Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1260

 

 

 

 

 

 

     2019           12             19                                       1260                           

 

 

О.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор М.Сансарсайхан, 

          шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

          нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

         

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1162 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908022680861 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бага хотгойд овгийн О.Г, 1970 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарын хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “монгол хэл-уран зохиолын багш, төвдөч” мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1м байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УС70050213/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 234 дүгээр зүйлийн 234.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-д зааснаар 2 жилийн, 234 дүгээр зүйлийн 234.2-д зааснаар 2 жилийн, 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялуудыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Год хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Шүүгдэгч О.Г нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын 1-6 мансартын 17 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий Ж.Ганчимэгийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын үед, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 10 өдрүүдэд буюу байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчтой гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Бага хотгойд овогт О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар О.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 400:8=50 хоног 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож, мөн энэхүү гэмт хэргийг урьд тэнссэн хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан.

Хэрэг болсон өдрийг би үнэндээ тодорхой санахгүй байсан ба Ганчимэгийг эрүүлжүүлэхээр цагдаад дуудлага өгсөн өдрийг 4 дүгээр сарын 13-ны өдөр байх гэж таамаглан, түүнээс 3, 4 хоногийн дараа гэж тооцоолж, “4 дүгээр сарын 16 өдөр юм уу, 17-ны өдөр болсон байх” гэж мэдүүлсэн. Би ямар ч байсан цагдаад дуудлага өгснөөс хойш 3, 4 хоногийн дараа болсон гэдгийг хэлсэн. Шүүгч миний хэлсэн эдгээр үгнээс хэрэг болсон өдрийг 4 дүгээр сарын 16-ны өдөр гэж тогтоосон.

Шүүх хуралдааны үеэр би өмнөх тэнссэн хугацаанд орно гэдгийг анзаараагүй, шүүхийн шийдвэр гарах үед гайхаж, сандарч, хэлэх үгээ ололгүй эргэлзээд өнгөрсөн. Шүүгч шүүх хуралдааны үеэр миний дуудлага өгсөн өдрийг “4 дүгээр сарын 16-ны өдөр юм байна, миний 99821987 дугаараас 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдээлэл, шуурхай удирдлагын төвд дуудлага өгсөн талаар лавлагаа, гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл хавтас хэргийн 4, 48, 49 дүгээр талд байна” гэж хэлсэн нь миний таамаглаж байсан 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 3, 4 хоногийн дараа гэхээр хэрэг үйлдсэн өдөр 4 дүгээр сарын 19-ний өдөр юм уу, 4 дүгээр сарын 20-ны өдөр болсон байна. Энэ талаар би учраа олохгүй, эргэлзэж байсан учир хэлж чадалгүй шүүх хурал дууссан. Шүүх хуралдааны үеэр би хэрэг болсон өдрийг 4 дүгээр сарын 16, 17 гэж андуурч, буруу ташаа хэлснээ сүүлд ойлгож, харамссан.

Хэрэг болсон цаг хугацааг нягтлан шалгаж, хянаж өгнө үү.

Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хардалт мөн ёс бус үйлдлийн хор уршиг, үр дагаврыг гүнээ ухамсарлаж, дахин ийм алдаа, үйлдэл гаргалгүй биеэ зөв авч явна гэдгээ батлан илэрхийлж байна. Миний эх Ч.Батсүх нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр элэгний хорт хавдрын хагалгаанд орж, дахин эмнэлэгт хэвтсэн бөгөөд би 8 сараас хойш уулзаж чадаагүй. Мөн би ажил хөдөлмөр хийж, өөрийн гэмээ цайруулж, хань хоёр хүүхдэдээ тусалж, шатар заалгадаг олон шавь нар минь багштайгаа уулзах гэж хүлээж байгаа...” гэв.

Шүүгдэгч О.Гын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарах шалгаан, нөхцөл нь гэр бүлийн хоёр архидаад хоорондоо зодолдоод байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх зарим хугацаанд шүүгдэгч өөр аймагт шатар заагаад явж байсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэдэг нөхцөлийг хангахгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан гэмт хэрэг гарсан гэх өдөр эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын зүгээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч хэрэг болсон цаг хугацааг санахгүй байсан. Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн өдрийг 2019 оны 4 дүгээр 10-ны өдөр гэж үзэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нь О.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

О.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын 1-6 мансартын 17 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий Ж.Ганчимэгийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Ганчимэгийн ...2019 оны 4 дүгээр сарын 10-ны орой 17-18 цагийн орчим гэртээ О.Г согтуу орж ирэхээр нь би “чи гэртээ хонохгүй хаагуур хоноод ирсэн юм бэ” гэж асуутал “хаана ч хоносон чамд ямар хамаатай юм бэ” гэхэд нь би “гэрт хоол унд алга, байр, гэрлийн мөнгө нэхээд асуудалтай байхад гадуур хонолоо, 2 хүүхэд хоолгүй байна” гэж хэлтэл шууд намайг үсдэж, өшиглөж зодсон. Зодохдоо гараараа үснээс зулгааж байгаад хөлөөрөө баруун талын өгзөг, зүүн талын бөөр нуруу, сүүж рүү өшиглөж үснээс чирснээс болж, хоёр хөлийн өвдөг шалбарч, хөхөрсөн... /хх-5-7, 11-14, 41-43/,

гэрч Н.Цэрэнжамцын “...Ж.Ганчимэг, О.Г нар 2019 оны хавраас хоорондоо хэрүүл, маргаан их хийж, Ж.Ганчимэгийг О.Г зоддог болсон...” /хх-35-37/,

насанд хүрээгүй гэрч Г.Тэнгэрхангайгийн “...Аавын архи уудгаас болж ээж, аав хоёр хоорондоо хэрэлдэж, маргалддаг. 2019 оны хавар аав архи уусан байхдаа хэрүүл хийж, биеийг хөхрүүлээд, нүдийг нь хавдааж байсныг санаж байна. Аав ээжийг зодож байсан. Би одоо тоог нь хэлж мэдэхгүй байна...” /хх-38-40/,

О.Гын яллагдагчаар “...2019 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдөр шатрын тэмцээн болоод би 9-ны орой нь найз Орхоны гэрт хоносон. Тэгээд 10-ны өдөр тэмцээндээ орчихоод найзуудтайгаа архи уучихаад гэртээ согтуу орсон байсан. Тэгээд би өөрийн мэдэлгүй согтуудаа эхнэрээ зодсон байсан...” /хх-55-59/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн “...Ж.Ганчимэгийн биед зүүн мөр, бугалга, зүүн бүсэлхий, ташаа, баруун гуя, баруун өгзөгний цус хуралт, 2 өвдөгний зулгаралт, цээж, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл байна...” /хх-19-20/ гэх дүгнэлт болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 26-30/, хохирогчийн ярилцлагын тэмдэглэл /хх-33-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан О.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор О.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 400:8=50 хоног 1 сар 20 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар О.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж хуульчилжээ. Ж.Ганчимэг, О.Г нар гэрлэлтийн бүртгэлгүй боловч, хамтран амьдрагч болох нь тогтоогдсон, тэрээр хамтран амьдрагчаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон байна.

Шүүгдэгч О.Гын гаргасан “...Шүүх намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож, мөн энэхүү гэмт хэргийг урьд тэнссэн хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Шүүх хуралдааны үеэр би хэрэг болсон өдрийг 4 дүгээр сарын 16, 17 гэж андуурч, буруу ташаа хэлснээ сүүлд ойлгож, харамссан. Хэрэг болсон цаг хугацааг нягтлан шалгаж, хянаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэмт хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй.  

Учир нь, хавтас хэрэгт авагдсан Ж.Ганчимэгийн хохирогчоор мэдүүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны орой 17-18 цагийн үед зодуулсан...” /хх-5-7, 11-14/ гэх, О.Гын яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдөр шатрын тэмцээн болоод тэмцээндээ орчихоод найзуудтайгаа архи уучихаад гэртээ согтуу орсон байсан. Тэгээд би өөрийн мэдэлгүй согтуудаа эхнэрээ зодсон...” /хх-55-59/ гэх мэдүүлгүүд болон прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийг “2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр” үйлдсэн гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Ж.Ганчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны үйлдэгдсэн гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан дуудлагын лавлагаа нь гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг тодорхойлоогүй, уг лавлагаанд “...Ганчимэг согтуу байсан ба, нөхөр Ганболд нь гараад явсан байв. Дуудлага өгсөн Ганчимэг нь өөрөө согтуу байв...” /хх-47-49/ гэсэн баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн өдрийг тогтоох боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнчлэн түүний урьд нь олон удаа шүүхээр ял шийтгүүлж байсан байдал, гэм буруугийн хэлбэр хэмжээнд тохирсон, тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч О.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолын дугаар нь “276” дугаартай байхад, шийтгэх тогтоолдоо дугаарыг “876” гэж буруу бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1162 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ