Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Н.ШЯ. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Б аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Шд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б аймгийн Дэлүүн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, Б аймгийн хот тохижуулах албанд манаачийн ажил эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б аймгийн Өын 6 дугаар багт оршин суух хаягтай, 00000000 регистрийн дугаартай, Х ургийн овогт Нгийн Ш;

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

2.1.      Яллагдагч Н.Ш нь Б аймгийн Өын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч А.Сы баруун гар луу өшиглөснөөс чигчий хурууны харалдаа сарвууны ясны хугарал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Я.Дгаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Шг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр 1 хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

2. Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

3. Шүүгдэгч Н.Шн өмгөөлөгч С.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Торгох ялын хамгийн бага хэмжээг оногдуулж өгөхийг хүсье” гэв.

4. Шүүгдэгч Н.Ш нь Б аймгийн Өын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч А.Сы баруун гар луу өшиглөснөөс чигчий хурууны харалдаа сарвууны ясны хугарал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь аймгийн цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 30/1750 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч А.Сы зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04-05 дахь тал/, зөрчлийн 2313000133 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-13 дахь тал/, хохирогч            А.Сы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 21 дэх тал/, гэрч А.Еы мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, гэрч А.Нийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, яллагдагч Н.Шн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Н.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч А.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Ш нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Шн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч Н.Шд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Шүүгдэгч Н.Ш нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

12. Шүүгдэгч Н.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй  болохыг дурдах нь зүйтэй.

13. Шүүгдэгч Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Нийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шг 550  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ