| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0113/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: П.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Пийн Ад холбогдох эрүүгийн 2312.................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эцэг эхийн хамт Архангай аймгийн ................. сум, ........... баг ............... гэх газар оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Пийн А /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өлөнт гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3.6м-ийн урттай 59 ширхэг 3.6773м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 403.619 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.А нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өлөнт
гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3.6м-ийн урттай 59 ширхэг 3.6773м3 хэмжээтэй шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 403.619 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч өгсөн Д.Аийн:“...Иргэн П.Аас хууль бусаар мод 3.6773м3 мод бэлтгэж ойн санд 403.619 төгрөгийн хохирол учруулсан төлбөрийг барагдуулчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/, гэрч Д.Гын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын чиглэлд экологийн асуудал хариуцсан байцаагч дэслэгч Чийн хамт хэргийн газрын үзлэг хийх ажлаар Ихтамир сумын гүүрний урд замд явж байтал мод ачсан машин зогсож байхаар нь шалгатал иргэн П.А нь Бонго маркийн 42-78 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачсан тээвэрлэж зогсож байхаар нь мод бэлтгэх эрхийг бичгийг нь шалгатал мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байхаар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авчирч саатуулан цагдаагийн газрын гомдол мэдээллээр оруулж ажилласан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтийн Шар чаргаа гэх газраас ганцаараа бэлтгэсэн гэж хэлсэн. А нь унанги модноос бэлтгэсэн гэмээр мод тээвэрлэсэн байсан. Түүнийг мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар нь асуухад тус өдөр байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч нэг машин мод бэлтгэж ачаад байтал ахиад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг машин мод авъя гэхээр нь бэлтгэж тээвэрлээд явж байна, одоо байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэж байна хүлээгээд сууж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, гэрч М.Нгийн өгсөн:“...би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байхад манай хадам дүү болох А нь надтай уулзаад би ах Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтийн Шар чаргаа гэх газар мод бэлтгэчихлээ та миний модыг Ихтамир сумын төв рүү оруулаад өгөөч гэхээр би өөрийн эзэмшлийн 48-72 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэсэн. Ихтамир сумын гүүрний урд замд зогсож байтал цагдаа ирж шалгаж мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн байна гэх үндэслэлээр миний тээврийн хэрэгсэл модыг Архангай аймгийн төвд байх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд авчирч саатуулсан. Хадам дүү А нь модоо бэлтгэхдээ унанги модноос тайрч бэлтгэсэн байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж тодруулсан мод бэлтгэх эрхийн бичиг байгаа та Ихтамир сумын төв рүү оруулаад өгчих гэхээр нь ардаас нь хөдөлж очоод зогсож байтал мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй улмаас энэ асуудал үүссэн. Бид хоёр болон Батбаатар бид 3 ачиж тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, гэрч П.Эын өгсөн:...иргэн А нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Нарийн өлөнтийн Шар чаргаа гэх газраас мод тээвэрлэн мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх үндэслэлээр саатуулагдсан талаар мэдэж байгаа. Тухайн үед саатуулсан цагдаа над руу утсаар ярьсан. Иргэн А нь 42-78 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мод бэлтгэж тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан зүйл байгаа надтай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өглөө утсаар яриад мод бэлтгэх эрхийн бичиг авмаар байна гэж ярьсан. Тухайн үед өмнөх өдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр авсан мод бэлтгэх АРА 23-00............. дугаарт эрхийн бичгээр мод бэлтгэн 14-88 УНП дугаартай машинд модоо ачиж 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ахиад нэг машин мод болох 42-78 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж бэлтгэсэн модондоо Ихтамир сумын урд цагдаад баригдсан хойноо надад худал хэлэн мод бэлтгэх Ара 23-009...... дугаарт эрхийн бичгийг бичүүлж авсан байсан. Иргэн А мод бэлтгэж ачиж тээвэрлэсэн гэх Нарийн өлөнтийн Шар чаргаа гэх газарт өмнө он болон 2023 онд ой ангиас талбай тусгаарласан. Ихтамир сумын Засаг даргын захирамж Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан байгаа Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/, яллагдагч П.А өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 81 дугаар тал/, Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Дгийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай”...Иргэн Т.А бэлтгэсэн гэх 59 ширхэг мод нь 3.6773м3 шоометр байна. Ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 176870, шууд бус үр ашгийн 226749, нийт экологи эдийн засгийн үнэлгээг 403.619 төгрөгөөр тогтоолоо. Уг модны шинж байдлаас үзэхэд шинэс төрлийн хуурай, унанги модноос авч бэлтгэсэн байна. Уг мод нь Түлшний модны MNS 541352011 стандартын дагуу 1.5м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Дээрх модны шинж байдлаас үзэхэд бэлтгээд удаагүй ба ойрын 1-2 сард бэлтгэсэн гэмээр мод байна...” гэх дүгнэлт/хх-ийн 30 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн АА23-39 дугаартай: “...2007 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн 42-78 АРХ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 8.019.000 /найман сая арван есөн мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.А хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч П.А зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 403.619 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /403.619*3=1.210.857 /нэг сая хоёр зуун арав мянга найман зуун тавин долоо/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.210.857 /нэг сая хоёр зуун арав мянга найман зуун тавин долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч П.А хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч П.А гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-78 АРХ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь М.Нгийн эзэмшлийнх болох нь М.Нгийн гэрчээр өгсөн:“...би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байхад манай хадам дүү болох А нь надтай уулзаад би ах Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтийн Шар чаргаа гэх газар мод бэлтгэчихлээ та миний модыг Ихтамир сумын төв рүү оруулаад өгөөч гэхээр би өөрийн эзэмшлийн 48-72 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэсэн. Ихтамир сумын гүүрний урд замд зогсож байтал цагдаа ирж шалгаж мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн байна гэх үндэслэлээр миний тээврийн хэрэгсэл модыг Архангай аймгийн төвд байх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд авчирч саатуулсан...” гэх мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-78 АРХ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашины үнэ болох 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.210.857 /нэг сая хоёр зуун арав мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.889.143 /зургаан сая найман зуун наян ёс мянга нэг зуун дөчин гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 403.619 /дөрвөн зуун гурван мянга зургаан зуун арван ес/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 3.6773 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч П.Аас 1.210.857 /нэг сая хоёр зуун арав мянга найман зуун тавин долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.А гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-78 АРХ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь Б овогт М Н /РД:/-гийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шүүгдэгч П.А гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 42-78 АРХ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашины үнэ болох 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.210.857 /нэг сая хоёр зуун арав мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.889.143 /зургаан сая найман зуун наян ёс мянга нэг зуун дөчин гурав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 403.619 /дөрвөн зуун гурван мянга зургаан зуун арван ес/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 3.6773 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР