Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00015

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Ц.С- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц-ийн С-ад холбогдох 201614000476 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгч Б овгийн Ц-ийн С-, Монгол Улсын иргэн,  ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ** аймгийн ** сумын ** баг, ** тоотод оршин суух, 2010 оны 03 сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:хх00000000.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 Шүүгдэгч Ц.С- нь согтуугаар 2016 оны 10 сарын 01-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух иргэн Н.С-ийг унтаж байхад нь хүч хэрэглэн хоолойг нь боож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан монетон гинж, монетон өрөөсөн ээмэгийг дээрэмдэн авч 230 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  1. Хохирогч  Н.С-ийн “Би хэр удаан амарсныг сайн хэлж мэдэхгүй, нэг мэдсэн гэр харанхуй, нэг хүн дээр гараад хоолой боохоор нь гараараа зөөлхөн цохиж байгаад одоо болно гэж хэлэхэд болиод дээрээс буухгүй байгаад байхаар нь гайхаад хажуу тал руу харахад манай нөхөр хажууд унтаж байсан. Гараараа нударсан чинь сэрэх шинжгүй байсан. Тэгсэн дахиад миний хоолойг боосон. Би битгий хоолой боогооч гэхэд тавиад хэсэг байж байгаад дахиад боогоод эхлэхээр нь битгий боо гэж хэлэхэд гараа тавиад байсан. Би буцаад нэг хэсэг унтаж байгаад бие засах гээд гэрэл асаагаад цаг харсан чинь 03 цаг болж байсан. Би нөхрийг сэргээгээд шөнө намайг С- боогоод байсан гэж хэлсэн чинь нөхөр юу ч мэдээгүй байсан. Нөхөр бид хоёр буцаж орж ирээд ороо засаад унтах гээд үсээ илж байгаад чихэнд байсан ээмэг алга болсон байсныг мэдээд хүзүүн дэх гинжээ үзсэн чинь бас байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

2. Гэрч Ц.П-гийн “Манай эхнэр С- нь тэргүүний ажилтан болоод 2016 оны 10 сарын 01-ний өдөр ажлын газрын хүмүүстэй амралтанд явсан. Би гэртээ ганцаараа унтаж байхад  2016 оны 09 сарын 30-наас 10 сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед хүн хаалга цохиод байхаар нь онголгосон чинь С- Хөвсгөлөөс ирлээ гээд орж ирсэн. Би нөмрөх юм өгөөд унтуулсан. 10 сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрөөд цай чанаж байхад С- босоод П- ах ганц юм уухуу гэхээр нь тэгье гэж хэлэхэд С- надад 20 000 төгрөг өгсөн. Би дэлгүүр ороод 0.75 литрийн 2 шил архи авсан. Буцаж орж ирээд С- бид хоёр нэг шилийг нь задлаад уусан. Би архи ууж байхдаа Янжавыг эхнэр Цэцэгээтэй нь дуудаад С- бид хоёр архи ууж байна ирэх юм уу гэхэд ирье гэсэн юм. Я, Ц хоёрыг орж ирсний дараа бүтэн архи задлаад уусан. Би хоёр дахь шил архи ууж байхдаа л муудсан байсан. Дахиж архи авч уусан үгүйг мэдэхгүй байна. Нэг мэдсэн манай эхнэр ирээд хорхогны мах гаргаж ирж байх шиг байсан. Би тасраад унтаад өгсөн байсан. Өглөө нь сэрсэн чинь манай эхнэр С- хоолой боогоод ээмэг гинж авсан байна гэж хэлсэн. Би гайхаад яагаад тэгэж байгаа юм бол гэж бодсон. Уг нь тэгэхээргүй хүүхэд байгаа юм. Манай гэрээр орж гараад түлээ, ус авч өгөөд явдаг юм. Эхнэрээ ээмэг алга болсон байна гэхээр нь унагаачихсан байх л гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

3. Гэрч Ц-ийн “С-ийн хүзүү нь хүнтэй зодолдсон шинжтэй улайсан байдалтай байсан. Мөн хүзүүний гинж тасдаад авсан гэж хэлээд байж байхаар нь орон доогуур нь хайхад гинжийг нь зүүсэн цагираг байхаар нь авч өгсөн. Өрөөсөн ээмэг нь өөрт нь байсан байх. С-ийн зүүж байсан ээмэгний өрөөсөн хүзүүний гинж нь алга болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

4. Гэрч В.В-ийн “Би 2016 оны 10 сарын 02-ны өдөр “Мэнд-Амар” төвийн 10 тоот барьцаалан зээлдүүлэх газарт сууж байхад өдөр 15 цагийн орчимд танихгүй 30 орчим насны залуу тасархай монетон гинж, өрөөсөн монетон ээмэг хоёр зарна гээд явж байсан. Би тэр залуугийн зарах гэж байгаа монетон эдлэлийг үзэж байхад манай эхнэрийн ээмэг байгаа юм өрөөснийг нь хаячихаад гинжийг нь бас таслаад хаясан болохоор зарах гэж байгаа юм гэж хэлж байсан. Би монетон өрөөсөн ээмэг, гинжийг граммлаж үзэхэд 1,6 грамм болоод би тэр залууд 70 000 төгрөг өгсөн. Би тэр залуугаас шууд худалдаж авсан. Би худалдаж авсан болохоор ямар нэгэн бичиг баримтыг шалгаж үзээгүй. Ломбардаар ирээд монет, алт авна гээд явж байдаг хүмүүст арай илүү үнээр зарсан. Миний худалдаж авсан өрөөсөн ээмэг нь навчин хэлбэртэй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 04-ний өдрийн №706 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Н.С-ийн биед хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний доор зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С- нь “мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэг хавтаст хэрэгт үнэн зөв байгаа” гэв. Хохирогч Н.С- нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ц.С- нь согтуугаар 2016 оны 10 сарын 01-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр ** багийн ** тоотод оршин суух иргэн Н.С-ийг унтаж байхад нь хүч хэрэглэн хоолойг нь боож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан монетон гинж, монетон өрөөсөн ээмэгийг дээрэмдэн авч 230 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Ц.С-ад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.С- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал болон хохирогч гомдолгүй гэснийг харгалзан түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б овгийн Ц-ийн С-ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.С-ад оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.С-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.С-ад оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-ад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС