| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/03342/и |
| Дугаар | 2960 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2960
| 2019 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2019/02960 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36,039,985.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Ц нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж, 23,200.00 ам.долларыг сарын 1.1 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн болон иргэн Ө нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт орших 50.31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.
Гэвч зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй учраас гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаар түүнд сануулж, үүссэн зөрчлийг арилгах хугацаа олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 9.2.-т заасныг тус тус үндэслэн банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэл бүрдсэн.
Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 628.32 ам.доллар болж хуримтлагдсан ба дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 12,853.98 ам.доллар, зээлийн хүү 627,09.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3.98 ам.доллар, нийт 13,485.05 ам.доллар болсон.
Иймд, хариуцагчаас 13,485.05 ам.долларыг Монголбанкны 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ханш 2,671.55 төгрөгөөр тооцон, 36,025,985.35 төгрөг, нотариатын зардал 14,000.00 төгрөг, нийт 36,039,985.35 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Ц болон нэхэмжлэгч Х ХХКнар 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 23,200.00 ам.долларыг сарын 1.1 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн.
Гэтэл нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг цуцалж, 36,025,985.35 төгрөгийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан байна. Хариуцагч тал зээлийг авсан өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш эдийн засгийн тодорхой нөхцөл байдлын улмаас уг зээлийг төлж чадахгүй байгаа юм.
Гэвч тэрээр зээлийн үлдэгдэл 36,025,985.35 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулах арга хэмжээ авах тул уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид, уг орон сууцны төлбөрийг төлөх гэж удаан хугацааг зарцуулсан тул өөр эд зүйлсээр барагдуулах боломжтой гэж үзэж байна.
Хариуцагч нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлийг зохих ёсоор төлж байсан бөгөөд гэрээний хугацаа 2026 онд дуусах учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-иасхариуцагч Цод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,039,985.35 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХКболон хариуцагч Ц нар 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 23,200.00 ам.долларыг 15 жилийн хугацаатай, жилийн 13.2 хувь, сарын 1.1 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ц болон иргэн Ө нарын өмчлөлийн .... тоот хаягт барлах .... м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 9-15 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “арилжааны үйл ажиллагаа явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 5 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.-т зааснаар зээлдэгч тал тус зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.
Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох 23,200.00 ам.долларыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч Цыг 23,200.00 ам.долларын зээлийг авсан гэж үзнэ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн зохих ёсоор төлсөөр 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн ба зээлийн хүүнд нийт 30,707.88 ам.долларыг төлөхөөр тохирчээ /х.х-ийн 11, 12 хуудас/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч тал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 12-ны өдөр 299.49 ам.долларыг төлөх ёстой байснаас тооцвол үндсэн зээлд 7,785.32 ам.доллар /үлдэгдэл 15,414.68 ам.доллар/, зээлийн хүүнд 23,062.15 ам.доллар, нийт 30,847.47 ам.долларыг төлөх ёстой байжээ /зээлийн эргэн төлөлтийн 103 дахь төлөлт хүртэлх хугацааны тооцоолол/.
Гэтэл хариуцагч тал үндсэн зээлд 10,346.02 ам.доллар, зээлийн хүүнд 18,993.89 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 27.76 ам.доллар, нийт 29,367.67 ам.долларыг нэхэмжлэгчид төлж, зээлийн хүүнд 4,068.26 ам.долларыг төлөөгүй байна.
Гэвч нэхэмжлэгчийн тус шүүхэд өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 19,620.98 ам.доллар бодогдож, үүнээс хариуцагчийг 18,993.89 ам.долларыг төлсөн учраас 627,09.00 ам.доллар үлдсэн, түүнчлэн үндсэн зээлийн үлдэгдэл 12,853.98 ам.доллар дээр нэмэгдүүлсэн хүү 3.98 ам.долларыг тус тус нэхэмжилж байна гэсэн.
Үүнээс үзвэл хариуцагч буюу зээлдэгч тал хэдийгээр үндсэн зээлээс 2,560.07 ам.долларыг хуваарьт хугацаанаас нь өмнө төлсөн бол, харин зээлийн хүүнд 627,09.00 ам.долларыг төлөөгүйн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 12,853.98 ам.доллар, зээлийн хүү 627,09.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3.98 ам.доллар, нийт 36,025,985.35 төгрөг дээр нотариатын зардал 14,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, талуудын байгуулсан зээлийн гэрээний зориулалт, түүнийг эргэн төлөх хугацаа зэргээс тус тус үзвэл тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид энэхүү гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг тус тус зайлшгүй харгалзах шаардлагатай юм.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба, харин уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д зааснаар үүрэг ялимгүй зөрчигдсөн байх тохиолдолд гэрээг цуцалж болохгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Тодруулбал, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 7,785.32 ам.доллар төлөх ёстойгоос 10,346.02 ам.долларыг төлсөн, зээлийн хүүнд 19,620.98 ам.доллар төлөх ёстойгоос 18,993.89 ам.доллар төлж, 627.09 ам.долларын зөрчил, нэмэгдүүлсэн хүүнд 3.98 ам.долларыг төлөөгүй зөрчилтэй байгаа ажээ.
Гэтэл хариуцагч Цыг 627.09 ам.долларын зөрчил, нэмэгдүүлсэн хүүнд 3.98 ам.долларыг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зээлдэгчийн эрх ашигт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй боловч үүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээг ийнхүү хугацаанаас нь өмнө цуцалснаар зөрчилтэй хэдий ч биелэгдэж буй гэрээний зорилго дуусгавар болж, улмаар хариуцагч нь орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна.
Мөн хариуцагч нар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй байгаа нь Монголбанкнаас баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд зааснаар чанаргүй зээлийн ангилалд хамаарах ч урт хугацаатай гэрээг ялимгүй зөрчлийг үндэслэл болгон цуцлах нь хуульд нийцэхгүй байна.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд” зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай уг зохицуулалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэвэл энэ тохиолдолд зээлдэгчид илт хохиролтой байна.
Тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3.-д тус тус зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй тул нэхэмжлэгч тал нотариатын зардалд төлсөн 14,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй юм.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР