Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00010

 

“К банк” ХХК-ийн Дорнод салбарын

нэхэмжлэлтэй, Д.Хд

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ог оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О-ы давж заалдах гомдлоор “К банк” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй, Д.Хд холбогдох “Зээлийн гэрээний  үүргийн биелэлт 12.470.000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч К банкны Дорнод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Х, Д.Д нар нь  2015 оны 5 сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатай 14500000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 5 сар хүртэл зээлийн төлөлтийг хуваарийн дагуу  хийж байсан.  2016 оны 06 сараас  2017 оны 9 сар хүртэл зээлийн төлөлт огт хийгээгүй. Зээлийг төлөх талаар зээлдэгч нартай удаа дараа уулзах гэсэн боловч оршин суух хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учир банкны зүгээс  2017 оны 05 сарын 05-нд Д.Д, Д.Х нарыг  шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. 2017 оны  08 сарын 23-ны өдөр хамтран зээлдэгч Д.Хын оршин суугаа газрыг Цагдаагийн газраас тогтоосон. Ингээд  2017 оны 10 сарын 12-ны өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш зээлдэгч нь зээлийн төлөлтөнд  320.000 төгрөг төлсөн. Хариуцагч 5.580.000 төгрөг төлсөн гэж байна. Энэ нь дансны хуулгаар  бол орсон гарсан гүйлгээний нийлбэр дүн байх.  2016 оны 05 сарын 15-ны өдөр зээлийн  төлөлт хийснээс хойш 2017 оны 9 сарын 13-ны өдөр хүртэл зээлийн төлөлт огт хийгээгүй.  Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт заасны дагуу зээлд төлөлт орж ирэхэд тухайн зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү дараа нь үндсэн зээлийн төлөлтийг  авдаг. Өнөөдрийн байдлаар Д.Хс зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 12483789 төгрөг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Д.Дн хамт К банкны Дорнод салбараас 2015 оны 05 сарын 25 -ны өдөр 14500000  төгрөгний зээл авч,  зээлийг хуваарийн дагуу төлж байсан.  2016 оны 05 сард нөхрөөсөө салсан учир  зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байгаа.  2016 оны 6 сараас хойш зээл төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж доголдож эхэлсэн боловч өөрийн боломжоор зээлийн эргэн төлөлтдөө 5500000 орчим төгрөг төлсөн боловч банк 4000000 төгрөг төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх төлсөн 5500000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Үндсэн зээлд төлсөн мөнгийг банкинд шилжүүлсэн өдрөөр нь нэг бүрчлэн тооцож үзэхэд нийтдээ 5494994 төгрөг шилжүүлсэн байгаа. Иймд дээрх төлсөн  мөнгийг зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээлээс хасч тооцон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд  татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 сараас эхлэн  зээлийн төлөлт доголдож эхэлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу  зээл төлөх хуваарийн дагуу зээлийг төлөх ёстой  боловч тухайн сард төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцдог. Өөрөөр хэлбэл банк, банк бус санхүүгийн байгууллага нь нэмэгдүүлсэн хүүгээр хариуцлага тооцдог байгууллага. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцон мөнгө орж ирмэгц хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцдог байна.  Харин Иргэний хууль болон  төлбөр тооцооны тухай журамд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийн хангах дарааллыг  тодорхой  заасан байдаг. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон тохиолдолд  хариуцагчаас төлж буй  мөнгийг хүүнд бус үндсэн үүрэг болох зээлэнд тооцож  дараа нь хүүг төлүүлэхээр заасан байгаа. Үндсэн үүрэг гэдэг нь үндсэн зээлийн дүнгээс  хасч тооцно гэдэг нь тодорхой байна. Гэтэл банк хуулийн шаардлагад үл нийцүүлэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хуулийг буруу хэрэглэн эхний ээлжинд хүү, алданги авахаар заасан зээлийн гэрээний  3.11-д  заасан заалт  илтэд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх гэрээний заалт Иргэний хууль болон төлбөр тооцооны тухай хуульд ер тусгагдаагүй байна. Үүнтэй уялдаад хариуцагчаас төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцвол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буурах ёстой. Тиймээс хариуцагчийн төлсөн 5494994 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна.  2016 оны 04 сарын 01-ний байдлаар 11498101 төгрөг төлөгдөөгүй байна. Үүнээс хариуцагчийн 5494994.39 мөнгийг хасч тооцоход ойролцоогоор 6003107 төгрөгийн үлдэгдэл гарч байна. Шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш 320000 төгрөг төлсөн. Үүнийг хасч тооцвол тодорхой хэмжээгээр үнийн дүн багасах ёстой. Ингээд тооцож үзэхэд 7 сая гаруй төгрөг төлөх боломж харагдаж байна. Хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах хүсэлт тавьсныг хүлээн авч шийдвэрлэж  өгнө үү. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд гэрээний үүрэг дууссан гэж ойлгохгүй байна. Гэрээний хугацаа 2018 оны 5 сард дуусна. Гэрээнд заасан  хугацаанд үүргийн гүйцэтгэл биелээгүй  байна. Иймээс хариуцагчаас төлсөн  мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар үүргийн гүйцэтгэлийн үндсэн үүрэг болох зээлэнд  бүрэн тооцох үндэслэлтэй байна. Нөгөө талаас хариуцагчийн  зөвшөөрөлгүйгээр  хүний хөгжил сангаас хүүхдэд өгсөн мөнгийг  зээлэнд авч тооцож байсан  зөрчил гарч байсан нь  банк хэт давуу эрх эдлээд байгаагийн илрэл гэж үзэж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банкны Дорнод салбарын  нэхэмжлэлтэй Д.Д, Д.Х нарт холбогдох  иргэний хэргийн  зээлийн гэрээний үүргийг  барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Д нь гуравдагч этгээд болох Г.Гийн эгчийнх нь охин Д.Хын нөхөр юм. Тухайн үед бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Г.Гийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Д, Д.Х нарын нэрийг оруулан бүртгүүлсэн байдаг. Тэд өөрсдийн гэрээт борлуулагчийн тоог нэмэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн нэр дээр гаргаж авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа хамтран эзэмшигчийн зөвшөөрөл авна гэж нотариатаар батлуулан гарын үсэг зуруулсан байдаг. Тэр үед их хэмжээний зээл авна гэдгийг Г.Г мэдээгүй бөгөөд барьцаа хөрөнгийг гэрээт борлуулагчийн хүсэлтээр банкинд үнэлүүлдэг юм байна гэж ойлгож гарын үсэг зурсан гэдэг. Зээл авахад гуравдагч этгээдээр нь гарын үсэг зуруулах байх гэж бодож байсан бөгөөд зээл авах талаар ямарч ойлголтгүй байсан. Иймээс хамтран эзэмшигчийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд гуравдагч этгээдийн хүү С нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хэргийг шийдвэрлэхэд  шүүхийн шийдвэрт  нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Д.Хс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7953922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкны Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4529867 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТС-ын 2 дугаар байрны .. тоотод байршилтай 33м2 орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,   Улсын  тэмдэгтийн   хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн   7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 223001 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хс улсын тэмдэгтийн хураамжид 142211.75  төгрөг гаргуулж К банкны Дорнод салбарт олгож, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Д.Х, Д.Д нар нь  2015 оны 5 сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатай 14500000 төгрөгийг К банкнаас зээлж авсан. 2016 оны 06 сараас  2017 оны 9 сар хүртэл зээлийн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний дагуу Д.Хс 12483789 төгрөг гаргуулахыг шаардсан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 4529867 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-р хуудас, 12 дахь догол мөрд, “Зээлдүүлэгч К банкны Дорнод салбар, зээлдэгч Д.Х, Д.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ-55 дугаартай зээлийн гэрээний 3.11-д банканд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг  тооцон, хасч үлдэх төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт тооцно. Хэрэв зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй бол хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү тооцох тохиолдолд эхэлж нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк, эрх бүхийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн төлбөрийг шаардаж авах талаарх дарааллыг Банк, эрх бүхийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан болно. Мөн хуульд зааснаар “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно”, мөн хуулийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасантай бүрэн нийцсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 13 догол мөрд: “... гэрээний үүрэг зөрчигдснөөс хойш хариуцагчаас төлсөн 5494994 төгрөг ... 320000 төгрөг нийт 5814994 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 11088980 төгрөгнөөс хасч тооцон үндсэн зээлд 5273986 төгрөг, түүнээс гэрээний үүрэг зөрчсөн хугацааны 560 хоногийн хүү 2233280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446656  төгрөг, нийт 7953922 төгрөгийг Д.Хс гаргуулан К банкны Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Банк, эрх бүхийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийг гаргаж хангуулах бүрэн эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч Д.Хс үндсэн зээл 3411019.68 төгрөг, үндсэн хүү 7449456.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 264706.82 төгрөг, нийт 11125182.95 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Д.Х, түүний нөхөр Д.Д нар нь “К банк” ХХК-ийн Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвтэй 2015 оны 05 сарын 25-ны өдөр №ЗГ-55 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14500000 төгрөгийг, сарын 2,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлжээ. /хх-ийн 6-9 дэх талууд/

Мөн зохигчид нь 2015 оны 05 сарын 25-ны өдөр №ЗГ-55 дугаар барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТСургуулийн 2 дугаар байр, ... тоотын 33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан байна. /хх-ийн 10-12 дахь талууд/

Зээлдэгч Д.Х нь 2016 оны 06 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Харин зээлдэгч Д.Х нь 2017 оны 09 сарын 05-ны өдөр 1,0 сая төгрөг, 9 сарын 13-ны өдөр 2,0 сая төгрөг, 9 сарын 14-ний өдөр 1,0 сая төгрөгийг тус тус төлснийг банк үндсэн зээлийн төлөлтөөс биш хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлж үлдэх хэсгийг үндсэн зээлээс хасч тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн Дорнод салбарын давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-д “Банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Төлөх хугацаа нь болсон үндсэн үүрэг ба хүүг төлүүлэх дарааллыг хуульд зохицуулаагүй, эсхүл гэрээгээр зохицуулахаар хуульд заасан бол талуудын дээрх тохиролцоо хуульд харшлахгүй юм. Харин үндсэн үүрэг ба хүүг төлүүлэхдээ эхлээд үндсэн үүргийг төлүүлэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг өөрчлөн, хүүг эхэлж төлүүлэхээр талууд гэрээгээр тохирох эрхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагчийн 2017 оны 09 сарын 5, 13, 14-нд төлсөн төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлээд үлдэх 409121 төгрөгийг үндсэн зээлээс нь хасч тооцсон болох нь банкнаас гаргаж өгсөн зээл, хүү тооцооллын хүснэгтээр /хх-ийн 100 дахь тал/ нотлогдож байхад шүүх бүхэлд нь тооцож, үндсэн зээлээс давхардуулан хасч тооцсон нь буруу байна. 

Мөн анхан шатны шүүх “... барьцааны хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТСургуулийн 2 дугаар байрны ... тоотод байршилтай 33 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс бус /орон сууцнаас бус/ барьцааны зүйл буюу орон сууцаар үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87428 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Д.Хс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8363043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4120745 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

б. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТСургуулийн 2 дугаар байрны ... тоот, 33 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

в. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 142211.75 төгрөг...” гэснийг “148759 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87428 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                  

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ