Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Ж овогт Сын Н, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Баяннуур суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:БВ81060718.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, эзэнгүй айлын хашаан дотор өөрийн эзэмшлийн 000000 улсын дугаартай, “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ “Жолоочид дараах зүйлийг хориглоно: ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.14 дүгээр зүйл “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Т.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

  1. Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

2. Улсын яллагч Х.Өээс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч С.Нн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй” гэв.

3. Шүүгдэгч С.Нн өмгөөлөгч С.Тээс гаргасан дүгнэлтдээ: “...С.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан, иймд прокурорын дүгнэлттэй санал нэг байна” гэв.

4. Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Б аймгийн Ө сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, эзэнгүй айлын хашаан дотор өөрийн эзэмшлийн 000000 улсын дугаартай, “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ “Жолоочид дараах зүйлийг хориглоно: ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 10.14 дүгээр зүйл “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Т.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Т.Дгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-16 дахь тал/, хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-31 дэх тал/, Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221 дугаартай “...иргэн Т.Дн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, Шинжээч Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Б.Ц-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай “...С.Нгийн биеэс авсан гэх шингэн цусанд 5.4 промилль этилийн спирт илэрсэн тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 59-60  дахь тал/,  яллагдагч С.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/, хохирогч Т.Дн өвчний түүх /хавтаст хэргийн 120-142 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч С.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед “гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Нгаас эмчилгээний зардал 300.000 төгрөгийг төлүүлж авсан. Сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Нн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3. “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

13. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Сын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил 2 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Нд оногдуулсан 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.ТАЛГАТ