Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2021/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ё.Нямрагчаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч Ё.Нямрагчааг сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигч Ё.Нямрагчааг Асгат сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг хариуцагчид даалгах, Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хууль бус дахин санал хураалт явуулсан болохыг тогтоолгож Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Гуравдагч этгээд Ц.Ганхуягийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Нямрагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагч Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Цэнд-Аюуш, гуравдагч этгээд Ц.Ганхуяг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, гэрч Б.Батгэрэл, Б.Шаравсамбуу, П.Дэлгэрмэнд, Г.Цолмон нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Нямрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.Нямрагчаа нь 2020 оны орон нутгийн сонгуульд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт нэр дэвшиж Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурал 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаад 5 асуудал хэлэлцэхээр төлөвлөж хамгийн сүүлд сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах асуудлыг хэлэлцсэн. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын тооллогын комисст Ардчилсан намаас Г.Цолмон, Д.Дэлгэрмэнд, Монгол ардын намаас Б.Батгэрэл нар томилогдсон байсан. Ингээд санал хураалт хуулийн дагуу явагдаж тооллогын комисс саналын хайрцаг нээхэд 15 хуудас гарч ирсэн, хүчингүй хуудас байхгүй болохыг тооллогын комисс танилцуулсан. Саналын дүнг уншиж сонсгоход нэр дэвшигч Ё.Нямрагчаа надад 8 санал, нэр дэвшигч Ц.Ганхуягт 7 санал өгсөн байсан. Тооллогын комиссын дарга Г.Цолмон тогтоолыг уншиж танилцуулаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Цэнд-Аюуш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаартай тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Нэр дэвшигч би хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан боловч сумын Засаг даргад томилуулахаар уламжлахгүй гээд Ардчилсан намын бүлэг хурлыг завсарлуулсан. Ингэж татгалзсан шалтгааныг төлөөлөгч Г.Цолмон нь биднийг ард түмэн олонхи болгож сонгосон байхад бид Засаг даргаа авч чадахгүй байна. Иймд дахин санал хураалт явуулах нь зүйтээ гэж, мөн нэр дэвшигч Ц.Ганхуяг яагаад би дахин санал хураалгахаар шийдсэн гэхээр ард түмэн биднийг олонхи болгоод байхад ард түмнийг хүндлэхгүй хүн байгаад харамсаж байна. Бид санал хураах үйл ажиллагааг хүчингүй болгож байгаа учраас одоо дахин санал хураалт явуулна гэсэн. Ингээд Ардчилсан намын бүлэг хууль бусаар дахин санал хураалт явуулж Ц.Ганхуягийг 8 төлөөлөгчийн буюу 100 хувийн санал авсан гэж үзээд 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаартай тогтоол гаргаж сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан. Харин намайг сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн санал авсан боловч өөр намын гишүүн гэдгээр маань ялгаварлан гадуурхаж сумын Засаг даргаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжлахаас татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т заасан сонгогдох эрхийг маань зөрчсөн. Иймд би Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг зөрчсөн Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, мөн миний бие төлөөлөгчдийн олонхийн санал авсан байтал сумын Засаг даргаар томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлахаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоолгож Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу сумын Засаг даргаар томилуулах саналыг эрх бүхий этгээдэд уламжлахыг хариуцагчид даалгаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн хувьд хууль ёсоор зохион байгуулсан санал хураалтад орж 53.3 хувийн санал авсан. Энэ байдал нь саналын хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудаас харагддаг. Ийнхүү төлөөлөгчдийн олонхын саналыг авснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Асгат сумын Засаг даргад нэрээ уламжлуулах эрхтэй болсон байна. Харин хариуцагч талаас анхдугаар хуралдааны үед ялсан нам Засаг даргаа авч чадахгүй байна гэж байсан. Шүүх хуралдааны үед тогтоол батлаагүй гэх байдлаар эс үйлдэхүйгээ зөвтгөж байгаа боловч энэ нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байгаа учраас хууль бус гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч Ё.Нямрагчааг Асгат сумын Засаг даргад томилуулахаар уламжлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож нэр дэвшигч Ё.Нямрагчааг Асгат сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг хариуцагчид даалгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Сумын Засаг даргыг томилуулахаар дахин санал хураалт явуулж байгаа нь хууль бус үйл ажиллагаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу явагдсан санал хураалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаагүй. Дахин санал хураалтын үйл ажиллагааг хууль бус бүрэлдэхүүнтэй тооллогын комисс явуулсан нь төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа. Дахин санал хураалтад Монгол Ардын намын бүлэг оролцоогүй байхад Ё.Нямрагчаагийн нэрийг Монгол ардын намаас дэвшүүлсэн мэтээр санал хураалт явуулсан байгаа нь тухайн бодит нөхцөлдөө тохироогүй үйл ажиллагаа болсон. Иймд Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11 сарын 08-ны өдрийн хуралдаанаар хууль бусаар дахин санал хураалт явуулсан болохыг тогтоож Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 11 сарын 08-ны өдрийн 07 дугаарыг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Гуравдугаарт, Гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан бичгээр гаргасан захиргааны акттай холбоотой үндэслэлийг заасан байдаг. Гэтэл энэ нь захиргааны үйл ажиллагаанд хамааралгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гаргаж байгаа боловч тухайн үед тийм гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараагүй. Харин энэ нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар болох шаардлагатай байгаа учраас энэ асуудал шүүх дээр яригдаж байгаа. Хамгийн гол нь шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар төлөөлөгчдийн олонхийн санал авснаар төлөөлөгч нэрээ уламжлуулах эрх нь үүсч байгаа. Түүнээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан нэр дэвшигчийг томилуулахаар санал болгоно гэж заагаагүй. Тийм учраас хуульд заагдаагүй шаардлага тавьж төлөөлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ё.Цэнд-Аюуш нь Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн. Сумын Засаг даргад Ардчилсан намаас Ц.Ганхуяг, Монгол Ардын Намаас Ё.Нямрагчаа нар нэр дэвшсэн бөгөөд тооллогын комисст Ардчилсан намаас Г.Цолмон, П.Дэлгэрмэнд, Монгол ардын намаас Б.Батгэрэл нар томилогдсон байсан. Тооллогын комисс тооллогын дүн танилцуулсан бөгөөд тооллогын комиссын тогтоолоо батлаагүй байсан. Миний бие сумын Засаг даргаар уламжлах тухай 06 дугаар тогтоолын төслийг уншиж танилцуулаад батлах тухай санал хураалт явуулахад Монгол Ардын Намаас сонгогдсон 7 төлөөлөгч дэмжсэн нь санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 46.7% байсан тул уг 06 дугаар тогтоол батлагдаагүй. Энэ үед Ардчилсан намын бүлэг завсарлага захиалсан ба миний бие хурал даргалагчийн хувьд хурлын дэгийн 8.6-д заасны дагуу Ардчилсан намын бүлэгт 1 цагийн завсарлага өгсөн. Завсарлагын цаг дуусаж хурал үргэлжлүүлэхэд Монгол Ардын Намын бүлгийн дарга Ц.Самданням ирсэн байсан бөгөөд манай намын бүлэг хурлын хаалтын үйл ажиллагаанд ирнэ өөр зүйл ярих гэж байгаа бол орох боломжгүй гэсэн тайлбар хэлээд хуралдааныг орхин гарсан. Ардчилсан намаас Засаг даргад нэр дэвшигч Ц.Ганхуяг бид бүгдэд ард түмэн итгэл өгч олонхи болгож өгсөн. Гэтэл бид 8-ын дотроос нэг хүний саналыг мөнгөөр худалдаж авсан байх магадлалтай зарим нэг хүнд мөнгө амласан байсан гэж тайлбар хийгээд өмнөх санал хураалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн санал гарсан ба энэ саналыг хуралдаанд оролцож байгаа төлөөлөгчдийн саналаар хүчингүй болгосон. Ингээд зөвхөн санал хураалтыг хүчингүй болгосон учир дахин 2 хүн дээрээ санал хураалт явуулсан. Санал хураалтад 8 төлөөлөгч оролцсон ба 100 хувийн саналаар Ц.Ганхуягийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай тогтоолыг баталсан гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тухайд тооллогын комисс санал хураалт явсны дараа сумын Засаг даргад Ё.Нямрагчаа, Ц.Ганхуяг нар нэр дэвшсэн хэдий боловч саналын хуудсыг би өөрөө тоолоогүй, тооллогын комиссын гишүүд тоолсон. Гэхдээ тооллогын комиссын гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, хэд байсныг нь би сайн мэдэхгүй байна. Тогтоолын төслийн тухайд манай Хурлын дэгд Хуралдаанаас тогтоол гарна, тогтоолыг олонхоороо батална гэсэн заалт байгаа. Ингээд батлах уу? гэхэд 7 хүн нь баталъя гэсэн боловч үлдэгдэл 8 нь эсэргүүцсэн. Хурлын Төлөөлөгч нараас санал хураалтыг хүчингүй болгоё гэсэн асуудал тавьсан. Ардын намын 7 Төлөөлөгч Хурлыг хаяад гараад явсан, Ардчилсан намын 8 төлөөлөгч байсан. Тэгээд энэ 8 төлөөлөгч тооллогыг хүчингүй болгож өгнө үү гэхэд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүчингүй болгосон гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Их хотгойд овогтой Цэрэнгийн Ганхуяг миний бие Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар томилогдон Асгат сумын Засаг даргаар ажиллаж байна. 2020 оны орон нутгийн сонгуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Ардчилсан намаас 15, Ардын намаас 15 төлөөлөгч нэр дэвшсэн ба нэр дэвшигчдийн олонхи 8 суудалд Ардчилсан намаас нэр дэвшигчдэд санал өгч итгэл хүлээлгэсэн болно. ... Хэлэлцэх асуудлын дарааллаар Засаг дарга сонгох асуудал хэлэлцээд ... санал хураалт явагдаж саналын хайрцагнаас гарсан саналыг комисс Ц.Ганхуяг миний бие 7, Ё. Нямрагчаа 8 санал авсныг танилцуулсан боловч тооллогын комиссын тогтоолд төлөөлөгч Г.Цолмон, Д.Дэлгэрмэнд нар гарын үсэг зураагүй, ИТХ-ын дарга Ё.Цэнд-Аюуш 06 дугаар тогтоолын төсөл уншиж танилцуулсан ч олонхийн саналаар батлаагүй, Ардчилсан намын бүлгээс албан ёсоор ИТХ-ын даргаас зөвшөөрөл авч завсарлага авсан. Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг дэг-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хурлын төлөөлөгч асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу миний бие дахин санал хураалт явуулах хүсэлт гаргасан... Хурлын дарга нь дээрх хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т Төлөөлөгчдөөс гаргасан саналаар санал хураалт явуулж, дүнг мэдээлэх гэснийг баримтлан дахин санал хураалтыг явуулсан. Төлөөлөгчдийн олонхи байсан учраас хурал үргэлжилж Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэж Ц.Ганхуяг миний бие, Ё.Нямрагчаа бид хоёрт санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 8 төлөөлөгч 100 хувийн саналаар Ц.Ганхуягийг дэмжиж Ё.Нямрагчаад санал өгөгдөөгүй байсан. Ингээд 07 дугаар тогтоолын төслийг хурлын дарга С.Цэнд-Аюуш уншиж танилцуулан хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдаж аймгийн Засаг даргад уламжлагдсан гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын иргэдийн Хурал тогтоолын хэлбэрээр шийдвэрээ гаргадаг. Ямар нэгэн санал хураалт боллоо гэхэд түүнийг тогтоолоор баталгаажуулж, тогтоолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь гарын үсгээ зурж, тамгаа дарж батламжилдаг. Ийм байхад зөвхөн санал хураалтын дүнгээр аймгийн Засаг даргад уламжлах боломжгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас заавал тогтоолын хэлбэртэй санал аймгийн Засаг дарга руу явах ёстой. Ийм санал, тогтоол албан ёсоор гараагүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Мөн тооллогын комиссын тогтоолд нарийвчлан тусгагдаагүй боловч хуралдааны дэгээр нарийвчлан зохицуулах боломжтой. Хурлын дэгээр тооллогын комиссыг ажиллуулах, нууц санал хураалт явуулах боломжтой гэж үзсэн. Үүний дагуу хуралдааны 03 дугаар тогтоол гарч тооллогын комиссыг томилсон байна. Тооллогын комисс нь өөрөө тооллогын үр дүнг тогтоолын хэлбэрээр иргэдийн Хуралд танилцуулах, баталгаажуулах үүрэгтэй. Тооллогын комиссын тогтоолд тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж байж тогтоол хүчинтэй болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага дээрээ тооллогын комиссын тогтоол дээр маргах ёстой байсан. Одоо хүртэл тооллогын комиссын тогтоол хүчинтэй болоогүй. Нэгэнт тогтоол гаргах эрх хэмжээ олгосон тооллогын комиссын шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрт маргаагүй байна. Энэ асуудлаар маргаж байж дараа нь аймгийн Засаг даргад уламжлах асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Нямрагчаагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч өөрийг нь Асгат сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжлаагүй хариуцагч Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Асгат сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг хариуцагчид даалгах, Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны дахин санал хураалт хууль бус болохыг тогтоолгож Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан байна.

Уг анхдугаар хуралдаанаар Асгат сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал болгох асуудлыг хэлэлцэхдээ тухайн хуралдаанаар тогтоосон дэгийн дагуу санал хураалтыг нууцаар явуулах, үүнтэй холбогдуулан тооллогын комиссыг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж санал хураалт явуулахад Монгол ардын намаас намаас нэр дэвшигч Ё.Нямрагчаа бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт 15 төлөөлөгчийн 8 төлөөлөгчийн буюу 53.3 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Ганхуяг 7 төлөөлөгчийн буюу 46.7 хувийн санал санал авсан ба хэргийн оролцогчид тооллогын комиссын тогтоолын төсөл, тооллогын дүн дээр маргахгүй байна.

Улмаар Ё.Нямрагчааг Асгат сумын Засаг даргад санал болгосон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоолын төслийг батлах эсэх дээр гар өргөн /илээр/ тухайн тогтоолын төслийг батлахыг 8 төлөөлөгч буюу олонхи дэмжээгүйгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай асуудлыг дахин хэлэлцэж, санал хураалт явуулж олонхийн санал авсан Ц.Ганхуягийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж 07 дугаар тогтоол баталсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

Хариуцагчаас Тооллогын комисс Засаг даргад нэр дэвшигчийн авсан саналын дүнг танилцуулсан бөгөөд тооллогын комиссын тогтоолоо батлаагүй байсан. Хариуцагч сумын Засаг даргаар уламжлах тухай 06 дугаар тогтоолын төслийг уншиж танилцуулаад батлах эсэх дээр санал хураалт явуулахад Монгол ардын намаас сонгогдсон 7 төлөөлөгч дэмжсэн нь санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 46.7% байсан тул уг 06 дугаар тогтоол батлагдаагүй. Тогтоолын төслийн тухайд хурлын дэгээр хуралдаанаас тогтоол гарна, тогтоолыг олонхоороо батална гэсэн заалт байгаа. Ингээд батлах уу гэхэд 7 хүн нь батлая гэсэн боловч үлдсэн 8 нь эсэргүүцсэн гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.14-т Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална, 26 дугаар зүйлийн 26.2-т ...сумын Засаг даргад ..., уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасны дагуу Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдааны дэгээ батлахдаа тус дэгийн 5 дугаар зүйлд Санал хураалт явуулах ерөнхий журмыг тодорхойлсон ба 5.1-д хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ, 5.2-т нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулна, 7 дугаар зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан гэсэн хэсгийн 7.14-т Засаг даргад 1 хүн нэр дэвшсэн бол илээр, 2 ба түүнээс дээш хүн нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгоно гэж заажээ.

Хуулийн дээрх заалтууд болон Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгээс үзэхэд сумын Засаг даргад хоёр хүн нэр дэвшиж өрсөлдсөн бол санал хураалтыг нууцаар, санал хураах хуудсаар авч 50-иас дээш хувийн санал авсан нэг нэр дэвшигчийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгох, ингэхдээ нууц санал хураалтын дүнгээр тухайн нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтанд санал болгох тогтоолын төсөл батлагдсанд тооцогдох байтал нууц санал хураалт явуулаад 50-иас дээш хувийн санал авсан /тогтоол батлагдах үндэслэл/ нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтанд санал болгох тогтоолыг дахин гар өргөж /илээр/ баталсан нь учир шалтгааны хувьд нэг асуудлыг хоёр дахин хоёр өөр арга журмаар шийдвэрлэсэн гэж үзэх зөрчилтэй байдал үүсгэж байгааг тэмдэглэх нь зүйтээ байна.

Иймд сумын Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал хураалт тогтоосон дэгийн дагуу явагдсан, хэргийн оролцогчид санал хураалтын ажиллагаа, түүний дүн дээр маргаагүй, түүнийг баталгаажуулахаас татгалзах үндэслэл тооллогын комисст байхгүй, тооллогын комиссын тогтоол, Засаг даргад нэр дэвшигчийг санал болгох тогтоолыг уншиж танилцуулсан, тухайн тогтоолуудыг тус Хурлаас хүчингүй болгосон тогтоол гараагүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасны дагуу хуралдаанаас гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулан, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Ё.Нямрагчаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Гуравдагч этгээд Ц.Ганхуягийн Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд түүний өмгөөлөгчөөс Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.2-т бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж зааснаар Засаг даргыг сонгох тооллогын комиссын гишүүн Б.Батгэрэл тогтоол дээр гарын үсэг зурсан, нөгөө хоёр гишүүн нь гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна..

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэнд хамаарахгүй байна.

Тодруулбал, Засаг даргыг сонгох санал хураалт нь дээр дурдсан захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй ба захиргааны акт буюу Засаг даргад нэр дэвшигч иргэн төлөөлөгчдийн олонхийн санал авснаар түүнийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгох тухай хурлын тогтоол гаргах үндэслэл болсон урьдчилан хийгдэх ажиллагаа, үйлдэл тул захиргааны актад тооцогдохгүй.

Иймд Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Нямрагчаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч Ё.Нямрагчааг сумын Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ё.Цэнд-Аюушт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус баримтлан гуравдагч этгээд Ц.Ганхуягийн Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргыг сонгох эхний санал хураалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Нямрагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Ганхуягаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж Ц.Ганхуягт олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР