| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0826/Э |
| Дугаар | 1259 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1259
2019 12 19 1259
Ө.Чд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
шүүгдэгч Ө.Ч, түүний өмгөөлөгч А.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Чд холбогдох 1903006260310 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ө.Ч, 1989 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 160б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:АИ89020917/;
Ө.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн зүүн урд уулзварт “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ийн эзэмшлийн “Дэү Би Эс-106” загварын 17-50 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Төртулгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ө.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ө.Чг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Ө.Чг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Чд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг нь тоолж, Ө.Ч нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн Ө.Чгийн жолоочийн №675120 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Ө.Ч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.Төртулгын нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Ө.Чгийн үйлдсэн гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйн улмаас үйлдэгддэг, тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг тул ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Ө.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээд сайн дураараа хохирлыг төлж барагдуулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, чин санаанаасаа гэмшиж байгаагийн тод илрэл юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Ө.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа ухаарч, маш их гэмшиж байна. Эхнэр, 2 хүүхдийг минь бодож, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Чд оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Ө.Ч нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн зүүн урд уулзварт “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ийн эзэмшлийн “Дэү Би Эс-106” загварын 17-50 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Төртулгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-3/, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/, Ө.Чгийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хүлээн авсан тэмдэглэл /хх-13/, эд мөрийн баримт 1 ширхэг СиДи /хх-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, хохирогч О.Төртулгын эмчилгээний зардлын баримтууд /хх-66-67, 39/, хохирогч О.Төртулгын өвчний түүх /хх-68-75/, хохирол төлсөн баримт /хх-123/,
хохирогч О.Төртулгын “... 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагийн үед Сүхбаатарын талбайн зүүн урд уулзвараар хойноос урагшаа чигтээ явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Тэгээд хартал зүүн талын уулзварын гэрлэн дохио дээр автомашинууд зогссон, хөдлөх гэж байсан. Тэгээд би ногоон гэрэл асахаар нь зүүн гар талд хоёр том охин зам хөндлөн алхах шиг болохоор нь дагаад хоёр алхах үед түс хийх дуу, чимээ гарсан. Нэг сэртэл цагдаа “битгий хөдлөөрэй, чи их цус алдсан” гээд миний толгойг боож байсан. Уулзварт автобус зогссон жолооч нь ирж харагдсан. Удалгүй гэмтлийн эмнэлэг рүү явсан...” /хх-17-20, 21/,
иргэний нэхэмжлэгч Т.Ууганбаярын “...Урд салхины шил хагарсан. Байгууллага акт тогтоосон 180.0000 төгрөгийн хохирол учирсан. Жолооч О.Чимэдрэгзэнгээс энэ хохирлын мөнгийг нэхэмжилнэ...” /хх-23-24/,
иргэний хариуцагч Т.Ууганбаярын “... Дэү Би Эс-106 загварын 17-50 УНБ улсын дугаартай автомашин нь “Зорчиг тээвэр-3” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Хохирлыг төлж барагдуулаагүй. Төлөх боломж одоогоор байхгүй...” /хх-25-26, 84/,
гэрч Г.Алтансүхийн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны 06 цагт “Дэү Би Эс-106” загварын 17-50 УНБ улсын дугаартай автобусыг ажилд гаргахад нь шалгасан. Бүрэн бүтэн байдал, бүх гэрэл дохио, тормоз, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үнэмлэхийг шалгаад дараа нь тандагч багажаар жолоочийг согтуу байгаа эсэхийг шалгаж гаргасан. Замын болон шалгах хуудсыг бөглүүлсэн. Баруун талын оврын гэрэл, дугаарын гэрэл тормозны гэрэл, ухрах арааны гэрлүүд шалгахад бүгд ажиллаж байсан. Харин зорчигч суулгадаг урд хаалганы шил хагархай байсан. Хагархай дээр нь зураг наасан байсныг анзаараагүй...” /хх- 27, 98/,
гэрч Ч.Сэмжидмаагийн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 09 цагийн орчим би гадаад хэргийн яамны сандал дээр суугаад хэсэг амарч байтал түс, тас хийх дуу чимээ сонсогдсон. Хартал, Сүхбаатарын талбайн уулзварын хойд явган хүний гарцан дээр шар өнгийн 17-50 УНБ улсын дугаартай автобус явган зорчигч мөргөөд, хүн нь явган хүний гарцны баруун талд хэвтэж байсан. Тэгтэл автобусны жолооч бууж ирээд, гэмтсэн хүнийг тойроод яах учраа олохгүй сандраад гүйгээд байсан...” /хх-29/,
гэрч Г.Эрдэмбилэгийн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр би Сангийн яаман дээр хуралтай байсан. 9 цагийн орчимд Сүхбаатарын талбайн уулзварын урдаас хойшоо чигтээ гэрлэн дохио дээр зогсож байтал ногоон гэрэл асаад зам хөндлөн гарсан. Тал дунд нь иртэл нэгдүгээр эгнээгээр нэг автобус нэлээн хурдтай сигналдаад ороод ирсэн. Дуут дохио сонсоод зам хөндлөн гарах гэж байсан хүмүүс бүгд ухарсан. Мөргүүлсэн залуу өөрөө чихэвчтэй явж байсан болохоор сигнал сонсохгүй хоёр алхаад тэр залууг нөгөө автобус хамаад явсан. Би зам хөндлөн гараад очих үед гарцнаас 1-2 метрийн зайд автобусанд мөргүүлсэн залуу баруун талаараа газарт шидэгдсэн байсан...” /хх-31/,
гэрч С.Олзвойгийн “...2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн орчимд манай нөхөр өөрөө над руу залгаж хэргийн талаар хэлсэн. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Би гэртээ хоёр хүүхдээ хардаг...” /хх-32/,
Ө.Чгийн гэрчээр “...Би 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 9 цагийн орчимд Сэлбэ-Вогзал чиглэлийн шар өнгийн “Дэү Би Эс-106” загварын 17-50 УНБ” улсын дугаартай автобус жолоодон зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр Багшийн дээд орчмоос Мөнгөн завъяа орохоор Гадаад хэргийн яамны уулзвараар гарах гээд дуут дохио өгөөд явсан. ...Явган хүний гарцаар зам хөндлөн нэг залуу чихэндээ чихэвч зүүсэн доошоо хараад тулаад ороод ирэхээр нь би сигнал өгөөд тормоз гишгэхэд ойрхон байсан тул зогсож амжаагүй. Тэгтэл тэр залуу толгойгоороо автобусны буруу талын урд буланг мөргөхөд урд салхины шил хагарсан. Тэр залуу буруу тал руу үсрээд газарт унасан. Би зогсоод гүйгээд гартал автобусанд мөргүүлсэн залуугийн толгойноос цус гарч гарч байсан. ...40 км цагийн хурдтай явж байсан. Шар гэрлэн дохио асаж байснаа мөргөхөд улаан гэрлэн дохио ассан байсан...” /хх-35/,
Ө.Чгийн яллагдагчаар “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” /хх-61-65, 105-108/ гэх мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Төртулгын биед суурь ясны их далавч, дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хөмсөг дагзны хуйханд няцарсан шарх, зүүн хацар, дух, зүүн чамархай, дагз, хүзүү, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн тохой, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” 6886 дугаартай шинжээчийн /хх-36-37/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Төртулгын биед суурь ясны их далавч, дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хөмсөг, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн хацар, дух, зүүн чамархай, дагз, хүзүү, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн тохой, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тогтоолд бичигдсэн авто осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” 865 дугаартай нэмэлт шинжээчийн /хх-38-41/,
авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын шинжээчийн “...Дэү Би Эс-106 загварын 17-50 УНБ улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд салхины шил баруун доод хэсэгтээ цөмөрч хагарсан, зорчигч суулгадаг урд хаалганы шил цацарч хагарсан, баруун талын оврын гэрэл, дугаарын гэрэл, тормозны гэрэл, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Уг автобус нь энгийн хийн тормозны системтэй, тормозны систем хэвийн ажиллагаатай стандартын шаардлагыг хангаж байна. Дээрх тормозны системүүдийн үед тухайн авто машины хурд болон тормозны дөрөөн дээр гишгэх гишгэлтээс хамааран тормозны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаагүй, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ хурдаа хянах боломжгүй ба тухайн осолд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй...” 045327 дугаартай шинжээчийн /хх-42-48/ гэх дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч оролцогчдыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Чг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ө.Чгийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ө.Төртулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч А.Ганбат “... Ө.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээд сайн дураараа хохирлыг төлж барагдуулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, Ө.Чгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Чгийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ