Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2021/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: М.*******

Хариуцагч: Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.*******

Гомдлын шаардлага: 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагч М.*******, түүний өмгөөлөгч Э.*******, хариуцагч гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс ******* ХХК-д бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Би хөдөлмөрийн гэрээний дагуу компанийн баримт бичгийн төсөл боловсруулах, баримт бичиг хүлээн авах, хариу хүргэх зэрэг ажил гүйцэтгэдэг. Намайг ажилд ороод удаагүй байхад ******* компанийг түрээслэн ажиллуулдаг МТ шатахуун түгээх станц дээр даргыг дуудаж байна гэсэн. Дарга тухайн үед байгаагүй учраас намайг очоод юу болсон талаар мэдээд хэлээрэй гэсэн. Ингээд би 2020 оны 4 сард МТ шатахуун түгээх станц дээр очиход Онцгой байдлын газраас явж байгаа гээд 2 хүн байсан нэг шар хуудас бас нэг баримт өгөөд энийг танай байгууллагад өгч байгаа юм аваад гарын үсгээ зур гэсэн. Би тухайн үед даргатай өөртэй нь уулзахгүй юм уу гэхэд тэр хоёр хүн зүгээрээ, энэ чамд хамааралгүй хүлээн авсан гээд гарын үсэг зурчих гээд байсан юм. Тухайн үед би тэр баримт бичгийг ямар учиртай гэдгийг ойлгоогүй гарын үсэг зурсан. ...Тэгээд даргад дараа нь танилцуулахад ... хэн чамайг үүнийг ав гэсэн юм. Чи үүнийгээ өөрөө хариуцаарай. Мөнгийг нь өөрөө төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд ******* компани одоог хүртэл энэ 3.000.000 төгрөгийн торгуулийг надаар төлүүлнэ гээд байгаа. ...Би хууль журам зөрчсөн зүйлгүй байхад ...0086513 дугаар шийтгэлийн хуудсандаа намайг зөрчил үйлдсэн гэж заагаад зөрчлийн хэрэгт хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага буюу 3 сая төгрөгөөр торгох шийтгэлийг надад оногдуулсан байна. Энэ шийтгэлийн хуудасны дагуу төлбөр төлөх үүргийг надад даалгасан. Мөн миний эрх зүйн байдалд зөрчлийн шийтгэл хүлээсэн гэх үр дагавар үүсгэж байгаа болохыг хуульчаас зөвлөгөө авах үед мэдсэн.би гарын үсгээ зурж хүлээж авсан. Тэгээд даргад дараа нь танилцуулахад ... хэн чамайг үүнийг ав гэсэн юм. Чи үүнийгээ өөрөө хариуцаарай. Мөнгийг нь өөрөө төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд ******* компани одоог хүртэл энэ 3.000.000 төгрөгийн торгуулийг надаар төлүүлнэ гээд байгаа. Би ямар ч хууль журам зөрчөөгүй байхад над дээр торгууль тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагчаас 0086513 дугаар шийтгэлийн хуудсаар надад шийтгэл хүлээлгэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаа тухайн шийтгэлийн хуудсанд байна гэж үзэж байна. Тухайлбал, ямар зөрчил гаргасан болохыг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 гэж байгаа. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 5.14 гэсэн зүйл заалт байхгүй. Ийм зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй утга агуулгын алдаатай байсан. Түүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар ******* гэдэг хүний хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам зөрчих гэж байгаа. *******ын хувьд багаж хэрэгслийг байрлуулах үүрэг хүлээсэн этгээд биш. Энэ талаар улсын байцаагчаас шалгаж тогтоох ажиллагаа явуулахгүйгээр иргэнийг энэ зөрчлийг гаргасан байна гэж үзэж холбогдогчоор тогтоогоод 3.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан буюу хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг иргэнд оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна... Хариуцагч тайлбартаа ******* өөрөө эрхлэгч гэж хэлсэн учраас байгууллагын эрхлэгч гэж үзээд торгууль тавьсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ эрх бүхий албан тушаалтан бол ард иргэдийг бодоход хууль зүйн мэдлэгтэй учраас зөрчилд холбогдогч субъект нь хуулийн этгээд юм уу? иргэн юм уу? гэдгийг нарийн тодорхойлсны үндсэн дээр ажлаа явуулах ёстой байх гэж ойлгож байна. Түүнээс төрөл бүрийн мэдлэгтэй хуулийн тухайлсан мэдлэггүй хүмүүсийн хэлсэн ганц нэг үгийг шууд өлгөж аваад яваад байх боломжгүй. Чи эрхлэгч гэж хэлсэн учраас чамайг гэж тогтоосон гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй байна. Эрх бүхий албан тушаалтны хувьд нөхцөл байдлаа бүрэн тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах уу? Үгүй юу гэдгээ шийдэх ёстой гэж үзэж байна. *******ын хувьд энэ бичгийн учрыг над дээр ирж байж ойлгосон. Түүнээс өмнө өөрт нь холбогдуулж шийтгэлийн хуудас гарсан. Компаниас нь торгуулийг өөрийг нь төл гээд байгааг огт ойлгоогүй байсан. Хуульч дээр ирж байж уншуулж шийтгэврийн хуудасны агуулгыг ойлгосон. Ийм хүнтэй ажиллаж байгаа нөхцөлд шууд өөрийнх нь үгээр оногдуулсан гэдэг бол хангалтгүй гэж үзэж байна. Нэмж хэлэхэд эрх бүхий албан тушаалтан нь нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шалгах ажиллагаагаа дутуу хийсэн, үүний дараа иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаад хууль бусаар, хууль зөрчиж, харьяаллын бусаар хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явсан харагдаж байна. Үүнийг хуулийн хүчин төгөлдөр, хууль ёсны гэж үзэхгүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-д зааснаар таны шийтгэлийн хуудсыг захиргааны хэргийн шүүх баталгаажуулах ёстой. Тийм учраас захиргааны хэргийн шүүх энэ шийтгэлийн хуудсыг баталгаажуулж байж хууль ёсны болно. Иргэний хэргийн шүүх хүсэлтийг шууд баталгаажуулдаг, оролцоог хангадаггүй учраас иргэний эрх ашиг хөндөгддөг. Мөн хавтаст хэрэгт тайлбар авах тухай гэсэн баримт байсан. Энэ нь өмнө *******ээс гаргаж байсан нэхэмжлэлтэй холбоотой авагдсан тайлбар байсан. Үүнийг би хавтаст хэрэгт авагдсан гэхдээ нотлох чадвараа алдсан баримт байна гэж үзэж байгаа. Учир нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны хэрэг үүсгэснээр явагдана. Нэхэмжлэлээр хэрэг үүсгэх эсэхийг шийдэх явцад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах ажиллагаа явагдаж болдог. Гэхдээ энэ нь нэхэмжлэгчид чиглэсэн ажиллагаа. Гэтэл 2021 оны 1 сарын 7-нд *******ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэрнээ мөн өдөр ******* гэдэг хүнээс шүүх тайлбар авсан ийм баримт яваад байгаа. Мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол энд хөндөгдөж байгаа. Хэдийгээр баримт дээр ******* гэдэг компани 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн юм шиг харагдаж байгаа боловч эргээд энэ компанийн зүгээс нэхэмжлэгчийг чиний буруутай үйл ажиллагаа, чи холбогдогчоор тогтоогдож гарын үсэг зурсан учраас байгууллага 3.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. Чи хариуцах ёстой гэж ажилтнаа дарамталж болохгүй. Тэрнээс гадна ******* нь иргэн хүнийхээ хувьд хаа хамаагүй шийтгэлийн хуудсан дээр нэрээ бичүүлээд яваад байж болохгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр ******* нь өөрийн хийгээгүй, өөрийн үйлдээгүй зөрчлийн төлөө хариуцлага хүлээх боломжгүй. Энэ хариуцлагыг хүлээхгүй байх эрх нь хуулиар хамгаалагдсан байгаа. Шалгалтын баримтаас харахад ******* компанид мэдэгдсэн, шаардлага хүргүүлж байсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй Магнай трейд ХХК-д албан шаардлага өгч байсан байгааг тодруулах нь зөв байх... Ийм учраас нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ц.******* би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус шатахуун түгээх станцад хяналт шалгалт зохион явуулсан. Тухайн үед ******* ахмад бид хоёр Онцгой байдлын газрын даргын удирдамжийн дагуу ******* ахмадын өмнө хийсэн хяналт шалгалт дээр гүйцэтгэлийн биелэлтийг шалгах ажиллагаа явуулсан. Тухайн үед колонк дээр очиход түгээгч нь байсан. Түгээгчээс нь танай дээр ажил хариуцаж байгаа хүн хэн байна вэ? гэхэд эрхлэгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь эрхлэгчээ дууд гэхэд эрхлэгч ******* ирсэн. Тэгэхээр нь *******аас та юу хийдэг хүн бэ? гэж асуухад ******* би эрхлэгч гэж хэлсэн... Эрхлэгч бол тухайн байгууллагын барилга байгууламж нутаг дэвсгэрт галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй учраас үүний дагуу шийтгэврийн хуудсыг бичсэн. Шийтгэврийн хуудсыг *******д уншуулж танилцуулсан. Тэр үед өөрөө би эрхлэгч биш гэж хэлээгүй. Хэлсэн бол би гарын үсэг зуруулахгүй байсан. Шалгалт хийх явцдаа компанийн захирлыг дуудуулсан боловч захирал нь утсаа авахгүй байсан. Тэгээд холбогдох бичиг баримтуудыг нь шаардахад оффис дээр цоожтой байгаа гэж хэлсэн. Шалгалтын дараа бичиг баримтаа аваад ирээч гэхэд ******* ирсэн... Тус Магнай трейд ХХК-ийн 109 дүгээр шатахуун түгээх станцыг ******* ХХК түрээсэлдэг гэж хэлсэн бөгөөд холбогдох баримт бичгийг шалгая гэхэд мөн л компани дээр байгаа дараа шалгуулъя гэж хэлсэн. Хяналт шалгалтаар тус шатахуун түгээх станцад ашиглагдах гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг норм стандартын дагуу байрлуулаагүй нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжид зайлшгүй байх шаардлагатай гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн норм MNS 5566:2005-ын стандартын 4.1 дахь заалтууд зөрчигдөж байгааг М.*******д өөрт нь харуулж танилцуулсан. Дээрх зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар хуулийн этгээдэд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг өөрөөр нь уншуулж танилцуулсан болно. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын хүлээх үүрэг болон Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолын хавсралт галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 1.3, 2.1-д заасан зүйл заалтуудыг өөрөөр нь уншуулан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг болохыг тайлбарлан өгсөн. Хяналт шалгалт хийсэн тэмдэглэл болон шийтгэлийн хуудсыг бичиж эрхлэгч М.*******д танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Түрээслэгч ******* ХХК-иас холбогдох бичиг баримтыг шалгуулахыг удаа дараа харилцах утсаар залгаж шаардсан боловч шалгуулаагүй тул тус компанийн байранд өөрийн биеэр 2 удаа очиж гүйцэтгэх захирал Т.*******тэй уулзсан боловч огт шалгуулаагүй болно. Торгуулийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг хугацаанд нь барагдуулаагүй учир Завхан аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140/ШЗ2020/02716 дугаар захирамжаар шийтгэлийн хуудсыг баталгаажуулан ******* ХХК-иар төлүүлсэн болно. Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хяналтын прокуророор хянуулан баталгаажуулсан болно. Иймд эрхлэгч М.*******ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар торгуулийн арга хэмжээ авсан нь хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан гэж үзэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг[1] илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлийг ...миний бие зөрчил гаргаагүй байхад буруутайд тооцож, Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг ногдуулсан нь илт хууль бус бөгөөд иргэн миний эрх зүйн байдлын хувьд зөрчлийн шийтгэл хүлээсэн гэх сөрөг үр дагавар үүсгэсэн хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч ...уг шатахуун түгээх станц дээр урьд нь 2018 онд хүргүүлсэн албан шаардлагын хэрэгжилтийг шалгаж гүйцэтгэлийн шалгалт хийхэд галын аюулгүй байдлын хууль, дүрэмд заасан хэд хэдэн зөрчил илэрсэн, тухайн үед М.******* өөрийгөө эрхлэгч гэж танилцуулаад Магнай трейд ХХК-ийн 109 дүгээр шатахуун түгээх станцыг ******* ХХК түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийг өгсөн, холбогдох баримтуудыг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй, М.******* болон захирал Т.******* нар нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд зөрчлүүд тодорхой байсан тул эрхлэгчийнх нь нэрээр шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулсан нь үндэстэй... хэмээн тайлбарлаж байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр дээрх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-ийн түрээслэн шатахуун худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй Магнай трейд ХХК-ийн 109 дүгээр шатахуун түгээх станц дээр галын аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлтэй байх журам зөрчсөн гэх үндэслэлээр 0086513 дугаартай шийтгэлийн хуудсаар М.*******д 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дээрх торгох шийтгэлийг оногдуулах болсон эрх зүйн үндэслэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.14-4-ийн 4.1 гэж уг шийтгэлийн хуудсанд тусгасан байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тийм зүйл, заалт байхгүй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд ...Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг зөрчсөн тул эрхлэгч гэх М.*******д дээрх торгох шийтгэл оногдуулсан... хэмээн тайлбарлаж байгаагаас харахад шийтгэлийн хуудсанд холбогдох хуулийн нэр, зүйл, хэсгийг алдаатай, буруу бичсэн байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шийтгэлийн хуудсыг огт байхгүй хуулийн заалтыг үндэслэж гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус захиргааны акт гэх тайлбар үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус болохыг нөхцлүүдийг тодорхойлж заасан ба захиргааны актад хуулийн нэр, зүйл, заалтыг илтэд буруу бичсэн нь илэрхий алдаанд тооцогдох тул дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 0086513 дугаартай шийтгэх хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу илт хууль бус гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал байрлуулах журам...зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 3.4 дүгээр зүйлийн 3-д ...нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17-д зааснаар гал түймрийн хяналтын улсын байцаагч нь дээрх Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан байх ба хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримтуудаас[2] харахад хариуцагч Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.******* нь дээрх хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулж буй Магнай трейд ХХК-ийн 109 дүгээр шатахуун түгээх станц дээр галын аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргажээ.

Хариуцагч нь хяналт шалгалтын явцад 109 дүгээр шатахуун түгээх станц дээр гал унтраах хэрэгсэл байрлуулаагүй, ослын саванд дизель түлш хийсэн, металлын хийцийн оношилгоо хийгдээгүй, төхөөрөмжийг зогсоох дараалалгүй, түгээгүүр санамжгүй, холбооны хэрэгсэлгүй, мэргэжлийн бус хүн түгээгчийн үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөр хамгааллын хувцасгүй гэх зөрчлүүдийг илрүүлж, энэ талаар хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай тэмдэглэл зэрэгт тусгасан боловч, уг илэрхий гэж үзсэн зөрчлүүд тогтоогдсон талаар нэг бүрчлэн нотолсон баримт байхгүй, бүрэн дүүрэн баримтжуулаагүй, мөн хариуцлагыг хүлээлгэх зөрчлийн холбогдогчийг зөв тодорхойлж, тогтоогоогүй, хуулийн этгээдэд оногдуулахаар хуульд заасан /3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох/ шийтгэлийг М.*******д оногдуулсан байна.

Эдгээр нь Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн ...хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ 6.6 дугаар зүйлийн 2-д ...зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бол ...хуульд заасан шийтгэл оногдуулах..., 4-д ...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д ...шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй... нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасантай нийцээгүй байна.

Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн хуулийн этгээдээс мэдүүлэг авсан тэмдэглэлд зөрчлийн холбогдогчоор ******* ХХК-ийн захирал Т.*******-ийг[3], мөн гэрчээс мэдүүлэг авах тэмдэглэлд зөрчлийн холбогдогчоор М.*******-ыг[4] тус тус нэрлэн заасан, шийтгэлийн хуудсанд ******* ХХК-ийн нэр тусгагдаагүй, зөвхөн Магнай Трейд ХХК-ийн шатахуун түгээх станц хэмээн нэр дурдсан мөртлөө холбогдогчоор М.*******ыг тодорхойлсон байна.

Дээрх баримтуудаас харахад зөрчлийн холбогдогчоор хэнийг тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байх ба М.******* нь тус шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд ямар хамааралтай, ямар чиг үүрэг гүйцэтгэж байсныг тодруулж, баримтаар нотлоогүй, зөвхөн баримт шаардсан боловч ирүүлээгүй, М.******* өөрийгөө эрхлэгч гэж танилцуулсан гэх шалтгаанаар М.*******ыг зөрчил үйлдсэн, хариуцлага хүлээх этгээд гэж тодорхойлж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг түүний нэрээр оногдуулж, 0086513 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэнийг зөвтгөх боломжгүй юм.

******* ХХК нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэн явуулах чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээд[5] байх ба Магнай Трейд ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ[6], 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станцыг түрээслэн шатахуун худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан байна.

Аж ахуйн, нэгж байгууллагын удирдлага нь галын аюулгүй байдлыг хангах талаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргийг хүлээхээр байх ба 17.2.1-д холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох; 17.2.6-д гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах гэжээ.

Тодруулбал, 109 дүгээр шатахуун түгээх станцын шатахуун борлуулах үйл ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангах үүргийг ******* ХХК-ийн захирал, эсхүл түүний томилсон эрх бүхий албан тушаалтан хүлээхээр байна.

Зөрчлийн хэргийн материалаас харахад галын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтныг ******* ХХК-ийн захирлаас томилсон эсэхийг хариуцагч шалгаж тогтоогоогүй байна. Уг үйл баримтыг шалгаж тогтоох нь зөрчлийн хэргийн холбогдогчийг олж тогтоох, хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой байжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас үйлдэх үед ******* ХХК-ийн удирдлагыг Т.******* хэрэгжүүлж, нэхэмжлэгч М.******* нь тус компанийн архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/52 дугаар тушаал зэргээр[7] тогтоогдож байна.

Архив, бичгийн хэргийн ажилтан М.*******ын тухайд байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хууль, зааврын дагуу хөтлөн явуулж, хэрэгжилтийг хангах зорилго бүхий ажлын байранд бичиг хэргийн ажил үүргийг гүйцэтгэж, утсанд хариу өгөх, компьютерт шивэх, бичих, бичиг хэргийн зориулалттай техник хэрэгслийг ажиллуулах, бичиг баримт цэгцлэх, хавтаслах үндсэн чиг үүрэг бүхий ажилтан байна, түүнээс галын аюулгүй байдлыг хангах талаар үүрэг хүлээгээгүй болох нь түүний ажлын байрны тодорхойлолтоор[8] нотлогдож байна. Иймд М.*******ын ажлын чиг үүргийн талаар судалж тогтоогоогүй, ******* ХХК болон 109 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангах чиг үүрэггүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх тул маргаан бүхий захиргааны акт болох 0086513 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг заасан ба 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил ...ыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, 1.2-д зөрчил үйлдэгдсэн нь ...нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэх үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэхээр байна.

Энэ маргааны тухайд дээрх 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасан үндэслэл хамаарахгүй байна. Харин хяналт шалгалтын явцад хэмжилт-хяналтын тусгай төхөөрөмжөөр зөрчлийг нотолсон тухай үйл баримт байхгүй, мөн холбогдогч хуулийн этгээдээр тогтоогдсон ******* ХХК-ийн захирал Т.*******, М.******* нарын зүгээс зөрчил үйлдэгдсэнийг сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан нөхцөл байдлууд хуулийн этгээд болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцагч гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.*******өөс явуулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх уг ажиллагааг дээрх хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэх үндэслэлээр явуулсан гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэргийн материалаас харахад хариуцагч нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Магнай Трейд ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ-г гаргуулан авсан байх ба тэдгээр баримтыг үндэслэн уг 109 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн тус аж ахуйн нэгж, түүний удирдлага /захирал, эрхлэгч/-ыг тогтоож болохоор байхад тухайн үед архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан М.*******д хуулийн этгээдийг төлөөлүүлэн түүний нэрээр хариуцлага оногдуулсан нь илт хууль бус бөгөөд нэхэмжлэгч М.*******ын эрх зүйн байдалд сөрөг нөлөөлөл учруулсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

2. Хариуцагч нь ...109 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагааны галын аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2018 онд шалгаад гаргасан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 27/06/31 дугаартай албан шаардлагын[9] хэрэгжилтийг хангах зорилгоор тус шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн... хэмээн тайлбарлаж байна. Дээрх албан шаардлагыг хэрэгжүүлэх, биелүүлэх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор гэж зааснаас үзвэл түүнийг хэрэгжүүлэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон бөгөөд уг шаардлага нь Магнай Трейд ХХК-д чиглэгдсэн байх тул уг албан шаардлагын хэрэгжилтийг ******* ХХК болон нэхэмжлэгч М.******* нар хариуцахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.

3. Зөрчлийн хэргийн материалд авагдсан 0086513 дугаартай шийтгэлийн хуудсан[10]д он, сар, өдрийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэж бичсэн боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн буюу маргаан бүхий 0086513 дугаартай шийтгэлийн хуудас[11]ны хувьд он, сар, өдрийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байна. Энэ талаар хариуцагч ...шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлддэг. М.*******д хүлээлгэн өгсөн тухайн өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр шийтгэлийн хуудсыг бичиж өгсөн, зөрчлийн материалд авагдсан шийтгэлийн хуудсыг прокурорт хүргүүлсэн өдрөөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр зөрүүтэй бичсэн байна... хэмээн тайлбарлаж байна.

Зөрчлийн материалд авагдсан болон нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн тэдгээр шийтгэх хуудаснууд нэгэн адил 0086513 дугаартай нэг шийтгэх хуудас байх ба зөрчлийн материал дахь шийтгэлийн хуудасны хувь дээр өдрийг өөрөөр бичсэн талаар хариуцагч хүлээн тайлбарлаж байх ба талууд энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0086513 дугаартай шийтгэлийн хуудас хэмээн тодорхойлсныг дурдах нь зүйтэй.

4. Маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 0086513 дугаартай шийтгэх хуудсыг баталгаажуулж, албадан гүйцэтгүүлсэн тухайд:

Завхан аймгийн Онцгой байдлын газраас дээрх 2020 оны 0086513 дугаартай шийтгэх хуудсыг баталгаажуулах хүсэлтийг Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140/ШЗ2020/02706 дугаартай шүүгчийн захирамжаар[12] баталгаажуулсан байх ба уг захирамжийн дагуу шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг бүрэн төлүүлж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Дээрх шүүгчийн захирамж болон Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 03 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/124 дүгээр албан бичгийн агуулгаас[13] харахад уг М.*******д чиглэсэн үйлчлэлтэй 0086513 дугаар шийтгэх хуудсаар оногдуулсан 3 000 000 төгрөгийн торгуулийг ******* ХХК /Т.*******/-д оногдуулсан хэмээн үзэж, дээрх хуулийн этгээдээр төлүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гал түймрийн улсын хяналтын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан шийтгэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан Захиргааны хэргийн шүүхэд гаргах ба уг шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх эсэхийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Иймд маргаан бүхий 0086513 дугаартай шийтгэх хуудсыг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтийг Завхан аймгийн онцгой байдлын газраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь үндэслэлгүй бөгөөд түүний хүсэлтийн дагуу тус шүүхээс шийтгэх хуудсыг баталгаажуулснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаныг маргаан бүхий шийтгэх хуудсыг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн шийтгэлийн хуудсанд нэрлэн заагаагүй ******* ХХК-иар торгуулийг төлүүлснээр М.*******д чиглэсэн үйлчлэлтэй 0086513 дугаартай шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч М.*******ын тухайд хэрэгжээд үйлчлэл нь дуусгавар болсон гэж үзэх боломжгүй... гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 2 болон 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг баримтлан иргэн М.*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ц.*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0086513 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 58-78 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд

[4] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 76, 84 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 77-90 дүгээр хуудсанд

[8] Хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд

[10] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд

[11] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[12] Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 53-57 дугаар хуудсанд