 оны 2 дугаар сараас 5 сарын 29-ний өдрийг дуустал хугацааны цалинг олгоогүй, ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хуульд зааснаар тушаалд дурдсан тэтгэмжийг олгоогүй, байгууллага хөдөлмөрийн гэрээгээр болон хуульд зааснаар ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хугацаанд нь Нийгмийн даатгалын хэлтэст төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 1/233 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргахгүй байна.
С.Санчирын нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 5 сараас 900 000 төгрөгийн цалинтай гэж бичигдсэнийг Нийгмийн даатгалын хэлтэс баталгаажуулалт хийснийг харгалзаж сарын дундаж цалинг 900 000 төгрөгөөр тооцож 900 000 : 21,5х = 41860 төгрөг /нэг өдрийн цалин/ болж байгаа ба 2-5 сарын 29-ийг хүртэл 83 хоногийн цалинд 3.474.380 болж байна. 17.214 төгрөгөөр дутуу байгаа боловч цалинг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж цалинд 3.457.166 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Ч.Сыг ажлаас чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг буруу гэж үзэх үндэслэлгүй байх тул ажлаас халагдсаны тэтгэмжид 2.700.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-т ..ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан хуулийн заалттай нийцэж байна гэж үзлээ.
2019 оны 2 сарын 26-ны өдрөөс өнөөдрийн шүүх хурлын өдөр хүртэл хугацаандаа олгогдоогүй цалингийн алдангид 1.728.583 төгрөг нэхэмжилсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д заасан “... ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног дутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу олгох үндэслэлтэй байгаа боловч иргэний хуульд заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хуваас хэтэрч болохгүй гэсэн заалтыг шүүх баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
С ОНӨААТҮГ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ..ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “...ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заасан боловч Санчирыг хариуцагч ажилд орсон, нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилд ороогүй гэж маргаж байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжлээгүй байсан, Санчир ажлаас халагдснаасаа хойш ажилгүй байсан гэдгийг нотлох баримт ирүүлээгүй зэргийг үндэслэж ажилгүйдлийн тэтгэмж гаргах боломжгүй байна гэж үзлээ. Харин ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийж өгөхийг С ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Сын цалинд нэхэмжилсэн 3.457.166 төгрөг, цалингийн алданги 1.728.583 төгрөг, ажлаас халагдсны тэтгэмж 2.700.000 төгрөг, нийт 7.885.749 төгрөгийг С ОНӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагааас 1.451.893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 141.121 төгрөг, нэхэмжлэгч Ч.Саас хэрэгсэхгүй болгосон 1.451.893 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад 38.180 төгрөгийг гаргуулж, улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн С ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгч Ч.Ст ажилласан хугацааны цалин 3.457.166 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2.700.000 төгрөг, цалингийн алданги 1.728.583 төгрөг, нийт 7.885.749 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.451.893 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Сын 2019 оны 2-5 саруудад ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг С ОНӨААТҮГ-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 141.121 төгрөг, нэхэмжлэгч Ч.Саас 38.180 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ