Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00009

 

 ЖДҮХ сангийн

 нэхэмжлэлтэй, “Х м н” ХХК-д

 холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 138/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Ч.Гн давж заалдах гомдлоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ж д ү х сангийн нэхэмжлэлтэй, “Х м н” ХХК-д холбогдох Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 284.809.604 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Ждүх сангаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5.2 дахь заалт, Хөдөлмөрийн сайдын 2013.07.01-ний өдрийн А/150 тоот тушаалыг үндэслэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Х м н” ХХК нь Ждүх сангаас 2013 оны 7 сарын 24-ний өдөр №2013/01 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 200.000.000 төгрөгийг “Дорнод аймагт Сүүний үхрийн эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэх” төслийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар, жилийн 7 хувийн хүүтэйгээр хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийн барьцаанд тус компанийн захирал Ч.Гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоотод байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай 480 м.кв талбай бүхий агуулахын байр, мөн захирал Ч.Гийн эзэмшлийн дээрх хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий 1800 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай эзэмшлийн газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш хүүгийн төлбөрт 15.733.632 төгрөг, үндсэн зээлээс 31.744.368 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2014 оны 11 сараас хойш зээлийн төлөлтийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлгүй 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Ингээд 2017 оны 10 сард зээлдэгчид зээлийн хүү алдангийг төлөхгүй болж гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор өгсөн. “Х м н” ХХК-ийн захирал энэ мэдэгдэлтэй холбоотойгоор алдангийн талаар албан бичгийг 2017.11.06-ны өдөр манайд ирүүлсэн. Сангаас энэ албан бичигт хариу өгөх шаардлагагүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус компанийн зүгээс зээлээ төлж эхлэхээ больсоноос хойш зээл төлж чадахгүй байгаа шалтгаанаа сан дээр ирж хэлээгүй, албан ёсоор албан бичгээр хандаж байгаагүй. Зээлийн гэрээгээр зээл болон түүний хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй зөрчил гаргасан бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болох тухай, мөн зээлийн үлдэгдлээс 0,1 хувийн алданги төлөх тухай харилцан тохиролцсон байгаа учраас гэрээний дагуу бид алданги нэхэмжилсэн байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч манай санг банк зээлийн эрх бүхий байгууллага гэж үзээд анз нэхэхгүй гэж хэлээд байна. Манай сан бол банк зээлийн эрх бүхий байгууллага биш, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Засгийн газрын тусгай сангаас гаргасан мөнгийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгосон гэдгийг хэлмээр байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд байгуулагдсан 2013 оны 7 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 168.255.632 төгрөг, зээлийн хүү 21.603.437 төгрөг, гэрээний дагуу алданги 94.929.535 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 21000 төгрөг буюу нийт 284.809.604 төгрөгийг хариуцагч “Х м н” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Манай сангаас хариуцагчийн байдлыг харгалзан алданги болох 94.929.535 төгрөгийн 50 хувийг багасгаж, эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч “Х м н” ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 7 сарын 24-ний өдөр Ждүх сангаас зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг “Дорнод аймагт Сүүний үхрийн эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэх” төслийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар, жилийн 7 хувийн хүүтэйгээр хөнгөлөлттэй зээл авсан нь үнэн. Миний бие сүүний чиглэлийн 104 үхэр худалдан авч Хэрлэн сумын 28 гэх газар хашаа барин төвхнөж байтал 2014 оны өвөл шүлхий өвчин гарч, аймгийн төвд мал байлгахгүй гэсэн шийдвэр гарснаар би үхрээ Хэрлэн сумаас хойш 116 км газар нүүлгэн шилжүүлсэн. Шилжүүлэх явцад хорогдол их гарсан. Тухайн газар малчиндаа хашаа хатган, жижиг модон байшин барьж өгч байтал зээлсэн 200 сая төгрөг маань дууссан. Дахин Худалдаа Хөгжлийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авч хашаа байшингаа барьж дуусгасан. Тэгээд тэр өвөлдөө тааруухан орж эхний 2, 3 жил алдагдалтай ажилласан. Миний бие 1998 оноос хойш компани байгуулан банкнаас зээл авсаар 700 сая төгрөгийн өртэй болсон байсан. Би банкны зээлийг Ждүх сангийн зээлтэй хамтад нь төлж байсан тул их хүнд байсан. Би банкны зээлээ төлөхийн зэрэгцээ жилд 10 сая төгрөгний малын хүнс, тариа гэх мэтийн зардалтай байдаг байсан учраас би 2014 оны 11 сараас эхлэн сангийн зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. 2017 онд Жижиг дунд үйлдвэрээс мэргэжилтэн ирж уулзаад, гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, мөн 94 сая төгрөгийн алданги төл гэсэн. Тэгээд би сангийн мэргэжилтэнд ямар шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй байснаа хэлж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний банкны зээл дууссан, танай байгууллагаас авсан зээлээ төлж эхлэе. Харин алданги төлж чадахгүй байгаагаа хэлэхэд Сан руу бичиг явуулчих, алдангийн талаар ярилцъя гэсэн. Намайг анх сангаас зээл авахад зээлийн хүүнээс нь эхэлж төл гэж хэлж байсан. Тэгэхэд би үндсэн зээлээ хүүтэй нь хамт эхнээс нь төлье гээд үндсэн зээлийг хүүтэй нь хамт төлсөөр ирсэн учраас энэ байдлыг харгалзан үзэж алданги төлүүлэхгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсэн бичгийг тэр даруйд нь Ждүх санд явуулсан. Миний энэ мэдэгдлийн хариу ирээгүй тул би хариуцсан мэргэжилтэнтэй нь утсаар ярьж хэзээнээс зээлээ төлж эхлэхийг тодруулахад манай хуулийн хэлтэстэй ярь гэсэн хариу өгсөн. Би хуулийн хэлтсийнхэнтэй л удаа дараа холбогдох гэхэд утсаа аваагүй. Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл би зээлээ төлж дуусгана. Зээлийн төлөлтөнд үндсэн зээлээс 31.744.368 төгрөг, зээлийн хүүнд 15.733.632 төгрөг буюу нийт 47.473.000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлээс 168.255.632 төгрөгийн үлдэгдэл, зээлийн хүүнд 21.603.437 төгрөг байгаа нь үнэн. Үүн дээр маргах зүйл байхгүй учраас үндсэн зээл болон хүүгийн үлдэгдлийг 2018 оны 7 сарын 25-ны дотор төлж барагдуулна. Нотариатын зардлыг мөн төлж барагдуулна. Харин зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулмааргүй байна. Алдангид нэхэмжилсэн 94.929.535 төгрөгийг төлж чадахгүй гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 138/ШШ2018/00107 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ждүх сан, хариуцагч “Х м н” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 7 сарын 24-ний өдрийн №2013/01 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Х м н” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 284.809.604 /хоёр зуун наян дөрвөн сая найман зуун есөн мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ждүх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоотод байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий 1800 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай эзэмшлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоотод байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай 480 м.кв талбай бүхий агуулахын байрнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч “Хмн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.581.998 /нэг сая таван зуун наян нэгэн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар тус шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн №179 дүгээр захирамжаар “Хмн” ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хааж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 138/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг хууль зүйн дагуу гараагүй, жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогыг зөрчсөн, нэг талыг барьсан, ХХААХҮЯамны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн гаргасан буруу шийдвэрт үйлчилсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тус сан нь 2014 оны 1 сарын 6-ны өдрийг зээл авснаас хойш хүүгийн төлбөр 15 сая 733 мянга 632 төгрөг төлсөн, гэвч өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу гэрээг цуцалж, “Хмн” ХХК-иас нийт 284 сая 809 мянга 604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл манай компани зээл авснаас хойш 47 сая 478 мянган төгрөгийг үндсэн төлбөртөө хийсэн, энэ талаар шүүх хурал дээр нэхэмжлэгч тал тодорхой ярьж өгөхгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагын талаар сайн мэдэхгүй төлөөлөгч үндэслэлгүй зүйл яриад байхад шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн гүйцэд нягтлан үзэхгүй зөвхөн хуралд оролцсон хүмүүсийн хэлсэн үгийг цуглуулж дутуу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хуралд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь надтай шүүхэд гаргасан 94 сая 929 мянга 535 төгрөгийн алдангийнхаа талаар эвлэрч болох тухай шүүх хурал дээр миний гаргасан саналын дагуу энэ алдангиа 50 хувьд нь дээрээс шийдвэр өгсний дагуу эвлэрч болох талаар ярьж байхад шүүх биднийг тусад нь уулзуулж эвлэрэх саналыг авахгүй шууд шүүхийн өрөөнд эвлэрэхгүй юм уу гэж хэлээд хурлаа үргэлжлүүлсэн нь буруу гэж үзэж байна. Эвлэрэх хүмүүст шүүх бололцоо олгоогүй явдал нь нэг талыг барьсан гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч тал шүүх хурал дээр үндсэн зээл болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хариуцагч хэдэн удаа, хэдийнээс эхэлж, ямар хугацаатай зөрчсөн, ямар үндэслэлээр алданги 94 сая 929 мянга 535 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгээ тодорхой ярихгүй, энэ талаар би өөрөө сайн мэдэхгүй гэсээр байхад нэхэмжлэгчийн өмнөөс шүүгч үндсэн зээл, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2014 оны 10 сараас хойш зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон алданги нэхэмжлэх эрхтэй байх ба үндсэн зээл болон түүний хүүгийн үлдэгдэл болох 189.859.069 төгрөгийн тавин хувь болох 94.929.535 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүгч өөрөө дур мэдэн нэхэмжлэгчийн өмнөөс хугацааг тогтоож олон сая төгрөгийн өр гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэдэн удаа, хэднээс эхэлж график зөрчсөн бэ гэдэг асуултад энэ талаар өөрөө хариулаагүй, он, сар, өдрөө сайн мэдэхгүй байгаагаа шүүх дээр хариулж чадаагүй бичлэг нь хүртэл байгаа гэж үзэж байна. Мөн шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Надтай эвлэрч болох талаараа шүүх дээр нэхэмжлэгч 94929535 төгрөгийн 50 хувьд нь дээрээс асууж байгаад хариу хэлье гэж байхад шүүгч энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

Шүүх энэ хэргийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зүйлчилсэн нь буруу гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэргийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. ... Мөн зээл төлөх хугацаа болоогүй байхад хугацаанаас нь өмнө жижиг дунд үйлдвэрийг дампууруулж болохгүй шүү дээ.

Манай компани тус сангаас зээл авсан нь үнэн, үндсэн зээлийнхээ 47478000 төгрөгийг төлбөртөө хийсэн, харин хүү төлөх хугацаагаа зарим сард төлөөгүй 2 тал гэрээнийхээ биелэлтийг дүгнээгүй явдал байсан, харин манай талд нэхэмжлэгчээс хэдэн удаа үндсэн зээл болон хүүгийн хугацаа хэтэрсэн талаар ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, 2017 оны 10 сард манайд энэ талаар мэдэгдсэн гэдэг боловч өөрсдөө шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх санаачлагаараа 2014 оны 10 сараас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг хугацааг гаргаж олон хоногийн алданги тооцсонд гомдолтой байна.

Үндсэн зээлийн талаар манай компани анхнаасаа төлж эхэлсэн гэж шүүхэд ярьсаар байтал мөн энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байхад шүүхийн шийдвэрт ямар нэг талаар тусгахгүй, харин нэхэмжлэгчийн эрх ашгийг давуу хамгаалаад байгаа явдалд гомдолтой байна. Бид төлөх үндсэн зээл 200 сая төгрөгөөс 47478000 төгрөгийг төлж 152552000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн байхад нэхэмжлэгч 168255632 төгрөгийг манайхаас шаардаж байгаа нь буруу байсан. Энэ талаар хоорондоо маргаагүй гэж шүүгч буруу дүгнэсэн байна.

...Нэхэмжлэгч талын гаргасан хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг нэг талын шаардлагаас цуцалж малчин болон мал бүхий иргэдийг улам ядууруулж, үндэслэлгүй алданги тооцож байгаа явдлыг дээд шатны шүүх зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Зохигчид хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хмн“ ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ждүх сантай 2013 оны 07 сарын 24-ний өдөр 2013/01 дугаар зээлийн гэрээ байгуулан 200,0 сая төгрөгийг Дорнод аймагт “Сүүний үхрийн эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэх” төслийн зориулалтаар ашиглахаар 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авчээ. /хх-ийн 4-7 дахь талууд/

Мөн өдрөө зохигчдын хооронд 2013/01 дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн барьцаанд “Хмн” ХХК-ийн захирал Ч.Гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоотод байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай 480 м.кв талбай бүхий агуулахын байр, мөн захирал Ч.Гийн эзэмшлийн дээрх хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий 1800 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай эзэмшлийн газрыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 8-12 дахь талууд/

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн хүүнд 15733632 төгрөг, үндсэн зээлэнд 31744368 төгрөгийг тус тус төлсөн ба 2014 оны 11 сараас хойш зээлийн төлөлт болон зээлийн хүүг огт төлөөгүйн улмаас анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын хооронд байгуулсан 2013/01 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Хмн” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 284809604 төгрөгийг /үндсэн зээл 168255632 төгрөг, хүү 201603437 төгрөг, алданги 94929535 төгрөг, нийт 284809604 төгрөг/ гаргуулж Ждүх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны  ... тоотод байршилтай, нэгж талбарын ... дугаар бүхий 1800 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай эзэмшлийн газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоотод байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай 480 м.кв талбай бүхий агуулахын байрнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулав. Уг гэрээнд:

“1. Үндсэн зээлийн үлдэгдэл 168255632 төгрөг, зээлийн хүү 21603437 төгрөг, нийт 189859069 төгрөгийг, мөн алданги болох 94925535 төгрөгийг бууруулж 20000000 төгрөгийг, бүгд 209859069 төгрөгийг 2018 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна. 2018.04.20-нд 20,0 сая төгрөг, 2018.05.20-нд 20,0 сая төгрөг, 2018.06.20-нд 10,0 сая төгрөг, 2018.07.20-нд 10,0 сая төгрөг, 2018.08.20-нд 10,0 сая төгрөг, 2018.09.20-нд 10,0 сая төгрөг, 2018.10.20-нд 10,0 сая төгрөг, 2018.11.20-нд 10,0 саятөгрөг, 2018.12.20-нд 109859069 төгрөг, нийт 209859069 төгрөгийг төлж, өр төлбөр, алданги барагдуулахаар эвлэрч байна.

2. Дээрх хуваарийн дагуу өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд алданги анхны нэхэмжилсэн дүнгээр буюу 94929535 төгрөгөөр тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

3. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны ... тоот байршилтай, ... улсын бүртгэлийн дугаар бүхий 480 м.кв агуулах, мөн дээрх хаягт байршилтай Ч.Гийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаар бүхий 1800 м.кв аж ахуйн зориулалтын эзэмшлийн газраар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохирч байна. Дээрх төлбөрийг сар бүрийн тохиролцсон хугацаанд Ждүх сангийн төрийн сан дахь 100900037019 дансанд шилжүүлнэ” гэж харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 138/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 04 сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-нд тусгагдсан нөхцлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                             З.ЭНХЦЭЦЭГ