| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/207 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/207
2023 02 27 2023/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч М.Гансувд,
хохирогч Ц.Т-, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,
шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2109010581035 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц.Г- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бодит байдал дээр биелэгдэх боломжгүй ажлыг боломжтой мэтээр зохиомол байдал зориудаар бий болгож улмаар “...” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” барилгын гадна талын фасадыг шинэчлэх тухай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тухайн нутаг дэвсгэрт байгуулах замаар бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 168.000.000 төгрөгийг “...” ХХК-ний Голомт банк дахь ... дугаартай дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г- мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т- мэдүүлэхдээ: ... Манай компани хохирол нийт 175.583.800 төгрөг хүлээн авч гомдол саналгүй болсон гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Т-н мэдүүлэг / 1хх 24-25 /, гэрч Д.Б-н мэдүүлэг / 1хх 34-35 /, гэрч М.А-ны мэдүүлэг / 1хх 40-42 /, гэрч Б.У-ын мэдүүлэг / 1хх 48-49 /, гэрч С.Б-ийн мэдүүлэг / 1хх 51-52 /, гэрч Б.Э-ын мэдүүлэг / 1хх 54-55, 57 /, гэрч Б.А-ын мэдүүлэг / 1хх 59-60 /, гэрч Д.Б-ын мэдүүлэг / 1хх 65-66 /, гэрч Д.П-ийн мэдүүлэг / 3хх 185-186 /, “...” ХХК-тай Голомт банк дахь ... дугаарын, Ц.Г-ын Хаан банкны ... дугаарын, М.А-ны Хаан банкны ... дугаарын дансны хуулгад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 78-83 /, “...” ХХК-ний Голомт банк дахь ... дугаарын дансны хуулга / 2хх 79-159 /, Ц.Г-ын Хаан банкны ... дугаарын дансны хуулга / 2хх 160-250 /, “...” ХХК болон “...” ХХК-ний хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан СР-05/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтын хуулбар / 1хх 107-118 /, “...” ХХК-иас урьдчилгаа 168.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар / 1хх 119 /, “...” ХХК-иас Ц.Г-тай уулзсан талаар уулзалтын тэмдэглэлүүд, түүнтэй харилцсан зурвасны хуулбарууд / 1хх 120-153 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3хх 187 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бодит байдал дээр биелэгдэх боломжгүй ажлыг боломжтой мэтээр зохиомол байдал зориудаар бий болгож улмаар “...” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” барилгын гадна талын фасадыг шинэчлэх тухай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тухайн нутаг дэвсгэрт байгуулах замаар бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 168.000.000 төгрөгийг “...” ХХК-ний Голомт банк дахь ... дугаартай дансаар авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Ц.Т-ын / 1хх 24-25 / “...Би “...” ХХК-д төсөл хариуцсан захирлаар ажилладаг. Манай компанийн худалдаа үйлчилгээний төв болох ... төвийн барилгын гадна фасадыг солихоор “...” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийсэн. “...” ХХК-иас ажилд шаардлагатай материалуудыг ОХУ болон БНХАУ-аас татах шаардлагатай гэсний дагуу урьдчилгаа мөнгө болох 168.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн Голомт банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр төлснөөс хойш 30 хоногийн дотор өнгөлгөөний металл хавтан, чулуун хөвөн, хөнгөн цагаан профиль гэх зэрэг материалуудыг татаж манай барилгын талбайд нийлүүлэх байсан. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлыг эхлүүлэхээр “...” ХХК-ний захирал Ц.Г-тай уулзалт хийж, материалын татан авалтын талаар тодруулахад “...Хөнгөн цагаан профиль нь Улаанбаатар хотод ирчихсэн байгаа, чулуун хөвөн дулаалга нь ОХУ-аас ачигдсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талбай дээр буулгана. Өнгөлгөөний металл хавтан нь БНХАУ-н Эрээн хотод ирсэн байгаа. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдийн дотор барилгын талбайд бууна” гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. ...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирэх байсан чулуун хөвөн нь манай барилгын талбай дээр ирэхгүй болохоор нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ц.Г-ыг дуудаж уулзахад “..Чулуун хөвөн ирж байгаа.Тээврийн компаниас мэдээ авч өгье” гэж хэлсэн. Ингээд автотээврийн компанийн мэдээллийг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй ба 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахиж уулзахад “Чулуун хөвөнг бид ОХУ-ас ачуулаагүй. Худлаа хэлсэн юм. Шуняада ХХК-нд захиалсан, төлбөрийг нь төлсөн байгаа. 2021 оны 08 дугаар сарын 05-нд ирнэ гэж байсан боловч ирсэнгүй. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ирчихнэ гэж Шуняада компанийнхан хэлсэн” гэж хэлсэн. Мөн металл өнгөлгөөний хавтангийн захиалгын баримт гээд утсан дээрээсээ нэг зураг үзүүлсэн. Энэ зураг нь Хятад хэл дээр байсан. Орчуулуулахад бидний захиалсан хавтан биш. Өнгө тоо хэмжээ нь зөрж байсан. Ингээд Шуняада ХХК-иас дээр ярьсан зүйлийн талаар тодруулахад захиалга хийгдээгүй байсан. Эрээн хотод байгаа металл хавтанг шалгуулахаар хүн явуулахад мөн шалтаг хэлээд шалгуулаагүй. Улаанбаатар хотод байгаа профиль төмрийг би өөрөө очиж шалгахаар бүтэн нэг өдөр хөөцөлдсөн. Уг профилийг сонсголонд байгаа гэж хэлсэн боловч зайсанд баригдаж байгаа барилгад байх профиль үзүүлсэн. Уг барилгын хүмүүсээс асуухад тус профиль нь “...” ХХК-ний эзэмшлийнх биш болох нь тогтоогдсон.
2021 оны 08 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд Ц.Г- нь утсаа салгаад алга болсон. 2021 оны 08 дугаар сарын 11-ний орой гэрийнх нь хаягийг хүнээс олоод гэрийнх нь гадаа уулзаж, ажил дээрээ авчирч уулзалтын тэмдэглэл хийсэн. Уг уулзалтаар тэр ямар ч материал захиалаагүй, манай мөнгийг өөр зүйлд зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Тэрээр мөнгийг Болдбаатар гэдэг хүнд 30.000.000 төгрөгийн өртэй байсныг өгсөн. Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 3.8 га газрыг 800.000.000 төгрөгийг авахаар тохиролцож урьдчилгаанд 106.000.000 төгрөгийг төлсөн. Эрдэнэбаатар болон Ууганбаатар нарт тус бүр 10 сая төгрөг зээлсэн гэдэг тайлбарыг өгсөн. Ингээд манай мөнгийг 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлж дуусгана гэж 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй, биднийг залилан мэхэлсэн. 2021 оны 08 сарын 11-ний өдөр бидний мөнгөнөөс 19.000.000 төгрөг л төлсөн байгаа. Гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Шат угсралт 120 мкв хөөсөнцөр фасадын буулгалтын ажлыг хийсэн. Гэхдээ энэ ажлыг өөрсдөө хийгээгүй тус компани нь өөр хүмүүсээр хийлгэж, тэдэнд төлбөрийг төлөөгүй байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Б-ын / 1хх 34-35 / “......” ХХК гэдэг нэртэй компани манай компаниас ямар ч дулаалгын материал захиалаагүй. Манайх захиалга авахын тулд албан ёсны гэрээ хийж байж захиалга авдаг юм. Манай компанийн хувьд мессежээр ямар нэгэн захиалга авахгүй. Зөвхөн худалдах, худалдан авах гэрээгээр захиалга авна. Гэрээ хийгдэж төлбөр төлөгдсөнөөр захиалга бий болж бараа материал нийлүүлдэг. Түүнээс биш төлбөрөө ч төлөөгүй. Гэрээгээ ч хийгээгүй байж мессежээр ирсэн захиалгыг нийлүүлнэ гэж байхгүй.
...99034153 гэсэн дугаарыг манай компанийн менежер Бат-Оргил гэдэг хүн барьдаг. Ихэвчлэн уг дугаар руу залгаж, бараа бүтээгдэхүүний талаар лавладаг. Бат-Оргил нь өнөөдөр ажилтай байгаа учир ирж чадаагүй, оронд нь би ирсэн. Бат-Оргилоос дээрх асуудлын талаар асуухад “Олон хүн залгаж бараа материал асуудаг учир “...” ХХК-аас залгасан, мессеж бичсэн эсэх талаар хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. Мессеж бичиж захиалга өгсөн гэвэл энэ нь албан ёсны захиалга биш юм. Гэрээ хийгдэж төлбөрөө төлсөн тохиолдолд захиалга албан ёсны болж бараа материал нийлүүлнэ. Манай компани ОХУ-аас байнга бараа материал татдаг. Долоо хоногт 2 удаа бараа материал ирдэг, чулуун хөвөн, дулаалгын материал байнга ирдэг тул захиалга тасалдана гэж бол байхгүй...” гэх мэдүүлгээр,
Гэрч М.А-ы / 1хх 40-42 / “...Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-нд санхүүгийн менежер албан тушаалаар томилогдон ажиллаж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа гарсан. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “...” ХХК нь “...” ХХК-тай ... төвийн гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн байдаг. Уг гэрээний төслийг би хянаж танилцаж байсан. Уг гэрээг нийт 560.000.000 төгрөгөөр хийхээр байгуулсан. Гэрээнд заасан ажил үүрэгтэй холбоотойгоор бол урьдчилгаа гэж 168.000.000 төгрөг авсан. “...” ХХК-ний барилгын бригадын ахлагч Жамъянсүрэн бид 2 “...”-ийн ажилд эхний ээлжинд дор хаяж 130 сая төгрөг хэрэгтэй гэж тооцоолол гаргасан. Үүнийг Ц.Г-д хэлэхэд би хувийн байраа зарж байгаа. Нийт 40 сая төгрөг орж ирнэ. “...” ХХК-аас орж ирэх 168.000.000 төгрөгнөөс шаардлагатай байгаа зүйлсэд 130.000.000 төгрөгөө зарцуулж, байр зарсан 40.000.000 төгрөг болон урьдчилгаа мөнгөнөөс үлдэх 38 сая төгрөг, нийт 78 сая төгрөгөөр ажилчдын цалин, өр болон бусад ажлын барилгын материалд зарцуулъя гэсний дагуу дээрх мөнгийг зарцуулсан. Гэхдээ Ц.Г- нь урьдчилгаа 168.000.000 төгрөгөөс над руу 78 сая төгрөг шилжүүлж, ажилчдын цалин болон өр төлбөр, зарим нэг барилгын материалын төлбөрийг өг гэж хэлсний дагуу би уг мөнгийг тухайн зүйлсэд зарцуулсан. Үлдэгдэл 90 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар 78 сая төгрөг нь өөр зүйлд зарцуулагдсан. Үлдсэн мөнгө нь хэрхэн юун зарцуулагдсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлгээр
Гэрч Б.У-ын / 1хх 48-49 / “...Ц.Г- нь надаар “Наран молл” барилгын гадна фасадны зургийг хийлгэхээр захиалж, миний бие 2021 оны 07 дугаар сарын 03-аас 08-ны өдрийн хооронд зурж, улмаар 2-3 хувилбар хийж өгч, төлбөр болох 10.000.000 төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан. Ц.Г-тай хамтарч бусдаас газар худалдаж авч байгаагүй...” гэх мэдүүлгээр
Гэрч С.Б-ийн / 1хх 51-52 / “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 13 айлын газартай. Анх Ц.Г-тай уулзаж танилцахад уг газрыг худалдаж авъя гээд аман тохиролцоо хийж байсан. Нэг айлын газрыг 24.5 сая төгрөгт бодож тохирсон боловч уг асуудлын талаар 2 удаа уулзаж ярилцаад тэрнээс хойш холбогдоогүй. Би түүнээс газрын мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлгээр
Гэрч Б.Э-ын / 1хх 54-55, 57 / “...2021 оны 04 дүгээр сар билүү, 5 дугаар сард Ц.Г- нь надтай холбогдоод “ахаа яаралтай барилгын материал авах гэсэн юм. Мөнгө дутаад байна, түр мөнгө зээлээч” гээд надаас 30.000.000 төгрөг авсан. Тэрээр хэлэхдээ “Мөнгийг чинь удаахгүй, 2 хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгнө” гэж хэлсэн. Тэр хооронд Тоёота Прадо-95 маркийн автомашиныг 15.000.000 төгрөгт бодож надаас авсан. Үүнийхээ мөнгийг ч мөн өгөөгүй байгаа. Түүнээс удаа дараа, нэхэж, гуйсны эцэст 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн 5249075375 тоот данс руу “...” ХХК гэсэн утгатайгаар 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг 10.000.000 төгрөгийг ямар нэгэн дансаар биш шууд банкнаас шилжүүлсэн байсан. Уг мөнгийг би эхнэрийнхээ 5249075375 тоот данснаас өөрийн 5249230638 тоот данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.А-ын / 1хх 59-60 / “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... төв дээр дуудаж уулзаад уг барилгын гадна шат угсруулах гэсэн юм гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийж 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ... төвийн гадна талд “...” ХХК-тай хийсэн гэрээний дагуу шат угсарсан. Уг нь шатаа угсрангуут тооцоогоо авах ёстой. Шатаа угсарч дуусаад мөнгөө авъя гэтэл “...” ХХК-иас мөнгө орж ирэх ёстой. Мөнгөө авчихвал танай мөнгийг өгье” гэсэн. Тэгтэл тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл түрээсийн мөнгө болон угсралтын ажлын хөлсөө өгөөгүй байна. Шат угсралтын ажлын хөлс 5.210.000 төгрөг, түрээсийн төлбөр 23.887.500 төгрөг болж байна. Уг мөнгийг Ц.Г-аас буюу “...” ХХК-иас авна. Одоо шатаа авах гэхээр “...” ХХК-аас манай шатыг өгөхгүй, буулгуулахгүй байна...” гэх мэдүүлгээр
Гэрч Д.Б-ын / 1хх 65-66 / “...Ц.Г- нь 2020 оны 11 дүгээр сард манай ах Батболдоос Баянхонгор аймагт байдаг 2 өрөө байрыг 38 сая төгрөгөөр ажлынхаа хүнд худалдаж авч өгөөд мөнгийг нь шилжүүлээгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Батболд ах байрны мөнгийг надаар дамжуулж миний 5246335588 дугаарын дансанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг нь би цааш Батболд ах руу өгсөн. 30.000.000 төгрөг биш 20.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Надад зуслангийн байшин зарсан зүйл байхгүй. Бидэнд өөр төлбөр тооцоотой холбоотой асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр
Гэрч Д.П-ийн / 3хх 185-186 / “...Би “Гэрэлтжин” ХХК-ний захирлаар ажилладаг. Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан, барилга угсралт, шилэн багц, шилэн фасадны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Сүлдэт майнинг групп” ХХК-ний захирал Ц.Г- гэдэг хүнийг танина. Нэг л удаа уулзаж байсан. Анх 2019 онд Ц.Г- нь манай компани дээр ирж уулзаад “ Танай аав, манай аав хоорондоо хамаатан юм байна. Та бид 2 хамтарч ажиллаж болно биз дээ” гэхэд нь би болно гэж хэлж байсан. Түүнээс биш хамтарч ажиллаж байсан зүйл байхгүй. Тэр үед л нэг удаа уулзсан. Дахин уулзаж байгаагүй. “Сүлдэт майнинг групп” ХХК-тай болон Ц.Г-тай хамтарч ажиллаж байсан зүйл байхгүй. Манай компани нь Ц.Г- болон Сүлдэт майнинг групп ХХК-тай ямар нэгэн хамаарал байхгүй...” гэх мэдүүлгээр,
“...” ХХК-тай Голомт банк дахь ... дугаарын, Ц.Г-ын Хаан банкны ... дугаарын, М.Алтанбаганы Хаан банкны ... дугаарын дансны хуулгад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 78-83 /
“...” ХХК-иас “...” ХХК-руу урьдчилгаа 168.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар / 1хх 119 /
“...” ХХК-ний Голомт банк дахь ... дугаарын дансны хуулга / 2хх 79-159 /
Ц.Г-ын Хаан банкны ... дугаарын дансны хуулга / 2хх 160-250 /
“...” ХХК болон “...” ХХК-ний хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан СР-05/21 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтын хуулбар / 1хх 107-118 /
“...” ХХК-иас Ц.Г-тай уулзсан талаар уулзалтын тэмдэглэлүүд, түүнтэй харилцсан зурвасны хуулбарууд / 1хх 120-153 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ын үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 175.583.800 төгрөгийг төлж барагдуулсан, шунахай зорилгоор санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 12.000 / арван хоёр мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Г-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр дурдав.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ц.Г- нь хохирогч “...” ХХК / Ц.Т- /-д 175.583.800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 / арван хоёр мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Г-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялаа биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ц.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ