Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0183/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Ж.*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000149 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын салхивчны ажилтан, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг,******* тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял,

 

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ж.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ж.*** нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар багийн 4 дүгээр гудамжинд гурилын модоор нуруу хэсэгт цохиход нь модыг нь булаан Д.***гийн дух хэсэгт гурилын модоор цохиж эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн эдийн няцрал, духанд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Д.***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр******* хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад эгч******* нөхөр ***д Мобикомын сим карт сэргээлгээд ирээч гэж гуйхад зөвшөөрөөд аваад явсан. Ингээд үргэлжлүүлэн архи уугаад нэлээн согтуу болчихсон байх үед *** ах гэрт ирээд сим карт сэргээж ирж чадаагүй байхаар нь би архи уусан халуундаа түүнд хандаад арчаагүй гэх мэт хэдэн үг хэлчихсэн. *** нь гэрээс гараад явчихаар нь би түүний араас нь гарахдаа гэрээс гурилын мод аваад гарсан ба гудамжинд явж байхаар нь очоод нуруу хэсгийг нь нэг удаа цохисон санагдаж байна. Ингээд үүнээс хойш юу болсныг мэдэхгүй эмнэлэгт ухаан ороод сэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** нь орой 19 цагийн үед гэртээ ирэхэд Д.*** , *** хоёр нь муудалцаад байсан ба юунаас болоод муудалцсаныг мэдэхгүй байна. Муудалцсан хэдий ч гэр доторх зодоон цохион болоогүй ба *** хэсэг хугацаанд байж байгаад гэрээс гараад явсны дараа Д.*** нь гурилын мод аваад гэрээс гарахаар нь би хувцсаа өмсөөд араас нь 30 минутын дараа гарахад Д.*** нь гудамжны голд доош хараад духны зүүн хэсгээс нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр *** нь *** д сим сэргээлгээд ирээч гэж хэлсний дагуу *** нь олон улс руу сим картыг нь сэргээлгэх гээд явсан ба 19 цагийн үед *** нь гэрт ирэхэд *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, согтуу манай гэрт байсан. *** “сим картыг чинь сэргээлгэж чадсангүй, хурууны хээ чинь хэрэг болох юм байна” гэхэд *** “нэг сим карт сэргээлгээд ирж чадахгүй байна уу, арчаагүй юм” гэж хэлээд уурлаад маргалдсан. Ингээд хэсэг хугацааны дараа *** гэрээс гараад явсан ба түүний араас *** гэрээс гарсан. Ингээд би 00 ороод бие засаж байхад гудамжинд *** орилохоор нь би гудамж руу гараад харахад *** газар доош хараад уначихсан байхаар нь дээш харуулаад ***г харахад гараараа дух хэсгээ дарчихсан байхаар нь гарыг нь татаад үзэхэд дух хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон, унасан газар нь цус болчихсон байсан. Энэ үед гурилын мод ***гийн хажууд хэвтэж байхаар нь би авчихсан юм. Би ***ээс чи юугаар цохичихсон юм бэ гэхэд *** би гурилын модоор нь 2 удаа дух хэсэг рүү нь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***гийн *** нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг 20 минутад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, орчны баримжаагүй толгой өвдөнө гэсэн зовуурьтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Д.***гийн биеийн байдал хүнд, юу болсон талаар хэлж чадахгүй байдалтай байсан. ... зүүн духны хэсэгт хөндлөн 5 см орчим язарсан гүн шархтай шархнаас цус алдана, шархаар тэмтрэхэд ясны хугарлын ирмэг тодорхойлогдоно. Мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа 2 талд ижил, мөчдөд одоогоор саа саажилтгүй хөөрлийн байдалтай, эмгэг рефлекс илрээгүй, дагзны булчин 2 хуруу хөшингөтэй байдалтай байсан. Яаралтайгаар компьютер томографын шинжилгээ хийхэд зүүн талын духны яс бяцарч хугаран дотогш цөмөрсөн, тархины эд духны хэсэгтээ няцрал ихтэй, хавантай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 тал/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 278 дугаартай “...Д.***гийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дух ясны цөмөрсөн хугарал, духны шарх нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн эдийн няцрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-29 тал/,

 

Яллагдагч Ж.***ийн “...эхлээд сим карт сэргээлгээд ирж чадсангүй гэж маргалдаж байгаад би гараад явсны дараа Д.*** нь гурилын модоор миний нуруу хэсэгт 2 удаа цохихоор нь миний уур хүрээд Д.***гийн дух хэсэгт түүний барьж байсан гурилын модоор 2 удаагийн давтамжаар цохьсон. Би өөрийн үйлдлээ ухамсарлаж ойлгож байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй . гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 тал/,

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Ж.***ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Ж.*** нь хэдийгээр гурилын модоор цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх боловч уг модыг хохирогч өөрөө барьж очин шүүгдэгчийг цохиход нь булаан авч цохьсон байх тул зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг прокурор дэмжсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.***гийн өмгөөлөгч Т.Энхжаргалаас: “...Д.***гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Д.***д нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч Д.*** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Имйд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурорын тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, сарын орлогын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 37.5 см урттай бор өнгийн гурилын модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1. ***ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.***д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд, сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.*** нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37.5 см урттай гурилын модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД