| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0362/и |
| Дугаар | 437 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 437
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Эод холбогдох
“Ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн орчимд өөрийн хамаатан Эрдэнэцогттой амаар харилцан тохиролцож 8*8 метр хэмжээтэй амины орон сууц болон 8*4 метрийн хэмжээтэй автомашины гражийг хамтад нь 4 000 000 төгрөгөөр барьж өгөхөөр буюу зах зээлийн ханшнаас хямд үнээр барьж өгөхөөр тохиролцсон бөгөөд би тус барилга дээр Д.Бтай цуг ажилласан.
Харин амины орон сууцны сантехникийн ажлыг хийхгүй байхаар буюу өөр хүнээр хийлгэхээр болоод бид ажлаа эхэлсэн юм. Гэтэл барилгын ажлын явцад Д.Б нь мотоциклоос унаж гараа хугалсан учраас байшинг барих боломжгүй болсон. Би Эрдэнэцогтыг таньдаг, найз гараа хугалсан байхад яаж үгүй гэх вэ? гэж бодоод ажлыг цааш үргэлжлүүлсэн. Д.Б нь сүүлд Эрдэнэцогттой сантекникийн ажлыг 2 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд би зөвшөөрч уг ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Надад гар дээрээ авсан мөнгө байхгүй. Тэгээд 10 дугаар сарын 31-нд шүүх хуралтай, чи өөрөө ир гэхэд одоо надад хамаагүй гэдэг байдлаар хандаж, хамаатан талаа дэмжиж байгаа. Эрдэнэцогт нь сүүлд тохиролцож хийлгэсэн ажлын хөлс болох 2 000 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байх тул түүнээс уг мөнгийг гаргуулж наайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Сантехникийн ажил хийж гүйцэтгэсний хөлсөнд 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч талаас ажил гүйцэтгэсэн хөлс болох 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Анх Бтай ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Нөхцөл байдлын улмаас буюу Б гараа хугалснаас болж Г болон түүний туслахууд ажлыг хийж гүйцэтгэсэн. Явцын дунд бохир, сантекникийн ажлыг хийж гүйцэтгүүлье гэсэн боловч, ажлыг гүйцэтгүүлсний дараа 2 000 000 төгрөгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргасан. Хувь хүний ёс зүй, хувьдаа авах ёсгүй мөнгө байсан бол өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад явахгүй байсан. Хариуцагч уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эд материалын доголдлыг захиалагчид тухайн үед нь хэлж байсан боловч зарах юм чинь гэсэн байдлаас захиалагч хандаж байсан. Тиймээс Иргэний хуулийн 333 дугаар зүйл, 344 дүгээр зүйл, 346 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2 000 000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийг давхар нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа; С.Гын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Э бид нар өөрсдийн хамаатан болох Д.Бар “Боловсрол” хороололд цэвэр, бохир, дулаанд холбогдсон 8*8 метрийн харьцаатай байшинг 1 сарын хугацаанд 4 000 000 төгрөгөөр бариулахаар тохирч барилгын ажлаа эхлүүлсэн. Хөлс болох 4 000 000 төгрөгийг төлж дууссан. С.Гтай хөлс мөнгөний тохиролцоо хийгээгүй. Богино хугацаанд бага хөлсөөр барих давуу талтайг нь бодож бариулсан боловч хугацаандаа барьж өгөөгүй дутуу хаясан, чанар муутай барьсан зэргээс бид зарсан байшингийн төлбөрөө ч гүйцэд авч чадаагүй байгаа. Бид анхнаасаа С.Гтай ямар нэгэн байдлаар барилга байшин бариулах тохиролцоо хийгээгүй. Д.Б гэж хүнтэй тохиролцож бариулсан. С.Г, Д.Б нар ажил, хөлс мөнгөө хоорондоо яаж тохирсон, яаж зохицуулсан нь бидэнд хамаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ц.Эод холбогдуулан “Ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул нь Ц.Э, Д.Б нар нь харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Харин С.Гтай ямар нэгэн байдлаар тохиролцож гэрээ байгуулаагүй тул нэхэмжилж буй 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч Ц.Э нь өөрийн хамаатан болох Д.Бар 8*8 метрийн хэмжээтэй амины орон сууц, 8*4 метрийн хэмжээтэй авто машины граж бариулах, сантехникийн ажлыг хийж гүйцэтгүүлэх, хариуцагч Ц.Э нь ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон талаар зохигчид маргаагүй.
Иймд иргэн Д.Б, хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг.
Гэрээний тал ажил гүйцэтгэгч Д.Б нь захиалагч Ц.Этой тохирсон ажлаа хийж гүйцэтгэх хугацаандаа бэртэж, гараа хугалснаас гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон тул барилгын сантехникийн ажлыг С.Гаар гүйцэтгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ байдлыг үгүйсгээгүй байна.
Иймд Д.Б нь гэрээний захиалагч тал Ц.Эын хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, нэхэмжлэгч С.Гын хувьд захиалагч гэж үзэхээр байна.
Энэ байдал нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэсэн заалттай нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт “захиалагч дараах үүрэг хүлээнэ”. 351.1.1 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх;” гэж заажээ.
Шүүх хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч С.Гад ажлын хөлс 2 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй байх тул нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эод холбогдох “Ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ