| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/01072/и |
| Дугаар | 3195 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 3195
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2019/03195 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ын гаргасан,
Хариуцагч: Г-д холбогдох,
Түрээсийн гэрээний төлбөрт 86,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, өмгөөлөгч Т, У, хариуцагч Г, гэрч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:
“Би, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Гтэй түрээсийн гэрээ байгуулж, түүнд ... ******* улсын дугаартай Хьюндай робекс маркийн экскаваторыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлэхээр тохирсон.
Ингээд түрээсийн зүйлийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан. Бид нар түрээсийн гэрээнд зааснаар нэг сарын түрээсийн төлбөрийг 20,000,000.00 төгрөгөөр тохирч, нийт 80,000,000.00 төгрөг авах ёстойгоос 22,800,000.00 төгрөгийг авсан байна.
Үүнээс гадна хариуцагч Г нь надад Аванте маркийн автомашиныг өгсөн хэдий ч тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, банкны барьцаанд байсан тул буцааж аваарай гэж хэлсэн. Миний бие түрээслүүлсэн экскаваторыг түрээсийн эхний 2 сарын хугацаанд 2 хоног, сүүлийн 2 сарын хугацаанд 10 хоногийн турш зохих ёсоор ажиллаагүй гэдгийг зөвшөөрч байна. Гэвч би өөрөө сүүлийн 2 сарын хугацаанд хариуцагчтай байнга хамт байж, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээг бүрэн хийж, ажиллагаанд ороуулдаг байсан, үүнийг гэрч нарын мэдүүлгээр нотолно.
Би, түрээсийн үлдэгдэл төлбөр 57,200,000.00 төгрөгийг авах талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн ч төлөөгүй учраас нэхэмжлэл гаргасан ба алдангийг өдрийн 0.1 хувиар тооцсон. Мөн хариуцагчид 700,000.00 төгрөгийн үнэтэй цахилгаан моторыг өгсөн ба тэрээр надад түрээсийн төлбөрийн хамт өгнө гэж байсан юм.
Иймд, хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 57,200,000.00 төгрөг, алданги 28,600,000.00 төгрөг, цахилгаан моторын үнэ 700,000.00 төгрөг, нийт 86,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид нар хамтарч ажиллаж байсан, гэхдээ нэхэмжлэгчийн түрээслүүлсэн техник хэрэгсэл муу байсан учраас бараг 30 гаруй хоног сул зогссон. Үүнээс шалтгаалаад байнгын засвар, үйлчилгээ хийдэг байсан бөгөөд өөрсдөө тос маслыг сольж, гагнуур хийх зэргээр зардал их гаргасан, үүнийг нэхэмжлэгч С мэдэж байх ёстой. Тэрээр анх надад оператор гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй, гэхдээ түрээслэгч бид өөрсдөө оператор ажиллуулсан.
Миний мэдэж байгаагаар надаас шалтгаалж 15 хоног сул зогссон бол 30 гаруй хоногийг шууд техникийн гэмтэл нөлөөлснөөс экскаваторыг ашиглаж чадаагүй, энэ талаар гэрч Г-ынмэдүүлэгт тодорхой дурдсан байна. Би, нэхэмжлэгчид нийт 22,800,000.00 төгрөгийг өгсөн, харин тэр Аванте маркийн автомашин нь бусдын нэр дээр байдаг учраас шилжүүлж өгч чадаагүй.
Надад уг экскаваторыг ажилласан болон ажиллаагүй өдрийн тэмдэглэл байсан боловч бороонд нороод устчихсан юм” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Саас хариуцагч Гэд холбогдуулан 86,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/07313 тоот захирамжаар Б, Г, Н, Л нарыг гэрчээр оролцуулахаар болж, улмаар эдгээр гэрчүүдээс Г, Н нараас мэдүүлэг авсан бол, харин гэрч Бг оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр шүүхийн даалгавар биелэгдээгүй.
Гэвч шүүхээс хариуцагч Гэд гэрч Бгийн оршин суугаа хаягийг тодруулах талаар удаа дараа мэдэгдэж, хугацаа олгосон боловч тэрээр тодруулаагүй, шүүх хуралдаанд гэрчийг хөдөө байгаа учраас ирэхгүй гэсэн тайлбар өгч, гэрчээс мэдүүлэг авах хүсэлтээ дэмжсэнгүй.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Гтэй түрээсийн гэрээ байгуулан ... ******* улсын дугаартай Хьюндай робекс маркийн экскаваторыг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлэхээр тохирчээ /х.х-ийн 8 хуудас/.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 318.2.-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж тус тус заасан.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Г нь уг экскаваторыг алт олборлохоор газар шорооны ажил буюу хөрс хуулахад зориулан 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ашигласан талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь С нь тус экскаваторыг ажиллуулах ажилтны хамт хариуцагч Гийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгөхөөр тохирсон гэсэн боловч хариуцагч тал зөвхөн экскаваторыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа ашигласан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т түрээсийн төлбөрийг 1 сард 20,000,000.00 төгрөг гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж зааснаар зохигчид ийнхүү түрээсийн нэг сарын төлбөрийг 20,000,000.00 төгрөг, нийт 4 сарын төлбөрийг 80,000,000.00 төгрөг байхаар тохирсон ба үүнд нэхэмжлэгчийн экскаваторыг ажиллуулах ажилтны цалин хөлс багтсан гэж маргаагүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон талуудын гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч тал түрээсийн зүйлийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 128 ашигласны төлбөрт 80,000,000.00 төгрөг төлөх ёстойгоос 22,800,000.00 төгрөгийг төлжээ.
Гэвч хариуцагч Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээний зүйл болох Хьюндай робекс маркийн экскаваторыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан, эвдрэл, гэмтлээс шалтгаалан 30 гаруй хоног зохих ёсоор ашиглаж чадаагүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, гэж, мөн 288 дугаар зүйлийн 288.1.-д “Хөлслүүлэгч нь дараах үүрэг хүлээнэ” гээд 288.1.1.-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хэдийгээр зохигчид түрээсийн гэрээ байгуулсан боловч тэдгээрийн хооронд бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа үүссэн учраас түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт мөн адил үйлчлэх ба нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч С нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглагдах боломжтой шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд экскаваторыг түрээслүүлэх ёстой юм.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар түрээслүүлсэн экскаватор нь түрээсийн эхний 2 сарын хугацаанд 2 хоног, сүүлийн 2 сарын хугацаанд 10 хоногийн турш зохих ёсоор ажиллаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Иймд, хариуцагч Гийн “түрээслэсэн экскаватор нь 30 гаруй хоног ажиллаагүй” гэсэн тайлбараас нэхэмжлэгч С нь 12 хоног ажиллаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.-т “Хөлслөгч нь дараах эрхтэй” гээд 289.2.1.-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах” гэж заасны дагуу түрээслэгч буюу хариуцагч тал 12 хоногийн хөлс төлөхөөс татгалзах эрхтэй болно.
Харин шүүх, хариуцагч Гийн “түрээслэсэн экскаватор нь 30 гаруй хоног ажиллаагүй” гэсэн тайлбараас 18 хоногийг нотлогдоогүй гэж үзэв. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Г нь Хьюндай робекс маркийн экскаваторыг тийнхүү 12 хоногоос удаан хугацаанд ашиглаагүй гэдгээ баримтаар нотлоогүй, түүний татгалзал нь гэрч Нийн “11 сард чиглүүлэгч дугуй эвдэрсэн, 7 орчим хоног засварласан, бусад өдөр хэвийн ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Лгийн “чиглүүлэгч дугуй эвдэрч, 7-10 хоног засварласан” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаагаас гадна гэрч Г-ын“явах эд анги гэмтдэг, шаланк задардаг, гидрийн шингэн алддаг, шанага байнга ханзардаг, үүнээс болоод сул зогсолт их байсан” гэсэн мэдүүлэг нь өөр баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд, зохигчдын байгуулсан түрээсийн гэрээний 1 сарын түрээсийн төлбөрийг 1 өдөрт хуваахад 666,666.66 төгрөг болж байх тул хариуцагч тал нийт 8,000,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна. Тодруулбал, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг тооцвол нийт 4 сарын түрээсийн төлбөр 80,000,000.00 төгрөгөөс 22,800,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 57,200,000.00 төгрөгөөс түрээсийн зүйлийн ашиглагдаагүй 12 өдрийн төлбөр болох 8,000,000.00 хасвал 49,200,000.00 төгрөгийг төлөх ёстой ажээ /12x666,666.66=8,000,000/.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заажээ.
Нэгэнт хариуцагч буюу түрээслэгч тал 49,200,000.00 төгрөгийг төлөх гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд төлбөл зохих алдангийн хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул үндсэн үүргийн 50 хувь 24,600,000.00 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. /49,200,000x0.1%=49,200 төгрөг /1 өдрийн алданги/, 49,200x665 хоног=14,036,016 төгрөг/.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заажээ. Гэвч хариуцагч Г нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн үлдэгдэл төлбөр 49,200,000.00 төгрөгийг төлөх талаар өөрөөс шалтгаалах ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба ийнхүү алдангийн хэмжээ нэмэгдэхэд түүний үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн байна.
Тодруулан хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч тал үүргээ заавал биелүүлэх ёстой байсан бөгөөд энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхэд өөрөөс үл шалтгаалах буюу хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар тайлбар өгөөгүй.
Ийм учраас хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийн үлдэгдэл 49,200,000.00 төгрөгт ногдох алданги 24,600,000.00 төгрөгийн хэмжээг бууруулах үндэслэл алга байна.
Нэхэмжлэгч Саас хариуцагч Гэд холбогдуулан түрээсийн төлбөрийн хамт цахилгаан моторын үнэ гэж 700,000.00 төгрөгийг өгөх ёстой гэсэн. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зарлагын баримтаар уг 700,000.00 төгрөгийн үнэтэй цахилгааны моторыг хэнээс юунд зориулан авсан болох нь ойлгомжгүй, хариуцагчид бодитоор хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн төлбөр 49,200,000.00 төгрөг, алданги 24,600,000.00 төгрөг, нийт 73,800,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,700,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР