Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0307

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0307

Улаанбаатар хот

 

 

 

                            “Ю***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Д.Э***,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ю***” ХХК,

Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,

Гуравдагч этгээд: Д.Э***, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0137 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***.

Хэргийн индекс: 128/2024/0828/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю***” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0137 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ю*** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн орц гарцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18 дугаар гудамж, 9 дүгээр хэсэгт оршин сууж, 15 жил болсон. Амьдарч байх хугацаандаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тус газрынхаа газар ашиглах эрхийг авах тухай хүсэлт, өргөдлөө он удаан жилийн хугацаанд өгч байсан. Энэ нь хэргийн 1 дүгээр хавтасны 71-73 дахь хуудаст авагдсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2010 оны, 2011 оны сансрын зурагт амьдарч буй гэрийн маань зураг зам дагуух талын эхний айлын зураг нь авагдсан.

3.2. Миний хувьд “Ю***” ХХК-ийн орц, гарцыг хаасан зүйл байхгүй. Харин тус компани нь башир муу аргаар хууль ёсны эрх ашгийг хохироож, газрыг маань булаан дээрэмдэж авахаар улайран шунаж байна.

3.3. Д.Э*** миний ашиглах эрх үүсгэхийг хүсч буй газрын кадастрын цэг, координат нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй болохыг хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1415 дугаартай албан бичиг, кадастрын зургийн одоо байгаа мэдээллийн сан дахь зураг зэргээр тогтоогддог.

3.4 Анхан шатны шүүхийн шүүгч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1063 дугаар “Эрх залгамжлагч сольж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг гаргахдаа гуравдагч этгээдээр оролцож буй надад огт мэдэгдээгүй, энэхүү захирамжийг гардуулж өгөөгүй бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*** хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Мөн шүүхэд Д.Э*** нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүгч өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгон миний хууль ёсны эрх, ашгийг хууль зөрчин хохироосонд гомдолтой байна. Гуравдагч этгээдийг оролцуулалгүй энэхүү захирамжийг гаргасан.

3.5 Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*** нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд өгсөн.    

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэмээн,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12/-д “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох”, 30 дугаар зүйлийн 1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах”, 7-д “зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих”, 40 дүгээр зүйлийн 3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ” хэмээн тус тус заасан.

Байгаль орчны яам/хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2001 оны 07 тоот тушаалаар батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дүрэм”-ийн 1.1-д Хамгаалалтын захиргааг Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор баталж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллага болохыг тодорхойлон зааж, дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “Иргэн, өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага хариуцсан нутаг дэвсгэр дээр абйгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг үйлдлийг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол тэдний үйл ажиллагааг нь түр буюу бүр мөсөн зогсоох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн нутаг дэвсгэрээс гаргах” асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, дээд шатны байгууллагад уламжлах бүрэн эрхтэй болохыг тогтоож өгсөн.

Хууль тогтоомжийн дээрх заалтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрхийг зөвхөн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй аливаа этгээд газар ашиглаж байгаа бол захиргааны байгууллага тухайн газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Ю***” ХХК /хуучин нэрээр “Ю***” ХХК/ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 191 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 15318 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон нь,

гуравдагч этгээд Д.Э*** нь маргаан бүхий газар болох “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат ** дугаар гудамж, ** дүгээр хэсэгт оршин сууж, 15 жил болсон” хэмээн тайлбарлах боловч түүнд төрийн захиргааны байгууллагаас  газар ашиглах эрхийг олгосон аливаа тушаал, шийдвэрийг гаргаж байхгүй болох нь,

нэхэмжлэгчээс газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх, орц гарц хаасан асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 24/06-05 тоот, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 24/37 тоот, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 24/40 тоот албан бичгүүдээр удаа дараа хандан хүсэлт гаргаж байсан боловч хариуцагчаас хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг гуравдагч этгээдээс давж заалдах гомдолдоо дурдсан “...миний ашиглах эрх үүсгэхийг хүсч буй газрын кадастрын цэг, координат нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  гуравдагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА