| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
2023 02 13 2023/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209010122201 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г.А- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” товерын 1003 тоотод мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг “...” ХХК-д программ хангамжийн хөгжүүлэгчийн чиглэлээр ажиллаж байхдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 19 дүгээр байранд байрлах “Ивээл” барьцаат зээлийн газар тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Аcer брендийн Ай-7 загварын нөүтбүүкийг 1.100.000 төгрөгийн барьцаанд тавьж, өөртөө завшсаны улмаас тус компанид 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А- мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч С.Б-д 800.000 төгрөг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б-ы мэдүүлэг / хх 24-25 /, гэрч М.З-ын мэдүүлэг / хх 30-32 /, гэрч Ү.О-ын мэдүүлэг / хх 100 /, “Дамно” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /, “...” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ / хх 13 /, хохирогч С.Б-ы “Acer” брендийн Ай-7 загварын нөүтбүүкийг худалдан авч байсан талаарх баримт / хх 20 /, Г.А- нь “Ивээл” барьцаат зээлийн газартай байгуулсан гэрээ / хх 17 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 18 /, яллагдагч Г.А-гийн мэдүүлэг / хх 95-96 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А- нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” товерын 1003 тоотод мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг “...” ХХК-д программ хангамжийн хөгжүүлэгчийн чиглэлээр ажиллаж байхдаа буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 19 дүгээр байранд байрлах “Ивээл” барьцаат зээлийн газар тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Аcer брендийн Ай-7 загварын нөүтбүүкийг 1.100.000 төгрөгийн барьцаанд тавьж, өөртөө завшсаны улмаас тус компанид 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч С.Б-ы / хх 24-25 / “...Г.А- алга болох үедээ байгууллагын эзэмшилд байдаг нөүтбүүкийг аваад явсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.А- нь тухайн нөүтбүүкийг ломбарданд 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг ломбарднаас гаргуулан авч надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Гэвч ломбарданд зээлийн хүүтэйгээ нийлээд 1.400.000 төгрөг төлөх ёстой байснаас би 800.000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Одоо ломбарданд үлдэгдэл 600.000 төгрөг төлөх дутуу байгаа. Энэ 1.400.000 төгрөгөөс Г.А- нь 800.000 төгрөгийг надад, 600.000 төгрөгийг ломбардны газарт төлөх ёстой. Мөн Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн программыг Г.А- нь хийж гүйцэтгэнэ гэж 2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хооронд цалин авч ажилласан боловч хийж дуусаагүй хүлээлгэж өгөөгүй учраас тухайн программыг өөр хүнээр шинээр хийлгэж, 2022 оны 07 дугаар сард программыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн. Иймд тухайн үед 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 07 дугаар сард Г.А-д олгосон цалин болох 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2022 оны 01 дүгээр сард амаар тохиролцож эхлүүлсэн Угийн бичиг болон Хөөрхөн аппликейшнуудын цалингийн урьдчилгаа болгож өгсөн 4.000.000 төгрөгийг Г.А-гаас нэхэмжилж байна. Учир нь Г.А- дээрх ажлыг хийж дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй сураггүй алга болсон тул өөр хүнээр хийлгүүлж дуусгасан...” гэх мэдүүлгээр,
Гэрч М.З-ын / хх 30-32 / “...2021 оны 06 дугаар сараас эхлэн “...” ХХК-д Г.А- бид хоёр хамт ажилладаг байсан ба Г.А- тухайн компанид программистаар ажилладаг. Сүүлд Г.А- бид хоёр компаниасаа тусдаа мэдээний аппликейшн болон эмнэлгийн цогц системийн программ дээр ажиллаж байсан. Би хувьдаа 88-90 УНУ улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн “BMW-323i” маркийн машинтай. Би өөрөө машинаа Г.А-д зарж тохироод өгчихсөн байсан. Г.А- бид хоёр тэр программын ажлаа дуусгахад хэдэн төгрөг орж ирэх ёстой байсан. Тэр мөнгөнөөс Г.А- миний машиныг худалдан авсан 4.500.000 төгрөгөө төлөх байсан. Гэхдээ одоо машинаа бүрэн бүтэн хүлээж авсан учир нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ү.О-ын / хх 100 / “...Миний бие Ивээл ломбардыг хариуцан ажиллуулж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.А- нь Acer брендийн нөүтбүүкийг манай ломбарданд 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн нөүтбүүк нь гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл байсан тул буцааж өгсөн. Ингээд 1.100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан эд зүйл нь хүү, алдангитай нийлээд 1.400.000 төгрөг болсон. С.Б- гэх хүн үүнээс 800.000 төгрөгийг манай байгууллагад төлсөн. Үлдэгдлийг Г.А- төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /
“...” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ / хх 13 /
Хохирогч С.Б-ы “Acer” брендийн Ай-7 загварын нөүтбүүкийг худалдан авч байсан талаарх баримт / хх 20 /
Г.А- нь “Ивээл” барьцаат зээлийн газартай байгуулсан гэрээ / хх 17 /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 18 /
Яллагдагч Г.А-гийн / хх 95-96 / “...Тухайн үед би С.Б- ахын “...” ХХК-д программистаар ажиллаж байсан бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн программ, удмын бичгийн төслийн программ дээр ажиллаж байсан. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ ...” ХХК-ийн Acer брендийн нөүтбүүкийг албан хэрэгцээндээ ашиглаж байсан. Улаанбаатар хотод ирээд ажлаа хийж байхад Дархан-Уул аймагт байгаа Батчулуун ахаас зээлсэн мөнгөө төл гэсэн. Тэгээд би байгууллагын нөүтбүүкийг ломбарданд тавья гэж бодоод маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Г.А-гийн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Г.А-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.А-гийн гэм буруут үйлдлийн улмаас баримтаар хохирогч С.Б-д 1.490.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.А- нь төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч С.Б- нь мөрдөн шалгалтын явцад “...Г.А-д ажлын хөлс 6.100.000 төгрөг өгсөн боловч ажлаа хийгээгүй орхиж явсан. Уг мөнгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн дээрх эрүүгийн гэмт хэрэгтэй холбоогүй, нэгтгэн шийдвэрлэх үндэслэлгүй, үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар баримт бүрдүүлсэн үедээ шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.А- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овогт Г.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч С.Б- нь цалин хөлсний талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ